Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1503

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         12           20                                         2023/ШЦТ/1503

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Ч.Батбаатар,

            шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос П овогт Ч-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230300675**** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***************************************************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, ****************************замд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 05 минутын орчим “Nissan Sylphy маркийн **-** У** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа хориглосон газарт буюу явган хүний гарцны хэсэгт ухрах үйлдэл хийснээс явган зорчигч Л.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн, өөрчлөх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээж байна...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2.Хохирогч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө Толгойтын хуучин эцэст очиж тогны мөнгөө төлчхөөд тэгээд гарцаар гарах гэтэл гарц дээр  машин зогсож байхаар нь  тойрч гарах гээд хойно нь очоод зогсож байтал нөгөө машин ухраад намайг мөргөсөн, тэгээд жолооч нь бууж ирээд надад 20,000 төгрөг өгөх гэхээр нь би наад мөнгийг чинь авахгүй, эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд эмнэлэгт хүргэж өгсөн. Шүүгдэгчээс нийт 1.471.000 төгрөгийг эм тариа, нурууны бүс, КТГ шинжилгээний зардалд төлсөн байгаа. Одоо миний нуруу болон хөл гар өвддөг болсон, ахиад шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэв (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцсийн автобусны буудлын замд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 05 минутын орчим “Nissan Sylphy маркийн **-** *** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа хориглосон газарт буюу явган хүний гарц дээр ухрах үйлдэл хийсний улмаас хойно нь зогсож байсан явган зорчигч Л.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт:

“...зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн газар нь Сонгинохайрхан  дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцсийн буудлын  ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлийн замын нэгдүгээр эгнээнд үйлдэгдсэн байх ба ...явган зорчигч Л.М-г байлцуулан хяналтын камерын  бичлэгт үндэслэн явган зорчигч анх  автомашинд мөргүүлсэн  цэгийг  тогтоож А үсгээр, мөргүүлээд унасан хэсэгт Б үсэг, үл хөдлөх В цэгээр  туслах замын зүүн хойд  талд зам дагуу байрлах камерын хяналтын шонг авч, хэмжилт хийхэд ...А цэгээс Б цэг хүртэл 1,7м, А цэгээс үл хөдлөх В цэг хүртэл 13,4м х10,3м, замын өргөн 13,1м, А цэгээс  баруун тийш явган хүний гарц хүртэл 2,3м гэж тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

 

2.Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийх үед явган зорчигч мөргүүлээд унаж буй дүрс бичигдсэн” (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

3. Хохирогч Л.М-ийн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр 09:05 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд гэртээ харих гээд Толгойтын хуучин эцсийн буудлын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа гарч явахад замын урд талын эгнээнд зогсож байсан хөх өнгийн суудлын автомашин ухрах үйлдэл хийж намайг мөргөж унагаасан. Тэр үед хажууд талаас хүн орилж жолооч зогсоод машинаас бууж ирээд 20.000 төгрөг гаргаж өгөөд “энэ болох уу?” гэж асуухаар нь би “машинд мөргүүлчхээд байхад юуг мөнгөөр шийдэх гээд байгаа юм бэ? би эмнэлэгт үзүүлмээр байна” гэж хэлэхэд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөх замдаа тэр хүний эхнэр нь хүүхэд рүүгээ залгаад “аав чинь хүн мөргөчихлөө” гэж хэлэхэд /хүүхэд нь эмч юм шиг байна лээ/ манай эмнэлэгт аваад ир гэж хэлсний дагуу СХД-ийн нэгдсэн шинэ эмнэлэгт очиж яаралтай тусламжийн тасагт үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт Гэрэлчулуун гэж эмч байгаа, тэр эмчид очоод үзүүл гэсний дагуу Гэмтлийн эмнэлэгт очиж эмчид нь үзүүлэхэд “ясны хугарал гэмтэл байхгүй байна, дүүргийн гэмтлийн эмчийн хяналтад ороорой” гэж хэлээд эм бичиж өгсөн, мөн нуруу бүсэлхийн томографын зураг авхуулаад ороод ир гэхээр нь зураг авхуулчхаад үзүүлэхэд “зөөлөн эдийн гэмтэл байна, нурууны бүс зүүгээд хэвтрийн дэглэм сахиарай” гэж хэлсэн. Шүүгдэгчээс нийт 1.471.000 төгрөгийг эм тариа, нурууны бүс, КТГ шинжилгээний зардалд төлсөн байгаа. Одоо миний нуруу болон хөл гар өвддөг болсон, ахиад шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ****дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:  “...Л.М-ийн биед бүсэлхийн 5 дугаар нугалмаас ууцны 1 дүгээр нугалмын түвшинд мөгөөрсөн цагаригийн урагдал, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

5.  Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1128 дугаартай: "Nissan Sylphy маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.15-д Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно. 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/явган хүний гарц дээр”; гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Л.М нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна..." гэх магадалгаа (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

6. Шүүгдэгч Ч.Б-ийн: “...Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа. Хохирогчид эмчилгээний зардалд нэхэмжилсэн 690.000 төгрөгийг М-ийн дансаар шилжүүлж, өгсөн байгаа. Мөн компьютер томограф зардалд зардалд 400.000 төгрөг, эм худалдаж авахад 75.000 төгрөг, нурууны бүс 182.000 төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хэргийн нөхцөл байдлаас харвал, шүүгдэгч Ч.Б нь “Nissan Sylphy маркийн **-**УЕА улсын дугаартай автомашиныг жолоодон Сонгинохайрхан  дүүргийн * дугаар хороо, Толгойтын хуучин эцсийн буудлын  ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлийн замын нэгдүгээр эгнээнд, явган хүний гарц орчимд ухрах үйлдэл хийх явцад тухайн гарцаар гарахаар явж байсан явган зорчигч Л.М-г мөргөж зам тээрийн осол гаргасан нь хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон, шүүгдэгчийн тухайн үйлдлээс шалтгаалан хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн 12423 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Б-ийн дээрх үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.15-д “Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно” гэж заасан ба тус дүрмийн  10.13.а/ явган хүний гарц дээр” гэсэн заалтыг зөрчсөн шинжтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь Замын хөдөлгөөний  дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль,  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн  нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс  үйлдэхүйгээр  гэмт хор учруулсан этгээд  уг гэмт  хорыг хариуцан  арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар  алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм  хор учруулсантай холбогдон  гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар  сувилуулах  зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид  төлөх үүрэгтэй” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “ эдийн бус гэмт хорыг арилгуулахаар хохирогч шаарах эрхтэй”, 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус  гэмт хорыг  мөнгөөр нөхөн төлнө”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэмт хорыг  мөнгөн хэлбэрээр  арилгах  үүргийг  гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч Л.М нь хэрэгт 689.900 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн байна. (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн эмчилгээд зориулж нийт 1.471.000 төгрөг зарцуулсан, уг зардалд дээрх үнийн дүн орсон байгаа гэснийг хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй, улмаар ослоос үүдэн тулгуур эрхтэн болох нуруу гэмтсэн, бие нь гүйцэд эдгээгүй, дахин нэмж эмчилгээ хийлгэх шаардлагатай, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нэхэмжилнэ гэх тул хохирогч энэхүү зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Б-с нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Мөн хохирогчоос сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь,

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заасан байна.

Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д  зааснаар Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан байна. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.4-д “Гэмт хэргийн улмаас  хүний сэтгэцэд  учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн  аргачлалыг  баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн  төлбөрийн  хэмжээг хувьчлан тус тус тооцно.” гэж заажээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-д хүндэвтэр гэмтэл учирсан байх ба “Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг 13 дахин  нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул шүүгдэгч Ч.Б-с хохирогчийн эмчилгээний зардал төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 7.150.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Боос гаргуулахаар шийдвэрлэв.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-ийн эмчилгээнд 409,250 төгрөгийн зардал гарсныг Ч.Б-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэсэн иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал), тодорхойлолтын хамт өгсөн байна.  (хавтаст хэргийн 63-65 дахь тал)

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт 409.250 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан талаарх дансны хуулгыг гаргаж өгсөн тул  тус даатгалын санд төлөх төлбөргүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “...Шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч нь “...хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй, өөр хэлэх зүйл байхгүй” гэж,

Шүүгдэгч нь “... прокурорын саналтай холбогдуулан хэлэх зүйлгүй, хохирлыг баримтын хүрээнд төлөх болно” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Б-ийн замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмээ биелүүлээгүй, анхаарал болгоомжгүй байдал нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн, түүний үйлдлээс шалтгаан хохирогч Л.Мгийн биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нь баримттай зардлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /Хөвсгөл Алтай ХХК-н хүргэлтийн жолооч ажилтай, орлоготойг илэрхийлэх баримттай/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

                                                                                                           

1. Шүүгдэгч П овогт Ч-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

 

5.Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Л.М-ийн эмчилгээнд 1.471.000 (нэг сая, дөрвөн зуун далан нэгэн мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 409.250 (дөрвөн зуун есөн мянга хоёр зуун тавь) төгрөг тус тус  төгрөг төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Боос 7.150.000 (долоон сая, нэг зуун тавин мянга)  төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Мд олгож, хохирогч Л.М нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Б-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.АЛТАНЦЭЦЭГ