| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/1270/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1505 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1505
2023 12 20 2023/ШЦТ/1505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС00
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Рэгзэдмаа /томилолт/,
шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Урианхай овогт Ц-н Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208037171798 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******************************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд иргэн Б.Г-г Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хорооллын 13-1 тоотод байх үед нь “Америкийн нэгдсэн улсаас хямд бөөний үнээр автомашины дугуй захиалж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 28.604.997 төгрөгийг өөрийн худалдаа хөгжлийн банкны ********************** тоот данс руу шилжүүлэн авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....би Учралтай найз нөхдийн холбоотой байсан. Учрал хамтарч бизнес хийвэл ямар вэ, чиний хийж байгаа бизнес хэр вэ гэхэд нь би тайлбарлаж өгсөн. А нь надад “би дугуй захиалж байгаа” гэж хэлсэн. 2022 оны хавар Г гэж хүнтэй хамт Учрал манай ажил дээр ирээд ганцхан би захиалаагүй, манай найз хамтарч захиалж байгаа гэж анх Г-г танилцуулж байсан. “Ковид-19” цар тахлын улмаас 2020-2022 онд захиалсан бүх бараа ирэхгүй удсан. Тухайн үед нь У-д учир байдлаа хэлээд тухайн бараа хаана байгаа талаарх мэдээллийг явуулж байсан. Сүүлд дугуй захиалаад удлаа, дугуйны ашиглалтын хугацаа дууссан, Монголд ирсэн ч зарагдахгүй тул мөнгөө буцааж авна гэж хэлсэн. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж миний бүх ажил зогсож надад 28,604,997 төгрөг гаргаж өгөхөд хэцүү байсан. Ямар ч байсан мөнгийг чинь гаргаж өгнө гэж хэлээд цаг хугацааны хувьд удсан. Гын өмгөөлөгч надтай холбогдож гэрээ байгуулж хохирол барагдуул гэхэд нь за гэж хэлээд цахим шуудангийн хаягаа өгсөн. Ирсэн гэрээг уншиж үзэхэд алданги өндрөөр тооцсон байсан тул гэрээ байгуулаагүй. Гэрч Э надаас удаа дараа тээврийн хэрэгслийн сэлбэг, дагалдах хэрэгсэл, дугуй захиалж авдаг байнгын үйлчлүүлэгч тул цаашаа найздаа хэлж санал тавьж би захиалга хийж өгсөн боловч мөнгөний шаардлага гараад байна дугуйгаа авахаа болилоо гэхэд нь би мөнгийг нь буцааж өгч байсан. 2012 оноос хойш маш олон байгууллага, иргэдтэй хамтарч барааг нь захиалж өгдөг байсан. Иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Иргэний журмаар шийдвэрлүүлж хохирол барагдуулах боломжтой гэж үзэж байна. Хохирол төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 онд найз Учралаар дамжуулж Чтай танилцсан. Мөнгө шилжүүлэхдээ хүртэл найз Учралтай хамтарч байгаа гэдгээ хэлж байсан. Ч анх 5000 ширхэг дугуйг 1 ширхэг дугуйг 1 ам.доллараар бодож АНУ-с авчрахаар болж 5000 ам.доллар яаралтай хэрэгтэй гээд авсан. Дараа нь тээврийн зардлыг одоо төлөхгүй бол 10,000 ам.доллар болох гээд байна, одоо яаралтай 5000 ам.доллар явуул гэхэд нь Энхмэндийн дансанд миний мөнгө байсан тул би Э-ийн данснаас шилжүүлсэн. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 2021 онд Чтай 2-3 удаа уулзаж байсан. 2021 онд бараа ирээгүй тул 2022 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Наана нь 2022 оны 9 дүгээр сард хуульчтайгаа уулзаад Чг мөнгөө өгөхгүй байгаа тул гэрээний төсөл бэлдээд явуулсан. Удахгүй гэрээнд гарын үсэг зурж тамгална гэж хэлээд тэр жилдээ алга болсон. Анхнаасаа намайг байгаа гэдгийг мэдэж байсан. Ажил нь Үйлдвэрчний эвлэлийн 3 давхарт байсан. Сая Ч 2023 онд анх надтай удаа уулзаж ярьсан гэж байгаа үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ мэдүүлсэн байгаа. Тухайн үед төгрөгөөр шилжүүлж байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чг гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 28.604.997 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” тухай дүгнэлтийг,
Хохирогч Б.Г нь “...гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул нь “....Ч болон Г нарын хооронд үүссэн харилцаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш, иргэний журмаар дугуй захиалах гэрээний харилцаа юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Чгийн үйлдлийг өөрийнх нь өгсөн мэдүүлэг, бусад мэдүүлгээс харахад цахим дэлгүүр ажиллуулдаг, захиалга авдаг, дансны хуулганаас нь харахад маш олон тооны захиалга авч байнгын үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон. Нэг удаагийн үйлдлээр Гыг хууран мэхэлж, зохиомол байдлыг бий болгож, гэмт хэргийн шинжтэйгээр өмчлөх эрхэд нь халдсан нийгэмд аюултай үйлдэл байхгүй. Хууль бус шинжтэй үйлдлийг ухамсарлаж хийсэн үйлдэл биш. Иймээс шүүгдэгч Ц.Чд холбогдох хэрэг гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэргийг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Чд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
Шүүгдэгч Ц.Ч нь танил Т.У-р дамжуулан иргэн Б.Гтай танилцан тэдгээрт “онлайн бизнес эрхэлдэг, Америкийн нэгдсэн улсаас автомашины 1 дугуйг нэг доллараар захиалж, их хэмжээний хямд дугуй авчрах боломжтой, ашиг ихтэй” хэмээн худал хэлж итгүүлсний үүднээс иргэн Б.Г нь 5000 ширхэг дугуйны захиалга өгч улмаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хорооллын 13-1 тоотод байх үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны *********************тоот данснаас 14.299.997 төгрөгийг “USA дугуй, Ч.Ц, ХУД хөгжлийн төв банк” гэсэн утгатайгаар, мөн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Энхмэндийн эзэмшлийн Хаан банкны *****************тоот данснаас “USA дугуй тээвэр 1-5” утгатайгаар 14.305.000 төгрөгийг буюу нийт 28.604.997 төгрөгийг Ц.Чгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************** дугаартай данс руу шилжүүлж залилуулсан үйл баримт нь:
1. Хохирогч Б.Гын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал),
2. Хохирогч Б.Гын “...2021 оны 10 дугаар сард санагдаж байна, 10 жилийн У-н найз Ц.Ч гэх эмэгтэйтэй танилцсан юм. Тэгээд тухайн үедээ Ц.Ч “би машин Америкаас оруулж ирж зардаг, машины дугуй нэг оруулж ирж зараад ашиг олж байсан” гэхээр нь би сонирхоод ярьж тохиролцоод Америкаас нийтдээ 5000 ширхэг дугуй захиална гэж тооцоолоод тухайн үедээ долларын ханш 2850 төгрөг байсан болохоор Ц.Ч-гийн худалдаа хөгжлийн банкны ******************данс руу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14.250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрний дараа тээврийн зардал гээд мөнгө нэхэхээр нь би ажлын газрын хүний Э-ийн ******************** тоот данснаас 14.305.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзаж, холбоо барьж байхад “удахгүй ирнэ, ковидын нөхцөл байдалтай тээвэр сааталтай байна” гэж явсаар байгаад өдийг хүргэсэн тул би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Чг хаана ямар ажил эрхэлдэг талаар мэдэхгүй байна, гэхдээ үйлдвэрчний эвлэлийн холбооны 3 давхарт суудаг юм байна лээ. Америкаас л гэж байсан. Үеэл ах нь амьдардаг, бараа захиалж өгнө гэж байсан. Надаас дугуй захиалж өгнө гэж 14.250.000 төгрөг, тээврийн зардал 14.305.000 төгрөг шилжүүлж, нийтдээ 28.555.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Тухайн үедээ надад 1 ширхэг дугуй нь 1 долларын үнэтэй гэхээр нь л ашиг олж болох юм байна гэж бодоод мөнгөө шилжүүлсэн юм аа. ...2021 онд найз У-р дамжуулж Чтай танилцсан. Мөнгө шилжүүлэхдээ хүртэл найз У-тай хамтарч байгаа гэдгээ хэлж байсан. Ч анх 5000 ширхэг дугуйг 1 ширхэг дугуйг 1 ам.доллараар бодож АНУ-с авчрахаар болж 5000 ам.доллар яаралтай хэрэгтэй гээд авсан. Дараа нь тээврийн зардлыг одоо төлөхгүй бол 10,000 ам.доллар болох гээд байна, одоо яаралтай 5000 ам.доллар явуул гэхэд нь Энхмэндийн дансанд миний мөнгө байсан тул би Энхмэндийн данснаас шилжүүлсэн. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 2021 онд Чтай 2-3 удаа уулзаж байсан. Ц.Ч нь одоог хүртэл ямар нэгэн байдлаар хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би 2023 оны зуны үеэр гадуур явж байгаад нэг тааралдсан, тэгэхэд “мөнгийг чинь өгнө, барина” л гээд байсан боловч бас л одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, над руу ерөөсөө залгаж холбогдоогүй, намайг одоог хүртэл хууран мэхэлж, залилж явж байгаа юм. Би мөнгө шилжүүлээд одоо бараг 2 жил боллоо, тэгэхэд одоог хүртэл худлаа яриад, захиалсан дугуй нь ч орж ирсэн зүйл байхгүй. Энэ хүн мөнгөө өөр зүйлд зарцуулсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24, 27-28 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Гэрч Т.У "...2021 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, би Ч-тай уулзалдаад /Ч өөрөө надад нэг хэлэхдээ дугуй захиалбал ашигтай, ах нь Америкт ажиллаж, амьдардаг гэж хэлж байсан/ өмнө нь бас бас хэд хэдэн удаа хэлж байсан болохоор Чтай ярьж тохиролцоод Америкаас 5.000 долларт 5.000 ширхэг дугуй захиалахаар болж, би Чд найз Гтай хамтарч захиалж байгаагаа хэлж байсан. Би Чтай ярьж тохиролцохоос өмнө нь багын найз Гтай ярьж тохиролцоод захиалахаар болсон. Тэгээд би Чтай ярьж тохиролцоод бараа тээврийн хэрэгслийн дугуйгаа захиалахаар болоод энэ талаараа Гад хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын дундуур Ч над руу холбогдоод яаралтай мөнгөө шилжүүлээрэй, дугуйны үнэ болон тээврийн зардал нь нэмэгдэх гээд байна шүү гэж "Viber" чат болон утсаар хэлэхээр нь би найз Г-даа хэлээд би Ч-гаас дансыг нь аваад Г-д өгсөн, Г эхлээд өөрөөсөө 5.000 доллар буюу тухайн үеийн ханшаар 2.855 төгрөгөөр бодоод монгол мөнгөөр хувааж шилжүүлсэн, мөн тээврийн зардал гэж бас 5.000 доллар шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 2021 оны 12 дугаар сард Америкаас ачаа нь гарчихлаа гэж хэлж байсан. Анх дугуй захиалах гэж байх үедээ би яаж бараагаа ирж байгаагаа мэдэж авах вэ, баталгаа гаргаж өгөх үү, хил гаалийн боомтын баримт байдаг уу гэж асуухад надад Ч хэлэхдээ “би тухайн үедээ тээврийн зардлаа төлчхөөд баримтаа үзүүлнэ, "Truck number" буюу захиалгын дугаарыг нь өгөөд хаана явж байгаагаа харах боломжтой, баримт өгнө” гэж хэлж байсан ч өгөөгүй юмаа. Би Ч гэх хүнд дугуй захиалсантай холбоотой төлбөрийн мөнгө өгч байгаагүй. Харин найз Г маань өөрөөсөө мөнгө гаргаж өгч шилжүүлж байсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал),
4.Гэрч М.Э: “...Би тухайн үед найз Гад 15 орчим сая төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд найз Г маань надтай холбогдоод “би дугуй захиалах гэсэн юмаа, чи зээлсэн мөнгөө өгөх боломжтой байна уу гэхээр нь за тэгье, байна гэж хэлээд надад өгсөн худалдаа хөгжийн банкны ************** дугаарын данс луу дээрх мөнгөнүүдийг тус тусад нь шилжүүлсэн. ************** тоот дансны эзэмшигч нь Ч гэх хүн байсан. Г хэлэхдээ утга дээр нь EB-USA дугуй тээвэр гэж хийгээрэй гэж хэлж байсан. Би нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна. Би хамтарч дугуй захиалаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал)
5. Гэрч Б.Б “...********дугаарын данс миний нэр дээр байдаг миний эзэмшлийн данс юм. 2021 оны намар санагдаж байна, миний найз Э надтай холбогдоод “Америкаас дугуйны бизнес байна, контейнерээр ачиж авчирдаг, нэг ширхэг дугуйны 1 бил үү 2 доллар гэж байсан, 40 тонны контейнерт 2000 дугуй багтдаг гэнэ, Ч гэх хүнд ярилцаж тохиролцож байна, чи хамтрах уу, энд авч ирээд ченжүүд авчихдаг юм, багаар бодоход 2 дахин нугардаг” гэхээр нь надад ашигтай санагдаад хамтрахаар болоод би тухайн үедээ 5000 долларыг монгол мөнгөөр бодоод 14,250,000 гаруй мянган төгрөг Ц.Ч гэх хүний одоо дансыг нь санахгүй 51******** тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед Э надад хэлэхдээ “Ч гэх хүн Америкаас бараа захиалахаар болсон, бараа захиалсан” гэж хэлж байсан. Тухай үедээ над руу Ц.Ч гэх хүн нь дугуйны хэмжээ, Америкаас видео калл хийнэ хийнэ гэж байсан боловч удаад, ойролцоогоор 1-2 сар болчихоор нь нэг л худлаа санагдаад, бас дээр нь мөнгө хэрэгтэй болоод Эрдэнэзултай ярьж мөнгөө буцааж авахаар болоод Эрдэнэзул, Ц.Ч гэх хүнд хэлсэн бололтой Ц.Ч-гийн ********** тоот данснаас 2021 оны 11-р сарын 24-ний өдөр над руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 4,250,000 төгрөгийг 2022 оны бэлнээр Э надад өгсөн. Надад учирсан хохирол байхгүй, бүгдийг буцааж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),
6.М.Э-ийн эзэмшлийн Хаан банкны ****************тоот дансны хуулга: “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “USA дугуй тээвэр 1” утгатайгаар 2900.000 төгрөг, “USA дугуй тээвэр 2” утгатайгаар 2800.000 төгрөг, “USA дугуй тээвэр 3” утгатайгаар 2850.000 төгрөг, “USA дугуй тээвэр 4” утгатайгаар 2900.000 төгрөг, “USA дугуй тээвэр 5” утгатайгаар 2855.000 төгрөг, нийт 14.305.000 төгрөгийг **************дугаарын данс руу шилжүүлсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал),
7. Б.Гын эзэмшлийн Голомт банкны *************тоот дансны хуулга: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “USA дугуй, Ч Ц, ХУД хөгжлийн төв банк” гэсэн утгатайгаар 3000.000 төгрөг, 2999.999 төгрөг, 2999.998 төгрөг, 2300.000 төгрөг, 3000.000 төгрөг, нийт 14.299.997 төгрөгийг зарлагдсан. (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал),
8.Ц.Ч-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **********дугаартай дансны хуулга:
-******данснаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14.999.997 төгрөг Ц.Чгийн дээрх данс руу шилжиж орлого болон орж ирснээс тухайн өдөртөө 3.190.000 төгрөгийг ******данс руу, 5.217.330, 2.974.821 төгрөгийг өөрийн эзэмшлийн валютын *******дугаарын данс руу шилжүүлсэн.
- *********дугаарын данснаас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Чгийн дээрх данс руу 14.305.000 төгрөг шилжиж орж ирснээс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “dugui tulbur, Zulaagaas” гэсэн утгатайгаар Баярсайхан Бадамсүрэн гэх хүний ********дугаарын данс руу шилжүүлсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 109-142 дахь тал)
9. Ц.Чгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************дугаартай дансны хуулга: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ****************дугаарын данснаас dugui гэсэн утгатайгаар 1830 ам долларын орлого орж, ***************, ***************, *************дугаарын данс луу бага багаар зарлагдсан тухай (хавтаст хэргийн 158 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.
Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Ц.Ч нь өөрийн танил Т.У-тай уулзах бүртээ “АНУ-с автомашины дугуйг хямд өртгөөр авч энд авчран зарж, борлуулан ашиг гаргах боломж их байдаг” гэх асуудлыг байнга ярьж итгэл үнэмшил төрүүлснээр гэрч Т.У нь өөрийн найз Б.Г-д энэхүү саналыг тавьж, хамтрахаар тохиролцон улмаар Б.Г бүх зардлыг буюу дугуйны үнэ, тээврийн зардлыг Ц.Ч-гийн данс руу шилжүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч Т.У, М.Э нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
Хэдийгээр Ц.Ч нь “би энэ Б.Г гэх хүнийг Т.У-ын цаана байгаа гэдгийг мэдээгүй, сүүлд 2022 оны 11 сард л мэдсэн юм” гэж мэдүүлсэн боловч хохирогч Б.Г нь Ц.Чтай 2021 оны 11 сард дугуй захиалахаас өмнө 1-2 удаа Т.Учралын хамтаар Шангри-лад уулзаж байсан гэх мэдүүлгийг өгсөн, мөн гэрч Т.Учрал нь мэдүүлэгтээ “Ц.Чд Б.Гтай хамт дугуй захиалж байгаа, зардлыг Б.Г бүгдийг хариуцаж байгаа гэдгийг хэлж байсан” гэж өгсөн зэргээс үзвэл, шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Б.Г-г анхнаасаа оролцоотой байсан гэдгийг мэдэж байсан байна гэж үзэхээр байна.
Мөн шүүгдэгч Ц.Ч нь “би 2012 оноос эхлэн онлайн бизнес эрхэлж байгаа, гадаадын улс орнуудаас төрөл бүрийн барааг захиалгаар оруулж ирдэг, энэ дагуу иргэн Т.Учралтай ярьж тохироод дугуй оруулж ирэхээр болсон ч ковид гарч, тээвэр удааширч сүүлдээ эдгээр хүмүүс нь дугуй авахгүй, мөнгөө авна гэснээр асуудал үүссэн, уг дугуйнууд Тянжинь боомтод ирсэн байсан, холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байгаа” гэж мэдүүлсний дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн баримтуудыг нягтлахад тухайн баримтууд нь албан ёсны орчуулга хийгдээгүй, АНУ-н дугуй зарж борлуулж буй гэх компанийн нэр, хаяг, байршил зэрэг тодорхойгүй, 1 дугуйг хэдээр тооцож зарж борлуулсан талаарх баримт байхгүй, мөн контейнертэй дугуйны зураг нь Б.Гын захиалсан дугуй мөн болохыг нотолсон баримтгүй, боомтоор орсон, гарсан эсэх нь тодорхойгүй байх тул уг баримтуудыг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. (хавтаст хэргийн 62-70 дахь тал)
Улмаар шүүгдэгч Б.Ч нь хохирогч Б.Гаас шилжүүлсэн мөнгөнөөс өөрийн валютын данс руу шилжүүлэн бага багаар зарлагдсан, түүнчлэн өмнө нь гэрч Б.Баярсайханаас мөн “дугуйн захиалга” гэж авсан 14.250.000 төгрөгийг буцааж өгөхдөө хохирогч Б.Г-с авсан мөнгөнөөс өгсөн буюу дансаар 10 сая төгрөг, бэлнээр 4.250.000 төгрөг төлсөн зэрэг нь гэрч Б.Б-ын мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Ч-ийн дансны хуулгаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Ч нь Америкийн нэгдсэн улс руу 5000 ширхэг дугуй захиалсан, тээвэрлэсэн талаарх баримтгүй, Ц.Ч, Б.Г нарын хооронд гэрээ байгуулсан зүйлгүй бөгөөд тооцоолоогүй эрсдэл, үр дагавар үүссэнээс гэрээ, үүргийг гүйцэтгэлийг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эсрэгээрээ шүүгдэгч Ц.Ч нь хохирогч Б.Г-с удаа дараа авсан авсан мөнгийг өөр зүйлд зарцуулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нь хохирогчоос эд хөрөнгийг нь авахын тулд тухайн төрлийн бизнес эрхэлдэг хэмээн худал хэлж, эргэн төлөх санаа зорилго агуулалгүй, өөртөө шилжүүлэн авсан уг үйлдлийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Иймээс шүүгдэгч Ц.Ч-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ч-гийн үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг хангасан хэмээн дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Ц.Ч-д холбогдох хэрэг гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой асуудал тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-д 28.604.997 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч Ц.Ч нь уг хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 28.604.997 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Г-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Ц.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Хохирогч Б.Г нь: “...ямар нэгэн саналгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул нь: “....Улсын яллагчийн зүгээс 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь сургуульд явдаг, хувиараа бизнес эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн бизнесийн орлого тогтворжиж байгаа, мөн хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, нөхөр нь хөдөө томилолтоор явсан, хүүхдүүдийг харах хүнгүй тул эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Ч нь: “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байна, иймээс торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр бусдаас авсан өр төлбөрөө дарахын тулд гэмт хэрэг үйлдсэн, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний түүний үйлдлийн арга, сэдэлт, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирлын хэмжээ үлэмж, хохирол төлөөгүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд онлайн худалдаа эрхэлдэг гэх боловч энэ талаар нотлох баримтгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд болон дээд доод хязгаарын хувьд сонгох боломжтой хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд шүүгдэгч Ч.Ч нь өөрийн өр төлбөрөө барагдуулахын тулд бусдыг хуурч мөнгө шилжүүлэн авч буй түүний арга барил, тэрээр гэм буруу дээр маргаж учруулсан хохирлыг төлөөгүй, улмаар төлөхөө илэрхийлж байна гэх боловч хэрхэн, ямар байдлаар төлж барагдуулах нь тодорхойгүй, мөн шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулаагүй бөгөөд Ц.Чд хорих ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзаж оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Ч нь 10 болон 15 насны хүүхдүүд, ээжийн хамт амьдардаг гэх тул түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Цогтсайхан Чг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чд 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чгаас 28.604.997 (хорин найман сая, зургаан зуун дөрвөн мянга, есөн зуун ерэн долоо) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гад олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг **************** дүүргийн Засаг даргад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ч-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ