Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, Д овогт Г.М-н хүсэлттэй, 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “... Миний бие М нь 8 дугаар ангиа төгсөөд ээж аавынхаа хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 30-наас 1982 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл тэмээ маллаж байгаад цэрэгт 3 жил явсан. 1985 оны 06 дугаар сарын 17-нд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хонь малласан. Нэгдэл тараад ажиллахаа больсон. Одоог хүртэл малаа маллаж байгаа. Миний бие нь өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт болон орсон гарсан тушаал олдохгүй аймгийн архивд байхгүй учраас тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.М нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.М нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Залуу хүч” нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 30-наас 1982 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл тэмээчнээр, 1985 оны 06 дугаар сарын 17-ноос 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймаг Засаг Даргын Тамгын газар Архивын тасгийн тодорхойлолт, 1981 оны 06 сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, гэрч Т.М-н “...Г.М нь 8 дугаар ангиа төгсөөд 1981-1982 онд хөдөө буюу Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багт тэмээ маллаж байсан. Тэгээд Г.М нь 1982-1985 оныг хүртэл цэрэгт явсан. Цэргээс ирээд 1990 оныг хүртэл хонь маллаж байсан. Би худалдаа бэлтгэлийн ангид ажилладаг байсан учир малчдаараа явж малын түүхий эдийг нь авдаг байсан учир энэ талаар сайн мэдэж байна...” гэсэн, гэрч Б.Д-н “.... Г.М нь 1981 онд сургууль төгсөж аав, ээжтэйгээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд мал маллаж байгаад 1982-1985 оны хооронд цэрэгт явж цэргээс халагдаж ирээд мөн тус нэгдэлд хонь маллаж байгаад 1990 оныг хүртэл тасралтгүй мал малласан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан тул энэ талаар сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.М-н улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Г.М-г Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Залуу хүч” нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 17-нын өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.М-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.Н