| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0361/И |
| Дугаар | 379 |
| Огноо | 2020-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 379
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.О, Д.О нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 4,079,398.70 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3,087,420.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 514,451.61 төгрөг нийт 7,681,270.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.О, Д.О нар нь К банктай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ-300 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ"-г байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлж авсан. Банк Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Ж.О-н К банкин дахь ... тоот харилцах депозит дансанд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5,920,601.30 төгрөг, зээлийн хүү 4,002,254.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,143.16 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,079,398.70 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3,087,420.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 514,451.61 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 7,681,270.77 төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Ж.О, Д.О нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,681,270.77 төгрөг, нотариатчийн зардлын 2,000 төгрөгийн хамт гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т "Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкийг эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу "К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт Ж.О, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, Б овогт Д.О нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж.О, Д.О нар нь “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 7,681,270.77 төгрөг, нотариатын зардалд 2,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Ж.О, Д.О нарын хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ж.О, Д.О нарт холбогдуулан зээлийн төлбөр 7,681,270.77 төгрөг, нотариатын зардалд 2,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.О, Д.О нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 7,681,270.77 төгрөг, нотариатын зардалд 2,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагч Ж.О, Д.О нараас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 7,683,270.77 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 137,850 төгрөгийн 50 хувь болох 68,925 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.О, Д.О нарт холбогдох зээлийн төлбөр 7,681,270.77 төгрөг, нотариатын зардалд 2,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 7,681,270.77 төгрөг, нотариатын зардалд 2,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 137,850 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.О, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамж 137,850 төгрөгийн 50 хувь болох 68,925 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.О, Д.О нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б