Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 368

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.М-д холбогдох төлбөр 524,427 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 529,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 19-ны  өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 02 сарын 13-ны өдөр дараа төлбөрт Монголдоо 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ... дугаарын эзэмшигч болж SAMSUNG A10 маркийн гар утсыг 9 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр худалдан авсан. Гэтэл Г.М нь гэрээний үүргээ үл биелүүлж ... дугаарын лизингийн төлбөр 544,427 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.М-с төлбөрийн үлдэгдэл болох 544,427 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 20,000 төгрөгийг хасаад 524,427, нотариатын зардалд 5000 төгрөг нийт 529,427 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, И овогт Г.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С ХХК-ны нэхэмжилсэн 529,427 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүү 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 сарын 26-нийг хүртэл 50,000 төгрөгөөр, 2021 оны 08 сарын 26-д 29,427 төгрөгийг төлж барагдуулна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хэрэглэгч Г.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г.М-д холбогдуулан төлбөр 524,427, нотариатын зардалд 5000 төгрөг нийт 529,427 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлага төлбөр 524,427, нотариатын зардалд 5000 төгрөг нийт 529,427 төгрөгийг 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 сарын 26-нийг хүртэл 50,000 төгрөгөөр, 2021 оны 08 сарын 26-ны өдөр 29,427 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.М-д холбогдох төлбөр 524,427, нотариатын зардалд 5000 төгрөг нийт 529,427  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.М нь 529,427 төгрөгийг 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 сарын 26-нийг хүртэл 50,000 төгрөгөөр, 2021 оны 08 сарын 26-д 29,427 төгрөгийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,533 төгрөгийн 50 хувь буюу 8,266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 8,266 төгрөгийг, хариуцагч Г.М-с 8,266 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.М нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ                                     Э.Б