| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/1268/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
2023 12 25 2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Янжиндулам,
иргэдийн төлөөлөгч О.Сайнзаяа,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000*** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
**************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 19-9 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.М-н хардалтын улмаас нүүр болон бие рүү нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгаах, зуух мөргүүлэх, бэлэг эрхтэн лүү нь гараа хийх зэргээр онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргахгүй байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “......М.Быг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч М.Б нь хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нь “...прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Хамгийн гол нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан үндэслэл нь юу болох, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруу дээр маргахгүй байгаа, шүүгдэгчийн ард нь бага насны 3 хүүхэд үлдсэн зэргийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна ” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг бүх талаас нь шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 19-9 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч Д.Мийг бага насны хүүхдүүдээ орхиж гадуур архи ууж явлаа гэх шалтгаанаар болон Ц гэх хүнтэй холбон хардаж уурлан улмаар нүүр болон бие рүү нь гараараа цохих, толгой дээр нь хөлөөрөө дэвсэх, толгойгоор нь зуух мөргүүлэх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгаах, бэлэг эрхтэн лүү нь гараа хийж базах зэргээр онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан үйл баримт нь:
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрхан 19 дүгээр гудамжны 9 тоот гэх бөгөөд ...гэрт үзлэгийг үргэлжлүүлэхэд ... гэрийн зүүн талд байрлах орон дээр толгой нь хойд зүг рүү чиглэсэн, баруун хажуу хэсгээр доош харж хэвтсэн, хоёр хөл шулуун урд зүг рүү жийсэн, зүүн гарыг тохойны үеэр хагас нугалсан, биеийн дээд хэсэгт ягаан өнгийн цамцтай, биеийн доод хэсэгт саарал өнгийн бие тамирын өмдтэй, хөлдөө саарал өнгийн оймстой байх ба нүүр хэсгээр доош харж хэвтсэн, хамар амнаас цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн нүдний зовхины дээд хэсэгт цус хуралттай, духны дээд хэсэгт хуучин тав тогтсон зулгаралттай, зүүн хавирганы орчимд тод улаан хүрэн өнгийн 2 ширхэг цус хуралттай, зоо нуруу орчимд зулгаралттай цогцос байв” гэж тэмдэглэгдсэн (1 дүгээр хавтаст хэргийн 17-24 дэх тал)
2.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: (1 дүгээр хавтаст хэргийн 28-36 дахь тал)
3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 963 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:
“...Талийгаач Д.М-н цогцост их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хүзүүний 1, 2-р нугалмын мултрал, нугасны хальсны цус харвалт, зүүн 7, 8-р хавирганы хугарал, дух, хамрын угалз, баруун, зүүн хацарт, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн нүдний зовхи, цээж, хэвлий, баруун алга, баруун өгзөг, баруун, зүүн өвдөг, баруун шилбэ, нуруу, баруун ташаанд зулгаралт, дагз, зулай, баруун чамархайн хуйх, улаан хоолойн хана, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, эрүү, баруун бугалга, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн алга, баруун, зүүн ташаа, баруун өгзөг, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун тавхай, умдаг, гадна бэлэг эрхтэн, нуруу, баруун, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, баруун ташаа, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэн, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүдийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай. Их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хүзүүний 1, 2-р нугалмын мултрал, нугасны хальсны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь умайн салстын үрэвсэл, уушгины гуурсанцрын үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачийн цусанд 0,7 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно. Талийгаач нь тархи, нугасны хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэсний амсраас эр бэлгийн эс илрээгүй. Талийгаач нь А (III) бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91-97 дахь тал),
4. Шинжээч Б.Д өгсөн: “Идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн гэдэг нь бусадтай хэвийн харилцах, амьдралын өдөр тутмын хийдэг хэвшмэл үйлдэл хөдөлгөөн өөрөө өөртөө үйлчлэх хөдөлгөөнийг хэлнэ. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүдийг шүүх эмнэлгийн цогцост хийсэн шинжилгээний цогцсын гадна үзлэгт тогтоогдсон гэмтлүүд дээр шинэ, хуучнаар нь ялгаж бичсэн байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн хүнд гэмтлүүд шинэ гэмтэл юм. Уг шинэ гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Харин хуучин гэмтлүүд нь ойролцоогоор 7 хоногийн дотор үүссэн байх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал),
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай төрсөн ах Ө.Дашдоржийн охин Д.М нь гэртээ нас барсан асуудал гарсан юм. Тухайн хэрэгт Улаанбаатар хотод түр ирээд байсан дүү Д.Хонгорзулыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан байсан юм. Гэтэл дүү Хонгорзул нь Говь-Алтай аймаг аавын хамт байх шаардлага гараад хөдөө явсан, одоо дахин ирэх боломж байхгүй учир Улаанбаатар хотод байгаа авга эгч болох намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож өгөөч гэж хүсэлт гаргасан тул миний зүгээс уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Надаас өөр манай гэр бүл төрөл садангийн хүнд хууль ёсны төлөөлөгч оролцох боломжтой хүн байхгүй. Манай төрсөн ах Ө.Дашдорж нь Говь-Алтайд гэр, ажил амьдралтай хүн болохоор ирэх боломж байхгүй. Мөн амь хохирогчийн төрсөн дүү Хонгорзул нь мөн Говь-Алтай аймагт хоёр жоохон хүүхэдтэй болохоор ирж чадахгүй байгаа юм. Харин Д.Мийн ээж болох Логийн Энхзаяа гэдэг хүн байдаг боловч маш их архи уудаг, хүүхдийг нас барсан талаар мэдсэн боловч ажил явдалд нь ирээгүй, хааяа манай ах руу согтуу яриад элдэв үгээр доромжлоод байдаг гэсэн. ... Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй. ...Мийг хүнтэй гэр бүл болсон цагаас хойш нэг их уулзаж амжаагүй байсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сард М нөхөртэйгөө муудсан гэж хэлээд аав дээрээ очсон байсан чинь удаагүй 2022 оны 06 дугаар сарын үед эвлэрсэн гэж хэлээд Улаанбаатар хотод ирсэн байсан. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын үед Бын ээж болох М гэх хүн миний төрсөн дүү Ариунаатай утсаар ярьж “та нар бэр Энхзаяагаа аваач ээ, манай бэр Мтэй нийлж архи уугаад, энэ хоёр хүүхдийн амьдралыг сүйрүүлэх нь” гэж хэлж байсан. Энэ үед нь би М гэх хүнд “та өөрөө Мийг Говь-Алтай аймагт байх үед нь нааш нь авчирсан биз дээ, яах гэж авч ирсэн юм” гэж хэлээд өнгөрсөн юм. Тухайн үеэс хойш холбоо барьсан зүйл байхгүй. Миний сонсож мэдэж байгаагаар сүүлийн 1 жил орчим Мийг архи уугаад байна гэж нөхөр Б нь удаа дараа утсаар яриад байдаг байсан. Бид нар юунаас болж архи уугаад байгаа талаар мэдэхгүй байна, Мийн хувьд төлөв даруу хүний үгнээс гарч байгаагүй хүүхэд байгаа юм. ...Би М.Б, Д.М нарыг хэрүүл маргаан хийж бие биеэ цохиж зодож байхыг нь мэдэхгүй, харсан үзсэн зүйл байхгүй. ...Буяны ажил 7 сая гаран төгрөг болсон, уг мөнгийг манай хамаатан садан хувааж төлсөн. Тэр мөнгийг бол нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн М.Бын ар гэрийн хүмүүсээс төлөх боломж байхгүй. Мөн дээрээс нь М.Б, Д.М нарын 3 хүүхдийг нь тэдний тал харж байгаа болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал),
6. Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн өгсөн: “...Би өчигдөр өглөө гэртээ сэрээд орон дээрээ хувцсаа өмсөөгүй, хөнжил дээрээ зураг зураад байж байхад ээж “нүүрс аваад ирье” гээд гараад явсан. Би 1 настай дүү Сарнайг хараад, Нандин-Эрдэнэ унтаж байсан. Би дүүгээ харж байхад өдөр аав орж ирээд “ээж нь хаачсан юм” гэхэд “ээж байхгүй” гэсэн чинь “би ээжийг чинь олоод ирье” гээд гараад явсан. Аав гаднаас орж ирэхдээ ээжийг үсдээд, намайг “Ягаанаа эгчийг дуудаад ир” гэсэн. Би Ягаанаа эгчийг дуудаад цугтаа гэртээ очиход аав Ягаанаа эгчээс “цуг архи уусан юм уу” гээд асуусан чинь Ягаанаа эгч “уугаагүй” гээд явсан. Аав Б нь ээж М лүү уурлаад толгойн дээр нь хөлөөрөө үсрээд байсан. Боожгой руу базаж, гараа хийгээд, бас гараараа нүд, хамар луу нь цохиод, хөлөөрөө бөөр, гэдэс рүү нь цохисон. Ээжийн боожгойноос нь зөндөө олон цус гараад өмдийг нь цусаар дүүргэчихсэн чинь аав, ээжийн өмдийг нь тайлаад угаагаад өлгөсөн бөгөөд өөрийнхөө өмдийг өмсгөсөн. Тэгээд орой унтахдаа ээж зүүн талын орон дээр ганцаараа хөнжил нөмрөөгүй унтсан. Би аавтайгаа, дүүтэйгээ баруун талын орон дээр унтсан. Гэгээтэй байж байхад аав бид хоёр сэрээд, аав ээжийг “өөд болсон байна” гээд тэврээд, чичрээд, уйлаад, аав үснээсээ зулгаагаад, би бас зөндөө уйлсан. Аав эмээ рүү залгаад “нөгөө Шүрээ чинь өөд болчихсон байна” гэж хэлсэн. Манайхаар зөндөө олон хүн ирчихсэн, эмнэлгийн машин ирчихсэн байсан.
... Аав ээжийг гаднаас үсдээд гэрт оруулсан, тэгээд 2, 3 гараа атгаж байгаад хацар нь дээр нь цохисон, гэдэс нь дээр нь гараараа цохиод байсан. Тэгээд бас толгой дээр нь гуталтай хөлөөрөө үсрээд байсан, мөн боожгой руу нь гараа хийгээд базаад, ээжийн боожгойноос цус гараад аав арчиж өгсөн. Итгэл гэдэг хүн архинд оруулаад ээж 5 хоног архи уудаг, аав ээжийг архи уучихаараа агсам тавьдаг, зоддог байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал),
7.Гэрч Д.Х өгсөн: “..2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 06 цагийн үед намайг гэртээ байж байтал манай нагац эгч Энхжаргал залгаад “эгч М чинь өнгөрчихсөн гэж байна, Б надад сая тэгж хэллээ, 3 хүүхдээ аваад унтаж байтал М тусдаа унтаж байгаад сая харахад нас барсан байна гэж хэллээ” гэж хэлсэн. Тэгээд би Энхжаргалын хамт Мийн гэр лүү буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 19-9 тоотод яваад очиход эгчийн гэр эмх замбараагүй байдалтай байсан ба цагдаа нар очоод эгчийн цогцсыг нь аваад явсан гэж байсан. ...Өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед манай эгч Д.М өөрийнхөө 86803740 дугаараас миний 90207106 дугаар луу залгахаар нь аваад ярихад манай эгч М уйлсан, намуухан, айсан байдалтай ярьж байсан. Эгч хэлэхдээ “өчигдөр шөнө Б согтуу ирээд шөнөжин намайг зодож нүдлээ, миний гар утсыг булааж аваад надад өгөхгүй, хүнтэй ч яриулахгүй байна, би гадаа юм хийж байгаа юм шиг болоод нууцаар гар утсаар ярьж байна” гэхээр нь би эгч Мээс “наад Б чинь байгаа юм уу, согтуу байна уу” гэсэн чинь эгч М надад “архи нь гарсан эрүүл байна” гэж хэлээд гар утсаа салгасан.
... 2022 оны 9 дүгээр сард эгч Мийг Б зодсон гэхээр нь би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж, Быг цагдаад өгч байсан. Тэр үед Б цагдаагаас ирсний дараа эгч Мийг цагдаад өгсөн гэж дахин зодсон. Мөн 2022 оны 10 дугаар сарын дундуур эгч Мийг Б цохиж, зодсон гэхээр нь би цагдаад мөн өгч байсан. Б цагдаагаас гарч ирээд дахиад цагдаад өглөө гээд зодож байсан. Дээрх хугацаанд зодуулсныхаа дараа эгч Мийн бүх бие нь хөхөрч хавдсан байдаг. Тэгээд тэр үеэс хойш эгч М Бод зодуулсныхаа дараа битгий цагдаад өгч байгаарай гээд байхаар нь би өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед Бод зодуулсан гэж ярихаар нь цагдаад өгөөгүй юм, бас цагдаад өгсөн гээд эгч Мийг зодох байх гэж бодсон юм.
...Манай эгч М Б нар нь 2013 оноос хойш Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелд өмнө нь амьдарч байгаад 2022 оны 6 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 19-9 тоотод амьдарч байсан юм. Дундаасаа 3 хүүхэдтэй, хамгийн том нь 7 настай, эмэгтэй Бын Амин-Эрдэнэ, 4 настай, эмэгтэй Бын Нандин-Эрдэнэ, 1 настай, эмэгтэй Бын Сарнай гэдэг. М эгч Б нар нь хууль ёсны баталгаагүй, хамтран амьдардаг. Манай эгч М, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэхдээ хоёулаа нийлээд уугаад байдаггүй. Тус тусдаа буюу Б нь гадуур архи согтууруулах унааны зүйл хэрэглээд явчихдаг, харин манай эгч М нь гэртээ хүүхдүүдээ харангаа хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг юм..” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал),
8.Гэрч Ч.Я өгсөн: “...Д.М нь манай гэрийн урд байдаг айлын эмэгтэй байгаа юм, би хааяа Д.Мийн гэрээр орж мэнд устай, бие биедээ тус дэм болдог хүмүүс. 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14-15 цагийн үед намайг гэртээ ....байж байтал гадаа хашааны гадаа Б “Ягаанаа эгчээ” гээд орилоод байхаар нь би гэрээсээ гараад очтол Б “эгчээ Мийг харсан уу, гар утас чинь байна уу” гэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж өгсөн чинь Б М рүү залгаад байсан ба М гар утсаа аваад Бтой гар утсаа яриад Б “чи хаана байна, Сансар руу явчихсан уу, чи хаана байна” гээд байхаар нь би Бод “Ц ахынд М байгаа” гэсэн чинь Б нь Ц ахын гэр рүү явсан. Тэгээд удалгүй би гэрийнхээ гадаа зээ хүүгээ хараад байж байтал Б, М нар Ц ахын гэрээс гараад гэр рүүгээ алхаж явсан, Б нь Мийн хар өнгийн куртикнийх нь ар захаас бариад чирсэн, нэлээн ширүүн гэр рүү яваад орсон. Тэгсэн удалгүй М, Б нарын охин Аминаа манайх руу гүйгээд ороод ирсэн ба Аминаа айсан сандарсан байдалтай “аниа таныг аав Б дуудаж байна” гэхээр нь би Аминаатай хамт Бын гэр рүү ороход Б Мийг газар шалан дээр хэвтүүлсэн байдалтай зодож байсан бөгөөд тэлээгээр Мийн толгой руу нь зогсоо зайгүй цохиод байсан. Тэгээд Б нь Мийн үснээс нь зулгааж байгаад зуух руу толгойгоор нь 1 удаа хүчтэй мөргүүлээд “чи одоо бос” гээд Мийн үсийг гарандаа ороож татаад орон дээр суулгасан чинь М сууж байснаа манараад ухаан алдаад уначихсан чинь Б нь Мийн хамар хэсэгт нь гараараа дарж байгаад сэрээгээд газар шалан дээр хэвтэж байхад нь “муу хүн үхдэггүй юм” гээд Мийн толгой дээр нь хөлөөрөө 3-4 удаа хүчтэй дэвссэн. Тэгсэн Мийн хамар, ам, нүүр зэргээс нь нэлээн цус гарч хавдаж хөхөрсөн, хүн аймар болчихсон байсан.Тухайн үед М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Б хэрэглээгүй байсан. Тэгсэн чинь Б Мд хандаж “чи буруугаа хэлэхгүй бол би чамайг ална шүү үнэнээ хэлээрэй, чи Ц ахтай унтсан юм уу” гэсэн чинь М “тийм, би Ц ахтай унтсан” гэсэн чинь Б “та мэдэж байсан юм уу” гэхээр нь би “М юу гэж Ц ахтай унтаж байдаг юм” гэсэн чинь Б “Ягаанаа эгчээ та сонсож байгаа биз дээ, М Ц ахтай унтсан гэж байна, та Ц ахыг дуудаад ир дээ” гэхээр нь би Ц ахын гэр рүү очиход Ц ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Ц ахыг аваад би Бын гэрт аваачиж өгсөн чинь Б Ц ахад хандаж “та манай эхнэртэй унтсан юм уу” гэсэн чинь Ц ах “үгүй би юу гэж танай эхнэртэй унтдаг юм” гэсэн чинь Б “манай эхнэр тэгвэл тантай унтсан” гэж хэлээд байна гээд заза та хэд явдаа гээд Ц бид 2 Бын гэрээс гараад явсан. Дахиж Бын гэрт очоогүй. Тэр үед Б, М болон түүний 3 хүүхэд байсан. ...Б Мийг өмнө нь цохиж зоддог байсан. Миний мэдэхээр тоогоо алдсан, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй. Б нь Мийг цохиж зодохдоо аймаар зоддог, зодуулсных нь дараа Мийн биед битүү гэмтэл шарх болчихсон явдаг. Б, М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хамт уугаад байдаггүй, тус тусдаа уугаад явчихдаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),
9. Гэрч Б.Н өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрхан 25 дугаар гудамж, 103 тоот гэртээ байж байгаад 11 цаг 40 минутын үед би архи согтууруулах ундааны зүйл авах гээд явж байгаад Мтэй таарахад надаас “аниа 1 пиво ууя” гэж хэлээд бид 2 дэлгүүрээс 2 том Нийслэл нэртэй пиво авч, Ц ахынд очоод пивоо ууж байхад Мийн нөхөр болох залуу 13 цагийн үед орж ирээд “эхнэрээ аваад явлаа” гэж хэлээд тэврээд аваад явсан, тэгээд бид нар гэр лүүгээ салаад явсан. М, Ц бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал),
10.Гэрч Ц.Ц өгсөн: “...манай эхнэр Нямцэцэг зүс таних нэг эмэгтэйг дагуулаад 1 архи, 2 том пиво авчраад ууцгаагаад сууж байтал 16 цагийн үед нэг залуу орж ирээд “уучлаарай ах нараа, эхнэрээ аваад явлаа” гээд нөгөө зүс таних эмэгтэйг өргөөд аваад явсан. Ц ахынд хэн нэгэн бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал),
11. Гэрч Б.Ц өгсөн: “...Нямцэцэг зүс таних эмэгтэйн хамтаар 2,5 литрийн “Боргио” нэртэй пиво 2 ширхгийг авч ирээд уусан. Бид хэдийг архи уугаад байж байхад зүс таних эмэгтэйн нөхөр нь гэх залуу 16 цагийн үед орж ирээд “сайн байна уу ах нараа, би эхнэрээ аваад явлаа шүү, уучлаарай” гээд эхнэрээ аваад явсан. ...Манай гэрт хэн нэгэн бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Би Б, М гэх хүмүүсийг танихгүй, М гэх эмэгтэйг зүс таних болохоос нэрийг нь өнөөдөр л мэддэг болсон. Тэр хавьд байдаг Ягаанаа гэх эмэгтэйн гэрээр орж гардаг юм байна лээ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал),
12. Гэрч А.М өгсөн: “...М, Б гэх хүмүүсийг танина, манай хороонд 2022 оны 08 дугаар сард ирж амьдарсан бөгөөд хамгийн анх Б өөрийн ээжийн хамт 2022 оны 08 сарын эхээр манай ажил дээр ирээд “манай эхнэр М 3 хүүхдээ хаяад архи уугаад явчихлаа, хүүхдүүдийг харах хүн алга арга хэмжээ авч өгөөч” гэж орж ирсэн. Энэ үед Бтой хамт явсан эмэгтэйгээс та юу нь вэ гэхэд би Бын ээж нь байна гэсэн тэгэхээр нь “та тэгвэл 3 хүүхдийг нь хар” гэхэд “би чадахгүй ажилтай” гэж хэлсэн. Ингээд маргааш нь би Быг дуудаж уулзахад “манай эхнэр ирсэн” одоо ямар нэг асуудал байхгүй” харин охиныг маань нэгдүгээр ангид оруулаад өгөөрэй” гэж хэлсэн. Энэ үеэс Бтой холбоотой ажилласан. Үүний дараахан 08 сарын сүүлээр байхаа хэсгийн ахлагчтай нь гэрт нь очиход гэрт нь хүнгүй байсан. 2022 оны 10 сард байхаа, эхнэртэйгээ явж байхад нь хорооны үүдэнд нэг таарахад эхнэр нь Быг 2-3 хоног алга болоод гэх зүйл ярьж байсан. Үүнээс хойш хэсэг чимээгүй байж байгаад 2023 оны 01 сард Б ирж уулзаад “хадмууд гэрт ирчихлээ, эд нар гэрт ирэхээрээ охиноо /Мийг/ дагуулаад архи уугаад зүгээр байсан хүнийг эвдээд байх юм, уул нь эд нар байхгүй бол гайгүй байдаг юм, гэж хэлсэн, тэгээд өнгөрсөн. Үүнээс хойш цагаан сарын битүүний өдөр хүүхдийн мэргэжилтэн Гэрэлмаа, цагдаагийн ажилтан нартай хамт очоод уулзахад М гэрээ цэвэрлээд 3 хүүхэдтэйгээ байсан харин нөхөр нь байгаагүй. Үүний дараа 2023 оны 03 дугаар сарын 21-22-ны үед цасан шуургатай өдөр Б ажил дээр ирээд “М шөнийн 2 цагийн орчим 3 хүүхдээ орхиод архи уух гээд явсан байна” гэхээр нь хүүхдүүдээ яав гэхэд манай дүү харж байгаа гэсэн, тэгээд гараад явсан. Энэ хоёр хүнтэй хоёулантай нь уулзаж үзсэн, аль аль нь хадам талаасаа болоод хэрүүл маргаан хийгээд байдаг гэж хэлдэг. Б надтай хэд хэдэн удаа уулзаж байсан нэг ч удаа согтуу байгаагүй, Мтэй 2-3 удаа уулзсан, энэ үед мөн л эрүүл байсан, цагдаагийн байгууллагад болохоор дандаа архины асуудлаар дуудлага өгсөн байдаг юм билээ. Бын гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл байдаг, эхнэр нь хүүхдүүдээ орхиод явчихдаг, энэнээс нь болоод нөхөр нь асуудал гаргаад байдаг ийм асуудал байгаа” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал),
13.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 362 дугаар: “М.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Асуултанд үнэн зөв хариулах, мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал),
14. Гэр бүлийн хүчирхийллийн олон удаагийн давтамжтай дуудлага, мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал),
15. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 178 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / 3.1.1. “...хамтран амьдрагч... хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тусгажээ.
Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаардана.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас үзвэл, амь хохирогч Д.М, шүүгдэгч М.Б нар нь гэр бүлийн баталгаагүй ч хамтран амьдраад 10 жил орчим болсон, дундаасаа 3 хүүхэдтэй байх бөгөөд тэдгээрийн аль алин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүс хэдий боловч хохирогч Д.М нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь ихсэж, энэ үедээ бага насны хүүхдүүдээ богино болон урт хугацаагаар орхиж гарч явдаг нөхцөл байдлаас үүдэн шүүгдэгч М.Б, хохирогч Д.М нарын хооронд үл ойлголцол үүсэж маргалддаг төдийгүй шүүгдэгч М.Б нь хохирогчид гар хүрч цохиж зоддог байсан, хохирогч нь зодуулсан тухайгаа өөрийн дүү Д.Хонгорзулдаа хэлж байсан нь гэрч Д.Хонгорзулын мэдүүлгээр, мөн гэрч Ч.Ягаанцэцэгийн “хохирогчийг маш олон удаа зодуулсан байдалтай байхыг харсан, тоог нь хэлж мэдэхгүй” гэсэн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримттай байна.
Улмаар 2023 оны 3 дугаар сарын 26-ны өглөө амь хохирогч Д.М нь 08, 05, 01 насны буюу бага насны хүүхдүүдээ орхиж Б.Ц гэх айлынд очиж бусадтай нийлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад түүний хамтран амьдрагч М.Б нь очиж гэртээ авчирсан даруй “хүүхдүүдээ орхиж гадуур архи ууж явлаа, бусадтай бэлгийн харьцаанд орсон уу” хэмээн уурлаж өөрийн бага насны хүүхдүүдийн дэргэд хамтран амьдрагч Д.Мийн нүүр болон бие рүү нь гараараа цохих, газар унасан байхад нь толгой дээрээс удаа дараа гуталтай хөлөөрөө дэвсэх, толгойгоор нь зуух мөргүүлэх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгаах, бэлэг эрхтэн лүү нь гараа хийж базаж цус гаргах зэргээр балмад хэрцгий байдлаар харьцсан нь насанд хүрээгүй гэрч Б.А, гэрч Ч.Я нарын мэдүүлэгт дурдагдсан, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчийн биеийн бүхий л талбайг хамарсан маш олон тооны шарх гэмтэл учирсан нь тогтоогдсон байх тул хохирогчийг энэ олон гэмтлийн улмаас өвтгөн шаналгаж, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд оруулсан шинжтэй төдийгүй тухайн гэрт байсан бага насны хүүхдүүд болох 5, 8 настай хүүхдүүдийг айдаст автуулсан шинжтэй байхыг үгүйсгэхээргүй байна.
Тодруулбал, шүүгдэгч М.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Мтэй буюу хохирогчтой харгис хэрцгий байдлаар харьцан, өөрийн бүрэн эрхшээлд байлгаж, түүнийг янз бүрийн хэлбэрээр тарчлаасан зовоосон үйлдлийг удтал үргэлжлүүлсэн, тэрээр өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн, шүүгдэгчийн эдгээр үйлдлүүд нь амь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 7 сая төгрөг зарцуулсан талаар мэдүүлсэн хэдий боловч уг зардлыг шүүгдэгч М.Боос нэхэмжлэхээс татгалзсан, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалтай хорих байгууллагад эдлүүлэх тухай” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нь “...шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль алин нь тогтоогдоогүй байна. Мөн өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, бага насны 3 хүүхэдтэй, хүүхдүүдийг нь ээж нь харж хандаж байгаа зэргийг харгалзан 17 жилийн хорих ял оногдуулах, боломжтой бол түүнээс бага ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч “...хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Шүүгдэгч М.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдлийн арга нь хэрцгий бөгөөд нийгмийн аюулын шинжийг ихээр агуулсан, гэмт хэргийн улмаас хүний эрдэнэт амь нас хохирсон, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч М.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдал /ард нь бага насны 3 хүүхэд үлдсэн, шүүгдэгчийн эхийн асрамжид байгаа/ зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан 17 жилийн хорих ял, эсхүл түүнээс бага хорих ялыг М.Бод оногдуулах тухай саналыг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгэр сарын 17-ны өдөр төрсөн Б.Н РД-*************/, 2015 оны 12 дугаар сарын **-ний төрсөн Б.А /РД-***********/, 2022 оны 02 дугаар сарын **-ны өдөр төрсөн Б.Сарнай /РД-*********/ гэсэн бага насны хүүхдүүдтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/424 дугаартай захирамжаар дээрх хүүхдүүдийн асран хамгаалагчаар эмээ Лхамхүүгийн Мийг тогтоосон байгааг тэмдэглэв. (2 дугаар хавтаст хэргийн 17-18, 79 дэх тал),
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 273 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар цоохор өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн футболк, алаг эрээн ноосон цамц, шоотой саарал цэнхэр өнгийн хөнжлийн даавуу, цэцэгтэй эрээн өнгийн орны бүтээлэг, цэнхэр өнгийн амны хаалт, хөх цэнхэр өнгийн алчуур, ноосон бүтээлэг, ягаан өнгийн турсик, үзмэн ягаан өнгийн оруулгатай саарал өнгийн ноосон бүтээлэг, ягаан өнгийн дотоож, саарал өнгийн хос оймс зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бын цагдан хоригдсон 273 (хоёр зуун далан гурав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Бын эдлэх 18 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар цоохор өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн фудболк, алаг эрээн ноосон цамц, шоотой саарал цэнхэр өнгийн хөнжлийн даавуу, цэцэгтэй эрээн өнгийн орны бүтээлэг, цэнхэр өнгийн амны хаалт, хөх цэнхэр өнгийн алчуур, ноосон бүтээлэг, ягаан өнгийн турсик, үзмэн ягаан өнгийн оруулгатай саарал өнгийн ноосон бүтээлэг, ягаан өнгийн дотоож, саарал өнгийн хос оймс зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.БААТАР
Ц.УРАНГУА