| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0319/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 377
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Х банк Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Ш, С.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 25,425,284 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,111,713 төгрөг, нийт 29,536,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Ш, С.Э нар нь 2019 оны 08 сарын 27-ны өдөр ЗГ/201944697590 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар өрхийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-т заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,574,716 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,017,297 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,391 төгрөг нийт 8,598,404 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 112 хоног хугацаа хэтэрч байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 25,425,284 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,111,713 төгрөг, бүгд 29,536,997 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Г овогт С.Э, Г овогт Ж.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Э, Ж.Ш бид Х банкны Замын-Үүд салбартай 2019 оны 08 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж авсан. Бид эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд Замын-Үүд БНХАУ-ын Эрээн хотын хооронд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд ковид цар тахлын улмаас Монгол улсын хил хаагдах хүртэл мөн түүний дараа ч зээлийг хуваарийн дагуу алдалгүй төлж ирсэн. Цар тахалтай холбоотой 2020 оны 03 сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 3 сарын хугацаагаар зээлийн хуваарийг сунгаж өөрчлөлт оруулсан. Зээлийн хугацааг сунгасан хэдий боловч хүү өндөр учир төлөлт дахин өссөн. Бид цаашид зээлийг төлөх боломжгүй байгаа бөгөөд Монгол улсын хил нээгдсэн тохиолдолд зээлийг бүрэн төлж дуусгах болно. Хаан банк нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Ж.Ш-н ... тоот данснаас 2020 оны 10 сарын 16-ны өдөр 40,000 төгрөгийг, С.Э-н ... тоот данснаас 2020 оны 10 сарын 09-нд 40,000 төгрөг, 2020 оны 10 сарын 16-нд 219,000 төгрөг, 2020 оны 10 сарын 16-нд НӨАТ-н буцаан олголтын 65,318 төгрөг нийт 429,118 төгрөгийг зээлийн төлбөрт суутган авсан байна. Иймд Х банкны Замын-Үүд салбартай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалж, нэхэмжлэлийн шаардлага нийт 29,536,997 төгрөгөөс дээрх данснаас татсан 429,118 төгрөгийг хасаж үлдэх 29,107,879 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.Э, Ж.Ш нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлага 29,536,997 төгрөгийн 429,118 төгрөгийг хасаж үлдэгдэл 29,107,879 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк Замын-Үүд салбар нь хариуцагч С.Э, Ж.Ш нарт холбогдуулан зээлийн төлбөр 29,536,997 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э, Ж.Ш нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 10 сарын 09, 16-ны өдрүүдэд нийт 429,118 төгрөгийг төлсөн, үлдэх 29,107,879 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х банк Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Э, Ж.Ш нарт холбогдох зээлийн төлбөр 29,536,997 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Э, Ж.Ш нар нь зээлийн төлбөрт 2020 оны 10 сарын 09, 16-ны өдрүүдэд нийт 429,118 төгрөгийг төлсөн, үлдэх 29,107,879 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,635 төгрөгийн 50 хувь буюу 152,815.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 152,815.5 төгрөгийг, хариуцагч С.Э, Ж.Ш нараас 152,815.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Э, Ж.Ш нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б