| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0363/И |
| Дугаар | 378 |
| Огноо | 2020-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 378
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт байрлах, “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, Т овогт Ц.Ө-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 8,172,212.31 төгрөг, нотариатын зардал 1,500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр 08-ны өдрийн А-97 дугаартай К банк ХХК-нд банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар К ХХК-нд банкны эрх хүлээн авагч томилсон. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээний хугацааг сунгасан. Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Ц.Ө нь К банктай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ-486 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Ц.Ө-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5,556,688.48 /таван сая таван зуун тавин зургаан мянга зургаан зуун наян найман төгрөг дөчин найман мөнгө / төгрөг, зээлийн хүүд 4,318,813.07 /Дөрвөн сая гурван зуун арван найман мянга найман зуун арван гурван төгрөг долоон мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,483.02 / нэг зуун хорин таван төгрөг дөрвөн зуун наян гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл үлдэгдэл 4,443,311.52 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3,203,481.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 525,419.51 төгрөг, нийт 8,172,212.31 төгрөгийг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 1,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Хариуцагч Ц.Ө-с зээлийн гэрээний үүрэгт 8,172,212.31 төгрөг, нотариатын зардал 1,500 төгрөгийг “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид гаргуулж өгнө үү ...” гэжээ.
Хариуцагч Ц.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие Ц.Ө нь К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 8,172,212.31 төгрөг, нотариатын зардал 1,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “...миний бие Ц.Ө-н хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч” нь хариуцагч Ц.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8,172,212.31 төгрөг, нотариатын зардал 1,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ө нь зээлийн гэрээний үүрэг 8,172,212.31 төгрөг, нотариатын зардал 1,500 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч” нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 8,173,712.31 төгрөгт тохирох хураамж болох 145,729 төгрөгийн 50 хувиас хөнгөлж, 72,864.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 8,172,212.31 төгрөг, нотариатын зардал 1,500 төгрөгийг хариуцагч Ц.Ө нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Ц.Ө-с 72,864.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н