Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2020/00183

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .... онд төрсөн, эмэгтэй, .. настай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, ...... тоотод оршин суух, М овогт Д-гийн Ц /РД:............... утас: ............../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... онд төрсөн, эмэгтэй, .... настай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, .............. тоотод оршин суух, Х овогт Т-ийн С /РД:..............., утас: ................/-д холбогдох

 

Үндсэн зээл, 16 сарын хүү, нийт 11 440 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн иргэн Т.Снь Төрийн банк ХХК-д ажиллаж байх хугацаандаа өөрийн банкинд намайг хадгаламжтайг мэдэж надаас мөнгө зээлдэг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 19-нд 1 850 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-нд 4 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-нд 500 000 төгрөг зээлсэн.

Д-дээ том машин авч өгч, амьдрал ахуйгаа дээшлүүлнэ гэж 1 сарын хугацааатай, өөрийн эх Н-гийн 5994001528 дансанд шилжүүлсэн ба өнөөг хүртэл өгөөгүй. Би нөхөр болон өөр лүү нь мессеж бичиж нэхсэн боловч өнөө маргаашгүй өгнө гэж худлаа ярьсаар одоог хүргэсэн. Миний дугаарыг блоклон холбоо барих аргагүй болсон. Би хадгаламжаа барьцаалсан зээл авч одоог хүртэл зээлээ төлж чадаагүй байна. Т.С нь тухайн үед надаас 10 хувийн хүүтэй зээл авсан боловч би 5 хувийн хүүгээр бодож нэхэмжилж байна. Үндсэн мөнгө 6 350 000 төгрөг, 16 сарын хүү 5 080 000 төгрөг нийт 11 440 000 төгрөг нэхэмжилж байна. Хадалгамжийн хүү 2 хувь, зөвхөн 3 хувийн хүүг нэхэмжилж байна гэжэээ.

 

Хариуцагч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Ц-аас 6 350 000 төгрөг зээлсэн нь үнэн ба ямар нэгэн хүү нэмж төлөх талаар тохиролцож, гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй билээ. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн хямралтай хэцүү байгаагаа тайлбарлаж, хэлж мөнгийг төлөхийг хичээн өөрийн боломжоороо төлж байсан ба Д.Ц нь 1 өдрийн 2 хувийн хүү нэхэж, дарамталж эхэлсэн тул дугаарыг нь 7 хоног блок хийсэн нь үнэн. Өөрөө бага насны хүүхэдтэй, нөхөр ажилгүй өдийг хүртэл төлж чадаагүй, одоо ч хоёулаа ажил, орлогогүй байгаа тул үндсэн мөнгөнөөс миний төлсөн мөнгөн дүнг хасч /1 475 000 төгрөг/ бодож өгнө үү. Үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлсөн дүнг жагсааж, дансны хуулга хавсаргав. 2018.09.20-нд 40 000 төгрөг, 2018.10.18-нд 185 000 төгрөг, 2018.10.31-нд 100 000 төгрөг, 2018.11.05-нд 450 000 төгрөг, 2018.11.08-нд 290 000 төгрөг, 2018.11.09-нд 225 000 төгрөг, 2018.11.19-нд 185 000 төгрөг, нийт 1 475 000 төгрөг төлсөн гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу амаар хэлцэл хийж харилцан тохиролцсон. Түүний нотолгоо нь Т.С нь 1 850 000 төгрөгний 10 хувийн хүү 185 000 төгрөгийг 2018.10.18-нд, 2018.11.19-нд 4 500 000 төгрөгний 10 хувийн хүү 450 000 төгрөгийг 2018.11.05-нд миний ХААН ХХК-ийн 5454013223 дансанд шилжүүлсэн болно. 2018.11.07-нд Т.С нь маргааш өгнө гэж 498 000 төгрөгийг ээж Н-гийн 5994007528 дансанд шилжүүлж, 2018.11.08-нд 290 000 төгрөг, 2018.11.09-нд 225 000 төгрөг шилжүүсэн. Энэ мөнгө Т.С-д зээлдүүлсэн 6 350 000 төгрөгтэй ямар ч хамааралгүй. Шилжүүлсэн хуулгыг хавсаргав. 40 000 төгрөг, 100 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн хуулга нь байна. Хэрвээ би Т.С-д өртэй байсан бол над руу шилжүүлсэн хүүгээсээ хасах байсан байх. Хүний мөнгө худлаа ярьж авчихаад 2 жил шахан болж байхад нэг ч төгрөг шилжүүлээгүй. Би алданги тооцоогүй. Зээлдүүлсэн бүх мөнгийг би хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн. Би нэхэмжилсэн мөнгөө гаргуулж авах хүсэлттэй байна. Өмнө нь банкинд ажиллаж байхдаа надтай аман хэлцэл хийж, олон удаа сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байсан нь үнэн гэжээ.

 

Хариуцагч Т.С шүүхэд гаргасан нэмэлтэй тайлбартаа:

Т.С миний бие 2018.11.07-нд Д.Ц-аас 498 000 төгрөг авсан нь үнэн, нийт 6 848 000 төгрөг дансаар авсан ба буцааж, 1 475 000 төгрөг шилжүүлсэн. Д.Ц-аас өмнө нь мөнгө зээлж байхдаа тохиролцсон хүү нэмж өгч байсан бол сүүлд мөнгө авахдаа нэмж өгнө гэж тохиролцоогүй ч надад мөнгө өгсөн итгэлийг нь алдахгүй юмсан гэж бодоод өөрийн дураар мөнгө нэмж өгий гэж бодсон ч санхгүүгийн чадамж муу байсан тул нэмж өгч чадаагүй өөрт олдож байгаа мөнгө болон ээж Т.Н-гээс мөнгө зээлж Д.Ц-д шилжүүлж байсан гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед Т.С ажлаасаа гарсан байсан. Нөхөртөө том машин авч өгөх гэсэн юм гээд 1 сарын хугацаатай, 1 850 000 төгрөг өгсөн. Арай мөнгө дутаад байна гээд 4 500 000 өгөөчээ гэж хэлсэн. Том машин авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн юм гэх хэлсэн. Яг баталгаатай юм уу, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж байгаа юм бол өгье гээд өгсөн. 1 850 000 төгрөгний 2 сарын хүүг шилжүүлсэн. 4 500 000 төгрөгийг аваад 1 сард хүүг нь шилжүүлсэн. Хүнээс мөнгө авах гэж байна. Хүнээр цалингийн зээл авахуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэр хүнээс нь асуухад надаас мөнгө авсан гэж хэлсэн. Би мөнгөө нэхээд 2, 3 сар мессеж бичиж байсан. Нөхөртөө машин авч өгнө гэж хэлж авсан болохоор би нөхөр рүү нь мессеж бичсэн. Нөхөр нь том тэрэг авсан. Дугуй нь хагарсан, эвдэрчхээд байна, өнөө маргаашгүй шилжүүлнэ гэж байсан. Өнгөрсөн оны 11 сард гэрт нь очиж уулзсан. Аашилж, загнаагүй ямар боломж байна гэж ярилцсан. Заавал шүүх,  цагдаагаар явах уу гэхэд шүүх, цагдаагаараа яв гэж хэлсэн. Тэгээд би эвлэрүүлэн зуучлахад өгсөн. Зүв зүгээр байж байгаад хүнд зүгээр мөнгөө өгдөг хүн гэж байхгүй. Банкинд ажиллаж байсан, гэдгээрээ хүний хадгаламж байгааг мэдчихээд, мөнгө аваад хохироож болохгүй. 5 хувийн хүүг нэхэмжилсэн. Тус болсон хүнд ингэж хандаж болохгүй. Нэг сая гаран төгрөг шилжүүлсэн. Тэр дундаа 500 000 төгрөг шилжүүлсэн гээд байгаа тэр нь дугуй эвдэрчихлээ гэж надаас авсан мөнгөө надад буцааж өгсөн мөнгө болгож тооцон дээрээ нийлүүлсэн байсан. Харилцахын хувьд зөндөө олон удаа харилцаж байсан. Гэтэл утасны дугаарыг блоклож алга болоогүй байсан бол байдал ийм дээрээ тулахгүй байсан. Нийт 11 440 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх мөнгө өгөлцөж, авалцаж зээлдэг байсан. Би боломжтой үедээ хүүтэй нь өгч байсан. Итгэлийг нь алдчихгүй юмсан гээд нэгээс аваад, нөгөөд өгөөд явж байсан. Мөнгө авахын тулд янз янзын юм хэлж авсан нь миний буруу. Машин авсан нь үнэн. Гэхдээ худалдаж аваагүй, түрээсээр авсан байгаа. Би өөрөө хэрэгт холбогдсон учраас мөнгөө өмгөөлөгчийн төлбөр мөнгө гэх мэт зүйлд зарцуулсан байсан. Машин тэрэгтэй болж байгаа учраас төлж чадах байх гэж бодсон. Хүүний хувьд эгч нь чамд тусална гэж хэлж байсан. Хамгийн сүүлд 1 сарын дараа өгнө гээд зээлсэн байсан нөхрийн машин эвдэрсэн байсан учраас үнэхээр төлөх боломжгүй болоод хэлэхэд тэр үедээ надад уурлаж байсан. Өдрийн 2 хувиар алданги тооцно гээд өдөр, шөнөгүй ээж, нөхөр бид нарыг шүүхэд өгнө гэж уурлаж байсан. Прокурор өргөдлөө бичээд аваад ир, хэрэг дээр чинь хэрэг нэмнэ гэх мэтээр хэлж байсан. Эвлэрүүлэн зуучлал дээр очиход одоогийн мөнгөн дүнгээр нэхэмжилж байсан. Шүүхийн шийдвэрт өндөр төлбөр төлж байгаа болохоор шүүх юу гэж шийднэ түүгээр нь болъё гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 6 350 000 төгрөгнөөс 5 375 000 төгрөг буюу үндсэн мөнгийг төлнө гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Т.С-д холбогдуулан үндсэн мөнгө 6 350 000 төгрөг, 16 сарын хүү 5 080 000 төгрөг, нийт 11 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс “... Зээлдүүлсэн бүх мөнгийг би хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн. Т.С нь тухайн үед надаас 10 хувийн хүүтэй зээл авсан боловч би 5 хувийн хүүгээр бодож нэхэмжилж байгаа, алданги тооцоогүй ...” гэж,

Хариуцагчаас “... Д.Ц-аас 6 848 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Үндсэн мөнгөө төлөхөд татгалзах зүйлгүй. Уг мөнгийг зээлэхдээ хүү төлөх талаар тохиролцож, гэрээ хэлэлцээр байгуулаагүй гэж ...” тус тус маргана.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ хэмэээн заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ц нь 6 848 000 төгрөгийг хариуцагч Т.С-д шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох ба хариуцагч Т.С нь мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч Т.С нь нэхэмжлэгчээс 6 848 000 төгрөгийг зээлсэн болох нь нэхэмжлэгчийн Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-25/, хариуцагчийн төрсөн эх Т.Н-гийн Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх17-23/, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан байх тул тэдний хооронд хийгдсэн аман гэрээний дагуу хүү тооцох үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч хүү тогтоосон гэх боловч хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иймд, хариуцагч Т.С-ээс 5 375 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож, /6 848 000-1 473 000=5 375 000 төгрөг/ нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 065 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С-ээс 100 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т заасныг баримтлан хариуцагч Т.С-ээс  5 375 000 /таван сая гурван зуун далан таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6 065 000  /зургаан сая жаран таван мянган/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 990 /нэг зуун ерөн долоон мянга есөн зуун ерөн/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 100 950 /нэг зуун мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЦОГЗОЛМАА