Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0482

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

  Шүүх бүрэлдэхүүн:

  Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

 Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

  Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

  Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

 Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Э, Удирдах зөвлөлийн дарга Ш.А

  Хэргийн оролцогчид:

  Нэхэмжлэгч “О” НҮТББ

  Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

  Хариуцагч Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам

  Хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хотын стандартын газрын дарга

  Хариуцагч Барилгын хөгжлийн төв

  Гуравдагч этгээд “Э” ХХК

  Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн  нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газруудын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0081 дүгээр шийдвэр

  Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

  Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Э, Удирдах зөвлөлийн дарга Ш.А

  Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б

  Хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хотын стандартын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

  Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн захирал А.А

  Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, өмгөөлөгч М.Ч

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

  Хэргийн индекс: 128/2023/0372/3

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “О” НҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хотын стандартын газрын дарга, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн  нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газруудын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.2.4, 21.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-аас гаргасан “2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн 1780610*** нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 1780610***, 1780610*** нэгж талбарын дугаар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Э, Удирдах зөвлөлийн дарга Ш.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

  3.1 “...“Эм энд Жин констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020.09,30-ны өдрийн А/**** дугаар захирамжийг “Э” ХХК-ийн нэхэмжлэлээр хянан хэлэлцэх Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны 147 дугаар шийдвэр гарсан. “О” НҮТББ-ийн хувьд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэртэй хэргийн аливаа оролцогч биш бөгөөд тухайн шийдвэрт заасан болон үндэслэсэн нотлох баримтын талаар өмнө нь маргаж байгаагүй тул тухайн асуудлаар маргаж шүүхээр хэлэлцүүлж шүүхээр дүгнүүлж шийдвэр гаргуулах бүрэн эрхтэй. Нөгөө талаар уг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэртэй хэргийн маргааны төрөл нь газрын маргаан байх бөгөөд газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон агуулга бүхий маргаан байдаг.

3.2 Уг хэрэгт “О” НҮТББ-ын маргааны үйл баримт, түүний хууль зүйн үндэслэлүүд болох Усны тухай хууль, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын талаар тухайн хэрэгт маргаагүй, энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 147 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-р хуудсанд дурджээ. Талууд Нийслэлийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолыг гаргаж өгөөгүй бөгөөд тус тогтоолоор усны хамгаалалтын бүсийн тогтоосон тухай тайлбарлаж дурдалгүй, маргаагүй тул шүүхээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/*** дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тухайн хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэж 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 167 тоот шийдвэр гаргасан байдаг. Мөн дээрх шийдвэрээс үзэхэд өмнөх шүүхийн шийдвэрийн гол хууль зүйн үндэслэл болоогүй, талуудын маргаагүй асуудлыг “О” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой хууль зүйн асуудалд шүүх дүгнэлт өгөлгүй, хэргийг шийдвэрлэх үндсэн үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

  3.3 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн шинэчлэн тогтоох тухай” 50 тоот тогтоолоор Улаанбаатар хотоор дайран өнгөрч буй голуудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг координатаар нь тэмдэглэн тогтоосон. Үүнд Дунд гол багтана. Ийнхүү Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоосон усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг өөр хэн нэгэн этгээд үйлдэл, шийдвэр, үйл баримтаар өөрчлөх эрх байхгүй. Харин тус хамгаалалтын бүсэд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан дэглэм үйлчилнэ. Мөн хуулийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” хэмээн дээрх усны энгийн болон онцгой хамгаалалтын бүс дотор мөрдөх дэглэмийг нарийвчлан тогтоох эрхийг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгосон.

3.4 Үүний дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/*** дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан. Уг Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.4-д заасан заалт нь НИТХ-аас Усны тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоосон онцгой хамгаалалтын бүс дотор дээр тоочиж нэрлэсэн барилга байгууламж барьж болох талаар эрх олгосон зохицуулалт юм.

  3.5 Түүнээс ИТХ-ын хуулиар олгосон бүрэн эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд хамтарсан тушаалаараа хязгаарлах хуулийн эрх хэмжээ байхгүй. Хоёр сайд хамтарсан тушаалаараа хаана онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох талаар журамлах бус харин нэгэнт тухайн Аймаг, нийслэлийн ИТХ-ын тогтоосон бүсэд ямар дэглэм журам үйлчлэх талаар “дэглэм мөрдөх журам-ыг тогтоох эрх хэмжээг Усны тухай хуулиар олгосон. Эдгээр хуулийн хэм хэмжээг системчлэх аргын дагуу тайлбарлаж буюу хууль журмын зохицуулалтын байдал, бусад зүйл заалтууд хоорондын уялдаа холбоог нэгдмэл байдлаар тайлбарлаж харвал аль ч нөхцөлд тухайн маргаан бүхий газарт орон сууцны барилга байгууламж барихыг бүрэн хориглосон байна. Нөгөө талаар үерийн далан барьсан нөхцөлд тухайн газар дэглэм үйлчлэхгүй гэж үзэхгүй гэдэг нь илтэд хуулийн болон журмын хэм хэмжээг буруугаар тайлбарласан байдаг.

3.6 Зүй нь онцгой хамгаалалтын дэглэм бүхий газарт Үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр, усны барилга байгууламж болон зам гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламжийг л барьж болох бөгөөд бусад бүх барилга байгууламжийг хориглосон байхад шүүхээс далан барьсан л бол НИТХ-ын тогтоосон “усны энгийн болон онцгой” хамгаалалтын бүс үйлчлэхгүй “Иймээс онцгой хамгаалалтын бүсийн дотор далан бариад тус далангаас гадагш хэсэгт багтаж буй онцгой хамгаалалтын бүсэд бүх төрлийн барилга байгууламж барьж болно” гэх утга бүхий дүгнэлт хийсэн нь Усны тухай хуулийн 22.2.1-д заасныг шууд зөрчихөөр байна.

3.7 Дээрх логикоор тухайн дэглэм мөрдөх журмыг тайлбарлаж хэрэглэвэл аль ч голын онцгой хамгаалалтын бүс дотор журмын 2.4-д заасан барилга байгууламжаас аль нэгийг нь тухайлбал “цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ” барьж байгуулсны дараа түүнээс гадагш хэсэгт “онцгой хамгаалалтын дэглэм” үйлчлэхгүй хэмээн бүх төрлийн барилга байгууламж барих болон Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д хориглосон бүх үйл ажиллагаа явуулж болохоор байна.

3.8 Хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг даргын дээрх 2023 оны А/**** болон А/**** дугаар захирамжуудаар манай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж маргаж буй гурван нэгж талбар бүхий газраас 1780610*** нэгж талбарын дугаар бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тус байршил дээр баригдсан барилга, байгууламжийг буулгах тухай шийдвэр гаргасан.

3.9 Ийнхүү тухайн нэгж талбар дээр нэхэмжлэлийн шаардлага хангагдаж маргаж буй хэсэг хүчингүй болсон хэдий ч нийслэлийн Засаг дарга 2022 оны А/** дугаар захирамжаар зориулалтыг нь хууль бусаар “орон сууц” болгон өөрчилж олгосон бөгөөд дээрх байдлаар нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх нөхцөлд хүргэсэн тийнхүү олгосноос хүчингүй болгох хүртэл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд цаашид акт хэрэгжих хүртэл зөрчигдсөөр байсан тул анхны маргаж буй 2022 оны А/** тоот захирамжийг 1780610*** нэгж талбарын дугаар бүхий газрын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох буюу “хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн маргасан.

3.10 Харин үлдэх 1780610*** болон 1780610*** нэгж талбарын дугаар бүхий газарт шийдвэр хэвээр тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** дугаар захирамжийн дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцуулсан “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон барилгын баримт бичиг баталсан шийдвэрүүдтэй холбогдох шаардлага хэвээр болно.

3.11 Дээр дурдсанчлан нийслэлийн Засаг дарга өөрийн 2023 оны А/****, А/**** дугаар захирамжаар голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул гэдэг агуулгаар Засаг дарга захирамж таргасан тул нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул мөн нэгэнт хуралд оролцож буй тул энэ хэсэгт нэхэмжлэгчийг дэмжиж оролцоно гэж хангалттай тодорхой байр сууриа илэрхийлсээр атал шүүхийн зүгээс уг нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй, энэ талаар ч шүүхийн шийдвэрт огт тусгаагүйд гайхширал төрж байна.

  3.12 Гуравдагч этгээд анх тус газрыг ямар зориулалтаар эзэмшиж байсан нь маргаан бүхий захиргааны актад огт хамааралгүй бөгөөд хамгийн сүүлд эзэмшиж байсан зориулалт нь ямар байсан гэдэг нь хэрэгт хууль зүйн ач холбогдолтой. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн зориулалтыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны А/*** дүгээр захирамжаар “ногоон байгууламж” зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон. Гуравдагч этгээд тус захирамжтай хуульд заасан журмаар гомдол гаргаж маргаагүй. Цаашлаад газар эзэмших эрхийн хугацаа дуусахад Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/**** дүгээр захирамжаар газрыг 3 нэгж талбарт хувааж тус бүрийг нь ‘Үйлчилгээ, усан парк” болгон өөрчилж олгосон.

3.13 Гуравдагч этгээд мөн л тус зориулалт дээр маргаагүй эзэмшиж байсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/**** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 147 тоот шийдвэрээр А/**** дугаар захирамжийг хүчингүй болгосон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/**** дүгээр захирамжийн “үйлчилгээ, усан парк” зориулалт бүхий гэрчилгээ сэргэнэ. Харин гуравдагч этгээд нь Газрын тухай хуульд заасан журам процессын дагуу газрын зориулалт өөрчлүүлэх талаар хүсэлт гаргаагүй байсан бөгөөд 2022 оны А/** дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газрын зориулалтыг нэгж талбар тус бүрээр “худалдаа үйлчилгээ, орон сууц, сургууль”, “худалдаа үйлчилгээ, орон сууц, цэцэрлэг”, “худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор орон сууц” болгон өөрчилсөн. Гэтэл шүүхээс газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт болон баримтууд авагдаагүй байхад тус захирамжаас урьд болон хойно гаргасан хамааралгүй захирамж болон хууль зүйн үр дагаваргүй албан бичгийг тус тус маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

  3.14 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг хүчингүй олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд;

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” *** дугаар тогтоолын Нэг. “...Засгийн газрын 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Х дүүргийн ...төмөр замын урд талд 11.8 га газарт хэрэгжүүлэх 3 үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй”, Хоёр. “...төслийн нэгдүгээр үе шатанд Монгол-Солонгосын хамтарсан “Э” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхийг Х дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай” гэжээ.

4. Мөн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 52 дугаар тогтоолын Нэг. “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...төмөр замын урд талд 11.8 га газрыг Монгол-Солонгосын хамтарсан “Э” ХХК-ийн хэрэгжүүлэх 3 үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй” гэж тус тус тогтоолууд гарсан байна.

5. Дээрх тогтоолуудыг үндэслэн Х дүүргийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” ** дугаар захирамжаар Засгийн газрын “40000 айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Х дүүргийн ...төмөр замын урд талд 11.8 га газрыг нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг “Э” ХХК-д анх олгосон.

6. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” *** дугаар захирамжаар “Э” ХХК-д Х дүүргийн * дүгээр хороонд 118,000 м2 газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг баталгаажуулжээ.

7. 2008-2022 онуудад “Э” ХХК-д анх ашиглуулахаар олгосон 118,000 м2 газрын хэмжээ, зориулалтад өөрчлөлт оруулсан (орон сууц, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор гэх мэт, мөн шүүхийн шийдвэрүүд) Нийслэлийн Засаг даргын олон шийдвэрүүд гарч байсан ба 2018 онд 118,000 м2 газрыг 3 нэгж талбарт салгаж хуваасан байдаг.

8. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/**** дүгээр захирамжаар “Э” ХХК-д I) 29444 м2 газрыг үйлчилгээ, II) 79875 м2 газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, III) 2642 м2 газрыг үйлчилгээ зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэр гарсан.

9. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/** дугаар захирамжийн хавсралтаар “Х дүүргийн ** дугаар хороонд I) 29016 м2 газрыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, II) 29094 м2 газрыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, цэцэрлэг, III) 47050 м2 газрыг худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууцны зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай “Э” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

10. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** дугаар захирамжийг үндэслэл гуравдагч этгээд “Э” ХХК-ийн 29016 м2, 29094 м2, 47050 м2 газруудад баригдах барилга байгууламжид төрийн захиргааны байгууллагуудаас доорх баримт бичгүүдийг олгосон байна. Үүнд;

10.1 Хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

- ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, нэгж талбарын 1780610*** дугаартай 47,050 м2 газарт сургууль, цэцэрлэг, усан парк, худалдаа үйлчилгээ,

- ХТХ2022/00-*** дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, нэгж талбарын  1780610*** дугаартай 29,016 м2 газарт үйлчилгээтэй орон сууцны цогцолбор, 

- ХТХ2022/00-*** дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, нэгж талбарын 1780610*** дугаартай 29,094 м2 газарт үйлчилгээтэй орон сууцны цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулж олгосон.

10.2 Хариуцагч Барилгын хөгжлийн төв 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ХТХ2022/00-*** дүгээр (*** гэж алдаатай бичсэн) Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий нэгж талбарын 1780610*** дугаар газарт баригдах үйлчилгээтэй орон сууцны цогцолборын А, В, Г блок барилгын ажлын зураг төсөлд 10**/20** дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл үйлдсэн.

10.3 Хариуцагч Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 29,094 м2 газарт (нэгж талбарын 1780610*** дугаар) 24 давхар, 3 блок үйлчилгээтэй орон сууцны барилга барихыг зөвшөөрч 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ тус тус олгогдсон байна.

11. Ингээд гуравдагч этгээд “Э” ХХК нь 2022 онд “*********” хотхоны барилгын ажлыг эхлүүлсэн байх ба орон сууцны барилгууд баригдах явцад төрийн захиргааны байгууллагуудаас дараах захиргааны актууд гарчээ.

11.1 Нийслэлийн Байгаль орчны газрын Улсын ахлах байцаагч М.У, Улсын байцаагч М.Б нарын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/13-01/***-** дугаар “Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барьсан тухай” дүгнэлтэд “...“Э” ХХК-ийн гүйцэтгэж байгаа ******* хотхоны 1780610*** нэгж талбарын дугаартай 29094 м2 эзэмшил газраас 7844 м2 газар нь Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь ...тогтоогдож байх тул ...газрыг чөлөөлүүлэн, ... (...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно) гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

11.2 Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” А/**** дугаар захирамжаар “...Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далангийн сувгийн хамгаалалтын зурвас газарт хууль зөрчиж барилга барьж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул хууль бус үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/*** дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт үүрэг болгосон” байна.

11.3 Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/**** дугаар захирамжаар “...Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст барилга барьж байгаа нь ...нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул “Э” ХХК-д эзэмшүүлсэн 1780610*** нэгж талбарын дугаар бүхий 29094 м2 газраас 7844 м2 газрыг хасаж, талбайн хэмжээг 21250 м2 болгож” багасгаж өөрчилсөн байна.

Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

12. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, (2023-12-07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт) 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” (2023-12-07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт) гэж тус тус нийслэл, дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх эрх хэмжээг хуулиар зохицуулсан.

13. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны *** дугаар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны ** дугаар тогтоолуудаар “...2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэх “40000 айл орон сууц” хөтөлбөр, ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 11.8 га газарт “Э” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийг дэмжсэн” байх ба улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны “Газар ашиглах эрх олгох тухай” ** дугаар, Нийслэлийн Засаг даргын 2008 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” *** дугаар захирамжуудаар тус компанид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт (маргаж буй байршилд) 118,000 м2 газрыг орон сууцны зориулалтаар ашиглуулах шийдвэрүүд анх гарч байсан байна.

14. Мөн “Э” ХХК-ийн “********” хотхон барьж буй маргаан бүхий газар нь 2008 оны Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд “Засгийн газрын “40000 айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны хороолол баригдах”-аар төлөвлөгдсөн болох нь Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ны 01/**** дугаар, мөн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01-05/**** дугаар албан бичгээр ирүүлсэн “...Х дүүргийн ** дугаар хороонд байрлах “Э” ХХК-ийн эзэмших газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай” ** дугаар тогтоолд орон сууцны бүсчлэлд хамаарч байна” гэх тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

15. Маргаан бүхий актууд болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** дугаар захирамжийн дагуу “********” хотхоны төслийг хэрэгжүүлэх зорилгоор нэгж талбарын 1780610***, 1780610***, 1780610*** дугаар газарт ХТХ2022/00-***, ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, нэгж талбарын 1780610*** дугаар бүхий газарт 10**/20** дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ тус тус олгогдсон байна.

16. Өнөөдрийн маргаан бүхий нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь 2023 оны зун Улаанбаатар хотод хур бороо ихээр орж, хотын орчмын гол ус (Сэлбэ, Дунд гол) үерлэн (Дунд голын голдирлыг өөрчилсөн гэх), улмаар Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл үүсгэсэн тул тухайн үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагууд дээрх эрсдэл бүхий нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох арга хэмжээ авч ажилласан (11-д дурдсан) болох нь нийтэд илэрхий үйл баримт болно.

17. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” (уг хэсгийг 2019-05-02-ны өдрийн хуулиар нэмсэн), Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Дараах бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно”, 23.1.2-д “усны эх үүсвэр, усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд” гэж,

17.1 Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ”онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно(2025-07-09-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх заалт), 22.4-д “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж,

17.2 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-***/*** дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.1-д “Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны аюулаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтооно”, 2.2-д “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна”, 2.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно” гэж тус тус хуульчлан, журамлажээ.  

18. Дээрх хууль болон журмаас үзэхэд, усны онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглосон байх бөгөөд гол усны эргээс 50 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс тогтоох ба усны ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны аюул, иргэдийн амь нас, нийтийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, хамгаалах зорилгоор онцгой хамгаалалтын бүс тогтоодог байна.  

19. Гэхдээ цаг хугацааны хувьд Засгийн газрын хэрэгжүүлэх “40000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд гуравдагч этгээдэд өөрийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга барихад зориулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар Х дүүргийн нутаг дэвсгэрт 11.8 га газрыг ашиглуулах, 2018 оны А**** дүгээр захирамжаар 118,000 м2 газрыг 3 нэгж талбарт хувааж, I) 29444 м2 газрыг үйлчилгээ, II) 79875 м2 газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, III) 2642 м2 газрыг үйлчилгээ зориулалтаар тус тус эзэмшүүлэх шийдвэр гарах үед Газрын тухай хуульд “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох” зохицуулалт байгаагүй байжээ.

20. Тодруулбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг буюу “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмж, хүчин төгөлдөр мөрдөгдсөн байна.

21. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

22. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/**** дүгээр албан бичигт “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ** дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй ...нэгж талбарын *** дугаартай газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтай бүстэй 10028 м2 талбайгаар, ...нэгж талбарын *** дугаартай газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 14150 м2 талбайгаар, ...нэгж талбарын *** дугаартай газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 7853 м2 талбайгаар тус тус давхцаж байна” гэж, давхцалыг харуулсан зураглалаас үзэхэд Дунд гол онцгой хамгаалалтын бүстэй 3 нэгж талбар бүхий газар нь дээрх байдлаар хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдож байна.

23. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/**** дугаар захирамжаар “Э” ХХК-ийн нэгж талбарын 1780610*** дугаар бүхий 29094 м2 газрын Дунд голын усны онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай хэсэг болох 7844 м2 газрыг хасаж, талбайн хэмжээг 21250 м2 болгон багасгаж өөрчилсөн.

24. Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд “...Дунд голын буюу усны онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай хэсэгт барилга байшин барих зөвшөөрөхгүй, харин онцгой хамгаалалтын бүсэд давхцалгүй газартаа барилга барих эрхийг хөндөөгүй” гэж тайлбар гаргасан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан (7844 м2) хэмжээгээр газар эзэмших эрхгүй, харин давхцаагүй 21250 м2 газраа үргэлжлүүлэн эзэмших эрхтэй байх тул уг газарт барилга барихыг хориглоогүй гэж үзнэ.

25. Хэрэгт авагдсан баримтаар нэгж талбарын 1780610*** дугаар газар дээр 2022 оноос орон сууцны барилгыг ажлыг эхлүүлсэн, улмаар иргэдтэй “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулсан байх ба гэрээний дагуу төлбөрөө (бүрэн болон хэсэгчлэн) төлсөн, орон сууцаа ашиглалтад орохыг хүлээж буй иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх бөгөөд эдгээр хэсэг, бүлэг иргэдийн эрх мөн нийтийн эрх ашигт хамаарна.

26. Гуравдагч этгээдээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...2022 онд төрийн захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудаас олгосон зохих зөвшөөрлүүдийн үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлсэн, нэгж талбарын 1780610*** дугаар газарт одоогоор цэцэрлэг, 4 орон сууц, нийт 5 барилга баригдсан бөгөөд үүнээс цэцэрлэг болон 1 орон сууц буюу 2 барилгын үзүүр хэсэг онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай. Тухайн орон сууцанд хөрөнгө оруулсан 660 айлын эрх ашиг шууд хөндөгдөж байна. Нэг өрхөд дунджаар хэд хэдэн хүн амьдардаг гэж үзвэл нийтдээ 3,000 гаруй иргэний эрх ашигтай холбоотой асуудал юм. Мөн нийтийн эрх ашгийн үүднээс авч үзвэл 660 айл орон сууцтай болсноор 660 яндан, 660 нүхэн жорлон багасах зэрэг нийгэм, байгаль орчны эерэг үр дагавар бий болно. Ингэснээр агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах боломжтой” гэж тайлбарладаг.

27. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, уг заалтын тайлбар хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно ...” гэж заасан, энэ тохиолдолд нийтийн эрх ашиг (гэрээ байгуулсан хэсэг, бүлэг иргэд) болон “Э” ХХК-ийн хувьд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүсгэж байх тул тэдний “хууль ёсны итгэлийг хамгаалах” нь шударга ёсны зарчимд нийцнэ.

28. Учир нь, гуравдагч этгээд нь төрийн буюу захиргааны байгууллагаас олгосон хүчин төгөлдөр зөвшөөрөл (маргаж буй актууд)-ийн үндсэн дээр “********” хотхоны эхний ээлжийн орон сууцны цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн, уг барилгуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн болох нь бодитой, цаашид ч хөрөнгө оруулалт төлөвлөсөн, мөн уг орон сууцанд захилга өгсөн иргэдийн буюу нийтийн эрх ашиг (төрийн үйл ажиллагаанд итгэсэн-тусгай зөвшөөрөл) хөндөгдсөн, үр дагавар үүсгэж байгаа зэрэг нөхцөл байдлуудын улмаас “хууль ёсны итгэл хамгаалагдах” нөхцөл бий болсон гэж үзэхээр байна.

29. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд (7844 м2 газар) давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

30. Маргаан бүхий А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

31. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх” гэж заасан.

32. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ** дугаар тогтоолын хавсралтаар Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн гадаад болон дотоод мужийн хамгаалалтын бүсийг тогтоосон. Дээрх тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын буюу Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд  

- нэгж талбарын 1780610*** дугаар 29,016 м2 газраас 10028 м2 талбайгаар (худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, ХТХ2022/00-*** дүгээр архитектур төлөвлөлийн даалгавар)

- нэгж талбарын 1780610*** дугаар 47,050 м2 газраас 14150 м2 талбайгаар (худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц, ХТХ2022/00-188 дугаар архитектур төлөвлөлийн даалгавар) тус тус давхацсан үйл баримтууд тогтоогдсон.

33. Одоогоор эдгээр нэгж талбар бүхий дээрх 2 газар дээр гуравдагч этгээдийн хэрэгжүүлэх төслийн дагуу барилгажилтын ажил эхлээгүй, ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон, харин холбогдох бусад зөвшөөрөл, баримт бичгүүдийг төрийн захиргааны байгууллагаас олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

34. Улаанбаатар хот орчмын гол ус үерлэх, хотын иргэдийн амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл, хур бороо ихтэй үед үүсэх байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь сүүлийн жилүүдэд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох арга хэмжээг авч өмнө гаргасан шийдвэрээ өөрчилж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/**** дугаар захирамжийг гаргасан.

35. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж цаашид гуравдагч этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учрах (илүү их) үр дагавар үүсгэхгүйн тулд мөн нийтийн эрх ашиг буюу Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон байгаль орчныг хамгаалах зайлшгүй шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

36. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

37. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилга байгууламжийг барихаас өмнөх шатанд бүрдүүлбэл зохих баримт бичгийн бүрдлийн нэг бөгөөд тухайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахын тулд захиалагчийн хэрэгцээ, шаардлага, зориулалтад нийцүүлэн барилгын хийцлэл, төлөвлөлт гэх зэргийг тодорхойлсон анхны баримт бичиг бөгөөд нэгэнт олгогдсон Архитектур төлөвлөлтийн даалгаврын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхаас гадна хууль зүйн хувьд боломжгүй.

38. Харин ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий нэгж талбарын 1780610*** дугаар газар дээр одоогоор барилгын ажил хийгдээгүй байгаа энэ тохиолдолд 29,016 м2 газраас усны онцгой хамгаалалтын бүсэд давхцаагүй үлдэх хэсэгт хариуцагчаас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин олгох зүйтэй гэж үзлээ.

39. Өөрөөр хэлбэл, нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэгж талбарын 1780610*** дугаар, 29,016 м2 газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай 10028 м2 талбай хасаж, үлдэх газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах нь хариуцагч Нийслэлийн ерөнхий архитекторын эрх хэмжээнд хамаарах асуудал болно.  

40. Хэргийн нөхцөл байдал зайлшгүй тодруулах ажиллагааг шүүх бус харин захиргааны байгууллага хийх нь илүү үр дүнтэй (цаг хугацаа, зардал мөнгөний хувьд талуудад илүү үр ашигтай) бөгөөд боломжтой байхаас гадна хэргийн оролцогч нарын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэнэ.

41. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шинээр акт гаргахыг хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хотын стандартын газрын даргад даалгах нь зүйтэй гэж үзэв.

42. Шүүхээс 27, 28, 29-д дурдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

43. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

44. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34.1.4-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгосон иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ” гэж заажээ.

45. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Барилгын хөгжлийн төв нь тухайн барилга байгууламжийн зураг төсөлд Магадлалын дүгнэлтийн нэгтгэл үйлдэх эрх хэмжээтэй ба Барилгын ажлын зөвшөөрөл олгоход зураг төсөлд Магадлалын дүгнэлтийн нэгтгэл хийлгэсэн байх хуулийн шаардлагатай байна.

46. Хариуцагч Барилгын хөгжлийн төв нь “Э” ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ХТХ2022/00-*** дугаар (*** алдаатай бичсэн) Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий 29094 м2 газарт баригдах А, В, Г блок барилгын ажлын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргаж, 10**/20** дугаар олгон баталгаажуулжээ. 

47. Хэрэгт авагдсан баримтуудаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн хариуцагч Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 0**/20** дугаартай Барилгын ажлын зөвшөөрөл олгосноор барилгын ажлыг эхлүүлсэн болох нь тогтоогдсон.

48. Энэ хэсгийн 29, 42-д дурдсан үндэслэлээр Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

49. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

50. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно”, 30.4-д “Энэ хуулийн 30.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол энэ хуулийн 27.2, 28.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна” гэж тус тус зохицуулжээ.

51. Хариуцагч Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам нь “Э” ХХК-д 29094 м2 газарт баригдах үйлчилгээтэй орон сууцны А, В, Г блок барилгад 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон ба уг Барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байна.

52. Үүнээс үзвэл Барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх ба уг захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлгүй болсон, мөн эрх зүйн зохицуулалт нь биелэгдсэн, хэрэгжсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй.

53. Учир нь эрх зүйн үйлчлэлтэй захиргааны актыг л хүчингүй болгохоос бус эрх зүйн үр дагаваргүй буюу үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох ойлголт байхгүй, хууль зүйн хувьд боломжгүй тул нэхэмжлэгчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Э, Удирдах зөвлөлийн дарга Ш.А нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 2 дахь заалт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гаргасан “хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор дахин шинэ акт гаргах хүртэл 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 (зургаа) сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.” гэж, 3 дахь заалт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болохыг дурдсугай.” гэж тус тус нэмж, Тогтоох хэсгийн “2” дахь заалтыг “4” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Э, Удирдах зөвлөлийн дарга Ш.А нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                          ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА