Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 134/ШШ2020/00177

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..... онд төрсөн, эрэгтэй, ...настай, хувиараа мал малладаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ..... дугаар багт оршин суух, Т нар овогт Б-ын Ц /РД:................., утас: ......................./

 

Нэхэмжлэгч: .......... онд төрсөн, эмэгтэй, ..... настай, хувиараа мал малладаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ..... дугаар багт оршин суух, Н овогт Б-ын М /РД:............., утас: ....................../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... онд төрсөн, эрэгтэй, ....... настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ..... дугаар баг, Төгрөг .......... тоотод оршин суух, Т нар овогт Б-ын М /РД:..............., утас:............../

Хариуцагч: ......... онд төрсөн, эмэгтэй, ........... настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дугаар баг, Төгрөг ........... тоотод оршин суух, Б овогт С-гийн О /РД:.............., утас: ................/ нарт холбогдох

 

12 сарын ажлын хөлс 13 200 000 төгрөг, зээлж авсан 2 300 000 төгрөг, нийт 15 500 000 төгрөгийг гаргуулах,

Хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон бусад баримтыг нягтлахад зөрүү гарсан үнэдслэлээр цалингийн зөрүү нийт 4 620 000 төгрөгөөр нэмэгдүүсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч П.Н, хариуцагч Б.М, С.О, тэдгээрийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц, Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Ц миний бие нь эхнэр, хүүхдийн хамт мал маллан аж төрсөн. Хариуцагч Б.М нь миний төрсөн ах юм. Б.М нь өөрийн нэр дээр тоологддог үхэр, адуу нийлсэн 140 гаруй тооны бод малыг манайхаар маллуулахаар болж, ажлын хөлсөнд сарын 1 100 000 төгрөг өгч байх, мөн гарсан төлийн 40 хувийг өгч байхаар тохироод 2018 оны хавар 4 сарын орчимд авч ирж, хүлээлгэн өгөөд явсан. Ингээд ажлын хөлсийг эхний саруудад өгөхгүй явж байгаад 2018 оны 7-11 сарын хооронд сар бүрийн ажлын хөлс 1 100 000 төгрөг нийт 5 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байдаг. Үүнээс хойш ажлын хөлсийг өгөхөө больсон. Бид ажил төрөл нь гайгүй сайхан амжаад мөнгө, төгрөгтэй болоод бөөнд нь өгөх гэж байгаа юм байх гэж боддог байлаа. Гэтэл малаа 2019 оны намар 11 сарын орчимд бэлчээрээс нь бидэнд хэлэлгүйгээр хураагаад аваад явсан байдаг. Ингэж хураан авч явахдаа манай мал болох нийт 30 тооны 2 азарга адуу, 10 үхрийг цугт нь хураагаад авч явсан байдаг. Мөн биднээс 2 300 000 төгрөгийг зээлж авсан. Тэд өнгөрсөн хугацаанд биднээр үнэгүй малаа маллуулснаас гадна манай малыг өөрийн малтай хамтад нь хураагаад аваад явчихсан нь бидний ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, мөн шударгаар өмчлөх эрхийг зөрчөөд байна.

Иймд Б.М болон түүний эхнэр С.О нараас нийт 12 сарын ажлын хөлс 13 200 000 төгрөг, зээлж авсан 2 300 000 төгрөг, нийт 15 500 000 төгрөгийг гаргуулан авч өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.М, С.Онар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Б.Ц-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний ээж Л.П нь 2013 онд нас барж бидэнд хүнд гарз учирч байсан. Ах, дүү нар хоорондоо зөвлөлдсөнөөр дүү Ж.У манай малыг маллаж байгаад нялх нойтон хүүхэдтэй төвд орж амьдрах шаардлагатайн улмаас Чойрын төвд эрхэлсэн ажилгүй Б.Ц-д бод, бог малаа төрөл бүр дээр нь өсгөж, үржүүлэх, мал аж ахуйгаас олсон орлогоороо өөрийн амьдралаа дээшлүүлэх, ах, дүүдээ туслах зэргээр ярилцан тохирч 900 гаран бог мал, 100 гаран адуу, 20 гаран үхэр хариуцуулан өгч байсан. Гэвч Б.Ц, М нар нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр барахгүй бидний хооронд үл итгэлцэл төрсөн. 2013 оноос хош мал маллах хугацаандаа архидан согтуурах, олсон мөнгө, төгрөгөө ямар ч тооцоогүй үрэн таран хийх нь ажиглагдаж байсан. 2017 оны намар өвлөөр бод мал Чойрын нутаг дэвсгэрт өвөлжих боломжгүй тул иргэн Б.Мөнхсайхан би өөрөө бод малаа урагш отор нүүдэл хийж, онд оруулж авч ирсэн. 2018 оны хавар бод малаа авч ирээд Чойрын нутагтаа авч ирж байх хугацаанд энэ гэр бүлийн хоёр нөхөр бод малыг чинь бог малтай чинь нийтэд нь 1 100 000 төгрөгөөр тохироод маллаж өгье. Нийт малаас гарах ашиг шимийг тэнцүү хувааж маллах гэсэн юм. Нийт малыг 4 төрөл дээр нь бүрэн бүтэн өсгөж үржүүлнэ гэж тохироод үлдээсэн. Гэвч Б.Ц, Б.М нар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр барахгүй бидний хооронд үл итгэлцэл үүссэн. Миний 8 тооны адуу алга болсны 2 гүүг үхсэн гэж хэлдэг боловч надад сэг зэмийг нь үзүүлээгүй 6 адуу алга болсон гэсний дагуу аймгийн цагдаад хандсанаар мөрдөгч Т шалгасан боловч энэ асуудал шийдэгдээгүй ба мөрдөгч Түмэнбаяртай олон хоногоор эрэл хайгуул болсон. Миний хувьд тэднийг алга болгосон гэдэгт итгэхгүй, зарж үгүй болгосон гэж үзэж байна. Тухайн үед миний бие цагдаад өргөдөл, гомдол гаргаж мал хулгайн хэрэг хариуцсан Т гэгч шалгасан боловч албан ёсоор бүртгэлжүүлж шалгаагүй болохыг мэдэж ахин өргөдөл, гомдол гаргаснаар одоо мөрдөгч Б шалгаж байгаа бөгөөд энэ материалд үзлэг хийж нотлох баримтаар иргэний хэрэгт хавсаргуулмаар байна. Мөн энэ 8 тооны адуу нь янз бүрийн үнэлгээтэй.

Үүнд: Хээр морь 8 настай монгол тамгатай, хүрэн гүү 8 настай монгол тамгатай, хүрэн цавьдарь гүү 8 настай монгол тамгатай, цавьдарь буурал соёолон морь монгол тамгатай, бор гүү соёолон настай монгол тамгатай, эрлийз хар гүү соёмбон тамгатай 8 000 000 төгрөгөөр авсан, хас тамгатай зээрд морь, босоо хайруулан тамгатай хонгор буурал соёолон.

Б.Ц, Б.М нар нь мал маллаж бүрэн бүтэн байлгах яриа тохироо хүлээсэн үүргээ биелүүлээгүй бог малаа 1000 гаран болгоод удаа дараа устгаж өөрсдийн эрх ашгаа урьдал болгож одоо өнөөдрийн байдлаар тэдний хариуцсан бог мал манай хотонд байхгүй устгаж дууссан юм байна лээ. Ингэж намайг хохироосон учир цалин өгөхөө зогссон бөгөөд бог малын анхдагч гарал үүсэл нь манай ээж Л.П хүү Б.М бид хоёрын үүсэл санаачилгаар хоёр талаасаа нийлүүлж өсгөн үржүүлж ирсэн мал юм. Үүнийг нотлох баримтаар нотлох болно. Мал маллаж байх хугацаандаа энэ хоёр олон машин худалдан авч, Тэрэгтэд одоо амьдарч байгаа мөн морины зүчээ Баянтал суманд 5 айлын газар /утас засварын Болат гэгчээс худалдан авсан/. Жил болгоны ноос, ноолуурын мөнгө, ноос, ноолуурын урамшуулал, арьс ширний урамшууллын мөнгийг энэ хоёр хүн л хувьдаа хэрэглэж үрж тараасан. Энэ миний малыг зарж борлуулж, хууль бус орлого олсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд, энэ нэр бүхий хоёр хүний дээрх данснуудыг цаг хугацаагаар нь шалгаж, нотлох баримтаар иргэний хэрэгт хавсаргуулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна. 2 300 000 төгрөг зээлж авсан гэж ярьдаг нь манай эхнэрийн байрыг түрээсэлж байсан ба нэхэл дагал болж байж түрээсэнд манай эхнэрийн дансанд орсон мөнгө юм. Мөн хурдан удмын миний үрээг битүүмжлүүлнэ гэжээ. Энэ асуудал нь малын хулгайн хэргээр цагдаагийн байгууллагад мөрдөгч Д дээр шалгагдаж байгаа. Харин миний адууг буюу загал үрээг хулгайлсан гэмт этгээдүүд шүү. Хийсэн гэмт хэргээ хайцаалж, цагдаад зодсон гэж худал гомдол гаргах, шүүхэд төрсөн ахыгаа удаа дараа хохироочихоод цалин мөнгө нэхэх зальт арга зохион байгуулж байгаа улс юм.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц, Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч талаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлд хариуцагч нараас 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хариуцагч нарын малыг малласаны ажлын хөлсийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн дүнг буруу тооцоолжээ. Хавтаст хэрэгт байгаа банкны хуулга, болон бусад баримтыг нягтлахад дараах зөрүү гарав.

Тодруулбал: Хариуцагч нарын малыг малласан гэх хугацаа 2018 онд 9 сар, 2019 онд 11 сар, нийт 20 сар байна. Харин нэхэмжлэлд 5 сарын ажлын хөлсийг хүлээн зөвшөөрсөн, 12 сарын ажлын хөлс, нийт 17 сар дурдагдсан байна. Мөн хүлээн зөвшөөрсөн ажлын хөлсийг 5 сараас 1 сар 220 000 төгрөгийн зөрүү гарч байна. Дээрх зөрүүг мөнгөн дүнээр задалбал: Зөрүү сар 4=цалин 4 400 000 төгрөг, цалингийн зөрүү 220 000 төгрөг нийт 4 620 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М, С.О нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Б.Ц, Б.М нарыг манай малыг маллаад өгөөч гэдэг талаар би гуйж байгаагүй. Харин энэ хоёр хүн 2018 оны 04 дүгээр сарын сүүлчээр манайхыг адуу, үхрээ ногоо идүүлэхээр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг Цагаан худгийн гол гэх газар оторлож байхад Б.М утсаар яриад малыг чинь маллахгүй бол энэ голын хүмүүс Б.Цыг нэг нүдээрээ ч харахгүй хоосон гуйлгачин мэтээр үзээд байна гээд байхаар нь өөрийн төрсөн дүүгээ өрөвдөөд сард 1 000 000 төгрөгийн цалин өгөөд, дээр нь 100 000 төгрөгийг дотор бензин шатахууны зардал өгөхөөр тохирсон юм. Ингээд Б.Ц, Б.М нарт 74 үхэр, 111 адууг тоо толгойгоор нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн юм. Ингээд 2018 онд эхнэр О-гийн 5990212874, 59901103568 дансуудаар 3 182 000, хүү М.М-ын 5990205639 дансаар 3 2000 000 нийт 6 382 000 төгрөгийг цалин болгож, шатахууны зардлыг шаардлагатай үед нь буюу 2018 оны 05 дугаар сарын 23-нд 41 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 10-нд 40 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 14-нд 60 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-нд 47 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 10-нд 50 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-нд 300 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-нд 90 000 төгрөг нийт 828 000 төгрөг өгч байсан билээ. 2019 оны 11 дүгээр сард надад хэлэлгүйгээр миний хүү М.М-оос Б.Ц өөрийн хурдан адууны тэжээлд зориулж 4 000 000 төгрөгийн үнэ бүхий 500 боодол өвс авахуулсан байсан. Энэ 4 000 000 төгрөг бол хүү бид хоёрын дундын ашиг орлогоос гарсан мөнгө юм. Б.Ц нь миний адууг маллаж байхдаа сайхан сэтгэлийг минь ашиглаж удам угшил сайтай 6 тооны адуу, Дорнод аймгаас 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан хурдан удмын эрлийз хар гүү зэргийг харж хандаж байх үүрэг хүлээсэн хүн хариуцлагагүй хандсаны улмаас одоо хаана байгаа болох нь тодорхойгүй болж хүлээсэн үүргээ биелүүлээгүй билээ. Алга болсон хээр гүүг 2 000 000, хээр морь 2 000 000, хонгор цавьдар соёолон морь 1 000 000, хүрэн цавьдар гүү 1 000 000, бор гүү /загал/ 1 000 000, эрлийз хар гүүг 8 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 15 000 000 төгрөг болж байна. Мөн хүлээж авсан 74 тооны үхрээс дутагдуулсан, өсгөж үржүүлсэн болон ашиг шим байхгүй байсан. Өнөөдрийн байдлаар Б.Ц, Б.М нар маллаж байх хугацаанд нь өсөөгүй үхэр 90 гаран тооны, адуу 140 гаруй болчихоод байна. Ийм л хариуцлагагүй хүмүүс байгаа юм. Иймд дутагдуулсан 10 үхрээ тус бүрийг 800 000 төгрөгөөр үнэлж нийт 8 000 000 төгрөг болно.

            2018 оны 11 дүгээр сар, 2019 оны 03 дугаар сард Б.Ц, Б.М нар хурдан морины хүчит тэжээл аваад өгөөч гэж гуйхаар нь 2 удаагийн явалтаар 1400 ширхэг хүчит тэжээлийг тус бүрийг 5000 төгрөгөөр бодож нийт 7 000 000 төгрөгөөр худалдан авч өөрийн зардлаар авчирч өгсөн. Энэ үндсэндээ 7 сарын цалин болохоор байна. Энэ хоёр хүний хариуцлаггүй үйлдлээс болж иргэн миний бие 34 000 000 төгрөгөөр хохироод байна. Ийм учраас нэхэмжлэгч Б.Ц, Б.М нар хүлээсэн үүргээ биелүүлээгүй мал дутааж, үрэгдүүлж байсан, малын ашиг шим байхгүй болохоор нь олгох цалинг зогсоож өөрийн малаа авсан юм.

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Ц, Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би олон жил Б.М ахынхаа малыг маллаж байсан. Өвөл нь надтай муудаж малаа аваад явсан. Хавар нь надаас мал маллаад өгөөч гэж 2018 оны 04 дүгээр сард хариуцагч Б.М, С.О нар нь сарын 1 100 000 төгрөг, төлийн 40 хувийг өгье гэж гуйж байсан. Эхлээд сарын цалингаа өгч байсан. Сүүлд ажил болохгүй байна, боломж бололцоогүй байна тэгж байгаад өгнө гэж хэлээд өгөхгүй яваад байсан. Мөн сүүлд надаас зээлсэн 2 300 000 төгрөгөө мартсан байсан. Мөн надад хэлэхгүй малаа аваад манай нас барсан эгчийн хүүд өгч маллуулсан байсан. Мөн түүн дотор манай хүүхдүүдийн адуу, үхэр хамт явсан байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сар хүртэл малласан малынхаа хөлсийг авъя гэж нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэгт цугларсан материалаас худал материал их байгаа. Нэхэмжлэлийн шаардлага 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх нийт 20 сарын хугацааны цалин хөлс, зээлүүлсэн 2 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл байна. 20 сарын хугацаанаас 4 сарын хөлсийг авсанд тооцсон. Анх тохиролцохдоо сарын хөлсийг 1 100 000 төгрөг гэж тохирсон нь 2018 оны 04 дүгээр сард мал авч ирсэн байдал нь хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагатай таарч байгаа. Мөн хариуцагчийн анх гаргасан тайлбартай ч таарч байгаа. Энэ харилцаа нь хариуцагч нар 2019 оны 11 дүгээр сард малын тооцоо нийлэхгүй малаа авч явснаар дууссан. Мөн тодорхой сарын цалинг шилжүүлж байсан ба сүүлд мөнгө шилжүүлээгүй байдаг. Хариуцагч нар 2018 оны 7 дугаар сараас 10 сарын хооронд мөнгө шилжүүлсэн. Үүнд 1 000 000 төгрөг, 1 080 000 төгрөг, 1 100 000 төгрөг шилжүүлсэн харагддаг. Үүний хүрээнд маргаж байгаа. Мөн 2 300 000 төгрөгийг зээлсэн байдаг. Энэ хугацаанд мал 40 гаран үхэр, 100 орчим адуу байсан байдаг. Талууд шүүх хуралдаанд соёлтой оролцох хэрэгтэй. Гэрч У-ын мэдүүлэгт  малыг хэлэхгүйгээр авсан байдаг. Мал шилжиж очих үед тооцоолол хийгээгүй. Энэ маргаан нь хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой. Үүнд хугацаа заагаагүй бол талууд харилцан тохиролцож хугацаа дуусгавар болдог. У-ын мэдүүлгээс харахад нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сар хүртэл нэхэмжлэгч нар малыг маллаж байсан харагддаг. Мөн хариуцагч нь малаа хүлээлгээд өгөхөд төл аваагүй гэж ярьдаг. Үүнтэй холбоотой 2 талд малыг хүлээж авсан акт байдаггүй. Ямар ч байсан мал малласан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөн хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргана. Мөн малтай холбоотой тооцоо нийлсэн баримт байхгүй тул түүний ашиг шимийн талаар ярих боломжгүй. Зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч талаас 2 300 000 төгрөгийг хариуцагч нар түр зээлүүлээч гэж гуйж авсан байсан. Хариуцагч талаас одоо байр түрээсэлсний хөлс гэж үзнэ гэсэн. Харин үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй учир уг 2 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн. Шүүх хуралдаанд талууд соёлтой байхыг хүсч байна. Сүүлийн тайлбартаа хариуцагч тал танай малыг маллахгүй бол би энэ нутагт нэр төргүй болсон гэсэн байсан. Иймэрхүү зүйлийг ярихгүй байх ёстой. Мөн энэ хэрэг гэрээгээр хийгдсэн. Хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон гэрээг хэдийд ч дуусгаж болно гэдэг. Энэ шаардлагыг хариуцагч тал биелүүлээгүй. Нэхэмжлэгч талд мэдэгдэхгүйгээр малыг бэлчээрээс нь авсан байсан. Мөн хариуцагч тал манайх төл аваагүй мал багассан байсан гэдэг. Үүнд мал хүлээлцсэн акт байхгүй. Мөн хавартаа хүлээлгэхдээ төлийг хүлээж авсан акт байдаггүй. Саяын гаргасан тайлбартаа ажил үйлчилгээний онцлогоос гэж хэлсэн. Мөн хугацааг тоолоход хүндрэлтэй. Хэзээ малыг хүлээж авсан тодорхойгүй. Талууд ах дүү хүмүүс гэрч нар мөн мэдүүлэг өгөхөд хүндрэлтэй байдаг. Малаа хүлээж авахад нийлсэн нэг ч баримт хэрэгт байхгүй. Энэ нь ажил гүйцэтгүүлэгч талын хариуцлагагүй байдал. Мөн Иргэний хуулийн 363.1-т зааснаар ажлын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хариуцагч талын тайлбарт би энэ хүмүүст зориулж адууны тэжээл дөхүүлж өгч байсан гэдэг. Харин хариуцагч тал малаа маллуулж байгаа тохиолдолд түүний бусад зүйлийг нийлүүлэх хэрэгтэй. Ажил үйлчилгээний онцлогт таарсан ажлыг хариуцагч тал хариуцах ёстой. 100 гаран адуу гэдэг нь ойролцоогоор 150 000 000 төгрөг болоход үүнд шаардлагатай хэрэгцээтэй зүйлийг ажилуулагч тал хариуцах ёстой. Хөлсөө өгөөд малаа авч явсан бол харилцаа дуусах байсан. Нэхэмжлэгч нар ажиллаж байх хугацаандаа хөлсөө нэхээд 2019 оны хавар ч Ц нэхэж байсан. Энэ хавар үүнээс үүдэж зодоон болсон. Энэ зодоонтой холбоотой хэргүүд цугларсан. Зээлсэн мөнгөө ажлын хөлсөө нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нарын ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой тайлбар хэрэгт ирсэн. Үүнд тайлбар хэлэхэд нэхэмжлэгч нар ажлын хөлсөө хэзээнээс нэхэмжилж байсан бэ? гэдэг зүйл яригдана. Энэ ажиллах байх хугацаанд нэхэмжилж мөн малаа авч явсны дараа ч нэхэмжилж байсан. Зээлсэн мөнгө болон ажлын хөлсөө нэхэмжилхэд хэрүүл, маргаан болдог. Үүнээс үүдэж энэ хавар энэ хүмүүсийн хооронд зодоон болсон. Эдгээр хүмүүс хоорондоо ах дүү хүмүүс ч ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй. Тиймээс тохирсон тохиролцоондоо хүрч хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардаж байгаа үнийн дүнг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.М, С.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цалинтай холбоотой тайлбар хэлье. Энэ 2 хүн хариуцаж байсан 914 тооны малаа 2019 онд үрж дуусгасан. Идэх хоолгүй, ах дүү нар харилцаа муутай байдаг. Би өөрийн адуу, үхрээ улсын тооллогын тоогоор нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр би байр унаагаар хангаж байсан. Энэ хүмүүс 4, 5 жил манай эхнэрийн байранд амьдарч байсан. Түүний 2 300 000 төгрөг өгчихөөд одоо бид зээлсэн гэж нэхэмжилж байна. Мөн би унах унаагаар хангаж шинэ мотоцикль авч өгсөн. Мөн би энэ хүмүүсээс 900 гаран бага малаас нэг кг ноос, ноолуур нэхэж үзээгүй. Би энэ хүмүүсийн анх гэр бүл болсноос үүдэж харж хандаж байсан. Мөн би өөрийн малаа маллуулж байхад амьдрал ахуйд нь хэрэг болох зорилготой бензин тосны мөнгө хүртэл өгч байсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн шиг зүйлсээс болж 06 дугаар сард зодоон болсон. Би хүн чанаргүй зан гаргаж энэ хүмүүсийг хоосон хонуулж байгаагүй. Энэ 2 хүн миний нэрний хурдан загал үрээнээс үүдэж маргаан үргэлжилж байгаа гэв.   

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас тухайн маллаж байсан малын цалин хөлсийг зогсоосон асуудалд тайлбар хэлсэн. Харин 2019 оны 11 дүгээр сар хүртэл Ц гэдэг хүн малыг усалж байсан гэдэг. Тухайн үед хэлцэл хийж 1 000 000 төгрөгийн цалин өгье гээд 100 000 төгрөгт бинзен шатахуун авч бай гэж хэлж байсан байна. Мөн  М гэдэг хүний дансанд тодорхой хэмжээний мөнгө буюу цалин шилжүүлж байсан нь харагддаг. Мөн ажлын хөлсийг өгч байсан. Ажлын хөлсөнд өвс хүртэл өгч байсан. Нийт хэрэгт авагдсан баримтаас тооцоог гаргахад 34 000 000 төгрөгийн тусламж энэ хүмүүст өгч байсан байдаг.  Хүн энэ хүмүүс манай малыг малладаг гэх үүднээс тусламж үзүүлж байсан. Бензиний мөнгө гэхэд 828 000 төгрөг өгсөн байдаг. Мөн адуу мал үрэгдсэн асуудлаар хариуцагч өргөдлөө цагдаагийн газарт гаргаж шалгуулдаг. Б.Ц хулгай хийсэн зүйл байхгүй байна гэж аймгийн Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Мөн алга болсон малыг тооцоход 15 000 000 төгрөгийн мал байхгүй болсон. Үүнд Дорнод аймгаас авсан хурдан удмын адуу байсан. Тухайн малыг хариуцлагатай хариулаад явж байсан бол өсөж байх ёстой байсан. Мөн үхэр дутагдуулсан. Түүнийг тооцоход 8 000 000 төгрөгийн адуу алга болсон байдаг.  Энэ асуудалд ах дүү хүмүүс хоорондоо тооцоо нийлж эвлэрч болох байсан. Мөн энэ асуудал нь бүр хүндэрсэн. Энэ асуудал нь цаашдаа үр хүүхдүүдийн хоорондын асуудал болно. Одоо ч шүүх хуралдаанд талууд тооцоо нийлж эвлэрч болно. Мөн өвс ачсан тээврийн хөлсийг хүртэл нэхэмжлээгүй. Тээврийн хэрэгслийн жолоочийн тодорхойлолт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас их хөрөнгийг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ц, Б.М нар хариуцагч  Б.М, С.О нарт холбогдуулан 12 сарын ажлын хөлс 13 200 000 төгрөг, зээлсэн 2 300 000 төгрөг, нийт 15 500 000 төгрөг гаргуулах,

Хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон бусад баримтыг нягтлахад зөрүү гарсан үндэслэлээр цалингийн зөрүү нийт 4 620 000 төгрөгөөр  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Б.М, С.О нараас “... 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр манайхыг адуу, үхрээ ногоо идүүлэхээр оторлож байхад Б.М утсаар яриад малыг чинь маллая гэхээр нь өөрийн төрсөн дүүгээ өрөвдөөд сард 1 000 000 төгрөгийг цалин дээр нь 100 000 төгрөгийг бензин шатахуун, өвс тэжээлийн зардал өгөхөөр тохиролцож малаа маллуулахаар болсон, 2 300 000 төгрөгийг авсан  нь үнэн, гэхдээ банкны өр зээлтэй холбоотой аваагүй, харин байрны түрээсийн мөнгө байсан ...” хэмээн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сарын 1 100 000 төгрөгийн хөлстэйгээр малыг нь малласан гэж,

Хариуцагч нар 2018 оны 04 дүгээр сарын 20-доос 2019 оны 09 сарын 20-д хүртэл хугацаанд Б.Ц, Б.М нар харсан, үүнээс хойш Ж.У малыг хүлээн авсан, сарын 1 000 000 төгрөгийн хөлс төлөх, 100 000 төгрөгийг бензин шатахуун, өвс тэжээлийн зардалд тооцохоор тохиролцсон гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч хэрэгт авагдсан Б.М-ын ХААН банкны дансны хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч тал  мал маллах, хариуцагч тал хөлс төлөхөөр хэлэлцэн тохирсоноос үзэхэд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ  хэмээн заажээ.

Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээний гол нөхцөл нь ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх болон ажиллуулагч нь хөлс төлөхийг тохиролцсон байхыг шаардах ба зохигчдын энэхүү хүсэл зориг нь илэрхийлэгдсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нэг сарын хөлсний хэмжээ болон хөлс төлөх хугацааны хувьд маргаж байгаа ба хуульд заасан нотлох үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул шүүх мал малласны хөлсийг нэг сарын 1 000 000 төгрөгөөр, 2018 оны 04 дүгээр сарын 20-ноос 2019 оны 09 дүгээр сарын 20 хүртэл хугацаагаар тооцож, мал малласны хөлс олгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн зохигчид 2 300 000 төгрөгийг зээлсэн, зээлээгүй гэж маргах боловч хариуцагч С.О нь нэхэмжлэгч Н.М-аас 2 300 000 төгрөг зээлсэн нь үнэн, гэхдээ уг мөнгийг байрны түрээсийн төлбөрт авсан гэж маргана.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.М нь 2 300 000 төгрөгийг С.О-т шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох ба хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хариуцагч С.О нь 2 300 000 төгрөгийг зээлсэн болох нь нэхэмжлэгч Б.М-ын ХААН банкны дансанд 2 300 000 төгрөг шилжүүлсэн хуулга /хх-8/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Харин хариуцагч нар нь 2 300 000 төгрөгийг байрны түрээсийн мөнгө гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан эхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд, хариуцагч нараас хэлцлийн үүрэгт 18 118 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 248 540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М, С.О нараас 18 118 000 төгрөгийг /арван найман сая нэг зуун арван найман мянган/ гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц, Б.М нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 000 000 төгрөгийн /хоёр сая/ шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 248 540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц, Н.М нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхээс гарах шийдвэрийн  биелэлтийг баталгаажуулсан хариуцагч Б.М-ны өмчлөлийн эд хөрөнгө болох сартай загал зүсмийн шүдлэн насны адууг битүүмжилсэн арга хэмжээ дуусгавар болохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА