Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 127/ШШ2018/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2017/0020/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Б.Баярцогт, шүүгч Х.Эрдэнэтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  иргэн Б.С-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчид холбогдох

            Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, үр дүнгийн гэрээний дагуу 2016 оны 4, 2017 оны 1, 2 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн олгуулах, ээлжийн амралтын олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1259991 төгрөг гаргуулах, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмчээр ажиллаж байгаа тул цалингийн зөрүү 693361 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтүүд хийхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З-, иргэдийн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлэхдээ: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- би нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсанаар тодруулж байна. Үүнд: 1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №28 тоот захирамжийн Батбаатар овогтой Сэлэнгэд холбогдуулсан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан заалт нь “...төрийн албанаас хална” хэмээн заасан байхад уг захирамжид “...ажлаас чөлөөлж” гэж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, мөн захирамжийн Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 болон 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эдгээр үндэслэлүүдээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №28 тоот захирамжийн Батбаатар овогтой С-д холбогдох хэсгийн дээрх заалтуудыг илт хууль бус болохыг тогтоолгох,

Харин өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчид даалгах шаардлагаасаа нэхэмжлэгч Б.С- нь татгалзсан болно.

2. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн боловч гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын ажлыг дүгнэсэн, үр дүнгийн гэрээний дагуу биелэлтийг хангасан тул дээрх 3 улирлын урамшууллыг нөхөн тооцож олгуулахыг хариуцагчид даалгах,

3. Нэхэмжлэгч Б.С-ийн ажилласан хугацааны олгогдоогүй ээлжийн амралтын олговорыг тооцож, нөхөн олгохыг хариуцагчид даалгах,

4. Мөн нэхэмжлэгч Б.С-ийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу нийт 46 хоног буюу үүнээс ажлын 32 хоногийн, нийт цалин 1.259.991 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөгийн хохирол барагдуулахыг хариуцагчид даалгах,

Харин нэхэмжлэгч Б.С- нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмчээр одоо ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын цалин 10 сард 310.124 төгрөг, 11 сард 675.515 төгрөгийг тус тус авсан ба өмнөх эрхэлж байсан эрхлэгчийн тогтмол цалин болох 840.000 төгрөгнөөс буурсан тул цалингийн зөрүү нийт 693.361 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч мөн татгалзсан болно.

5. Энэ хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтүүд хийлгэхийг хариуцагчид даалгах зэрэг болно” гэжээ.

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь Б.Сэлэнгийг ажлаас халсан үндэслэлдээ малын гоц халдварт шүлхий өвчний үед гаргасан захирамжийг биелүүлээгүй, малчдаар явж эрүүл мэндийн үзлэг, сургалт явуулаагүй гэж тайлбарладаг. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн П.Мөнхтуяа нь тосгоны захирагчид гаргасан хүсэлтдээ, “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийг тухайн өдрийн орой Эрүүл мэндийн төвд өгсөн, уг захирамжийн дагуу хөдөө явах талаар 7 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Б.С-д хэлэхэд яваагүй” гэж буруу мэдээлэл өгсөн байдаг. Захирамжийг Эрүүл мэндийн төвд 2017 оны 7 дугаар сарын 1-ний орой өгсөн нь эмнэлгийн жижүүр сувилагчийн тэмдэглэлээр тогтоогддог. Уг тэмдэглэлд мөн 7дугаар сарын 2-ны өдөр “хөдөөгүүр явж шинжилгээ хийв” гэсэн байдаг. Эмч хүн үзлэг хийж, шинжилгээ авдаг тул захирагчийн 19 тоот захирамжийг биелүүлээгүй гэж үзэхгүй. Б.С- нь тухайн үед өөрийн хариуцсан ажил үүргээ хийж гүйцэтгэж байсан нь аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 436 тоот албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан, хепатит вирусын халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүний тоон мэдээгээр тус тус нотлогддог.

            3. Хариуцагч нь мөн Б.Сэлэнгийг Шилэн дансны тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авагдсан гэж тайлбарладаг. Хэрлэн сумын Засаг дарга нь Б.С-ийн 2016 оны 3 дугаар улиралд гаргасан зөрчилд нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан, захиргааны хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан.

4. Тосгоны нягтлан бодогч Н.Батсайхан нь Б.С-ийн ээлжийн амралтын мөнгө, ажилгүй байсан хугацааны цалинг бодож гаргасан тул ээлжийн амралтын олговор 716192 төг, ажилгүй байсан 32 хоногийн олговор 1559903 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэв.

            5. Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.З- 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ө.З- миний бие Б.С-ийг Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 34 захирамжаар анх ажилд томилсон юм.

Нэхэмжлэгч Б.С- томилогдсоноосоо хойш эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэж, тосгоны захирагч миний удаа дараа тавьсан хууль ёсны шаардлаыг үл биелүүлэх зэргээр төрийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан тул 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасанаа хуулийн дагуу гаргасан шийдвэр гэж үзэж байна.

Б.С- нь ажилд томилогдсон өдрөөс он дуустал үр дүнгийн гурвалсан гэрээг тосгоны захирагч, Эрүүл мэндийн газрын дарга нартай байгуулсан боловч нэг ч удаа ажлаа танилцуулж, тайлагнаж, үр дүнгээ дүгнүүлээгүй ба шаардахад үл биелүүлсэн.

Тосгоны Эрүүл мэндийн төвийн жолооч Мөнх-Аюушийг чөлөөтэй байх хугацаанд албаны автомашиныг нөхөр болох Э.Базаргүрээр зөвшөөрөлгүй жолоодуулж явах үедээ зам тээврийн осол гаргасан ба автомашинд эвдрэл гэмтэл учруулсан боловч одоо болтол засварлаагүй. Мөн Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй ажлын хариуцлага алдсан тул Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар 1 сарын хугацаагаар цалинг 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авч байсан.

Тус тосгоны нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарсан тул 2017 сны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот "Эрүүл мэндийн үзлэг, сургалт, мэдээлэл хийх тухай” захирамж гарган ажлын хэсэгт эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Б.Сэлэнгийг оруулсан боловч уг ажилд оролцоогүй.

Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот “Ээлжийн амралт олгох тухай” захирамжийг гарган амралтын өдрийг тооцон гаргахаар дуудуулсан боловч хуралд оролцоогүй.

Өөрийн эрх мэдлийг ашиглан, Төрийн албаны тухай хууль зөрчиж Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тоот тушаалыг боловсруулан гаргаж өөрөө өөртөө амралт олгох хуваарийг гаргасан.

Захирагчийн ажлын албаны удаа дараагийн хурлаар эрхлэгч Б.Сэлэнгийг ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар хэлэлцэж байсан тухай хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа ба хуралд Б.С- нь өөрөө оролцсон ба хурлын тэмдэглэлд гарын үсгээ зурсан байгаа болно.

Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.С- нь ийнхүү эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэж, тосгоны захирагч миний удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх зэргээр төрийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан тул ажлаас чөлөөлөх тухай “Мэдэгдэл”-ийг 2017 оны 07 дугаар сарын 11-ны өдөр хүргүүлсэн.

Захирагчийн ажлын алба, Эрүүл мэндийн төвтэй хамтарсан хурлын үеэр одоогийн эрхлэгч, эмч Д.Батаа нь Б.С-д хандан тушаал бууруулж, эмчлэгч эмчээр ажиллуулах саналыг тавьж захирагчийн ажлын албанаас дэмжсэн боловч Сэлэнгэ нь уг саналыг зөвшөөрөөгүй. Би эрхлэгчийн ажлаа хийнэ. Ажиллуулахгүй бол шүүхэд хандана гээд гарсан” гэжээ.

            6. Хариуцагч Ө.З- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Сэлэнгийг ажлаа хангалтгүй хийж байсан талаар ажлын албаны хурал дээр байнга сануулж байсан тул сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Б.С-ийн оронд Батаа гэдэг хүн томилогдсон боловч 6 сар ажиллаад халагдсан. Эрүүл мэндийн газарт дахин санал тавьсны дагуу нэг хүн авч ажиллуулж байгаа” гэв.

7. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

8. Нэхэмжлэгч Б.С- нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, үр дүнгийн гэрээний дагуу 2016 оны 4, 2017 оны 1, 2 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн олгуулах, ээлжийн амралтын олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1259991 төгрөг гаргуулах, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмчээр ажиллаж байгаа тул цалингийн зөрүү 693361 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтүүд хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.С- нь нэхэмжлэлийн шаардлагаа, “хариуцагчийн 28 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан ба “өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, цалингийн зөрүү 693361 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, нэхэмжлэлийн эдгээр шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр хариуцагч Тахилгат тосгоны захирагч Ө.З- нь нэхэмжлэгчийн “ээлжийн амралтын олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11. Иймээс шүүх нэхэмжлэгчийн “Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжийн Б.С-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин буюу хохирлыг гаргуулах, үр дүнгийн гэрээний дагуу 2016 оны 4, 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг нөхөн олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт хийж, хэрэг маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч Б.С- нь Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 34 дүгээр захирамжаар тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.

13. Нэхэмжлэгч Б.С- нь уг 28 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. Уг захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- тайлбарлахдаа, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “төрийн албанаас хална” гэж заасан байхад захирамжид “ажлаас чөлөөлөх”-өөр зааснаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” акт болсон, захирамжид мөн Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”  гэх заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь оновчтой бус байна.

14. Хариуцагч нь маргаан бүхий 28 дугаар захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт /төрийн албанаас халах тухай заалт/-ыг баримтлан, Б.Сэлэнгийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байгаа боловч энэ үндэслэлээр захирамжийг “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэхээргүй байна.

15. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Б.Сэлэнгийг ажлаас халах шийдвэртээ Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тусгасан нь ойлгомжгүй ба хуульд нийцэхгүй байгаа боловч үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан, захиргааны акт илт хууль бус болох үндэслэл гэж үзэхээргүй байна.

16. Нэхэмжлэгч Б.С- нь ийнхүү захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх зорилгоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх маргаан бүхий 28 дугаар захирамж хуульд нийцсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

17. Нэхэмжлэгч Б.С- нь Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад ажлаас халагдсан. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар Б.С-ийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч  төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулдаг үр дүнгийн гэрээ байгуулан ажиллуулж байсан, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаар хариуцагч маргаагүй зэрэг байдлыг үндэслэн, захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

18. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий 28 дугаар захирамжийг шүүх дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэж, Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнд:

19. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу хариуцагч Тахилгат тосгоны захирагч Ө.З- нь тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Сэлэнгийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд мөн байна.

20. Гэхдээ хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамждаа Б.С-ийг ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байгаагаа огт заагаагүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт, “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3 дахь хэсэгт “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:”, “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн заалтуудтай нийцээгүй байна.

21. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.С-ийн гаргасан гэх алдаа дутагдлуудын талаар “ажлаа хангалтгүй гүйцэтгэж байсан, тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлдэг, малын гоц халдварт шүлхий өвчний үед гаргасан захирамжийн дагуу малчдад эрүүл мэндийн үзлэг, сургалт хийгээгүй, албаны автомашиныг нөхөр Базаргүрээр жолоодуулан зам тээврийн осол гаргасан, Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл хүлээж байсан” гэх  мэт асуудлуудын талаар тайлбарладаг. Гэвч эдгээр нөхцөл байдлуудын  талаар маргаан бүхий захиргааны актад тусгаагүй тул уг асуудлуудад шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.

22. Хариуцагч нь маргаан бүхий 28 дугаар захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт  болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг хамтад нь үндэслэл болгосон байгаа ч хуульд заасан эдгээр алдаа зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан эсэх, ямар зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан болох нь захирамжийн агуулгаас тодорхойгүй байна.

23. Мөн ажилтныг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж байгаа захиргааны актдаа Зөрчлийн тухай хуулийг /уг хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт/ үндэслэл болгосон нь хууль бус байна.

24. Иймээс хариуцагч Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамж нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч Б.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байгаа тул уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

25. Нэхэмжлэгч Б.С- нь өөр ажилд орсон тул өмнөх ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий 28 дугаар захирамжийг шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

26. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, ажилгүй байсан хугацааны ажлын 32 хоногийн цалинг хохирол гэж үзэн, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

27. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 32 хоногийн олговрыг тус тосгоны нягтлан бодогч Н.Батсайхан нь бодож, 1559903 /нэг сая таван зуун тавин есөн мянга есөн зуун гурван/ төгрөг гэж тооцоолсон тул уг үнийн дүнгээр гаргуулах нь зүйтэй байна.

28. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн тул энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

29. Нэхэмжлэгчийн, үр дүнгийн гэрээний дагуу 2016 оны 4, 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг нөхөн олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

30. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр 2016 оны 4 дүгээр улирлын урамшууллыг 2016 оны 3 дугаар улирлын урамшуулал гэж тодруулсан болно.

31. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ын 2.10-т “Эрүүл мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана” гэж заасан байна.

32. Нэхэмжлэгч Б.С-ийг Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр томилогдоход түүнтэй /төсвийн ерөнхийлөн захирагч/ Тахилгат тосгоны захирагч Ө.З- болон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхмандах нар, дараа нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Тахилгат тосгоны захирагч Ө.З- болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нар Үр дүнгийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Б.С-ийн ажлын үр дүнг дүгнэх албан тушаалтан нь аймгийн Эрүүл мэндийн газар болон хариуцагч Тахилгат тосгоны захирагч нар байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газраас Тахилгат тосгоны захирагчид хүргүүлсэн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 683, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 411, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 465 тоот албан бичгүүдээс тус тус үзэхэд аймгийн Эрүүл мэндийн газар нь Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг улирлаар үнэлж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч Б.С- нь харин Үр дүнгийн гэрээний биелэлтийг хариуцагч Тахилгат тосгоны захирагчид тайлагнаж, гэрээгээ дүгнүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

33. “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ын 1.5-д “Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно”, 2.9-д “Мөнгөн урамшлыг тухайн улирлын дараа сарын 15-ны дотор олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг сар бүр дүгнэж, тухайн сард хэдэн хувийн урамшил олгохыг шийдвэрлэж, уг урамшлыг улирал бүр олгож байх журамтай  байна.

34. Уг журмын 2.9-д заасны дагуу нэхэмжлэгч Б.С-ийн буюу Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн 2016 оны 3 дугаар улирлын урамшил нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор, 2017 оны 1 дүгээр сарын урамшил нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор, 2017 оны 2 дугаар улирлын урамшил нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны дотор тус тус олгогдох ёстой бөгөөд нэхэмжлэгч Б.С- нь энэ журмын дагуу урамшил авах асуудлаа цаг тухайн үед нь шийдвэрлүүлж байгаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13, 106.3.1, 106.3.7 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдалга болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.С-ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 1559903 /нэг сая таван зуун тавин есөн мянга есөн зуун гурван/ төгрөгийг хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн Ажлын албанаас гаргуулан, нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг даалгах, цалингийн зөрүү 693361 /зургаан зуун ерэн гурван мянга гурван зуун жаран нэгэн/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.С- татгалзсан татгалзал, нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговрын 716192 /долоон зуун арван зургаан мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.З- төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталж, нэхэмжлэлийн эдгээр шаардлагуудад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар, 2016 оны 3, 2017 оны 1, 2 дугаар улирлын цалингийн урамшууллыг нөхөн тооцож, олгуулах тухай нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Нэхэмжлэгч Б.С-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг төлөхдөө нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчид даалгасугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн ажлын албанаас 35100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ӨМӨРБАТ ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                              Н.БАЛЖМАА

    ШҮҮГЧИД                                                                  Х.ЭРДЭНЭТУЯА

Б.БАЯРЦОГТ