Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

 

  2020             3              31                                         2020/ДШМ/383

 

 

Д.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Энхбаатарын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Б.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Д.Эт холбогдох 1911015951333 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Даваадоржийн Э, 1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Азжаргалын нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овгийн Даваадоржийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаатаарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Б.Азжаргал нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Азжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид мөрдөгч ирж “хохирогчоор тогтоож байна, хавтаст хэргийн материалтай танилцуулъя” гэхэд би “өмгөөлөгчтэй хамт танилцъя” гэж хэлсэн. Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцсон. Цагдан хорих төвд хоригдож байх хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй. Шүүгдэгч Д.Эт ял оногдуулахдаа хэт нэг талыг баримтлан, шүүгдэгчийн өгсөн худал мэдүүлэгт үндэслэн түүнд торгуулийн ял оногдуулсан байна. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч Д.Э болон түүний төрсөн 2 дүү болон хамаатан гэх 2 хүн, эцэг Даваадорж, эхнэр Энхжин нар нь намайг бүлэглэн зодож гэмтэл учруулсан байдаг. Мөрдөгч энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан. Мөн шүүгдэгч Д.Эын эхнэр Энхжингийн хүчиндүүлсэн гэж гаргасан гомдлын дагуу нээсэн хэрэг нь 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр үндэслэлгүй тул хаагдсан байдаг. Д.Эын надад учруулсан гэмтлийн улмаас өнөөдрийг хүртэл миний хамарнаас байнга цус гарч байгаа. Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргахад шүүх хурал явагдах дунд танилц гэж хэргийг өгсөн. Хэргийн материалтай танилцаж амжаагүй байхад шүүх хуралдааны эцсийн шийдвэр гарсан. Хавтаст хэргийн материалтай дахин танилцах боломж олгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү. Миний бие гомдолтой байна. Миний бие эрүүгийн хэрэгт холбогдож өнөөдрийн байдлаар бүх насаар хорих ял шийтгүүлсэн ч гэсэн хүн гэдэг талаас нь тусган авч үзнэ үү” гэжээ.

Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... ажиллагааг ямар хугацаанд ...хийх”-ийг тусгахаар хуульчилсан байхад торгох ял биелүүлэх хугацааны талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн байна.

Хэрэв шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон мөн хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй юм.

Иймд, шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Азжаргалын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Азжаргалын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр намайг Дэнжийн мянга зах дээр байхад  Д.Эын эхнэр нь надтай утсаар яриад уулзахаар болсон. Намайг зоориноос ногоо хулгайллаа гэх шалтгаанаар зодсон. Намайг хоёр удаа цохисон, миний нүүр битүү хавдсан. Миний хамарнаас байнга цус гоождог, нүд бүрэлздэг болсон. Би Д.Эт гомдолтой байна. ...” /хх 172/,

гэрч С.Галбадрахын “...Д.Цэдэнсодном бид хоёр Б.Азжаргалыг сугадаад явж байхад Д.Э ах доороос ирээд Б.Азжаргалтай хэрэлдэж маргалдсан. Д.Э ах Б.Азжаргалыг зодох гээд дайраад байхаар нь Д.Цэдэнсодном бид хоёр хориод зодуулаагүй. Бид нар доошоо бууж байхад Б.Азжаргал “та нарыг бүгдийг чинь ална, гэртэй чинь шатааж ална” гээд орилоод байсан чинь Д.Э ах уурлаад бид нарын урд гарч ирээд Б.Азжаргалын нүүрэн тус газар нь гараараа цохисон. Миний харснаар хоёр удаа цохисон. Тэгээд Д.Цэдэнсодном бид хоёр хориод болиулсан чинь араар тойрч очоод Б.Азжаргалын араас нь нэг удаа өшиглөсөн. ...” /хх 37-39/,

гэрч Д.Цэрэнсодномын “2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр манай ах Д.Э над руу яриад “Б.Азжаргалыг барих хэрэгтэй байна, ногоо хулгай хийгээд байна” гэж хэлсэн. ...бид нар Б.Азжаргалыг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд байхыг харчихаад Д.Галбадрах бариад авсан. Би араас нь гүйж очоод барьсан. Б.Азжаргал нь Д.Э ахыг “аавтай хамт ална” гээд хэл амаар доромжлоход ах уурлаад Б.Азжаргалын нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. ...” /хх 115-116/,

шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн “...ингээд Б.Азжаргал уулзах газраа ирж, манай эхнэр О.Энхжинтэй уулзах үед дүү Д.Галбадрах, Д.Цэдэнсодном, манай аав Даваадорж бид дөрөв нуугдаж байсан газраасаа гарч ирсэн бөгөөд Б.Азжаргал бид нарыг харчихаад зугтаагаад гүйгээд явчихсан. Бид нар араас нь хөөгөөд дүү Д.Галбадрах, Д.Цэдэнсодном нар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Өлзий” нэртэй дэлгүүрийн арын гудамжинд Б.Азжаргалыг явж байхаар нь хараад бариад авсан. Би Б.Азжаргалтай уулзахад “намайг аавтай минь хамт ална” гээд хэл амаар доромжлоод байхаар нь түүний нүүрэн нь тус газар нь хоёр удаа гараараа цохисон. ...” /хх 126-127/ гэх мэдүүлгүүд,

Хохирогч Б.Азжаргалын биед хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1351 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 45/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Эын хохирогч Б.Азжаргалын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.

Прокурор М.Энхбаатарын бичсэн “...шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон мөн хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ял биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарвал зохино.   

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана заажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Д.Эын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч Б.Азжаргалын гаргасан “...мөрдөгч энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан бөгөөд надад хавтаст хэргийн материалтай дахин танилцах боломж олгож анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчид хэргийн материалтай танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэл /хх 170-174/-ээр тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэргийн гарсан байдлыг бодитой тогтооход хангалттай нотлох баримт цугларсан байна гэж үзэв. Мөн шүүгдэгч Д.Эаас өөр хүмүүс гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокурор М.Энхбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, хохирогч Б.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ