Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 20-ны  өдрийн 2019/ ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолтой Ш.Б-д холбогдох 1934002970250 дугаартай 1 хавтас, 218 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Минжүүр овгийн Шаравжамцын Б-, РД: ...............................

Өсвөр насны шүүгдэгч Ш.Б- нь 2018 оны 08 дугаар сард Төв аймгийн Эрдэнэсант сумын “Сүүлийн Өвөр” гэх газарт хохирогч С.Мөнхнастын гэрт “С.Мөнхнастын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг задсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Угалзат” 4 дүгээр багийн нутаг “Залантын өндөр дэрс” гэх газар нутаглах Б.Болдбаярын гэрт хохирогч С.Мөнхнастын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн  2019/ ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолоор:

Өсвөр насны шүүгдэгч Минжүүр овгийн Шаравжамцын Б-ийг Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 1 /нэг/  жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй дотоож 1 ширхэг, эмэгтэй дотоож 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, шинжилгээнд ирүүлсэн арчдас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч С.Мөнхнаст нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1934002970250 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 339 дүгээр шийтгэх тогтоолоор “өсвөр насны шүүгдэгч Шаравжамцын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй...” гэж заажээ.

Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан “2 жилийн хорих ял”-ыг тусгалгүйгээр орхигдуулсан, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоохдоо “өсвөр” насны этгээдийн хувьд “тусгай журам” баримтлах талаар зохицуулалт хийж өгсөн. Тухайлбал дээрх зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдалтай нь холбоотой гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоосон байхыг шаарддаг бөгөөд хэрэгт цуглуулсан баримтаас харахад яллагдагч, хохирогч, гэрч Б.Болдбаатар, Д.Батцоож нарын мэдүүлгийн зөрүү дээрх “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг бүрэн хангалттай, хөдөлбөргүй тогтоож чадсан гэж үзэхээргүй байхад анхан шатны шүүх Ш.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн, тэр тусмаа анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа өсвөр насны хүүхдийг нийгмээс тусгаарлах ялаар шийтгэж байгаад гомдолтой байна.

 Хохирогч С.Мөнхнаст нь 2019 оны 04 сарын 16-ны өдөр нэг янзын юм /4 хуудас/ биччихээд, мэдүүлгүүдээ өөрөөр өгсөн, мөн “Та урьд өмнө Б-тэй бэлгийн харьцаанд орж байсан эсэх гэсэн мөрдөгчийн асуултанд 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэг /15-16 хуудас/ өгөхдөө ”2018 оны 08 сарын үеэр намайг гэртээ хоол хийж байхад намайг газар дээр дарж миний өмдийг тайлах гэхээр нь би хашгирч байсан тэр үед гараад явчихсан” гэх хачирхалтай зүйл ярьсан атлаа 7 хоногийн дараа буюу 04 сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө /12 хуудас/ энэ талаар дурдаагүй, харин “үгүй ээ би бэлгийн харьцаанд огт орж байгаагүй” гэж хариулж байсан, нөхөр Б.Болдбаатар нь гэртээ эргэж ирсэн үеийн нөхцөл байдлын талаарх хохирогч, түүний нөхрийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийн талаарх зөрөө ч энэ хэргийг хөдөлбөргүй баримтаар яг таг тогтоосон гэдгийг харуулж чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэр тусмаа “үргэлжилсэн үйлдэл” гэдэг дүгнэлтийг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэ бүхнийг харгалзан үзэхийн зэрэгцээ уул гэмт хэрэгт холбогдогч нь өсвөр настай хүүхэд гэдгийг харгалзан үзэж түүнд заавал хорих ял эдлүүлэхгүй байхаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг зөвтгөж анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа гаргасан саналдаа: Нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад  мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Ш.Б- нь 2018 оны 08 дугаар сард Төв аймгийн Эрдэнэсант сумын “Сүүлийн Өвөр” гэх газарт хохирогч С.Мөнхнастын гэрт нь түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Угалзат” 4 дүгээр багийн нутаг “Залантын өндөр дэрс” гэх газар нутаглах Б.Болдбаярын гэрт хохирогч С.Мөнхнастын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон  гэмт хэрэг үйлдсэн болох нь:     

Хохирогч С.Мөнхнастын: "...Б- өвгөнийг авч гарч машинд суулгачихаад буцаж орж ирээд манай охин Номингэрэлийг зурагт үзэж байхад нь “ахын дүү гар гар, гарч тогло машинд суу” гэж хэлээд манай хоёр хүүхдийг хоёуланг нь гаргаж машинд суулгасан...орж ирээд гэрийн хаалгыг дотор талаас нь түгжихээр нь би яах гэж байгаа юм бол гэж бодоод босох гэтэл намайг тэвэрч аваад гэрийн зүүн талын ор руу түлхээд орон дээр дарж хэвтүүлээд...зүүн гараараа миний хоёр гарыг толгойн дээд талд хөдөлгөөнгүй бариад баруун гараараа өмдийг шувтлаад хүчиндчихсэн. Тухайн үед би эсэргүүцэл үзүүлсэн, Б-ийг дийлэхгүй байсан.

2018 оны 8 дугаар сард санагдаж байна намайг гэртээ ганцаараа байхад гаднаас орж ирээд манай нөхрийг хониноосоо ирэх болоогүй юмуу гэж хэлээд намайг газар сууж байхад дээрээс дараад миний өмдийг тайлахыг завдсан. Тэр үед нь би өөдөөс нь эсэргүүцээд гарыг нь болиулаад гурил элдэж байсан элдүүрээрээ өөдөөс нь цохиод хашгирч босгосон, Б- шууд гэрээс гараад явсан." гэх мэдүүлэг /хх-11-12,151/,

Гэрч Д.Батцоожийн: "зээ хүү Болдбаатар малдаа явсан, төд удалгүй зээ хүү Б- мотоциклтой ирсэн. Би гадаа гармаар санагдаад Б-д "чи өвөөгөө машинд суулгаад өг" гэхэд намайг түшиж гэрийн үүдэнд байсан машинд суулгаж өгсөн. Болдбаатарын 2 хүүхэд намайг машинд орсны дараа өөрсдөө машинд орж ирсэн. Надтай хамт машинд байсан. Надад Мөнхнаст хүчиндүүлсэнийг харсан, сонссон зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч Б.Болдбаатарын: 2019 оны 4-р сарын 13-ны өдөр 10 цагийн орчим өөрийнхөө мотоцикльтой адуугаа хайж яваад ирсэн, манайд Б- ирчихсэн баруун талын орны толгой дээр зурагт үзээд сууж байсан. Харин манай эхнэр Мөнхнаст гэрийн зүүн талын орны хажууд хувцасаа угаагаад байж байсан. Б-ийг явсны дараа манай эхнэр "танай дүү чинь намайг элэг бариад байх юм" гэхээр нь би яасан болохыг нь мэдээгүй "чи тэгээд өөрийнх нь эцэг, эх хоёрт нь хэлээч. Та нар өөрсдөө учраа ол" гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх 55-56/,

Гэрч М.Хадуурын: "...Мөнхнастын хөдөө гэрт очиход Мөнхнаст надад Б- гэдэг залууд хүчиндүүлсэн талаар хэлсэн." гэх мэдүүлэг /хх-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн "С.Мөнхнастын өмсөж явсан гэх шаргал эрээн өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн." гэсэн  №2452 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн "Шинжилгээнд ирүүлсэн С.Мөнхнастын үтрээнээс авсан гэх сойтог дээр илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо Ш.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна." гэсэн  №2942 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-78/ зэрэг гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03/, хохирогчийн биед анх үзлэг хийсэн эмчийн магадлагаа /хх-33/, эд мөрийн баримтыг хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл /хх-5-6/, өсвөр насны шүүгдэгч болон хохирогчийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Хяналтын прокурор Х.Оюунцэцэг “шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах”-аар №44 дугаартай прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  эдлэх ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоосон ба энэ үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичилгүй орхигдуулсан нь буруу байна.

Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцэхгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 1 жил хорих ял нь  Ш.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул ял хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Харин анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн шинжийг бүрэн бичээгүй байх тул зөвтгөж, өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/339 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын: “Өсвөр насны шүүгдэгч Минжүүр Шаравжамцын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг

“Өсвөр насны шүүгдэгч Минжүүр Шаравжамцын Б-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан, үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 1 /нэг/  жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

      “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д 2 жилийн хорих ял оногдуулж  эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” №44 дугаартай эсэргүүцлийн хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш өсвөр насны шүүгдэгч Ш.Б-ийн цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                          Т.ЭНХМАА

 

 

                                                        Г.БОЛОРМАА