Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч С.Мөнхгэрэл, шүүгдэгч Б.Цогтбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:              

 

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ХЗДХ-ийн яаманд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 6 дугаар байрны 28 тоотод оршин суудаг, Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 сарын 10-ны өдрийн 289 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэж, уг оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 6 сарын 26-ны өдрийн 323 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 7 сарын 21-ний өдрийн 121 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 сарын 3-ны өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:ЧС75042879/ Боржигон овогт Бавуусүрэнгийн Цогтбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022999 дугаартай 185/2017/0094/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Цогтбаяр нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн тус баарны ажилчдын өрөөнөөс гаргах үед үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан Э.Болор-Очирын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 1-р хуруу, зүүн гарын 2-р хурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цогтбаярын: Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой гэр бүлийнхээ хамт найзынхаа төрсөн өдөрт очиж “Салм” бааранд сууж байгаад би тамхи татахаар гарсан. Гэтэл андуураад баарны гал тогооны өрөөнд орсон байсан. Тэнд байхдаа аяга, таваг унагааж хагалсан байсан. Тэндээс гараад өлгүүрийн хажууд дунд зэргийн биетэй залуутай муудалцсан. Тэр залуу намайг барьж аван гар өчсөн. Тэгэхээр нь би тэр залуугийн хамар руу мөргөж гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

           

талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Болор-Очирын: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Салм паабад 01 цагаас 02 цаг хүртэл харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үед үйлчлүүлж байсан Цогтбаяр нь манай бармен Нацагдоржтой маргалдаж байхаар нь яваад очсон чинь манай барменийг Цогтбаяр нь гараараа заамдаж барьсан байсан. Би тэгээд боль оо ах гэж хэлээд...  ...ар талаас нь хоёр гараа оруулаад тэвэрсэн байх үед толгойгоороо мөргөсөн. Намайг цохисон асуудал байхгүй. Цогтбаяр нь миний эмчилгээний төлбөр болох 260.000 төгрөгөөр туслалцаа үзүүлсэн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Алтаншагайгийн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Салм” бааранд цахилгааны ажил текэн дээр хийж байх үед 23 цагийн орчимд үүд хэсэгт хоёр үл таних залуу, дөрвөн үл таних эмэгтэйтэй муудалцаж байгаа харагдсан. Тэр үед “Салм” бааранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан залуу очоод салгах гэж оролдож байх үед нэг үл таних хөгшин өндөр, махлаг залуу нь хамгаалагчийн хамарлуу нь баруун гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд текэн дээр байсан кассчин охин цагдаа нарыг дуудсан. Тэгээд жоохон байж байгаад цагдаа нар тэр цохисон үл таних хөгшин өндөр, махлаг залуу аваад явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Амарсайханы: ...2016 оны 11 дүгээр сарын 30-ны ... 00 цагийн орчимд үйл ажиллагаагаа зогсоож байхад манайд үйлчлүүлж байсан  үл таних үйлчлүүлэгч залуу нь ширээн дээр байсан эд зүйлийг хагалсан байсан. ...эд зүйлийнхээ мөнгийг нэхсэн чинь нөгөө үл таних залуу нь ...манай барменийг цохисон. Тэгээд манай хамгаалагч Болор-Очир ар талаас нь тэвэрсэн чинь дагз хэсгээрээ мөргөсөн. ...Тэр залуу манай байгууллагад учруулсан хохирол болох 26.000 төгрөгийг төлсөн учир ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Нацагдоржийн: ...би араас нь очоод та тооцоогоо хийгээрэй гэсэн чинь нөгөө үл таних залуу /Цогтбаяр/ нь намайг чи ер нь яагаад өдөөд байгаа гөлөг вэ гэж хэлээд толгойн тус газар 1-2 цохиод авахаар нь хоёр гарыг нь барьж аваад тэвэрсэн чинь доод талаас хамгаалагч /Болор-Очир/ гарч ирээд нөгөө үл таних залуугийн ар талаас барьж байгаа харагдсан. Тэгээд би тухайн үед цохиулаад доошоо тонгойгоод босоод ирэх үед хамгаалагчийн хамарнаас цус гарсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №16210 тоот:

  1. Болор-Очирын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 1-р хуруу, зүүн гарын 2-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-19/,

 

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-41/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 сарын 10-ны өдрийн 289 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-30/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 6 сарын 26-ны өдрийн 323 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-35-36/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 7 сарын 21-ний өдрийн 121 дугаартай шүүгчийн захирамж /хх-36-37/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 сарын 3-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоол /хх-31-34/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Б.Цогтбаяр 2016 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм” бааранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан Э.Болор-Очирын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Цогтбаяр хохирогч Э.Болор-Очирын бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 860.000 төгрөг нөхөн төлсөн нь хохирогч Э.Болор-Очирын гаргасан хүсэлт, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-40-41/ нотлогдов.

Шүүгдэгч Б.Цогтбаяр урьд ял шийтгэгдэж байсан нь ял шийтгэгдэх эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа боловч түүний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Цогтбаяр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээж байгаа, хохирогч Э.Болор-Очирт учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1, 61.4-ийг хэрэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:  

  1. Бавуусүрэнгийн Цогтбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                               
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Бавуусүрэнгийн Цогтбаярыг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Цогтбаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Цогтбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Цогтбаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Цогтбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш

14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цогтбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.               

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ү.ТҮМЭНЖАРГАЛ