| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0346/И |
| Дугаар | 358 |
| Огноо | 2020-10-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 358
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11-р хороо 7 дугаар хороололд байрлах, “Б” Банк Бус Санхүүгийн байгууллага ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, Д овогт Б.Г-т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 2,364,855 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” Банк Бус Санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.Г нь тус компанитай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №2101130101005171 тоот барьцааны болон зээлийн гэрээ байгуулан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг сарын 4,9 %-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн байна. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн /Toyota-Crown/ маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр барьцаанд бүртгүүлэн барьцаалсан байдаг. Манай байгууллагын зүгээс Б.Г-д зээлийн төлөлт хийхийг удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас өгч, удаа дараа уулзсан боловч тэрээр зээлээ огт төлөөгүй, зээлийг өөр хүн төлнө гэх ойлгомжгүй тайлбар өгдөг, мөн барьцаа машинаа хурааж ав гэх мөртөө хаана байгааг нь хэлэхгүй нуудаг, ингэж явсаар өнөөдрийн байдлаар 214 хоног өнгөрөөд байгаа ба зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах болон зээлийг буцаан шаардах эрх үүссэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,666,048 төгрөг, үндсэн хүү 582,339 төгрөг, алданги буюу нэмэгдүүлсэн хүү 116,468 төгрөг, нийт 2,364,855 /хоёр сая гурван зуун жаран дөрвөн мянга найман зуун тавин тав/ төгрөгийг зээлдэгч Б.Г зээлийн гэрээний дагуу төлөхөөр байна. Үндсэн хүүгийн бодолт: Үндсэн зээлийн үлдэгдэл болох 1,666,048.00 төгрөгийг заасан *4,9 хувь= 81,637 ба /энэ нь 1 сарын хүү. Нэг сарын хүү буюу 81,637/30хоног*214хоног бөгөөд нийт 582,339 төгрөгийн үндсэн хүү болно. Нийт алданги буюу гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн бодолт: Нэмэгдүүлсэн хүүг тооцохоор: 582,339*20%=116,468 (1,666,048.00* 4,9%/30*20% *214 хоног бөгөөд нийт 116,468) төгрөгийн нэмэгдүүлсэн хүүтэй болно. Иймд гүйцэтгээгүй үүүргийн үнийн нийт дүн 2,364,855 /хоёр сая гурван зуун жаран дөрвөн мянга найман зуун тавин тав/ төгрөгийг зээлдэгч Б.Г-с гаргуулж, “Б ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У Б ББСБ-ын нэхэмжилсэн 2,364,855 төгрөгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн төлбөрт 500,000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 26,394 төгрөгийн хамт төлнө. Үлдэгдэл 1,864,855 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие Б ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь хариуцагч Б.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У-н хариу тайлбартай танилцлаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч У нь 2,364,855 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, улсын тмдэгтийн хураамж 26,394 төгрөгийн хамт төлөх, үлдэгдэл 1,864,855 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” Банк Бус Санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,364,855 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь нэхэмжлэлийн шаардлага 2,364,855 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “Б” Банк Бус Санхүүгийн байгууллага ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,788 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 52,788 төгрөг төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 26,394 төгрөгийг, төрийн сангаас 26,394 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” Банк Бус Санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,364,855 төгрөгийг хариуцагч Б.Г нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,788 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 26,394 төгрөг, хариуцагч Б.Г-с 26,394 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” Банк Бус Санхүүгийн байгууллага ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н