Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2020/00186

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Н.Ш СӨХ-ийн нэхэмжлэлтэй

Л.Т-т

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 140 712 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Н Ш СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Иргэн Л.Т нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар дуусталх хугацаанд Н Ш СӨХ -нд төлбөл зохих нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 131 924 төгрөгийг төлөөгүй. Сууц өмчлөгч биш гэж байна. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд байр нь хувьчлагдаагүй хэдэн айлуудын тоонд энэ айл хамрагддаг. Энэ айлын талаарх мэдээллийг манай байгууллага бүрдүүлсэн. Тус байр нь Шивээ Овоо ХК-ийн нэр дээр байдаг учраас СӨХ-ны гишүүн.  Шивээ Овоо ХК нь ашиглалтын зардал гэж 6000 төгрөг авдаг ба мөн компаниас ирүүлсэн албан бичгээр СӨХ төлөх ёстой гэж үзсэн. Хэд хэдэн байр нэг өмчлөгчтэй байж болох ба бмчлөгч нь Шивээ Овоо ХК байж болно. Шивээ Овоо ХК нь өөрийн байраа үнэ тогтоож хувьчилж байгаа. Өнөөдөр уурхайчдаас өөрсдөө хувьчилаад байраа авч болно. Тийм боломж бололцоо байгаа. Мөн энэ байранд амьдарч байгаа тул гишүүн нь болж төлбөрөө төлөх ёстой.

Иймд, хариуцагч Л.Т нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 131 924 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 4 608 төгрөг, баримт бичиг нотариат хийлгэсний төлбөр 4 180 төгрөг ба нийт 140 712 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Т шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Т 2019 оны 10 дугаар сарын 44 117 төгрөгийг 11 дүгээр сарын 6-нд, 11 дүгээр сарын 16 000 төгрөгийг 12 сарын 25-нд, 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард 24 000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сард 15 000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сард 13 000 төгрөгийг тус тус Төрийн банк ХХК-д сар бүр СӨХ-д 12 000-13 000 төгрөгийг төлдөг. Манай суудаг 14 дүгээр байрны 44 тоот нь хувьчлалд ороогүй, төрийн өмчийн байр бөгөөд би сар бүр Шивээ Овоо ХК-д сууц ашиглалтын 6 146 төгрөгийг төлж байгаа. Анх энэ байгууллага үүсгэн байгуулагдсан гэх нэхэмжлэх ирэхээр нь төлсөн. Дараа нь компанийн нэхэмжлэх ирсэн. Танайх сууц өмчлөөгүй. Танай сууц Шивээ Овоо ХК-ийн нэр дээр байгаа гээд 6 000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд би гайхаад 2 талд мөнгө төлөх нь утгагүй ч Н Ш СӨХ нэхэмжилсэн үнийн дүнгийн талыг нь төлж байя гэж бодон төлж байсан. Гэтэл сая шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Эвлэрүүлэн зуучлалын хүн ирж уулзахад манай өөрийн сууц биш тул төлөх боломжгүй гэдгийг хэлсэн. Нэхэмжилсэн 131 924 төгрөгийг сууц өмчлөгч биш учраас төлөх боломжгүй ба сууц өмчлөгч биш учир энэ харилцаанд оролцох боломжгүй. Шивээ Овоо ХК-ийн өмчлөлд байдаг хэдэн байрны нэг нь манай байр байсан. Би төлбөр үүссэхээр нь гайхаж  эрх зүйн хувьд ямар байдаг талаар мэдэх гэж шүүхэд ирсэн. Би үйл ажиллагаанд оролцоогүй. Би хурал болсон талаар мэдээгүй. Би СӨХ-ны асуудлаар уурхайн даргатай уулзахад хувьчлагдаагүй хэдэн байр байгаа түүнд танайх хамаарсан гэж хэлсэн. Тэр байруудаа дараа шийдвэрлэнэ гэсэн. Манайх 1 өрөө 31 м.кв байр. Орон сууцтай холбоотой өөр зардлуудыг манайх төлдөг. Манай гэр бүлийн хүн бүжгийн багш мэргэжилтэй. Сумын соёлын төвд бүжгийн багшаар ажилладаг, үүнийг Шивээ Овоо ХК дэмжиж биднийг өөрийн байрандаа амьдруулдаг гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Н Ш СӨХ нь хариуцагч Л.Т холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 140 712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчаас “... Манай 14 дүгээр байрны 44 тоот нь хувьчлагдаагүй, төрийн өмчийн байр бөгөөд би сар бүр Шивээ Овоо ХК-д сууц ашигласны 6146 төгрөгийг төлж байгаа, нэхэмжилсэн 140 712 төгрөгийг сууц өмчлөгч биш учраас төлөх боломжгүй ...” гэж маргана.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах 9, 10, 12, 13, 14, 15 дугаар байрны оршин суугчдын хурлын шийдвэрээр Н Ш СӨХ -г 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулжээ.

Тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Н Ш СӨХ-ны гүйцэтгэх захирал томилох тухай тогтоол”-оор холбооны гүйцэтгэх захирлаар Ц.А томилжээ.

Н Ш СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар  хуулийн этгээдийн эрхгүй, холбоо байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... 6-н байрны зарим орон сууц одоогоор хувьчлагдаагүй, Шивээ Овоо ХК өөрийн байраа үнэ тогтоож хувьчилж байгаа,  хувьчлагдаагүй хэдэн айлуудын тоонд энэ айл хамрагддаг, тухайн байрыг хувьчилж авах эрх нь байгаа, хариуцагч уг орон сууцны өмчлөгч биш...” гэдэгт маргадаггүй ба харин 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/773 дугаар Шивээ Овоо ХК-иас ирүүлсэн албан бичгээр /хх-57/, мөн энэ байранд амьдарч байгаа тул гишүүн нь болж төлбөрөө төлөх ёстой гэж маргана.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.5-д Орон сууцны бүрэлдэхүүнд төрийн болон орон нутгийн өмчийн сууц байгаа бол өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч холбооны гишүүн байна хэмээн заажээ.

 Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд орон сууцны байшингийн зарим хэсэг нь төрийн өмчлөлд байгаа тохиолдолд өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

Тодруулбал, эрх бүхий байгууллага нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хуралд оролцуулах бөгөөд тэр нь СӨХ-ны хуралд санал хурааж, асуудал шийдвэрлэхэд төрийн эрх ашгийн өмнөөс оролцох юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.Т нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-д заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4871 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.5, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-д заасныг баримтлан Н Ш СӨХ нэхэмжлэлтэй Л.Т холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжийн төлбөр, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 140 712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4871 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ЦОГЗОЛМАА