Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/49

 

 

 

 

 

 

 

 

т

  2024            01            03                                             2024/ШЦТ/49

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Л.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Пүрэвсангийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308017632176 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Төв аймгийн Баян 3 дугаар баг Цавчир, 20 дугаар байр, 3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигин овогт Пүрэвсангийн Э /РД:НВ82110319/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Л.Ог өөрийн машинаараа Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-28 тоотод хүргэж өгч буулгахдаа түүний итгэмжлэн хариуцуулсан самсунг А-53 маркийн гар утас, Хаан банкны виза карт зэргийг буцааж өгөлгүй, улмаар хаан банкны вика картаас нь 2.520.000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшин, бусдад нийт 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогч согтуу байсан болохоор замдаа хаяж гээх байх гэж бодсон. Би тухайн үед гар утасныхаа дугаарыг бичиж өгсөн. Би хохирогчид өөрт нь хэрэглээд өгье, надад мөнгөний хэрэг гараад байна, маргааш өгнө гэж хэлсэн. Би 500,000 төгрөгөөр архи уусан байсан. Маргааш өдөр нь над руу утсаар залгахад нь би мөнгийг нь өгсөн.  Үлдсэн 500,000 төгрөгийг мөнгөний боломжтой болохоор өгнө гээд хохирогчид хэлсэн байсан. Тухайн үед би хөдөө малд яваад утас холбогдоогүй.  Хохирогчийн дансанд нь 2,520,000 төгрөг байсан ба би 2,500,000 төгрөг авсан.  Надад завших бодол санаа байгаагүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн машинаараа такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Л.Ог Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны Хөтөл орчмоос суулган явж байх зуур хохирогч Л.О нь түүнд гэрэнд нь банкны карт хийсэн гар утсаа өгч дэлгүүрээс архи авхуулсан байх бөгөөд тэрээр Л.Ог Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, хангайн 22-28 тоотод хүргэж өгч буулгахдаа түүний самсунг А-53 маркийн гар утас, Хаан банкны виза карт зэргийг буцааж өгөлгүй улмаар хаан банкны виза картаас нь 2.520.000 төгрөгийг АТМ-с авч завшин бусдад нийт 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ үйл баримт нь:

1. Хохирогч Л.Огээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хохирогч Л.Огийн: “...Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагийн үед Баянхошууны Хөтлөөс харих гээд такси барьсан юм, өмнөх шөнө нь архи ууж буудалд хоносон байсан тул өглөө ахиад архи уух санаатай таксины жолоочийг явж байхад ГССҮТ-ийн замын хойд талд нь байрлах Стандарт гэх нэртэй дэлгүүрээс архи авхуулах гээд өөрийн гар утсаа өгөөд хавтас нь дотор нь байх картаас мөнгийг нь уншуулаарай гэж хэлээд жолоочийг буулгасан юм. Тухайн жолооч удалгүй дэлгүүрээс гарч ирсэн бөгөөд тэгээд шууд өөрийн ээжийнх рүү буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22-28 тоотод хүргүүлсэн юм. Тэгтэл тухайн үед миний бие тэр залуугаас өөрийн гар утас картаа авч буухаа мартаад гэртээ орсон байсан. Тэгээд энэ талаар 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өглөө сэрээд мэдсэн тул буудалд хамт хоносон найз Энхбаатар дээр очоод асуутал миний гар утсыг мэдэхгүй байна, намайг бариад гарсан гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шинээр гар утас худалдаж авч, мөн дугаараа сэргээсний дараа хаан банктай холбогдоход миний данснаас 2.520.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан юм. Тэгээд ер нь бол таксины жолооч авч явсан талаар мэдээд миний бие таксины явсан замаар камер олж тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг олохоор ГССҮТ-н хойд талын замын эсрэг талд байдаг Стандарт нэртэй дэлгүүрийн камерыг шүүсэн, мөн ээжийн гэр рүү явах замын дагуу байдаг угаалгын газрын камерыг шүүхэд 15-19ТӨҮ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл болж таарсан юм. Тэгээд тухайн улсын дугаараар нь авто тээврийн улсын бүртгэлтэй холбогдож эзэмшигчийн утасны дугаар олж мэдээд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цагийн үед тухайн таксины жолоочийн дугаар болох 89121717 гэх дугаараар нь холбогдож гар утас болоод миний картаас гүйлгээ хийсэн гэх 2.520.000 төгрөгөө авах талаар хэлсэн чинь тухайн жолооч надтай уулзахаар болж, тэгээд тэр оройноо Драгон дээр уулзах үед надад миний Самсунг-А53 маркийн гар утас болон 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн юм. Тэр үед тухайн залуу үлдсэн 520.000 зарцуулчихсан эргээд заавал өгнө гэж тохиролцоод тухайн үедээ салсан юм. ...Тэгээд би цагдаагийн байгууллагад  хандалгүй Э  гэх хүнийг  500,000  төгрөг өгчих бах  гэж итгэн  хүлээсэн  боловч өгөхгүй, мөнгө гар утсыг чинь  өгсөн нь их юм гэх зэрэг зүйл яриад байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Би түүнд мөнгө зээлнэ  гэж хэлсэн зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6,86 дахь тал),

 

3. Хохирогч Л.Огийн хаан банкны депозит дансны хуулга: “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10:08 минутад 200,000 төгрөг, 10:34 минутад 10,000, 10,000 төгрөг тус тус, 17:09 минутад 2,300,000 төгрөг, нийт 2,520,000 төгрөг зарлагдаж гарсан”  (хавтаст хэргийн 28-29 дэх тал),  

 

4. Тэнцвэр эстимейт ХХК-н 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Ц-699 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...нийт хохирол 730.000 төгрөг” гэх (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

 

5. Шүүгдэгч П.Эын: “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний бие машинтайгаа явж байхад нэг согтуу хүн гараа өргөхөөр нь аваад Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол руу хүргэж өгсөн юм. Гэр рүү нь хүргэж өгөхөөс өмнө ГССҮТ-н хойно байдаг дэлгүүрийн үүдэнд зогссон бөгөөд тухайн хүн надад өөрийнхөө гар утсаа боон виза картыг өгөөд архи аваад ирээч гэж надаас гуйсан юм. Тэгээд тухайн үед картаа өгч явуулахдаа пин кодыг нь хэлж өгсөн тул архийг нь авчирч өгсөн, дараа гэрт нь хүргэж өгсөн болно. Миний бие тухайн гар утастай цуг карт нь байхаар нь 5 шарын хаан банкны АТМ-с очиж дансанд нь байсан 2.500.000 төгрөгийг авсан юм. Тэгээд тухайн мөнгийг ямар нэгэн байдлаар үрэгдүүлэлгүй байж байгаад маргааш нь над руу залгахаар нь хүргүүлсэн гэх гэр рүү нь очиж гар утас болон бэлэн мөнгийг нь хүлээлгэж өгсөн болно. Надад картныхаа нууц үгийг нь дэлгүүр ороход хэлсэн байсан бөгөөд согтуу байгаа юм чинь хаячихна гээд өгөөгүй юм. Би нийт 2.520.000 төгрөгийг авсан, үүнээс 500.000 төгрөгөөр архи уугаад үлдсэн мөнгө нь надад байсан юм. (хавтаст хэргийн 78-79 дэх тал)

 

6. Хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлөгдсөн талаарх гараа бичсэн хүсэлт (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч П.Эын үйлдэл нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн төрлүүдээс аль гэмт хэргийн шинжийг хангаж буйг авч үзвэл,

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл нь “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Энэхүү гэмт хэрэг нь  бусдын  амь нас,  эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй буюу бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч  бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, нууц, далд аргаар авч өөртөө  захиран  зарцуулах  боломжийг бүрдүүлсэн,  захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл нь “...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болон бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэг нь бусдын  амь нас,  эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах болон халдахгүйгээр, илээр бусдын эд хөрөнгийг  авснаар гэмт хэрэг төгссөн үйлдлийг ойлгоно.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, объектын эрхийг хууль бусаар авах үйлдлээр илэрдэг, тухайлбал, гэмт этгээд нь идэвхтэй үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдэл хийж бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар гэмт хэрэг төгсөнө.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “...төлбөр тооцооны  алдаатай гүйлгээ,  андуурагдсан илгээмж,  эд хөрөнгө,  гээгдэл эд хөрөнгө,  алдуул малыг  бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл, хохирогч Л.О нь шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд сууж үйлчлүүлж байх явцдаа өөрөө шүүгдэгчид гар утас болон түүний гэр доторх  хаан банкны картаа өгч дэлгүүрээс архи авчруулсан,  тэрээр өөрөө  картны кодоо хэлж ашиглуулсан нөхцөл байдал тогтоогдсон ба харин архиа шүүгдэгчээс авахдаа карт болон гар утсаа авалгүй бууж явсан, нөгөө талаас шүүгдэгч П.Э нь хохирогчид  карт болон гар утсыг нь өгөлгүй авч үлдэн  картыг АТМ-д удаа дараа уншуулан бэлэн мөнгө авч өөртөө захиран зарцуулсан байх ажээ. Эндээс үзвэл,  шүүгдэгчийн энэ үйлдлийг хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авсан, эсхүл  хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхгүйгээр эд хөрөнгийг нь илээр авсан, эсхүл  хохирогчийн гээсэн эд зүйлийг авч завшсан гэж үзэх, дээрх гэмт хэргүүдийн шинжийг хангасан гэж дүгнэх боломжгүй байна.

Харин хохирогч нь өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн эд хөрөнгөө түр хугацаагаар өгснийг далимдуулан ашигласан байх тул бусдын эд хөрөнгийг завшсан гэж дүгнэхээр байна.

Иймээс прокуророос шүүгдэгч П.Эын энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн  хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэсэн шинжээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 3.250.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгчийн зүгээс хохирогчид гар утсыг нь болон 2.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа нь хохирогчийн гараар бичсэн хүсэлт, мэдүүлгээр тогтоогдсон (хавтаст хэргийн 6, 88 дахь тал), хохирогч Л.О нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүдэгч П.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт 351 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...П.Э нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо сайн дураар төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

Шүүгдэгч П.Эт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүний шунахай сэдэлттэй шууд холбоотой бөгөөд тэрээр хохирогчоос итгээд түр хугацаагаар өгч ашиглуулсан эд зүйлийг буцаан өгөлгүйгээр өөртөө авч завшсан нь түүний хүн чанаргүй үйлдэлтэй хамааралтай, тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн байдал, мөн шүүгдэгч П.Эын хувийн байдал /айлын мал маллан 500.000 төгрөгөөр цалинждаг гэх боловч түүний орлогыг илэрхийлэх баримтгүй/ зэргийг харгалзан шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 351 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч П.Э нь гэм буруу дээр маргахгүй байна гэж буй боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ хохирогчоос мөнгө зээлээч гэхэд зөвшөөрөөд надад өөрөө мөнгө зээлсэн” гэх байдлаар гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, иймээс түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Э нь нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч П.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогт Пүрэвсангийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт 351 (гурван зуун тавин нэг) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.АЛТАНЦЭЦЭГ