| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 124/2026/0015/З |
| Дугаар | 221/МА2026/0535 |
| Огноо | 2026-07-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0535
Б.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн өмгөөлөгч Г.А
Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Г, өмгөөлөгч Б.Б
Хариуцагч М.О, өмгөөлөгч Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 124/2026/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г-ээс Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.5, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-ийг урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох өдрийг хүртэл хугацаагаар тооцож урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Анхан шатны шүүхээс Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаар “Төрийн албанаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаал буюу 2019 оны 36/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын холбогдох заалтыг зөрчсөн, “тухайн шалгагчаар томилогдсон ажлын хэсэг” нь 2 удаа хуралдахдаа Б.Г-т огт мэдэгдээгүйгээс гадна түүний буруутгаж байгаа сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийн талаар түүнээс бичгээр тайлбар гаргуулах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон 7 төрлийн зөрчил тогтоогдсон гэж үзсэн үндэслэл, баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулаагүй болох нь хэрэгт авагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл болон гэрч Б.Ч, Б.Н нарын мэдүүлэг, хэргийн оролцогч нарын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн.
Гэрч нараас мэдүүлэг авахдаа хоёр талын өмгөөлөгчийг байлцуулахгүй мэдүүлэг авсан, мөн гэрчээс мэдүүлэг авахдаа “тухайн үед Б.Г-ийг дуудаж уулзсан уу? гэх агуулгатай асуултыг асуусан бөгөөд гэрч нар гаргасан зөрчил нь тодорхой учраас дуудах шаардлагагүй гэж үзсэн гэх агуулгаар хариулсан. Гэтэл яагаад ажлын хэсэг Б.Г-ийг дуудаагүй вэ гэдэг зүйл анхаарал хандуулах ёстой. Хариуцагчийн зүгээс нэг зүйлийг хэлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч яригддаг. Б.Г-ийн хувьд 2008 оноос хойш тасралтгүй Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн гишүүд болон Засаг даргын Тамгын газрын ажилтан мэргэжилтнүүдийг ажилд томилсон этгээд.Тэр ч утгаараа ажлын хэсэг дуудсан цагт ирдэггүй, тайлбараа өгөөч гэхээр өгдөггүй хэрнээ бусад цаг хугацаанд байнга шахуу Засаг даргын Тамгын газар дээр ирж бүгдийг нь загнаж, уурсаж байгаад явдаг. Магадгүй шүүхээс юм уу хэн нэг өмгөөлөгчөөс яагаад Б.Г-ийн зөрчлийн талаар мэдэгдэж өөрөөс нь тайлбар аваагүй вэ? Гэх асуултыг асуусан бол дээрх байдлаар хариулах байсан.
Түүнчлэн Б.Г-ийн хувьд өмнөх сахилгын шийтгэлээр буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш ажиллагаагүй бөгөөд 1 жилийн хугацаанд шүүхээр явж байгаагийн хувьд өөрийн гаргасан зөрчил, өөрийг нь юунд буруутгаж байгаа талаар хамгийн сайн мэдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Ажил олгогчоос сонсох ажиллагаа хийхэд бүрдүүлж өгөөгүй материалаа шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн байдаг. Магадгүй тэрээр нотлох баримтуудыг ажлын хэсэгт биш юмаа гэхэд Засаг дарга М.О-тай уулзахдаа сонсох ажиллагааны явцад гаргаж өгсөн бол түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахгүй байх боломжтой байсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хийж гүйцэтгэх чин хүсэлтэй байгаа эсэхэд эргэлзэхээр байна.
Мөн анхан шатны шүүхээс Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 129 дүгээр тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/2178 дугаар албан бичиг нь сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн үндэслэл болоогүй. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаас гадна сумын аюулгүйн нөөц, өвч тэжээлийн үнийг дутагдуулсан асуудал дээр тусгайлан дүгнэлт хийгээгүй ба өвч тэжээлийн үнийг ажлын хэсэг Б.Г-ийг байлцуулж, тооцоо нийлээгүй гэж дурдсан боловч тооцоо нийлээгүй байсан ч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 13 сая төгрөгийн өр төлбөртэй үлдсэн.
2022 онд сумын аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор 36 985 000 төгрөгийн өвс тэжээлийн тендер зарлаж 2022 оны сүүлээр малчдад нярав Баяртогтох хуваарилж төрийн санд буцааж төвлөрүүлэх ёстой тухайн өвч тэжээлийн үнэ болох 36 985 000 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г нь өөрийн хувийн данс руу бүгдийг нь хийлгэж тухайн мөнгийг өөрийн дансандаа төвлөрүүлсэн нь багийн дарга нар болон няравын дансны хуулгаар нотлогдож байгаа. Одоогийн байдлаар Б.Г нь сумын авч тэжээлийн аюулгүй нөөцийн мөнгөнөөс 13 071 000 төгрөгийг дутаасан эргүүлж санд төвлөрүүлээгүй байна. Үүнээс харахад Б.Г нь өвс тэжээлийн үнэ болох 36 985 000 төгрөгийг өөрийн дансандаа төвлөрүүлж өвс тэжээл шууд худалдан авалт хийж нярав болон багийн дарга нараар дамжуулан тараалгаж дундаас нь ашиг хүртэж байсан болзошгүй гэдэг нь нярав, багийн дарга нараас Б.Г-ийн дансанд тушаасан 86 622 300 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гүйлгээгээр батлагдана. Шүүх тухайн зөрчлийн гол гэрч мөнгө тушааж оролцсон багийн дарга нар болон санхүү төрийн сангийн мэргэжилтэн Ч.С, нярав Ч.Б нараас тайлбар мэдүүлэг аваагүй мөн Б.Г нь тухайн зөрчлийг огт мэдэхгүй Засаг даргын Тамгын газрын бэлчээр хариуцсан мэргэжилтэн н.Г, Засаг даргын Тамгын газрын үүргийг орлон гүйцэтгэгч Б.Ч нараар өөрийн бичсэн өвч тэжээлийн нийлүүлэлт хуваарилалт дээр гарын үсэг зурж, тамга даруулж шүүхэд өгсөн. Тухайн асуудлаар 2024 онд Авлигатай тэмцэх газарт тайлбар мэдүүлэг өгч нярав н.Б-оос гадна өөр бусад хүмүүсийн дансны хуулга, мөнгө тушаасан баримтаа аваачиж өгч байсан гэдэг.
Түүнчлэн өвч тэжээлийн үнэ болох нь 86 622 300 төгрөгийг тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Г нь өөрийн хувийн эзэмшлийн дансанд төвлөрүүлж байсан нь Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль зэрэг хуулийн үзэл баримтлал, зарчмыг зөрчиж албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Төрийн жинхэнэ албан хаагч, нийтийн албан тушаалтны хувьд албаны ёс зүйг сахиж ажиллагаагүй гэж үзэж байна.
Дараагийн зөрчил буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/135 дугаартай захирамжаар сумын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг үүрэг даалгавар биелүүлээгүй ажилдаа хайнга хандсаныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “...сумын Засаг даргын 2025-2028 оны бүрэн эрхийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22 хувь хэвлэн ирүүлсэн үнэн” гэх 04 тоот албан бичгээр үгүйсгэж болохгүй юм. Учир нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргад үүрэг өгсний дагуу Засаг дарга ажлын хэсэг ажиллаагүй үйл ажиллагааны хөтөлбөр өөрөө боловсруулж бичиг хэргийн ажилтнаараа хүргүүлсэн. Энэ нь эс үйлдэхүй гаргаж үл тоосон, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэдгийг харуулж байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Засаг даргын ажиллагааны хөтөлбөрийг “мөрөөдлийн жагсаалт” гэж хэлснээс нь харагдаж байгаа. Мөн сумын иргэдийн Хурлын тэмдэглэлд дурдагдсан төлөөлөгч нараас хариуцлагагүй хандсан ажлын хэсгийн ахлагч буюу ажлын албаны даргадаа хариуцлага тооцох талаар Засаг даргад үүрэг болгосон нь хурлын тэмдэглэлээс харагддаг.
Дээрх зөрчлүүд нь нэгэнт тогтоогдсон байхад тайлбар авах, тухайн журамд заасныг ягштал мөрдөж шийдвэр гаргаагүй нь Б.Г-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Увс аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох чиг үүрэг бүхий дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд тус ажлын хэсгийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “2022 онд сумын өвс тэжээлийн тооллогоор 20.7 сая төгрөг дутсан бөгөөд нярав Ч.Б-оос асуухад Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-ийн дансанд шилжүүлсэн, өнөөдрийн байдлаар 13.0 сая төгрөг дутсан, төсвийн шууд захирагчийн хувьд хууль тогтоомжийн хүрээнд төрийг хохиролгүй болгох тал дээр арга хэмжээ авч ажиллаагүй, ... сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахтай холбогдуулан 2024 оны 12 сарын 09-ний өдрийн А/135 захирамжаар ажлын хэсэг томилогдсон хариуг хугацаанд нь тайлагнаагүй, ... төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн даргын хувьд тухайн компанид зээл авах итгэл төрүүлж давуу байдал бий болгосон, Аймгийн прокурорын газрын 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 129 дугаар тогтоол, ... Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Б.О-ыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтын дагуу томилсон ч уг заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, ... сахиулаар томилж цалин олгож байсан ч тухайн албан хаагчийн сахиулаар ажиллаагүйг тухайн үед ажиллаж байсан байгууллагын ажилчид гэрчилнэ, ... Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Ч-ийг 2018 оны 02 сарын 06-ны өдрийн Б/02 тушаалаар Гэр бүл хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтнаа, Гэр бүл хүүхэд залуучууд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2 тушаал давхардуулан гаргасан, ... Жолооч Т.Ц-ыг 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Б/06 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулах тушаал гаргасан боловч одоог хүртэг уг тушаалыг шинэчилж үндсэн ажилтнаар томилоогүй...” гэх асуудлуудыг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Б.Г-ийг албан тушаалтын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэх дүгнэлт гаргасан байна.
4. Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сонсох ажиллагаа хийж, маргаан бүхий Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-т “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
5. Нэхэмжлэгч Б.Г-ээс дээрх захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх “... Б.Г нь “Р” ХХК-ийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд оролцож санал өгөөгүй нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хорооны гишүүдэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн гэх үйл баримтыг нотолж тогтоохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу, ... нэхэмжлэгч нь ... Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын зарим албан тушаалтнуудын тушаалыг гаргахдаа холбогдох хууль зөрчсөн гэх зөрчил гаргасан өдрөөс хойш аль хэдийн 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул дээрх зөрчилд холбогдуулж сахилгын арга хэмжээ авах боломжгүй байсан...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцжээ.
6. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.9-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тус тус зохицуулсан байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан гэх 2018, 2022, 2023, 2024 оны зөрчлүүдэд 2026 онд ийнхүү шийтгэл ногдуулсан нь дээрх хууль болон журамд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
7. Нөгөөтээгүүр, хариуцагчаас нэхэмжлэгч Б.Г-ийг сумын өвс тэжээлийн мөнгөнөөс 13 071 000 төгрөгийг дутаасан гэж тайлбарлах боловч ийнхүү дутаасан гэх нөхцөл байдлыг хариуцагч болон холбогдох байгууллагаас шалгаж тогтоогоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН