Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 4 дүгээр багт оршин суух Л овогт Б.С-н хүсэлттэй,

“О овогт С.С-г эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, хүсэлт гаргагч Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Б.С би С.С гэх хүнд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар олгосон болно. Гэтэл С.С нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй намайг хохироосоор өдийг хүрлээ. Би түүнд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа шаардлага тавьдаг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй, утас нь холбогдох боломжгүй болсон. Би түүний зээлийн гэрээнд тусгагдсан хаяг дээр очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй бөгөөд арга буюу өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрх ашгаа хамгаалуулахаар болсон. Манай өмгөөлөгч С.С-г гэрээнд заагдсан хаяг болох ... тоот орон сууцанд оршин суудаг эсэхийг тодруулахаар харьяалах хороонд албан тоот явуулсан боловч тус хорооноос НИТХ-ын 2019 оны 25/21, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 27 дугаар тогтоолоор 2, 8-р хороо болон хуваагдсан бөгөөд ... байр нь :.... дугаар хороонд харьяалагдах болсныг мэдэгдсэн. Улмаар Налайх дүүргийн ...-р хорооны Засаг даргад албан тоот явуулсан бөгөөд тус хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 142 тоот хариу албан бичигт С.С нь Налайх дүүргийн ...-р хорооны ... дугаар байрны ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлов гэсэн хариуг ирүүлсэн. Иймд ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу хариуцагч иргэн С.С-г эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.С шүүх хуралдаанд: “...2017 оны 10 сард энэ хүн надтай уулзаад хүүхэд маань Хятад улсад сурдаг 1 жил өнжих гээд байна, мөнгөний боломж байвал тус болооч гэхээр нь би өөрөө 2 хүүхэдтэй болохоор сарын дараа эргүүлээд өгнө гэхээр нь бид 2 гэрээ хийгээд өгч авалцсан. Түүнээс хойш өнөөдөр маргааш гээд байхгүй болоод сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Хаяг дээр нь очихоор байхгүй байгаад байгаа юм. Иймд эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү...” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлт гаргагч Б.С-н хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

С.С нь Б.С-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан, гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь барьцаат зээлийн гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.С нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

С.С нь оршин суух хаягтаа байхгүй байгаа болох нь Улаанбаатар хот Налайх дүүргийн ...-р хорооны засаг даргын тодорхойлолт, мөн Нийслэлийн Налайх дүүргийн засаг даргын албан бичиг, барьцаат зээлийн гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

О овогт С.С иргэний үнэмлэхийн Улаанбаатар хот Налайх дүүрэг ... дугаар хороо ... тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар О овогт С.С-г эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар С.С-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.С-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.Н