Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар  2023/ШЦТ/1457

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         12          08                                      2023/ШЦТ/1457

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Г.Янжиндулам,

            өсвөр насны шүүгдэгч Ч.О, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Чойжилын Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308018331381 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******************************************************************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ч.О нь бусадтай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 102 дугаар байрны зогсоол дээр байрлуулсан хохирогч П.Згийн эзэмшлийн **** УБП улсын дугаартай “Honda фирм CR-V” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ч.О нь бусадтай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 102 дугаар байрны зогсоол дээр байрлуулсан хохирогч П.Згийн эзэмшлийн **** УБП улсын дугаартай “Honda фирм CR-V” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт нь:

 

1. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Дүрс бичлэг бүхий файлыг компьютерт уншуулахад ... Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын төв хаалга хэсгийг харсан хяналтын камер байх ба тус хяналтын камерын цагаар 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 00 цаг 29 минут 18 секундэд үл таних 3 хүүхэд ...00 цаг 29 минут 33 секундэд Содон хорооллын төв хаалгаар орж ирж байна. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй. Дараагийн тээврийн хэрэгсэл авч байгаа бичлэг гэснийг тоглуулахад, камерын цагаар 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 00 цаг 19 минут 17 секундэд Содон хорооллын 102 дугаар байрны зогсоол руу тус ...3 хүүхэд очиж ...00 цаг 21 минут 02 секундэд ...3 хүүхэд хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл рүү орж ...00 цаг 27 минут 30 секундэд алдагдсан тээврийг хэрэгслийг асааж зогсоолоос гаргаж, ...00 цаг 27 мин 51 секундэд тээврийн хэрэгсэлтэй Содон хорооллоос гарч байна...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 33-36 дахь тал),

 

2. Хохирогч П.Згийн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 22-ны оройн 22 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн **** УБП улсын дугаартай авто машиныг унаж ирээд 102 дугаар байрны өмнөх зогсоол дээр тавьж гэр лүүгээ ороод унтаж байхад 02 цагийн үед хүн залгаад зам дээрээс машинаа холдуулаач гэхээр нь гайхаад гараад иртэл миний машиныг яаж асаасныг мэдэхгүй, унаж хөдлөөд 100 метр орчим яваад 7115 УНД улсын дугаартай хар өнгийн ниссан ноте маркийн машиныг мөргөөд зогссон дүр зурагтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний машины түлхүүр надад л байдаг, өөр хүнд байхгүй. Өмнө нь хулгайд алдагдаж байгаагүй.  Яаж асааж хөдөлгөсөн талаар мэдэхгүй байна. Миний машин Хонда маркийн хар хөх өнгийн **** УНП улсын дугаартай 1996/2005 онд орж ирсэн машин. Миний машины урд салхины шил хагарч, мөн жолоочийн эсрэг талын буюу зүүн урд талын шарнер тасарч шаарик нь цувсан, тасарсан голын доод гар тахийсан, мөн зүүн урд талын керлоны будаг хууларч унасан, зөв талын таван бул эвдэрсэн байсан. Дотор талаас алга болсон зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал),

 

3.Насанд хүрээгүй гэрч Б.Т: "...2023 оны 05 дугаар сарын 22-ны 12 цагийн үед би найз О, Ж нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороолол, Содон хороололд байсан. Тэгээд 102 дугаар байрны "CU” дэлгүүрийн арын хаалганы эсрэг талд байсан CRV маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод Ж халааснаасаа нэг түлхүүр гаргаж ирээд “чи энэ машиныг онгойлгочих, би гутлаа үдээдэхье” гэхээр нь заза гэж хэлээд тухайн надад өгсөн түлхүүрээр тухайн машиныг онгойлгоод бид 3 дотор талд нь орж суусан юм. Тэгээд би тухайн машиныг асаагаад О ард талын сандал дээр нь, Ж жолоочийн эсрэг талд нь сууж байсан юм. Тэгээд зогсоолоос нь гараад Содон хорооллын төв хаалгаар нь гараад 21 дүгээр хорооллын Миний захын зогсоол дээр очиж зогсоод Ж нь тухайн машиныг би барья гээд байхаар нь өгсөн юм. Тэгээд Ж нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын байрны голоор тухайн машиныг унаж байгаад От өгөөд “чи одоо жоохон барьчих” гээд О-аар машин бариулсан чинь машин мөргөх гээд байхаар нь “чи хэрэггүй юм байна, машин мөргөх гээд байна шүү дээ” гэж хэлээд би жолоочийн суудал дээр суугаад тухайн машиныг унаж байгаад тухайн машиныг буцааж тавих зогсоол дээр нь очсон чинь өөр машин тавьсан байхаар нь цаашаа явж байгаад нэг хар өнгийн машин мөргөх шиг болсон, тэгсэн чинь О хүн ирж байна гэхээр нь бид 3 машинаасаа буугаад зугтаачихсан юм..." гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 19 дэх тал

 

4. Мастер үнэлгээ ХХК-н 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 23/062 дугаартай: “...Автомашины үнэлгээ 4.800.000 төгрөг..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

5. Мастер үнэлгээ ХХК-н 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23/011 дугаартай: “...Автомашины эвдрэл 330.000 төгрөг..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 103 дахь тал),

 

6. Өсвөр насны шүүгдэгч Ч.Оын: “...Би уг Прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрч байхад найзууд болох Ж, Т нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 102 дугаар байрны СU дэлгүүрийн арын хаалганы эсрэг талд байсан CRV маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод Ж нэг түлхүүр гаргаж ирээд Тд өгөөд би гутлаа үдээдэхье гэсэн. Т машиныг онгойлгоод бид 3 машинд суусан ба эхлээд Т уг машиныг бариад явж байгаад солигдъё гээд Ж барьсан,  Би тэр хоёрын дунд барьсан ба чи чадахгүй байна гээд надаас  Ж нь жолоог авсан. Т хамгийн сүүлд унаад одоо буцааж тавья гээд Содон хороолол руу машиныг унаад явж байхдаа Содон хорооллын зогсоол дээр тавих гэсэн боловч машин тавьчихсан байсан болохоор нь цаашаа явж байгаад өөр өнгийн машин мөргөх шиг болсон. Тэгээд нэг эгч дөхөөд ирэхээр нь бид хэд гараад зугтчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудад, өсвөр насны шүүгдэгч Ч.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй 2 хүнтэй буюу бусадтай бүлэглэн хохирогч П.Згийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн /хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг шаардахгүй/, шүүгдэгч болон бусад хамтран оролцогч нар нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Ч.Оын бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт үйлдэл нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх тул прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзсэн. Өөрөөр хэлбэл,

“Хулгайлах” гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр, хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэтэл хэргийн нөхцөл байдлаас үзвэл, өсвөр насны шүүгдэгч Ч.О нь шунахай сэдэлтээр, илээр, хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчид аливаа хэлбэрээр халдсан байдал тогтоогдоогүй, мөн шунахай сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж, өөртөө захиран зарцуулах бодит бололцоо олгосон байдал тогтоогдоогүй болно.

Энэ бүгдээс дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч Ч.О нь бусадтай бүлэглэн хохирогч П.Згийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан хэдий боловч түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг  учруулсан ба үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.Оыг бусадтай бүлэглэн Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн  нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс  үйлдэхүйгээр  гэмт хор учруулсан этгээд  уг гэмт  хорыг хариуцан  арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэмт хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан  хохирлыг мөнгөөр  нөхөн төлнө” гэж тус тус зааж зохицуулсан.

Энэ хэргийн тухайд, өсвөр насны шүүгдэгч Ч.О нь 2009 оны 11 дүгээр сарын **-ны өдөр төрсөн /РД-***************/ Б-н Т, 2010 оны 06 дугаар сарын **-ны өдөр төрсөн /РД-********************/ С-ын Ж- нартай бүлэглэн хохирогч П.Згийн  эзэмшлийн **** УБП улсын дугаартай “Honda фирм CR-V” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Б.Т, С.Ж нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт  хүрээгүй байх ба улмаар тус дүүргийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 34, 35 дугаартай тогтоолуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д  заасан “ гэмт хэрэг үйлдсэн нь  нотлогдсон боловч  ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 37, 39, 117-119, 120-122 дахь тал)

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу Б.Тгийн төрсөн эцэг Д.Б, С.Жын эх С.Т нарыг иргэний хариуцагчаар  татан оролцуулсан  нь үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 73-77, 84-88 дахь тал)

 

Хохирогч П.Згийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг буцаан өгсөн байх ба харин тухайн тээрийн хэрэгслийг жолоодож явж байхдаа гэмтээж 330.000 төгрөгийн хор уршиг учруулсан, уг зардлыг төлж барагдуулаагүй байх тул өсвөр насны шүүгдэгч Ч.О болон гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон насанд хүрээгүй С.Ж, Б.Т нарын эцэг, эх нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгахаар байна.

Иймээс 330,000 төгрөгийг 3 хувааж, хувь тэнцүүлэн иргэний хариуцагч Д.Б, С.Т, Э.Б нараас гаргуулж хохирогч П.Зд олгохоор шийдвэрлэв.

Улмаар өсвөр насны шүүгдэгч Ч.О, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Э.Б нь хохирол төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулахад  хохирогч П.Зд 110,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгыг авчирсан тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд иргэний хариуцагч Д.Б, С.Т тус бүрээс 110,000 төгрөгийг гаргуулж  хохирогч П.Зд олгохоор тогтов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.От 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь: “...Ч.О нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, одоо насанд хүрээгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.О нь “...хэлэх зүйл байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ хуульчилж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй  байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага  хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “... өсвөр насны  хүнд хүлээлгэх  эрүүгийн хариуцлага нь  түүний нас,  биед  тохирсон,  эрүүл мэнд,  ёс суртахуун,  сэтгэцийн онцлогийг  харгалзсан,  нийгэмд  өөрийн байр сууриа олоход туслах,  боловсрол эзэмшүүлэх,  үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг  ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин,  хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах,  шаардлагатай тохиолдолд  гэмт хэрэг үйлдсэн  өсвөр насны  хүнийг хорьж  хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн  өсвөр насны хүнд  түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна, 2 дахь хэсэгт “шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт  нэг зуун хориос гурван зуун жаран  цагаар тогтооно” гэж заасан байна.

Шүүгдэгч Ч.О нь 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, РД-ут06222056, тэрээр  уг гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 4 сар 2 хоногтой байсан нь тухайн гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрсэн байна. (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны  хүнд  оногдуулах ялын  төрөлд торгох ял оногдуулах зохицуулалт байхгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй, харин үлдсэн хоёр ялын төрлөөс аль нэгийг сонгон хэрэглэх боломжтой байна.

 Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.Оыг гэмт хэрэг үйлдэхэд ар гэрийн хараа хяналт сул, анхаарал халамж тавьдаггүй байдал нөлөөлсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна тэрээр гэм буруу дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгч нь одоо 17 настай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Харин өсвөр насны шүүгдэгч Ч.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай жил хийлгэх ялын  найман цагийн  ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Чойжилын Оыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр,  эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Өсвөр насны шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 (нэг зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч Ч.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай жил хийлгэх ялын  найман цагийн  ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

            4.  Өсвөр насны шүүгдэгч Ч.Оын хууль ёсны төлөөлөгч Э.Б нь хохирогч П.Зд 110,000 (нэг зуун арван мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Түмэн-Эрдэнэ, Д.Б тус бүрээс 110.000 (нэг зуун арван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч П.Зд олгосугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ