Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01534

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, Г.Э, Ч.Ж,

Б.Я, Б.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01466 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б, Г.Э, Ч.Ж, Б.Я, Б.Д нар,

Хариуцагч Г.Б-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагч Г.Б-тай амины орон сууцны захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн Гачуурт хар усан тохойд баригдаж байгаа Баянзүрх эко хотхонд амины орон сууцыг барьж захиалагч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд амины орон сууцыг нэхэмжлэгч Г.Б-д 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, нэхэмжлэгч Ч.Ж-д 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, нэхэмжлэгч Г.Э-од 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, нэхэмжлэгч Б.Я-д 2014 оны 07 дугаар сарын эхний хагаст барьж дуусган ашиглалтад оруулан хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд амины орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн. Хариуцагчтай олон удаа уулзаж ярилцаж байсан боловч одоо байрыг барьж дуусгаж өгнө, дараа жил дуусгана гэх зэргээр хүлээлгэж байсан. Иймд нэхэмжлэгч нарыг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх эко хотхоны гэрээний дагуу захиалсан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх эко хотхон барих төслийг анхнаасаа “А” ХХК хэрэгжүүлсэн учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Г.Б нь 2017 оны 05 дугаар сард “А” ХХК-ийн хувьцааг Ч.Өнөртүвшинд худалдаж энэ төслийг бүхэлд нь шилжүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Ч.Өнөртүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь Г.Б, Ч.Ж нартай байгуулсан гэрээнд хэдэн тоот орон сууцыг захиалсан болохоо дурдаагүй байгаа бөгөөд энэ нь Иргэний хуульд заасан гэрээний гол нөхцөл буюу гэрээний зүйл нь хангалттай, тодорхой, илэрхий байх шинжийг агуулаагүй байна. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ерөнхий шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Нэхэмжлэгч Г.Э, Б.Д, Ч.Ж нартай байгуулсан амины орон сууцны захиалгын гэрээ нь ам.доллараар байгуулагдсан байх бөгөөд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчиж гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Ч.Ж-тай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт орон сууцны үлдэгдэл болох 199.050 ам.долларыг энэхүү гэрээний хавсралт хоёрт заасан хуваарийн дагуу төлнө. Гүйцэтгэгч талаас амины орон сууцны түлхүүрийг гардуулснаар захиалагч тал орон сууцыг өмчлөх эрхтэй болно гэж заасан байна. Уг орон сууц нь бүрэн ашиглалтад ороогүй байгаа тул өмчлөх эрх шилжих боломжгүй. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Г.Б-тай “А” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, төсөл хамт ирсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох гэх мэт судалгаа хийж байгаа. 16 амины сууц нэртэй нь хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нарын нэр байхгүй. Төслийн баримт бичигт 1 дүгээр блок, 1, 2, 3, 4 тоот гэж байхгүй. Тус захиалгын гэрээнүүдэд дурдагдсан амины орон сууцнууд нь компанийн хууль ёсны өмч бөгөөд өмчлөх эрх нь “А” ХХК-д хадгалагдана гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б, Г.Э, Ч.Ж, Б.Я тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Б нь Г.Б-тай “Амины орон сууцны захиалгын гэрээ”-г 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт Хар усан тохойд баригдаж байгаа “Баянзүрх Эко” хотхонд 189 м.кв бүхий амины орон сууцыг гүйцэтгэгчээр бариулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Амины орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 09-нд багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон. Г.Б нь гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг төлсөн.

Г.Э, Б.Д нар нь Г.Б-тай “Амины орон сууцны захиалгын гэрээ”-г 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт Хар усан тохойд баригдаж байгаа “Баянзүрх Эко” хотхонд 189 м.кв бүхий амины орон сууцыг гүйцэтгэгчээр бариулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Амины орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 09-нд багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон. Г.Э нь гэрээний дагуу 187 110 ам.долларыг төлсөн.

Ч.Ж нь Г.Б-тай “Амины орон сууцны захиалгын гэрээ”-г 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт Хар усан тохойд баригдаж байгаа “Баянзүрх Эко” хотхонд 189 м.кв бүхий амины орон сууцыг гүйцэтгэгчээр бариулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Амины орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 09-нд багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон. Б.Я нь гэрээний дагуу 215 000 ам.долларыг төлсөн.

Б.Я нь Г.Б-тай “Амины орон сууцны захиалгын гэрээ”-г 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт Хар усан тохойд баригдаж байгаа “Баянзүрх Эко” хотхонд 189 м.кв бүхий амины орон сууцыг гүйцэтгэгчээр бариулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Амины орон сууцыг 2014 оны 7 дугаар сард эхний хагаст барьж дуусган ашиглалтад оруулахаар тохиролцсон. Б.Я нь гэрээний дагуу 133 550 000 төгрөгийг төлсөн.

“А” ХХК-ийн хувьд анх нэхэмжлэгч нар гэрээ байгуулах үед Г.Б нь гэр бүлийн хүний хамт тус компанийн хувьцаа эзэмшигчээр байсан. Гэрээ байгуулснаас хойш олон жил өнгөрч гэрээгээр тохиролцсон амины орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа өнгөрч, амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл зогсонги байдалд орсон, компанийн хувьцаа эзэмшигч нар өөрчлөгдсөн учир нэхэмжлэгч нар шүүхэд хандан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар хууль болон гэрээнд заасны дагуу гэрээ байгуулсан гүйцэтгэгч тал болох Г.Б-ыг хариуцагчаар татсан. Шүүх үндэслэх хэсэгт заасан Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн дагуу өрийг шилжүүлэн авч байна гэж үзвэл хуульд заасны дагуу эзэмшигчтэй нь тохиролцох үүрэгтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийн хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэсэн заалт Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт нэг адил үйлчилнэ гэж тодотгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Г.Б, Г.Э, /Б.Д/, Ч.Ж, Б.Я нар нь хариуцагч Г.Б-д холбогдуулан амины орон сууц захиалгын гэрээнд заасан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй үндэслэлээ Баянзүрх эко амины орон сууцны хотхон барих төслийг “А” ХХК хариуцан хэрэгжүүлж байгаа гэжээ.

“А” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож, Баянзүрх эко амины орон сууцны хотхон барих төслийг хэрэгжүүлж байгаагаа зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч Г.Б, Г.Э, /Б.Д/, Ч.Ж, Б.Я нарын нэр төслийн баримт бичигт байхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагч Г.Б нь дээрх нэр бүхий нэхэмжлэгч иргэдтэй амины орон сууцны захиалгын гэрээг байгуулан, амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх хугацааг тогтоон, төлбөрийг хүлээн авч, үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр байгуулсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч Г.Б нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг буюу амины орон сууц барих төсөл “А” ХХК-д шилжсэн гэх үндэслэлээр татгалзал гаргасан боловч дээрх иргэдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн талаарх болон ийнхүү амины орон сууцыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бусдад шилжүүлж байгааг үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч иргэдэд мэдэгдсэн талаарх баримт хэрэгт байхгүй байна. Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үүргийг шилжүүлсэн гэх үндэслэлгүй, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, гэрээний үндсэн дээр барьсан амины орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасан үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй.

Нэхэмжлэгч Г.Б нь 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 12/04 тоот Гачуурт Баянзүрх эко /Хар усан тохой/ хотхон амины орон сууцны захиалгын гэрээгээр 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг м.кв-ыг нь 529 100 төгрөг, нийт 100 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар, ажил гүйцэтгэгч Г.Б нь орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 09-нд багтаан барьж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон, захиалагч гэрээний үүргээ бүрэн биелүүлж, 100 000 000 төгрөгийг төлснөө баримтаар нотолсон байна. /хх.17/

Мөн нэхэмжлэгч Г.Э, Б.Д нар нь 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12/04 дүгээр гэрээг Г.Бтай байгуулж, Гачуурт Баянзүрх эко /Хар усан тохой/ хотхон амины орон сууцны захиалгын гэрээгээр 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг м.кв-ыг нь 1100 ам.доллар, нийт 207 900 ам.доллараар захиалан бариулах, ажил гүйцэтгэгч орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ. Захиалагч гэрээгээр хэлэлцэн тохиролцсоны дагуу 187 110 ам.долларыг төлсөн, үлдэх 20 790 ам. долларыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан үед төлөхөөр тохирсон байна. /хх.21, 34/

Нэхэмжлэгч Г.Э, Б.Д нар амины орон сууц захиалан бариулахаар Г.Бтай хамтран гэрээ байгуулж, төлбөрийг хамтран төлсөн, үүргийн зүйл үл хуваагдах шинж чанартай байх тул Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар Г.Э, Б.Д нарыг хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзнэ.

Гэвч ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргээ бүрэн биелүүлээгүй хэдий ч гэрээний хугацаанд бий болсон ажлын үр дүнг шаардаж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэгч гэрээний үр дүнд бий болсон амины орон сууцыг мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.Б, Г.Э, Б.Д нарын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч Г.Б, Г.Э, Б.Д нарыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар амины орон сууцны захиалгын гэрээгээр захиалан бариулсан Баянзүрх дүүрэг, Гачуурт Баянзүрх эко /Хар усан тохой/ хотхон дахь 189 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Ч.Ж 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Г.Бтай байгуулсан амины орон сууц захиалан бариулах гэрээгээр дээрх хаягт байрлах 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалан бариулж, гэрээний үнэд 274 050 ам. долларыг төлөх үүрэг хүлээснээс 215 000 ам.долларыг төлсөн, 59 050 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байна. Талууд гэрээгээр төлбөр төлөх хуваарийг тохиролцон түлхүүр гардах үед төлөх ёстой төлбөрийн 10 хувь буюу 27 405 ам.доллараас бусад төлбөрийг орон сууц ашиглалтад орохоос өмнө захиалагч ажил гүйцэтгэгчид төлөх үүргийг хүлээжээ. Уг үүргээ нэхэмжлэгч Ч.Ж биелүүлсэн гэж үзэхээргүй байна. /хх.27, 29/

Ажлын гүйцэтгэлийн хэмжээ тодорхой бус, дутуу байгаа хэдий ч бий болсон үр дүнг шаардаж байсан бол нэхэмжлэгч Ч.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байх шаардлагатай. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нөгөө талдаа үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлээгүй үед үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж болох боловч энэ нь мөнгө төлөх үүрэгт хамааралгүй. Иймд Ч.Ж нь гэрээнд заасан ёсоор үүргээ гүйцэтгэснээр ажлын үр дүнг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй болно.  

Мөн нэхэмжлэгч Б.Я нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн амины орон сууц захиалан бариулах гэрээгээр дээрх хаягт байрлах 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалан бариулах, ажлын хөлсөнд 310 640 320 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээний дагуу 133 550 000 төгрөгийг төлсөн боловч гэрээний 4.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрийг бүрэн төлөөгүй байна.

Иймд ажил гүйцэтгэгч буюу хариуцагч Г.Б-д гэрээний үр дүнд бий болсон орон сууцыг захиалагч Ч.Ж, Б.Я нарт хүлээлгэн өгөхийг даалгах боломжгүй. Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн гэрээгээр хүлээсний дагуу төлбөрөө төлөх хүртэл Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар бий болсон ажлын үр дүнг саатуулан барих эрхтэй тул Ч.Ж, Б.Я нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Б-ыг нэхэмжлэгч нарт амины орон сууц барьж өгөх үүргийг хүлээж гэрээ байгуулсан талаар зөв дүгнэсэн боловч үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад  гэрээний үүргээ “А” ХХК-д шилжүүлсэн гэж дүгнэн Г.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Г.Б, Г.Э, Б.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Ж, Б.Я нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Г.Б, Г.Э, Б.Д нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01466 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсгийг баримтлан Г.Бд холбогдох нэхэмжлэгч Г.Б, Г.Э Б.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, Гачуурт, Хар-Усан тохойд байрлах Баянзүрх-Эко хотхоны 189 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Ч.Ж, Б.Я нарын Баянзүрх дүүрэг, Гачуурт, Хар-Усан тохойд байрлах Баянзүрх-эко хотхоны 189 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Г.Баас 140 400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.Б, Г.Э нарт тус бүрт 70 200 төгрөгийг олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

      А.ОТГОНЦЭЦЭГ