Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1428

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         12           04                                       2023/ШЦТ/1428

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 2308000001907 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*************************************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02 цаг 30 минут орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цогт төвийн В1 давхарт байрлах караокед хохирогч С.Бтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдаж,  түүний нүүрэн хэсэгт цохих, архины хундагаар эрүү, цээж хэсэгт зүсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь цээжний цус хуралт, баруун эгэмний язарсан шарх зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Иргэн О.Х цагдаагийн байгууллагад гаргасан “2023 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цогт төвийн В1 давхарт байрлах караокены 4 тоотод үйлчлүүлж байсан залуугийн цээж зүсэгдсэн байна” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн  1 дэх тал),

 

2.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

 

3. Хохирогч С.Бын: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Ж хамтаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 64а байрны 35 тоот гэрээсээ гарч найзууд болох Г, У нартай Содон хорооллын хажууд байрлалтай Brown house нэртэй караоке пабд 20 цагийн орчим уулзсан. Тэгээд бид дөрөв 0,75 граммын Агар нэртэй архи 5 шилийг хувааж уусан. Тус караоке пабаас 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шөнийн 00:20 цагийн орчим гарч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цогт нэртэй төвийн караокед үргэлжлүүлэн орж архи уусан ба нэг мэдэхэд би Гэмтлийн эмнэлэгт цээжиндээ зүсүүлсэн байдалтай очсон байсан. Би яг ямар шалтгааны улмаас цээжиндээ зүсүүлсэн талаараа хамт явсан найз Гас асуухад би эхнэртэйгээ маргалдаж эхлээд тэгээд дараа нь Гтай маргалдаж эхэлсэн байсан. Тэгээд бид 2 маргалдаж байх хугацаандаа Г намайг шилээр зүссэн талаар мэдсэн. Энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх гэж ирсэн. Би сэтгэцэд  учирсан  хохирлын  үнэлгээг тогтоолгохгүй, үзүүлэх шаардлагагүй,  манай найз Г эмчилгээний зардалд  6 сая төгрөг өгсөн,  одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48, 50 дахь тал),

 

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13289 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...С.Бын биед цээжний цус хуралт, баруун эгэмний язарсан шарх, зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 3-5 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-33 дахь тал),

 

6. Гэрч Д.Б: “...Намайг  2023 оны 10 дугаар сарын 15-ны 02 цагийн орчим  Сонгинохайрхан дүүргийн  19дүгэр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цогц төвийн кароакед орж өөрийн танил Хишигбаяртай  уулзаж байхад 4 дугаартай өрөөнд зодоон болоод байна та  салгаад өгөөч гэж зөөгч гүйж ирээд гуйхаар нь  очтол хоёр  эрэгтэй хүн дээр доороо орчихсон зодолдсон байдалтай байсан. Тэгээд би тэр 2-г салгахад  газар хэвтэж байсан эрэгтэйн  цээжин хэсгээс цус  мэт зүйл гарч байсан. Тэр хүний цээжнээс цус их гараад байхаар нь түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

 

7. Гэрч О.Х: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цогт төвийн караокед зөөгчөөр ажилладаг. 2023 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн орчим манай караокед 30 орчим насны 2 эрэгтэй, 30 орчим насны 2 эмэгтэйн хамтаар орж ирээд 4 тоот өрөөнд ороод 2 цаг авч 0,75 литрийн ногоон Х нэртэй архи авсан. Тэгээд 02-03 цагийн орчим тооцоогоо авах гээд ортол нэг эмэгтэй нь гараад явсан. Үлдсэн 2 эрэгтэй хоорондоо муудалцаад байсан ба нэг харахад Базараа гээд байсан залуугийн цээжний гол хэсгээс цус гарч байсан ба цээж нь зүсэгдсэн байсан. Би яг яаж гэмтсэнийг нь мэдэхгүй байна. Тэгээд түргэн цагдаа дуудах хооронд Базараа гэх залуутай хамт байсан эрэгтэй, эмэгтэй 2 яваад өгсөн. Базараа гэх залуутай маргалдсан гэх залуу манайд тооцоогоо картаар хийсэн. Манай захирал дансаа шүүвэл дансны дугаар нь гарч ирэх байх гэж бодож байна. Базараа гэх залуу маш их согтолттой агсраад өөрийн ухаангүй байсан. Түргэний эмч ирж үзээд гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  52 дахь тал),

 

            8. Шүүгдэгч Б.Г: “...Миний бие Прокурорын тогтоолтой танилцаад, хүлээн зөвшөөрч байна. Би найз болох Бад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 6.000.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хэргийн үйл баримтаас харахад, шүүгдэгч Б.Г, хохирогч С.Б нар нь нийлж архи согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, шүүгдэгч нь  хохирогч руу дайран хоорондоо барьцалдаж авах, гараар цохих болон  шилээр цохих зэрэг үйлдлийг удаа дараагийн давтамжтай байдлаар  хийсэн нь  тус газрын камерын бичлэгт тодорхой бичигдсэн, тэдгээрийг салгасан хүмүүс болох гэрч Д.Б, О.Х нар нь тухайн үед хохирогч С.Бын цээж хэсэг зүсэгдсэн, зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус гарч гарсан болохыг харснаа гэрчилж мэдүүлсэн, хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу шүүгдэгчийн санаатай үйлдлээс шалтгаалж хохирогч С.Бад хөнгөн  хохирол учирсан үйл баримт нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар С.Б нар нь хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч С.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй хэдий ч шүүгдэгч сайн дураараа 6.000.000 төгрөгийг төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Гантулгыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй. (хавтаст хэргийн 80, 83, 91-92 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Мөн тус хэрэгт эд мөрийн баримтаар хагархай шил ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 800 (найман зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ