| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0377/И |
| Дугаар | 375 |
| Огноо | 2020-10-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 375
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороонд байрлах, “С корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сум 5 дугаар багт оршин суух, Ж овогт З.З-д холбогдох,
“үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл 180,358 төгрөг, нотариатын төлбөр 4,000 төгрөг нийт 184,358 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... З.З нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 81081 тоот С үйлчилгээний гэрээг С корпораци ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг С гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл З.З нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.8.1, 5 дугаар зүйлийн 5.5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.7-т заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тасалбар болгон С корпораци ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2019 оны 06 сар болон 07 сарын төлбөр болох 63,358 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд З.З-с үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 180,358 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 184,358 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч З.З нь нэхэмжлэлийн шаардлага болох 184,358 төгрөгийн 180,358 төгрөгийг дансаар, нотариатын зардал, 4,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3,090.5 төгрөгийг бэлнээр төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С корпораци ХХК нь хариуцагч З.З-д холбогдуулан үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл 180,358 төгрөг, нотариатын төлбөр 4,000 төгрөг нийт 184,358 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч С корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,181 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 6,181 төгрөгийн 50 хувь болох 3,090.5 төгрөгийг хариуцагч З.З нь нэхэмжлэгчид төлсөн байх тул хуулийн дагуу 3,090.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 184,358 төгрөгийг хариуцагч З.З нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,181 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 3,090.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С корпораци ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н