Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 127/ШШ2018/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 122/2017/0007/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч С.Төмөрбат, шүүгч Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, түүнээс гарсан бүх тогтоол, шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, О.Б, иргэдийн төлөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Г, Б.Б, Д.Х, О.Б, Ц.Х нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, О.Батнасан, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймагт явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Монгол ардын нам 16, Ардчилсан нам 16 төлөөлөгч тус тус сонгогдон, маргаантай байсан Дарьганга сумын 3 дугаар тойрогт явагдсан дахин сонгуулийн дүнгээр П.Мөнхжаргал үнэмлэхүй ялалт байгуулж, төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу түр үнэмлэхээ авсан төлөөлөгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, энгэрийн тэмдгийг гардуулж ёсчлох үүрэгтэй. Гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  дарга, Тэргүүлэгчид дээрхи асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас болж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, намын бүлгүүдийн хооронд маргаан үүссэн. Хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жилд 1-2 удаа хуралддаг, олонхийн зарчмаар асуудлаа шийдвэрлэдэг улс төрийн институт билээ. Иймд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг бүрэн бүрэлдэхүүнээр хуралдуулах талаар зөвшилцөх уулзалт хийх хүсэлт хүргүүлсэн. П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бол хуралд оролцох боломжгүй гэдэг хүндэтгэн үзэх шалтгаанаа Ардчилсан намын бүлэг Хуралд мэдэгдсэн. Ингээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/29 дүгээр албан бичгээр тус асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй гэсэн албан бичгийн хариуг өгсөн. Монгол ардын намын бүлэг 16 төлөөлөгчтэйгээр ээлжит гуравдугаар хуралдааныг ирц бүрдээгүй байхад зохион байгуулж аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны төсвийн төсөл, 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Сонгуулийн үр дүнгээр 17 төлөөлөгч сонгогдож олонх болсон манай намын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтуудыг тусгах бүх нөхцөл боломжийг хааж, улмаар хурлын ирц бүрдээгүй байхад хуралдуулж, хүч түрсэн байдлаар асуудлыг шийдвэрлэсэн нь манай намд саналаа өгсөн ард түмэн, сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхэд халдаж, эрх ашгийг нь хохироосон хууль бус үйлдэл юм. Энэхүү 2017 оны 02 сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар “аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.” 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт энэ хуулийн 24.1, 24.2-т заасан “саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг илэрхий зөрчсөн. Хуралдааны тов мэдэгдсэн албан бичиг, 3-р хуралдааны мөрийн хөтөлбөр 2-оос өөр ямар нэг баримт бичиг манай намд, төлөөлөгч бид нарт өгөөгүй. Энэ төсөв, тогтоолуудыг батлахдаа Ардчилсан намын төлөөлөгчдөөс ямар ч санал аваагүй, манай намын мөрийн хөтөлбөрөөс нэг ч зүйл, заалт оруулаагүй. Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихдээ тухайн суманд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулж шийдвэрлүүлэх гэж ард түмний итгэлийг авч сонгогдсон. Гэтэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, иргэдийн итгэсэн итгэлийг ажил болгон хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа нь бидний эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж гомдолд дурдагдаж буй бодлогын баримт бичгийг хэлэлцээгүй  нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 “төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх,” 17 дугаар зүйлийн 17.1.3 “тэгш хүртээмжтэй байдлыг хангасан эсэх, 19 дүгээр зүйлийн 19.2.1 хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд” гэж заасан зарчим, шаардлагуудыг тус тус зөрчсөн. Иймд ирц бүрдээгүй байхад хуралдсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцож, тус хурлаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Г, Б.Б, Д.Х, О.Б, Ц.Х нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шүүх хурал нь 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд буруутай нь тогтоогдож, тус гуравдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг бүгдийг хүчингүй болгосон 123/ШШ2017/0039 тоот шийдвэр гарсан. Тийм учраас уг шүүхийн шийдвэрийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах байсан боловч шүүхийн шийдвэрийг үнэн зөв шийдвэрлэсэн байна гэж үзэж давж заалдаагүй. Тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгч нар болон аймгийн Засаг дарга З.Энхтөр нар нь шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэсэн шалтгаанаар хэргийг дахин хянуулахаар гомдол гаргасан. Энэ асуудлыг Дорноговь, Говьсүмбэр аймгийн шүүхүүд шийдвэрлээд, хэргийг Хэнтий аймгийн шүүхэд шилжүүлжээ. Одоо нөхцөл байдал өөр болсон ба аймгийн Засаг дарга З.Энхтөрийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар Засаг даргаас огцруулах шийдвэр гарч Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлагдан, Ерөнхий сайдын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулсан. Үүний дараа Ж.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдоод 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “...Засаг даргын мөрийн хөтөлбөр”, “Үндсэн чиглэл”-ээ шинээр баталсан. Иймд хуучин Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл бусад асуудлууд хүчингүй болсон тул энэ шүүх хурал болох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Я.Эрдэнэхүү нь хөдөө орон нутгаар хяналт шалгалтын ажлаар явж байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Г, Б.Б, Д.Х, О.Б, Ц.Х нараас 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцож, тус хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн асуудалтай холбогдуулан гаргах хариу тайлбар байхгүй бөгөөд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй болно гэжээ.

Гуравдагч этгээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч И.Б, Т.М, Д.А, Б.Г, Ш.М, М.Т, Ө.Б, Л.А, Э.Ө, Ц.Э, О.Б, Д.Г, А.А, Ц.Б, С.Г, Ш.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Б нараас 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцож, тус хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны орон нутгийн сонгуулиар Монгол ардын нам 17, Ардчилсан нам 16 суудал авч анхдугаар хуралдаанаа хийж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн сонгож, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжлах зэрэг шийдвэрүүдийг гаргасан юм. Энэ хурлын шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгөхийг хүсэж мөн дээрх нөхдийн төлөөлөл шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ч уг хурал, түүнээс гарсан шийдвэрүүд нь шат шатны шүүхээр явж Монгол улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 444 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон байдаг. Хуулийн дагуу байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тэргүүлэгчид нь төсөв батлагдаагүйгээс болж төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй, төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болох, аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хөрөнгө, санхүүгийн асуудлууд үүссэн зэрэг олон хүндрэлтэй асуудлууд үүссэнтэй холбоотойгоор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулан хэлэлцэх” гэсэн эрхийнхээ дагуу хуралд оролцсон нийт тэргүүлэгчдийн дийлэнх олонхийн саналаар товыг зарлаж хурлын нийт төлөөлөгч нарт хурлын хэлэлцэх асуудал, түүнтэй холбоотой материалуудыг хүргэсэн болно. Ийнхүү 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааныг хууль, журмын дагуу зарлан хуралдуулсан нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.а “нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах” 18.1.2. “Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах” зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу төлөөлөгчдийн ирц бүрдсэн хууль ёсны хурал байсан бөгөөд энэхүү хуралдаанд дээрх нэхэмжлэл гаргасан төлөөлөгчид болон Ардчилсан намын бүлэг улс төрийн янз бүрийн шалтаг, шалтгаанууд тоочиж, шантаажлан төрийн ажлыг гацаах зорилгоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно. Уг хурлыг хийснээр хэн нэгний эрх ашиг хөндөгдөж хохироогүй харин ч төрийн албан хаагчид цалингаа цаг хугацаанд нь авах, төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, иргэдэд үйлчлэх, ард иргэдийн төрийн үйлчилгээг цаг тухайд нь авах зэрэг олон нийтийн эрх ашиг хангагдсан юм.

Хэдийгээр хурлын төлөөлөгч нь улс төрийн сонгуулиар намаас нэр дэвшин сонгогддог боловч аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн эрх ашгийн төлөө улс төрөөс ангид шийдвэрүүдийг гаргаж байх учиртай. Энэхүү 3 дугаар хуралдаан бол аймгийн Засаг дарын 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, 2017 онд аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны төсөв төлөвлөгөө гээд ард иргэдийн өмнө тулгамдаж байсан чухал асуудлуудыг хэлэлцэх түүхэн хурал байсан юм. Тийм ч учраас аймгийн Засаг дарга Ардчилсан намын бүлэгт мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа өгөхийг албан бичгээр тавьж, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн тодорхой асуудлууд тусгагдсан байдаг. Нэхэмжлэлд дурдагдсан гол асуудал нь Дарьганга сумын 3 дугаар тойргоос нөхөн сонгуульд нэр дэвшсэн П.Мөнхжаргалын бүрэн эрхийг зөвшөөрсөнгүй, Ардчилсан намаас сонгогдсон 16 төлөөлөгчдийн болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулахгүй гэсэн гомдол, шалтгаан болж байна.

Өнөөдрийн байдлаар /2018 оны 08 сарын 31/ энэхүү маргаан үүсгээд байгаа 2017 оны 3 дугаар хуралдаанаар баталсан Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь хоёр намын бүлгийн зөвшөөрлөөр 2018 оны 5 дугаар сарын 23-нд хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шинэчлэгдэж, шинээр томилогдсон аймгийн Засаг дарга өөрийн хэрэгжүүлэх “Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, 2018 онд “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл” зэргийг боловсруулан баталсан билээ.

Ийнхүү шинээр батлуулсан “Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, 2018 онд “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-дээ аймгийн Ардчилсан нам, түүнээс сонгогдсон төлөөлөгч нарын ирүүлсэн саналыг бүрэн тусгаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа 32 төлөөлөгч 100 хувийн саналаар батлаад хэрэгжүүлэх ажил зохион байгуулагдаж байгааг эрхэм нэхэмжлэл гаргасан этгээдүүд мэдэж байгаа.

Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагын гол хэсэг болох Дарьганга сумын 3 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч П.Мөнхжаргал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хүлээн зөвшөөрүүлээд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаа болно. Энэхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын төлөөлөгч Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Бнарын гаргасан гомдол, нэхэмжлэлд дурдагдсан асуудлууд бүрэн шийдвэрлэгдсэн. Дээрх шалтгааны улмаас нэр бүхий этгээдүүдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Л.Даваа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл зөв байна. Шүүх үндэслэлтэй шийдвэрлэх  нь зүйтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нараас Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “...Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хүчингүй болгуулах, тус хуралдаанаас гарсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах” тухай 01 дүгээр, “...аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай” 02 дугаар, “Үндсэн чиглэл батлах тухай” 3 дугаар, “...аймгийн төсвийн гүйцэтгэл батлах тухай” 04 дүгээр, “...аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэргийг аймгийн Ардчилсан намд болон нэхэмжлэгч нарт өгөөгүй, тус хуралдааны ирц бүрдээгүй байхад хуралдсан. Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж, иргэдийн итгэлийг авч сонгогдсон бидний эрхийг зөрчиж, тухайн сумандаа хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг мөрийн хөтөлбөр, төсөвт оруулж шийдвэрлээгүй хэмээн тайлбарласан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Б, О.Бнар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “...Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гуравдугаар хуралдаан болон түүнээс гарсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодруулсан.

Нэхэмжлэгч Ч.Г, Д.Х, Ц.Х нар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "... шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өнөөдрийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн  /бид нарыг оролцуулахгүй/ явуулахад татгалзах зүйлгүй” гэж утсаар мэдэгдснийг,

Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэхүү нь хөдөө орон нутгаар хяналт шалгалтын ажлаар явж байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй, хариуцагч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэж албан бичиг шүүхэд ирүүлснийг,

Мөн гуравдагч этгээд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч И.Б, Т.М, Д.А, Б.Г, Ш.М, М.Т, Ө.Б, Л.А, Э.Ө, Ц.Э, О.Б, Д.Г, А.А, Ц.Б, С.Г, Ш.Б нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ утсаар мэдэгдэж, албан бичиг ирүүлснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 10 дугаар тогтоолоор ээлжит гуравдугаар хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулахаар товлон, хэлэлцэх асуудлыг баталжээ. Хурлын төлөөлөгч нарт хуралдааны тов, хуралдааны хөтөлбөрийг хүргүүлсэн нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/46 тоот албан бичгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нарт гуравдугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудад холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэргийг хүргүүлээгүй болох нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хадгалагдаж буй гуравдугаар хуралдааны материалд хийсэн” үзлэгээр тогтоогдож  байна.

Иймд Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, түүний ажлын алба Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “...энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж шүүх үзлээ.

Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолоор 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Дарьганга суманд 2016 оны 10 дугаар сарын 19-нд явуулсан дахин сонгуулиар олонхийн санал авсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг ээлжит гуравдугаар хуралдаан хуралдах үед хүлээн зөвшөөрөөгүй байсан тул тухайн хуралдаанд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн нийт 32 төлөөлөгч оролцох эрхтэй байсан байна.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанд, Ардчилсан Намаас нэр дэвшин сонгогдсон 16 төлөөлөгч хүрэлцэн ирээгүй ба Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон 16 төлөөлөгч хүрэлцэн ирснээр, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон “Хурлын хороо байгуулах тухай”, “аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах”, 2016 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, “2017 оны үндсэн чиглэл”, “2015 /2016/ оны төсвийн гүйцэтгэл”, “2017 оны төсвийн төсөл” зэрэг 5 асуудлыг хэлэлцэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг тус тус баталжээ.

Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон 16 төлөөлөгч ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэрэгтэй хуульд заасан хугацаанд танилцаагүйгээс, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 12.1.4-д “...хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах”, 12.1.9-д “...сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг ...эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна. Эдгээр 16 төлөөлөгчийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасныг зөрчөөгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжит гуравдугаар хуралдаанд оролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанд ирвэл зохих 32 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч хүрэлцэн ирсэн, 16 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байх тул тус хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирээгүй гэж шүүх үзлээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчсөн байх тул 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хууль бус байсан гэж шүүх дүгнэлээ.

Мөн хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгч нар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ асуудал өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн ба тус гуравдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд бүгд хүчингүй болсон. Шүүхийн шийдвэрийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үнэн зөв гарсан гэж үзээд давж заалдаагүй. Тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгч болон аймгийн Засаг дарга З.Энхтөр нар нь шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар хэргийг дахин хянуулахаар гомдол гаргасан. Одоо нөхцөл байдал өөр болсон ба аймгийн Засаг дарга З.Энхтөрийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар захирамжаар албан тушаалаас нь огцруулсан. Үүний дараа Ж.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдоод 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “...Засаг даргын мөрийн хөтөлбөр”, “Үндсэн чиглэл”-ээ шинээр баталсан. Иймд энэ асуудлыг дахин шүүхээр хэлэлцэх үндэслэл байхгүй гэснийг,

Гуравдагч этгээд аймгийн Засаг дарга Ж.Э, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч И.Б, Т.Б, Д.Б, Б.Г, Ш.М, М.Т, Ө.Б, Л.А, Э.Ө, Ц.Э, О.Б, Д.Г, А.А, Ц.Б, С.Г, Ш.Бнар: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулан хэлэлцэх” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон Тэргүүлэгчдийн дийлэнх олонхийн саналаар ээлжит гуравдугаар хуралдааны товыг зарлаж, хурлын нийт төлөөлөгч нарт хэлэлцэх асуудал, түүнтэй холбоотой материалуудыг хүргүүлсэн. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу төлөөлөгчдийн ирц бүрдэж ээлжит гуравдугаар хурал болсон. Өнөөдрийн байдлаар энэхүү маргаан үүсгээд байгаа 2017 оны гуравдугаар хуралдаанаар баталсан Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь хоёр намын бүлгийн зөвшилцлөөр 2018 оны 5 дугаар сарын 23-нд хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шинэчлэгдэж, шинээр томилогдсон аймгийн Засаг дарга өөрийн хэрэгжүүлэх “Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, 2018 онд “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл” зэргийг боловсруулсан ба аймгийн Ардчилсан нам, түүнээс сонгогдсон төлөөлөгч нарын ирүүлсэн саналыг бүрэн тусгаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа 32 төлөөлөгч 100 хувийн саналаар батласан. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагын гол хэсэг болох Дарьганга сумын 3 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч П.Мөнхжаргал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ зөвшөөрүүлээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаа ба нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдагдсан асуудлууд бүрэн шийдвэрлэгдсэн.

Дээрх шалтгааны улмаас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаан хууль бус байсан болохыг тогтоосон тул тус хуралдаанаас батлан гаргасан “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай” 01 дүгээр, “...аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай” 02 дугаар, “Үндсэн чиглэл батлах тухай” 3 дугаар, “...аймгийн төсвийн гүйцэтгэл батлах тухай” 4 дүгээр, “...аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 5 дугаар тогтоолууд нь хууль бус байсан гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж  шүүх   дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаан болон тус хуралдаанаас батлан гаргасан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай” 01 дүгээр, “...аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай” 02 дугаар, “Үндсэн чиглэл батлах тухай” 3 дугаар, “...аймгийн төсвийн гүйцэтгэл батлах тухай” 4 дүгээр, “...аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 5 дугаар тогтоолууд нь тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г, Д.Х, Б.Б, Ц.Х, О.Бнарт  олгосугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                              Н.БАЛЖМАА

    ШҮҮГЧИД                                                                  С.ТӨМӨРБАТ

Г.БАЯСГАЛАН