Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 350

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,739,062.65 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 21-ний  өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Э нь К банктай 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №839 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж, 6,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Х.Э-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4,620,607.80 төгрөг, зээлийн хүүд 2,339,380.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,017.48 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,379,392.20  төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1,149,666.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 210,003.75 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2,739,062.65 төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Х.Э-с зээлийн гэрээний үүрэгт 2,739,062.65 төгрөг, нотариатын зардал 2,000.00 төгрөгийн хамт гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, Б овогт Х.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.Э нь К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 2,739,062.25 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н би Х.Э-н хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Х.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,739,062.65 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 2,739,062.65 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,739,062.65 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Э нь 2,739,062.65 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 58,807 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Э-с улсын тэмдэгтийн хураамж 58,807 төгрөгийн 50 хувь болох 29,403.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                     Э.Б