| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0351/И |
| Дугаар | 349 |
| Огноо | 2020-10-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 349
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н-д холбогдох гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 484,270 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 489,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Н нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сарын 11-ний өдөр дараа төлбөрт Монголдоо 30 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ... дугаарын эзэмшигч болж SAMSUNG A10 маркийн гар утсыг 12 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр худалдан авсан. Гэтэл Д.Н нь гэрээний үүргээ үл биелүүлж ... дугаарын лизингийн төлбөр 514270 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Н-с төлбөрийн үлдэгдэл болох 514,270 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 30,000 төгрөгийг хасаад 484,270, нотариатын зардалд 5000 төгрөг нийт 489,270 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, С овогт Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Н нь 2019 оны 12 сарын 11-нд С ХХК-тай гэрээ хийж Samsung A-10 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай лизингээр төлөх нөхцөлтэйгөөр А гэдэг хүнд авч өгсөн боловч А нь хугацаандаа мөнгөө төлөөгүй улмаас өөрийн нэр дээр хариуцаж авсан. Би 489,270 төгрөг төлөхөөр болжээ. Энэхүү төлбөрийг 2020 оны 10 сарын 25-наас эхлэн сар болгон 50,000 төгрөгийг тушааж барагдуулах болно. 2021 оны 06 сарын 25-ны дотор 39,270 төгрөгийг төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Д.Н-н хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Д.Н нь 489,279 төгрөгийг 2020 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр төлж, 2021 оны 07 сарын 25-ны өдөр 39,270 төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 484,270 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 489,270 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлага гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 484,270 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 489,270 төгрөгийг 2020 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 50,000 төгрөгөөр 9 сарын хугацаанд төлж, үлдэгдэл 39,270 төгрөгийг 2021 оны 07 сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н-д холбогдох гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 484,270 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 489,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Нэргүй нь 489,270 төгрөгийг 2020 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 50,000 төгрөгөөр 9 сарын хугацаанд төлж, үлдэгдэл 39,270 төгрөгийг 2021 оны 07 сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,328 төгрөгийн 50 хувь буюу 7,664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 7,664 төгрөгийг, хариуцагч Д.Н-с 7,664 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Н нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б