Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... оны ... сарын ...-ний өдөр Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Ц овогт Л.Ц-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгч Л.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Ц нь 1977 оны 06 сарын 20-ны өдрөөс Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн 1-р багт малчнаар орсон. 1977 оны 06 сарын 20-ноос 1981 оны 06 сарын 20-ныг хүртэл тэмээчин, 1981 оны 07 сарын 01-нээс 1986 оны 01 сарын 01-нийг хүртэл адуучин, 1986 оны 01 сарын 01-нээс 1993 оны 10 сарын 05-нийг хүртэл тэмээ маллаж байгаад хувьчлалд тараасан. 1977 оны 06 сарын 20-ноос 1993 оны 10 сарын 05-ныг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 1977 оны 036 сарын 20-ноос 1993 оны 10 сарын 05-ныг хүртэл Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тэтгэвэрт гарах гэхээр ажилласан жил хүрэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон мөн ажил орсон гарсан тушаал байхгүй байгаа тул шүүхэд хандсан юм гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц нь 1977 оны 06 сарын 20-ны өдрөөс 1993 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Ц нь 1980 оны 04 сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь 1981 оны 06 сарын 20-ны өдрийн Л.Ц-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1986 оны 01 сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1987 оны 11 сарын 01-ний өдрийн 43 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ажлаас халах ба ажилд томилох тухай тушаал, гэрч Г.Л “...Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1972 оноос 1974 оныг хүртэл жолооч байсан. 1975-1980 оныг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид жолооч, 1980-1985 оныг хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд жолооч, 1986-1992 он хүртэл Сумын эрчим хүчний жолооч ажлуудыг тус тус хийж байсан. Миний бие нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумандаа тасралтгүй жолоочоор ажиллаж байсан хүний хувьд Л.Ц-г мал маллаж байсныг сайн мэдэж байна. Яагаад гэвэл миний ажил нь байнга малчидтай харьцдаг ажил байсан учраас Л.Ц-г би сайн мэддэг юм. Л.Ц нь бага байхаасаа их малд дуртай хүүхэд байсан. Миний ажил бол даргын жолооч байсан учраас хөдөө их явдаг байсан.  Дарга малчидтай очиж уулзахад болон өвөлжөө бууц засах, тэмээ, хонь, ямаа хяргах, самнахад нь байнга очиж ажилд нь тусалдаг байсан. Ачааны тэрэгтэй байхдаа тэжээл дөхүүлж өгөхөд мөн нүүлгэж суулгадаг ажлыг хийдэг байсан. Мөн тэмээ ноослоход ноосыг нь хөдөө айлуудаар явж ачаад төвд хүргэх ажлыг хийдэг байсан.“ гэх мэдүүлэг, гэрч Ё.О “....Миний бие Л.Ц-г 3 дугаар ангид байхад дээд ангиас нь З багштай 3 А ангид орж ирж байсан юм. Яагаад дээд ангиас нь орж ирж байсан бэ гэхээр би хөлөө хугалаад бүтэн жилийн акттай байсан учраас доод ангидаа орж байсан юм. Миний бие нь Л.Ц-с 2 эгч юм. Би 9 настайдаа сургуульд орж байсан юм. Л.Ц-той би 3-р ангиасаа хойш 8 төгстлөө хамт сурч байгаад 1977 онд хавар сургуулиа төгсөөд Б.Д, Л.Ц нарын хамт бид 3 илгээлтээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн 1-р бригадад тэмээчид болж байсан. Л.Ц манайх 2 сумын 2 талд байдаг байсан. Л.Ц-х баруун хойд талаар, манайх зүүн талаар нутаглаж тус тусынхаа малыг малладаг байсан. Бригадын хурал болох үед сум дээр Л.Ц-той уулздаг байсан. Түүнээс бус цагт тус тусын ажлаа хийгээд явдаг байсан юм. Тухайн үед илгээлтээр 3 эрэгтэй хүүхэд гарах байсныг нь би илгээлтээр гарна гэж зүтгэсээр байгаад Б.Д, Л.Ц нарын хамт 3-лаа илгээлтээр гарч байсан түүхтэй. Миний бие нь 1977 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн 1-р бригадад илгээлтээр тэмээчин болоод 1980 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн 2-р бригад буюу Чулуут бригадад малчнаар шилжиж ажилсан. Яагаад гэвэл би хүнтэй суугаад шилжих болсон гэхэд намайг манай бригадын дарга шилүүлэхгүй гээд байсан. Тэгээд намайг шилжүүлэхдээ 100 хэдэн тэмээтэй нь шилжүүлж байлаа. Миний бие нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1977-1995 оныг хүртэл ажиллаж байсан. Гэрэлт зам нэгдэл нь хэдийгээр 1993 оны 10-р сард тарсан хэдий ч тус нэгдлийн ямаа над дээр 1995 оныг хүртэл байж байгаад 1995 онд надаас нэгдлийн малаа авч байсан юм. Би 1995 онд хамгийн бага хүүхдээ төрүүлэх гээд нэгдлийн сүүлд үлдсэн малыг хүлээлгэн өгч байсан юм. Тухайн үед нэгдэл тарсан хэдий ч цөөхөн хэдэн малчдад нэгдлийн мал байдаг байсан. Ямар ч байсан Л.Ц, одоо өмгөөлөгч Б.Д-тай 1977 оны 06 дугаар сард 3-лаа илгээлтээр гарч байсан минь үнэн. Мөн нэгдэл тарах үе буюу 1993 оны 10 дугаар сар хүртэл тэмээчин, адуучин хийж байсан нь үнэн. Одоо ч нэгдэл тараад түүнээс хойш малаа маллаж байгаа хүн байгаа юм.” гэх мэдүүлгүүд болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт цугласан баримтуудад Л.Ц-г 1977 оны 06 сарын 20-ноос 1980 оны 04 сарын 01-нийг хүртэл, 1991 оны 01 сарын 01-нээс 1993 оны 10 сарын 05-ныг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Гэрч Г.Л, Ё.О нарын мэдүүлэг нь дангаараа дээрх үйл баримтыг нотолж чадахгүй юм. Гэрчийн мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “...тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ...” үнэлэхээр хуульчилсан. Гэтэл хэрэгт гэрч нарын мэдүүлгийн харьцуулан үзэн үзэх өөр бичгийн нотлох баримт байхгүй тул шүүх дан ганц гэрчийн мэдүүлгээр Л.Ц-г 1977 оны 06 сарын 20-ноос 1980 оны 04 сарын 01-нийг хүртэл, 1991 оны 01 сарын 01-нээс 1993 оны 10 сарын 05-ныг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна. Түүнчлэн Хөвсгөл сумын 1 дүгээр багийн Засаг дарга М.С тодорхойлолтыг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн. Учир нь 2020 оны 10 сарын 09-ний өдөр гаргаж өгсөн тодорхойлолтдоо Засаг дарга М.С нь ямар баримтыг үндэслэн Л.Ц-г 1977-1993 он хүртэл Гэрэлт зам нэгдэлт мал маллаж байсныг тодорхойлсон нь тодорхой бус байна. Иймд Л.Ц нь 1977 оны 06 сарын 20-ноос 1980 оны 04 сарын 01-нийг хүртэл, 1991 оны 01 сарын 01-нээс 1993 оны 10 сарын 05-ныг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.       

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Л.Ц нь 1980 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц овогт Л.Ц-г 1980 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Л.Ц нь 1977 оны 06 сарын 20-ноос 1980 оны 04 сарын 01-нийг хүртэл, 1991 оны 01 сарын 01-нээс 1993 оны 10 сарын 05-ныг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.Б