| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/1270/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1416 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1416
2023 11 29 2023/ШЦТ/1416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
хохирогчийн өмгөөлөгч С.Батцэрэн,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д овогт Гийн Гт холбогдох эрүүгийн 1908018241532 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
**********************************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний оройн 20 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон худалдааны төвийн автобусны зогсоол дээрээс хохирогч Ж.Нийн эзэмшлийн чемодантай эд зүйлийг буюу кашмерин улаан ягаан өнгийн урт пальто 1 ширхэг, өндөр өсгийтэй гутал 1 хос, хар хөх өнгийн өмд, цамц, Samsung note 5 маркийн гар утас, алтан ээмэг, монетон ээмэг, хүзүүний зүүлт, сваровски улаан шигтгээтэй хос ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, кулоны хамтаар цэнхэр шигтгээтэй ээмэг бөгж, кулоны хамт 4 хос, алтан хугарсан бөгж зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 4.714.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би анх өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн бусад эзэн холбогдогч олдоогүй гэсэн. Мөөжиг, Отгоо үйлдсэн, би зөөвөрлөсөн юм. Би гэнэн томоогүй зангаасаа болоод ийм асуудалд хутгалдчихсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Батцэрэн нь “...Шүүгдэгч Г.Г нь Мөөжиг, Отгоо гэх 2 хүн үйлдсэн, авч явсан гэж буй боловч орцны жижүүрт өөрөө аваачиж чемоданыг өгсөн байдаг. Хэрэв энэ 2 байгаад хэрэг үйлдсэн бол шүүгдэгчид эд зүйлээ өгөөд явуулахгүй байх. Тэгэхээр шүүгдэгч нь уг хэргийг ганцаараа үйлдсэн байна гэж үзмээр байна. Хохирогчийн хувьд шүүгдэгчээс 300,000 төгрөгөө авсан, одоо үлдэгдэл төлбөрийг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж авахаар тохиролцсон байгаа” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь: “...гэм буруу, зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Хамгийн гол нь шүүгдэгчээс гадна өөр 2 хүн хамт оролцсон гэх асуудлыг ярьдаг ” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний оройн 20 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон худалдааны төвийн автобусны зогсоол дээр ирж зогссон “Улаанбаатар-Өвөрхангай аймаг хооронд явдаг автобуснаас хохирогч Ж.Нийн эзэмшлийн чемодантай эд зүйлийг буюу кашмерин улаан ягаан өнгийн урт пальто 1 ширхэг, өндөр өсгийтэй гутал 1 хос, хар хөх өнгийн өмд, цамц, Samsung note 5 маркийн гар утас, алтан ээмэг, монетон ээмэг, хүзүүний зүүлт, сваровски улаан шигтгээтэй хос ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, кулоны хамтаар цэнхэр шигтгээтэй ээмэг бөгж, кулоны хамт 4 хос, алтан хугарсан бөгж зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 4.714.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгт: “...камерын дүрсэнд дээрээ цагаан өнгийн хурц лед гэрэл тавьсан улаан өнгийн автобус ертөнцийн зүгээр баруун тийш харан зогсож байх бөгөөд тухайн автобуснаас ачаагаа авах гэсэн иргэд автобусны урд талд гарч зогссон, бичлэгийн 26 дахь секундээс эхлэн автобусны урд талаас хар өнгийн кепкен малгайтай, баруун талын энгэр дээрээ цаган өнгийн тэмдэгтэй, хар өнгийн бомбер куртиктэй, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй 40-45 орчим насны намхан нуруутай эрэгтэй хүн гартаа саарал өнгийн оруулгатай, хөх өнгийн жижигхэн чемодан барин алхаж гарч ирэн автобусны урд талаар гарч ертөнцийн зүгээр баруун зүгт алхан камерын дүрснээс гарч явж байгаа” нь бичигдсэн. (хавтаст хэргийн 51 дэх тал),
3.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: ”...гэрч Ц.Цэрэндүг нь 1-5 гэж дугаарласан гэрэл зургуудаас 5 гэж дугаарласан зургийг зааж надад чемодан авчирч өгсөн хүний зураг байна, Сансар хочтой Г мөн байна” гэсэн, (хавтаст хэргийн 53-55 дахь тал),
4. Хохирогч Ж.Нийн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумаас 00-58 ӨВО улсын дугаартай, улаан өнгийн тээврийн хэрэгсэлд сууж ирсэн ба манай эмнэлгийн нарийн бичиг Давааням миний хар хөх өнгийн жижиг цүнх, саарал өнгийн жижиг гар цүнх, хар урзалкийн хамтаар намайг харж байхад автобусанд ачуулсан. Өвөрхангай аймгийн Хужирт сумаас хөдлөөд 20 цаг 30 минутын үед Улаанбаатар хотын Драгон төвийн авто зогсоол дээр зогсож бүх хүмүүсээ буулгасан. Тэгээд жолооч тээврийн хэрэгслийн эхний тээшний хэсгийг нээсэн бөгөөд шууд онгорхой чигээр нь орхиод нөгөө тээшний хаалгыг очоод дахиж зэрэг нээсэн, хүмүүс дайраад цүнхнүүдээ авсан ба 2 хаалгаа буцаагаад хаасан. Би автобусны араар жолоочийн хамт тойрч очоод эсрэг талын тээшний хэсгийг нээж үзэхэд 4, 5 том чемодан байсан ба миний жижиг чемодан байхгүй байсан. Тэгээд би жолоочид хэлэхэд жолооч “хүүе таны чемодан байхгүй байна ш дээ” гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан. Миний алдагдсан чемодан дотор 2 удаа өмссөн кашмеран улаан ягаан өнгийн урт пальто 1 ширхэг, шинэ өндөр өсгийтэй англи улсаас өгч явуулсан богино түрүүтэй гутал байсан. Тэгээд бас хар хөх өнгийн үргэлж өмсдөг өмд, цамц, торон нөмөргө, Samsung Note-5 маркийн гар утас, нэг ширхэг вино, мөн дотуур унтлагын хувцас, гоо сайхны зориулалттай ууттай хэрэгсэл, мөн гоо сайхны уутан дотор төмөр хайрцагтай ээмэг бөгжний саванд алтан ээмэг хосоороо, монетон ээмэг, хүзүүний зүүлт, сваровски улаан шигтгээтэй хослол ээмэг, бөгж, хүзүүний зүүлт кулоны хамтаар, цэнхэр шигтгээтэй ээмэг бөгж, кулоны хамт 4 хос, мөнгөн хослолууд буюу цэцэгтэй 4 хос ээмэг, бөгж, кулоны хамтаар зэрэг эд зүйлүүд байсан. Миний тооцоолсноор надад 4,850,000 төгрөгийн хохирол учирсан байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
5.Гэрч С.Н: “...Би Нараа эмчийг хот руу яваг өдрийнх нь өглөө 10 цагийн орчимд бараагаа янзлахад би дэргэд нь байсан. Чемодандаа жижиг мөнгөлөг өнгийн 14смх5-6см орчим хэмжээтэй урт зууван хэлбэртэй таган дээр нь роботын зурагтай төмөр хайрцагтай зүйл хийсэн. Нараа эмч тэр хайрцгандаа үнэт эдлэлээ хийдэг. Нараа эмч их олон төрлийн алт, монетон болон үнэт чулуун /Сваровски/ эдлэл зүүж хэрэглэж харагддаг. Хараад сууж байхад улаан пальтогоо хамгийн дээр нь эвхэж тавиад нөгөө төмөр хайрцагтай эд зүйлээ надаас энийг аваад явчих уу гэхээр нь би тэг, тэг аваад яв, та хурал зөвлөгөөнд суух гэж байгаа юм чинь аваад явсан нь дээр байх” гэж хариулсан чинь улаан өнгийн пальтоныхоо завсраар хийгээ чемоданаа хаасан. Тэгээд би гараад явсан, Нараа эмч өдрийн 14 цагийн автобусаар хот явсан. Миний харснаар 1 хос алтан ээмэг, доош унжсан унжлагатай, доод үзүүртээ цагаан сувдан шигтгээтэй, бөгж нь цагаан шигтгээтэй ээмэгтэйгээ хос, улаан өнгийн чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, хүзүүний зүүлтний хослол /Сваровски, нэлээн тос шигтгээтэй/, цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, хүзүүний зүүлтний хослол зэрэг зүйлсийг санаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал)
6. Гэрч Д.Н: “...Миний бие 2019 оны 3 дугаар сарын 29-ний 14 цагийн үед хужирт сумаас гарсан. Тэгээд замдаа Газарчин амралт сувиллаас нэг хөгшин хүнийг авсан. Тэгэхэд нэг залуу байсан. Тэр залуу нэг цүнх, 2 жижиг даавуун тортой зүйл өгсөн. Тэр зүйлийг би авч жолооч талын урд талын багаж руу хийж тэгээд Улаанбаатар хотод 20 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд бүх хүнээ буулгаад хаалган талын буюу жолоочийн эсрэг талын тээшний хэсгийг хүмүүст эд зүйлийг нь өгсөн ба дараа нь жолооч талын хаалгыг тээшин дэх эд зүйлээ хүмүүст өгсөн. Тэгтэл нэг эмэгтэй 2 тортой зүйлээ авчхаад, нэг жижиг чемодантай зүйл маань байхгүй байна” гэсэн тэгээд цагдаа дуудсан.. Би яг сайн санахгүй байгаа, ямар ч байсан жижиг чемодан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал),
7. Гэрч Ц.Ц: “...Би 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр СХД 29 дүгээр хороо 23г байрны жижүүрийн өрөөнд ажлын байран дээрээ эхнэр Ганхуягийн хамт байж байтал урьд хамт 415 хорих ангид хоригдож байсан Сансараа хочтой Г хаалга тогшоод ороод ирсэн. ...Тэгээд Г түүний хуурай 2 дүү нарын хамтаар архи хувааж уусан ба тэр 3 гараад явсан. Цаг гарангийн дараа Г урдаас саарал өнгийн жижиг түрдэг чемодан барьж орж ирээд “Энэ чемоданыг түр орхичихъё” гэж хэлээд надад өгсөн ...Би маргааш өглөө нь онгойлгож харахад дотор нь нэг саарал өнгийн гутал, 2 ширхэг нилээн том эмэгтэй хүний плать байсан...хулгайн замаар олж авсан эд зүйл гэдгийг би мэдээгүй. Надад оруулж ирж өгөхдөө “Манай дүүгийн чемодан” гэж хэлчхээд яваад өгсөн. Маргааш нь 10 цаг болж байхад Сансараа хүрээд ирэхээр нь би “чи чемоданаа авахгүй юм уу” гэсэн чинь “надад хэрэггүй, чи өөрийнхөө юмыг хий” гэхээр нь би тэрийг аваад Мэндбаяр гэх хог зардаг хүнд өгчихсөн. Би архи уух гээд зарчихсан юм. Өнөөдөр үзсэн камерын бичлэг дээрх хүн Сансар хочтой Г байсан. Драгон автовокзал дээр нэг саарал өнгийн чемодан барьчихсан, автобусны урд талаар тойрч гарч ирж байгаагаар бичигдсэн байсан. Сансар хочтой Г гэдгийг ямар шинж тэмдгээр таньж байгаа вэ гэхээр тухайн өдөр манайд орж ирэхдээ өмсчихсөн байсан цагаан өнгийн пүүз, хар өнгийн куртик, хар өнгийн өмд болон царай төрхөөр нь таньж байна. Тэр камерын бичлэг дээр гарч байгаа саарал өнгийн чемоданыг манай гэрт оруулж ирж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),
8. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “алдагдсан гэх эд зүйлсийг нийт 4.714.600 төгрөгөөр үнэлсэн” (хавтаст хэргийн 104 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Г.Г нь ганцаараа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Драгон төвийн зогсоол дээр оройн цагаар ирж зогссон зорчигч тээврийн автобуснаас хүмүүс эд зүйлээ авах гэж бужигнаж буй байдлыг далимдуулан автобусны тээшнээс жижиг чемодантай эд зүйлийг сэм авч, автобусны урд талаар гарч явж буй дүрс бичигдсэн, тухайн алдагдсан чемодантай эд зүйл нь хохирогч Ж.Нийнх болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, хохирогчийн мэдүүлэг нь гэрч С.Норжмаа, Д.Нэргүй зэрэг хүмүүсийн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.
Хэдийгээр шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “тухайн эд зүйлийг би ганцаараа аваагүй, Мөөжиг, Отгоо гэх 2 хүн надад өгөхөөр нь би аваад явсан, тэр 2 үйлдэж би зөөвөрлөсөн, дотор юу байсныг мэдэхгүй. Би тэдгээрийн бүтэн нэрийг нь мэдэхгүй” гэж мэдүүлсээр ирсэн байна.
Гэтэл тус хэрэгт авагдсан бичлэгийг шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тоглуулахад шүүгдэгч Г.Г нь хэн нэгнээс чемодантай эд зүйл авсан зүйлгүй, өөрөө тээшнээс жижиг чемодантай эд зүйл авч, авч автобусны урдуур гарч явсан нь бичигдсэн, түүний хэлээд буй Мөөжиг, Отгоо гэх хүмүүсийн оролцоо харагдахгүй байх тул тус хэргийг Г.Гыг ганцаар үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Уг гэмт хэрэг нь хохирогчийн эзэмшлийн эд зүйлийг хохирогчид мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар гэмт хэрэг төгссөн, шүүгдэгчийн бусдын өмчлөх эрхэд халдсан энэхүү үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Тус хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Нт 4.714.600 төгрөгийн учирсан байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 300,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 4.414.600 төгрөгийг шүүгдэгч Г.Гаас гаргуулж, хохирогч Ж.Нт олгох нь зүйтэй. Ингэхдээ шүүгдэгчийн өөрийн болон ар гэрийн нөхцөл байдал, орлогын байдлыг харгалзан 7 сарын хугацаанд хэсэглэн хувааж төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллага эдлүүлэх тухай” тухай дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Батцэрэн “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн шинжгүй байна гэж харахаар байна. Гэхдээ эхнэрийнхээ асран хамгаалагчаар тогтоогдож, улмаар асарч тойглодог нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн хохирогчтой хэлцэл хийж хохирлоо 7 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байдаг тул энэ байдлыг ч гэсэн харгалзан үзэхийг хүсье” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал: “...Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль алин нь тогтоогдохгүй байгаа. Гэхдээ шүүгдэгч нь эхнэрээ асран хамгалдаг нөхцөл байдал байгаа тул түүнд хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Г.Г урьд нь өршөөлийн хуульд хамрагдсаны дараа санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл авсан байгаагаас үзвэл түүнд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна гэж харж байна. Иймд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж бангын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байна.
Шүүгдэгч Г.Гын хувьд, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсаны дараагаар санаатай гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан Өршөөлийн хуульд хамруулахгүй байх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Иймээс шүүгдэгч Г.Гт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасныг хэрэглээгүй болно.
Шүүгдэгч Г.Гт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын өмчлөх эрхэд халдсан байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирлын хэмжээ, шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлөөгүй байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдал /хөгжлийн бэрхшээлтэй иргэн Т.Байгалыг асран хамгаалагчаар тогтоогдсон, асрах үүргийг гүйцэтгэдэг/ зэргийг тус тус харгалзан түүнд прокурорын санал гаргасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Гт мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Гийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Гт мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гаас 4.414.600 (дөрвөн сая, дөрвөн зуун арван дөрвөн мянга зургаан зуу) төгрөгийг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Ж.Нт олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ