Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 158/ШШ2019/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Орхон сумын Засаг дарга /С.Бат-Эрдэнэ/, газрын даамал /Д.Нямаа/, газрын дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн ахлагч /Ж.Энхтуяа/ нарт холбогдох

Орхон сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2019/0008/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагч сумын газрын даамал Д.Нямаа, дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.Энхтуяа, гуравдагч этгээд И.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр газрын биржийн цахим системээр явуулсан 1658 кодтой нэгж талбарыг худалдах дуудлага худалдаанд оролцож, 2 сая төгрөгөөр хамгийн өндөр үнийн санал өгч ялагчаар шалгарсан боловч дуудлага худалдааны ялагчийг тодруулж, баталгаажуулахгүй байгаа нь миний эрхийг зөрчиж байна. Дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсэгт хандсан боловч дуудлага худалдаанд оролцогч иргэн бичгээр гомдол гаргасан, тус гомдлын дагуу программыг шалгасан дуудлага худалдааны явцад алдаа гарч үнийн санал өгөх боломжид нөлөөлсөн байна гэх шалтгаанаар дуудлага худалдааг танхимаар явуулахаар ажлын хэсгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлийг ирүүлсэн. Цахим дуудлага худалдаагаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагаас эхлүүлж 15 цаг 00 минутаас эхлэн 60 секундын хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд дахин үнийн санал ирүүлээгүй бөгөөд программ хэвийн ажиллаж хугацаа дуусаж хаагдсан. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/169 тоот тушаалаар баталсан журам болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн тул дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож,  аймгийн Орхон сумын баг засмал замын дагуу Петровис ШТС-ын баруун талд байрлах 0,2 га үйлчилгээний зориулалттай газрыг холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулахыг даалгаж, хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа Орхон сумын газрын даамал нь дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, дуудлага худалдааг зохион байгуулсан ажлын хэсгийн 03 дугаар тэмдэглэл, Засаг даргын А/80 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох гэж тодорхойлж байгаа. Дуудлага худалдаа явагдаж байх хугацаанд 3 удаагийн үнэ дуудагдсан байдаг. Эхлээд 1.800.000, 1.900.000, 2.000.000 гэсэн үнэ өгсөн. Дахин үнэ орж ирээгүй. 17 цагт дуудлага худалдааны ялагчийг зарлах ёстой байтал зарлаагүй. Гуравдагч этгээд 15 цаг 10 минутад утсаар холбогдсон байдаг. Ажлын хэсгийн тэмдэглэлээс харахад утсаар ирсэн гомдлыг бичгээр авах талаар яригдсан байдаг. Энэ нь хэт нэг талыг барьж гаргасан шийдвэр юм. Дуудлага худалдааны үнэ өгөхөд 23 секунд үлдсэн байгаа. Үүнээс хойш хүлээлтийн горим ажиллах хугацаанд гуравдагч этгээдийн зүгээс үнээ өгөх боломж байсан. Гэтэл 2 сая төгрөгийн дараа үнийг өсгөөгүй, харин 1.900.000 гэсэн үнийг хийсэн фото зураг байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн өгсөн үнийн дүнгээс өсгөөгүй учраас алдаа заасан юм биш үү. Мөн 15 цагаас хойш хүлээлтийн горимд шилжсэн байхад үнэ өсгөх боломж байдаг. Үүнийг ашиглаагүй байна. Захиргааны байгууллага аливаа этгээдэд тэгш хандах ёстой байтал хэт нэг талыг барьж хандсан. Шийдвэр гаргахдаа ямар шалтгаанаар ялагчаар тодруулахгүй байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа оролцогчдын эрхийг тэгш хангах зарчмыг хөндсөн, хууль бус шийдвэр гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Орхон сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 07/08 тоот тогтоолоор дуудлага худалдаа явуулж эзэмшүүлэх газрыг 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр тусгаж удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар өгөгдсөний дагуу сумын Засаг даргын А/05 тоот захирамжаар дуудлага худалдааг зохион байгуулахаар хугацааг товлож бэлтгэл ажлыг хангасан. Дуудлага худалдаанд оролцсон оролцогчоос танай дуудлага худалдаа явуулж буй программ гацаж үнийн санал хийж чадсангүй гэсэн гомдол ирсэн тухай танилцуулсан. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас программд алдаа гарч, үнийн санал өгөх боломжид нөлөөлсөн гэсэн хариу ирсэн учир ажлын хэсэг хуралдаж, дуудлага худалдааг танхимаар явуулах шийдэлд хүрсний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/80 дугаар захирамж гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд з,аасны дагуу шийдвэр гаргасан гэжээ.

Хариуцагч Орхон сумын газрын даамал Д.Нямаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай А/05 тоот захирамж гарч, захирамжийн дагуу газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулах үүрэг өгсөн. Дуудлага худалдаанд нийт 8 нэгж талбарын 24 оролцогч оролцсон. Дуудлага худалдаа зохион байгуулагдсан явцад буюу 2 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 59 минут 24 секундэд үнийн саналыг Д.Саранцэцэг 2.0 сая гэсний дараа дараагийн оролцогч санал илгээх гэтэл Алдаа гэсэн бичиг дахин гарч үнийн саналыг хүлээж авахгүй байсаар сүүлийн 60 секунтын хугацаа дууссан гэсэн гомдол иргэн И.Баасанжав, н.Бат-Эрдэнэ нараас мөн өдрийн 15 цаг 10 минутад утсаар тус тус мэдээлсний дагуу ажлын хэсэгт мэдэгдэж, 15 цаг 30 минутад ажлын хэсэг хуралдаж шийдвэр гаргасан. Маргаан гараагүй нэгж талбаруудын ялагч нарыг баталгаажуулсан. Маргаан гарсан 2 нэгж талбар дуудлага худалдаанд оролцогч нараас ирүүлсэн гомдлын талаар ажлын хэсэг хуралдаж, гомдолыг албан ёсоор авч, үнэхээр үнийн санал хэлж болохгүй байсан нөхцөл байдал үүссэн эсэх, программ хангамжийн системд доголдол гарсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар тодруулахаар шийдвэрлэсэн тул оролцогч Д.Саранцэцэг, М.Болормаа нарыг баталгаажуулаагүй болно. Иймд үйл ажиллагаандаа ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ажлын хэсгийн ахлагч Ж.Энхтуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдаа зохион байгуулагдаж байх үед үнийн санал хэлж болохгүй нөхцөл үүссэн гэсэн гомдол оролцогчоос ирсний дагуу ажлын хэсэг хуралдаж, энэ талаар тодруулахаар холбогдох байгууллагад 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр албан бичиг явуулсан. Уг албан бичгийн хариу алдаа гарсан нь үнийн санал өгөх боломжид нөлөөлсөн байна гэж ирсэн. Нэгэнт сүлжээнд гэмтэл гарсан, энэ нь үнийн санал өгөх боломжид нөлөөлсөн гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоогоод, хариу ирүүлсэн тул оролцогчийн тэгш байдлыг хангах үүднээс Ажлын хэсэг хуралдаж, дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар болж, энэ талаар оролцогч нарт мэдэгдсэн. Ажлын хэсгийн зүгээс хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд И.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Орхон сумаас 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан 2019-1653 дугаартай газрын онлайн дуудлага худалдаанд 3473 кодтой оролцсон бөгөөд тус дуудлага худалдаанд үнийн санал өгөх боломж хаалттай байсан тул тус сумын захиргаанд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр оролцогч талуудын тэгш байдлыг хангаж, дахин явуулах тухай гомдол гаргасан. Гомдлын дагуу холбогдох байгууллага руу нь хүсэлт явуулж, тухайн үед үүссэн нөхцөл байдлын талаар тодруулсан. Дуудлага худалдааны явцад нэвтрээгүй үеийн хандалт алдаа гарч үнийн санал өгөх боломжид нөлөөлсөн гэсэн дүгнэлт ирсэн. Сумын захиргаанаас миний гомдлыг шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулж, захирамж гарсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон сумын Засаг даргын шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн иргэн Д.Саранцэцэгээс аймгийн Орхон сумын Засаг дарга, газрын даамал, дуудлага худалдааны ажлын хэсгийн ахлагч нарт холбогдуулан Орхон сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэх явцад иргэн И.Баасанжавыг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дуудлага худалдааг цахимаар зохион байгуулах үед программын хэвийн ажиллах нөхцөл бололцоог хангаагүй, хүлээлтийн горимд өөр үнийн санал ирээгүй байхад хамгийн өндөр үнийн санал өгсөн оролцогчийг дуудлага худалдааны ялагчаар тодруулж гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус ба дуудлага худалдааг зохион байгуулсан ажлын хэсэг ялагч тодорсон байхад хуралдаж хууль бус шийдвэр гаргасан, сумын Засаг дарга ялагч нь тодорсон дуудлага худалдааг дахин танхимаар явуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж тодорхойлсон ба

Хариуцагчаас дуудлага худалдааг зохион байгуулсан ажлын хэсэг, сумын газрын даамал болон сумын Засаг даргын шийдвэрүүд нь холбогдох хуулийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу гарсан ба дуудлага худалдааны явцад программ алдаа зааж, хүлээлтийн горимд шилжсэн хугацаанд өрсөлдөгчөөс үнийн санал өгөх боломжоор хангагдаагүй тул дахин дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь оролцогчдын эрхийг тэгш хангах боломж бүрдүүлсэн гэж маргажээ.

 аймгийн Орхон сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаараа Орхон сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, 07/08 тоот тогтоол гарган нэмэлтийг хавсралтаар баталсан байх бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлэхээр сумын Засаг даргаас 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 тоот Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай захирамжийг гаргаж, 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/22 тоот захирамжаар дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ[1]. Сумын Засаг даргын А/05 тоот захирамжаар дуудлага худалдаа явуулах товыг тогтоосон байх ба дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг товлосон хугацаанд дуудлага худалдааг явуулах бэлтгэл ажлыг ханган, дуудлага худалдаа хууль болон бусад эрхийн актад заасны дагуу цагтаа эхэлсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй. Харин дуудлага худалдаа явагдаж байх хугацаанд буюу 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 10 минутад 2019-1653 дугаартай нэгж талбар газрын дуудлага худалдаанд оролцогч И.Баасанжав, 2019-1658 дугаартай нэгж талбар газрын дуудлага худалдаанд оролцогч н.Бат-Эрдэнэ нараас үнийн санал өгөхөд алдаа заасан гэх гомдол ирж, энэ тухай ажлын хэсэг мөн өдрийн 15 цаг 30 минутад хуралдсан нь хурлын тэмдэглэл №01-д тусгагджээ[2].

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчилсан ба тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн г-д сумын Засаг дарга газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах бүрэн эрхтэй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх-ийг тус тус хуульчилжээ.

Орхон сумын Засаг дарга дээрх хуулиудад заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрыг иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/-т заасан дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9.9.6-д цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно, 9.9.7-д энэ журмын 9.9.6-д заасан хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамж ашиглан ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрт мэдэгдэнэ гэж тус тус заажээ. Орхон сумын Засаг дарга болон дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгээс явуулсан 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн цахим дуудлага худалдаа дээрх журамд заасны дагуу эхэлсэн боловч оролцогчдийн үнийн санал өгөх явцад программд алдаа гарсан тухай дуудлага худалдаанд оролцогчоос гомдол ирснээр дуудлага худалдаа гүйцэд явагдаагүй буюу мөн журмын 10.1.2 /дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй/-д заасан нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/517 тоот албан бичгээр тогтоогдож байна[3].

Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг Захиргааны ерөнхий хууль болон Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам, Газрын биржийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэж маргаж байгаа боловч хариуцагч дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг болон сумын газрын даамал, сумын Засаг даргын зүгээс хууль болон журмуудыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210 тоот тогтоолоор баталсан Газрын биржийн үйл ажиллагааны журам-ын 4.1-д Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан тусгай программ хангамж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана, 4.2-т Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал энэ журмын 1.2-т заасан биржийн тусгай программ хангамжийг ашиглан биржийн үйл ажиллагааг эрхлэн явуулна гэж тус тус зааснаас үзэхэд сумын газрын даамал нь программ хангамжийг ашиглан дуудлага худалдааг явуулахаар, харин тухайн программын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг нь төрийн захиргааны байгууллага буюу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт харьяалагдаж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/169 тоот тушаалаар батлагдсан Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам-ын 2.1.2-т Үндсэн хэрэглэгч гэж Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид Агентлаггэх/, ...ыг ойлгоно, 14.4.2-т Газрын биржийн цахим системийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг байнга ханган ажиллах чиг үүргийг Агентлаг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч талаас программын хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаагүй байна.

Мөн Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам-ын 8.7-д Дуудлага худалдаа зохион байгуулах явцад байгалийн давтагдашгүй хүчин зүйл, программ, техник хангамж, цахилгаан, сүлжээний доголдол үүссэн асуудал болон бусад үүссэн маргааныг дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ гэжээ. Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгээс дуудлага худалдааны явцад гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ дуудлага худалдаанд оролцогчид болох Д.Саранцэцэг, Ж.Энхбат нарт үүссэн нөхцөл байдлын талаар утсаар мэдэгдэж, тэдний санал гомдлыг утсаар аван ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан тухай ажлын хэсгийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлд тусгагдсан байх баЗахиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 /Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ/-т заасан үүргээ хэрэгжүүлэн, эрх бүхий байгууллагаас программын доголдлын талаар тодруулсны эцэст 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, 03 дугаар тэмдэглэлээр дахин дуудлага худалдааг явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь дуудлага худалдааны явцад хамгийн өндөр үнийн санал өгсөн, сүүлийн үнийн санал өгснөөс хойш өрсөлдөгчөөс үнийн санал орж ирээгүй, программ хэвийн ажиллаж хаагдсан гэж маргаж байгаа ба гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн 14 цаг 59 минут 24 секундэд өгсөн 2.000.000 /хоёр сая/ гэсэн үнийн саналын дараа үнийн санал өгөх гэсэн боловч алдаа заагаад хүлээж авахгүй байсаар программ хаагдсан гэж маргажээ.

Газрын биржийн цахим системийг ажиллуулах журмын 8.4-т Цахим дуудлага худалдааны үнийн саналыг 09 цаг 00 минут 00 секундээс 10 цаг 00 минут 00 секунд хооронд эхлүүлж, 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна, 8.5-д Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундын хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна гэсэн байх ба Орхон сумын Халиун баг засмал замын дагуу Петровис ШТСтанцын баруун талд байрлах 0,2 га газарт эзэмших эрх олгох цахим дуудлага худалдаа 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 47 минут 46 секундэд эхэлж, оролцогчдоос ирүүлсэн 3 удаагийн үнийн санал нь зөвшөөрөгдөж, 4 дэх үнийн санал буюу гуравдагч этгээдийн өгсөн үнийн саналыг хүлээж аваагүй алдаа заасан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/1407 тоот албан бичиг[4] болон түүнд хавсарган ирүүлсэн 2019-1653 дугаар бүхий дуудлага худалдааны өгөгдлийн бүртгэл, дуудлага худалдаанд оролцогч И.Баасанжав /гуравдагч этгээд/-ын үнийн санал өгөх оролдлого хийсэн байдлын бүртгэлээр нотлогдож байна. Нэхэмжлэгчийн 14 цаг 59 минут 24 секундэд өгсөн үнийн саналын дараа гуравдагч этгээд 14 цаг 59 минут 58 секундээс 15 цаг 01 минут хүртэлх хугацаанд буюу хүлээлтийн 60 секундэд үнийн санал өгөх оролдлого хийсэн боловч алдаа зааж саналыг хүлээж аваагүй нь биржийн программ техник хангамжийн доголдлоос үүссэн байх тул тухайн дуудлага худалдааг хэвийн явагдаж дууссан гэж үзэх боломжгүй.

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.1-д Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно гэж заасан ба нэхэмжлэгч Д.Саранцэцэг хамгийн сүүлд 2.000.000 гэсэн үнийн санал илгээсэн байх ба түүний дараа гуравдагч этгээдийн үнийн санал программд орж ирээгүй боловч тухайн үед программд алдаа гарч, хүлээлтийн 60 секундын хугацаанд программын доголдол арилаагүй нь тогтоогдсон учир нэхэмжлэгчийг ялагч гэж үзэх боломжгүй тул сумын газрын даамалд ялагчтай гэрээ байгуулахыг даалгах үндэслэлгүй юм.

Дуудлага худалдааны явцад газрын биржийн цахим системд доголдол үүссэн нь хариуцагч сумын Засаг дарга, газрын даамал болон дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул дээрх захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүдийг буруутгах үндэслэлгүй байна. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах журмын 10.2 /Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ/, 5.1 /Дуудлага худалдааг дараах хэлбэрийн аль нэгээр явуулна: 5.1.1. танхимын; 5.1.2. цахим/-т тус тус заасны дагуу сумын Засаг дарга газар эзэмшүүлэх дахин дуудлага худалдааг танхимаар явуулахаар шийдвэрлэж захирамж гаргасан нь хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Орхон сумын Засаг дарга, газрын даамал, дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийн гаргасан шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн г, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан иргэн Д.Саранцэцэгийн Орхон сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл, сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдний өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ