Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга М.Х 

Улсын яллагч Д.З 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э 

Шүүгдэгч Б.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, 2002 оны ... сарын ...-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах дүү нарын хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын   дугаар баг,    гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Ц  овогт Б.Ц  /РД: / холбогдох эрүүгийн 2320001170118 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц  нь 2023 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг,     тоотод байрлах хохирогч Ц.Ш  гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа түүний гэрээс iphone-8, Samsung-s21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,500,000 төгрөгийн  хохирол учруулсан,

мөн Шарга морьтод байрлах 2 давхар ой дотор цэвэр агаартай тохилог зуслангийн  хаус түрээслүүлнэ гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Н-с 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хаан банкны 5168108383 дугаартай дансаар 1,700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Ш  эгчийн гэрт  2023 оны 06 сард очиж ажилласан юм. 7 сард хот явж ирчхээд мөнгөний хэрэг гарахаар нь эмийн санд нь байсан Самсунг 21 маркийн утсыг авч хот руу явуулсан. Харин нөгөө утсыг нь аваагүй. Тэднийд байсан нөхрийнх нь хүүхэд гэсэн үү, сайн мэдэхгүй байна нэг хүүхэд авч юм үзчихээд өгье, Шинэчимэг эгчид битгий хэлээрэй гэхээр нь өгсөн байсан, тэр хүүхэд буйдангийн завсар хийснээ Шинэчимэг эгчээс айгаад хэлж чадахгүй байна гэж надад хэлж байсан. Ш   эгчийг утсаа хайгаад, цагдаад хандсаныг нь би мэдэж байсан. Тэгээд намайг цагдаа дээр очсоны дараа нэг утсаа буйдангийн завсраас олсон гэж утсаар ярьсан. Би уг нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй нэгийг олсон гэж хэлсэн. Ай поне утсыг нь би аваагүй. Ш  эгчид 800,000 төгрөгийн хохирлыг барагдуулна. Мөн 2023 оны 06 сард М  гэх найзындаа лагерьт очиж хэд хоносон. Тэр үед хүүхэдтэй нь хамт явж байхад нэг айлын хаалганы түлхүүр хаалгандаа байсан. Тэр айлд хүн ирэхгүй байхаар нь түрээсэлж мөнгө олъё гэж бодсон. Тэгээд Төрбат Амарсанаа гэсэн хаягнаас зар тавьж, түрээслүүлэхээр болж 1,700,000 төгрөг дансаараа шилжүүлж авсан нь үнэн. Зуслангийн байшин түрээслүүлнэ гэж зар тавьсан Төрбатын А  гэх хаягийг би цахимаар муушиг тоглож үзэх гэж нээсэн юм. Би залилангийн хэргийг хүнтэй хамтарч үйлдээгүй, ганцаараа үйлдсэн. Н-н  хохирлыг ажил хийгээд төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Би одоо 4 сартай жирэмсэн, эмнэлгийн хяналтад орсон”   гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн ” ...2023 оны 07 сарын 25-нд  Чимгээ эгчийн 2 хүүхдийнх нь  нэг, нэг гар утсыг аваад нэг гар утсыг нь буйдангийн  завсар нуусан, нөгөө нэг гар утсыг нь Улаанбаатар хот руу  хамаатны  ах Цоож  руу таксигаар явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

Шүүгдэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Замын-Үүд суманд буцаж ирээд 7 хоног орчим  болж байсан, тэр хугацаандаа  Самсунг маркийн гар утсыг нь  замын унаанд тавиад  Улаанбаатар хот руу явуулсан, би Цоож ахыг нэг утас  явуулсан тосч аваад өөр дээрээ байлгаж бай гэж хэлсэн. Би Ай поне маркийн утсыг нь  авсан зүйл байхгүй,  Ш   эгч буйдангийн завсар хийчихсэн байсан гэж намайг хэлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 155-156/

Хохирогч Ц.Ш-н Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4/

Хохирогч Ц.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б. Ц-тай 94123430 дугаарын утсаар холбогдож гэрийн үйлчлэгчээр ажилд авахаар тохиролцож 2023 оны 06 дугаар сарын 13-ны орой Замын-Үүдэд манайд ажилд ирэхэд нь эхний сар туршилтын сар гээд 1,500,000 төгрөг цалинжаад 2 дахь сараас хэр сайн ажиллахыг харж хэр сайн ажиллахыг харж байгаад 1,800,000-2,000,000 төгрөгөөр цалинжуулна гэж ярьж тохиролцоод ажилд авсан. Б.Ц  нь амралтын 07 дугаар сарын 17-нд амралтын 4 хоногоор Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна цалингаа авъя гээд 1,500,000 төгрөг надаас аваад би явах, ирэх 2 талынх нь зардлыг гаргаж явуулсан. Тэгээд сүүлийн үед миний ээмэг бөгжний сав онгойж үзсэн, шинжтэй, өмсдөг хувцасны байрлал өөрчлөгдсөн байдаг болсон. Манай хоёр хүүхэд утас үзээд болохгүй болохоор нь би iphone-8, Samsung-s21загварын гар утаснуудыг нь авч хувцасны шүүгээн дотор хийсэн байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гар утсыг хайгаад олоогүй тул байж болох бүх газраар хайгаад олоогүй. Тэгээд iphone-8 маркийн гар утсыг нь манай том өрөөний буйдангийн завсар хийчихсэн байсныг нь би авсан. Харин Samsung s21 маркийн гар утсыг нь хайгаад олоогүй. Тэгээд би цагдаад хандсан. Тухайн гар утаснууд нь ер нь бол миний эзэмшлийн гар утаснууд байгаа юм. Би хуучин барьдаг байсан утаснуудаа хоёр хүүхэддээ бариулж байсан юм. Iphone-8 маркийн гар утсыг Маргад /10н, эр/, Samsung ѕ21 маркийн гар утсыг Агар /9н, эр/ нар барьж байсан. Ц-н аав, ээж нь Говь-Алтай аймагт малчин хийдэг гэж надад хэлж байсан. Насанд хүрсэн хүн болохоор аав ээжтэй нь холбогдоогүй. Iphone-8 маркийн гар утас нь буйдангийн завсар байсныг нь би авсан. Харин Samsung s21 маркийн гар утсыг Улаанбаатар хотруу хүнд өгөөд явуулсан гэж хэлсэн. Ц-н хамаатны хүн гэх 98714262 дугаарлуу холбогдож болсон асуудлыг хэлсэн. Тухайн хүн миний гар утасны талаар мэдэж байсан бөгөөд хүнтэй сольсон гэж хэлсэн. Ц  тухайн хүнд миний гар утсыг явуулсан байсан. Яаж хэзээ явуулсан талаар мэдэхгүй байна. Би iphone-8 маркийн гар утсыг санахгүй байна. Харин Samsung s21 маркийн гар утсыг Замын-Үүд сумын юнител салбараас лизингээр 2,800,000 төгрөгөөр авч байсан. Би гомдолтой байна. Өөрийн алга болсон гар утсыг буцаан авмаар байна “ /хх-ийн 7-8/

Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  Би хэзээ явуулсныг нь санахгүй байна. Ямар ч байсан 7 сард байсан... манай дүү Ц  над руу яриад  “ахаа би унаанд  гар утас тавиад явуулчихъя, та тосоод авчхаач, тэгээд өөр дээрээ байлгаж  бай гэсэн. Би ямар учиртай гар утас талаар асуухад минийх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний  “ гар утас Iphone8/ 1 ширхэг 350,000 төгрөг, гар утас /Samsung s21/ 1 ширхэг 800,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 22/

Шүүгдэгч Б.Ц  нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 26/

2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-35/

Прокурорын 2023 оны 09 сарын 21-ний өдрийн шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар  /хх-ийн 44-45/

Прокурорын 2023 оны 09 сарын 06-ны өдрийн  шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 104-106 /

Шүүгдэгч Б.Ц-н Хаан банкны  .............. тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 93/

 Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 16 дугаартай мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 75-76/

Хохирогч Д.Н-н Сүхбаатар дүүргийн цагдаагийн  газрын  1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл  /хх-ийн 80-81/

Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 18 цаг 23 минутанд Төрбат Амарсанаа гэсэн фэйсбүүк хаягнаас "Сайн байна уу? Шарга морьтод зуслангийн хаус байна шүү 2 давхар ой дотор цэвэр агаартай тохилог” гээд чат бичсэн ба тухайн үед үнэ асуутал 850к гэж хариу бичсэн. Тэгээд зураг байна уу? ганцхан сар л байчихмаар байна гэсэн чинь гадна талынхаа зургийг явуулсан. Тухайн үед дотор зураг алга байна, уулзаад үзүүлж болно, бүрэн бүтэн тавилгатай тохилог байр байна. Нэг сар эзгүй байна, тэгээд түрээсэлчихдэг юм уу? санаатай гэж бичихээр нь хэзээ үзүүлэх боломжтой байгаа талаар асуухад хагас сайн өдөр үзчих гээд хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр холбогдож харилцаж байгаад орой нь үзэхээр болоод 20 цаг 45 минутанд очиж үзэхэд тухайн зуслангийн байр нь Шарга морьтын Хуурай мухарт гэдэг газар байсан бөгөөд очиход 20-25 орчим насны гэж хэлэхээр бор царайтай шүдний аппараттай, 163см орчим өндөртэй хар өнгийн куртиктэй үсээ боосон эмэгтэй хаалга онгойлгож өгсөн. Тухайн үед машинаа ингээд тавьчих ингэж яваад граж руу тавчихаж болно гэж хэлсэн. Ингээд тухайн эмэгтэйг зуслангийн байшингаа үзүүлж эхэлсэн ба дотор байгаа эд зүйлээ танилцуулаад энийг ашиглах боломжтой, энийг ашиглах боломжгүй, бид нар ингээд байгаа юмнуудаа дээшээ 2 давхартаа зөөгөөд өгнө, би хүн гуйж зөөлгөнө, гэх зэрэг яриа өгүүлэлтэй байсан. Тухайн зуслангийн байшинг үзээд таалагдаад бид нарт бол болж байна аа та нар хэзээ юм аа цэгцлэх вэ? Цэвэрлэж өгөх үү? гээд асуутал цэвэрлэх боломжгүй байна, манай аав хагалгаанд орсон бид нар яаралтай хөдөө явах гээд байгаа юм аа? гэж хэлсэн. Тэгээд мөнгөө хэзээ шилжүүлэх боломжтой байна гэж асуухаар нь маргааш шилжүүлье гэдгээ хэлсэн. Тэгээд ойр орчмын айлуудыг асууж ярилцахад тэр хавийн айлуудын талаар ярилцсан. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчимд тухайн хүний явуулсан  -------- тоот данс руу 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлээд удалгүй холбогдоод сайн сууж байгаарай асуух зүйл гарвал асуугаарай гэж хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөө байшингаа цэвэрлээд байж байгаад хойд айлаас нь энэ айлын талаар лавлаж асуухад тухайн айл хагас сайн өдөр болгон л ирдэг талаар ярилцсан. Тэгээд манаачаас нь эзэмшигчийн дугаарыг авч холбоо бариад залилан гэдгийг нь мэдсэн. Тухайн эмэгтэй нь шүдний аппараттай, бор царайтай байсан бөгөөд даруухан эмэгтэй байсан. Би тухайн залилсан этгээдээс өөрийн хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87/

Гэрч В.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2023 оны 06 сарын 04-ний өдөр манаач залгаад танай зуслангийн байшинг түрээсэлж байгаа юм уу гээд  19 цагийн  орчимд залгасан. Тэгэхээр нь гайхаад ямар хүмүүс байна, та миний дугаарыг  өгчих гээд хэлсэн. Тэгсэн чинь Н  гэдэг эмэгтэй хүн холбогдоод  танай байшинг  цэвэрлээд түрээслээд  орчихсон байна, усаа хаанаас авдаг бэ? гээд асуусан ба тэгэхээр нь  гайхаад  за манайх түрээслээгүй наадах чинь залилан байх шиг байна, хоёулаа уулзъя гээд хэлсэн. Тэгээд гэр нь  ч Баян монгол  хороололд манай хажууд байсан учраас  орой 20  цагийн  орчимд хүрээд ирсэн. Ингээд байшинг ашиглаад залилан хийгдсэн болохыг мэдсэн. Тэгээд яаж чи манайд орсон талаар асуухад манай гэрийн түлхүүрийг гаргаад ирэхээр нь гайхаад  түлхүүрээ яасан талаараа бодоод үзтэл түрүү  7 хоногт байшин дээрээ очоод эргээд буцахдаа манай хүү хаалга цоожлоод түлхүүрээ авахаа мартаад  явсан болохыг нь мэдсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандахаар болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111/

Хохирогч Д.Н  шүүгдэгч Д.Ц-г таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 100-103/

Шүүгдэгч Б.Ц-н /РД: / регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112-113/

Шүүгдэгч Б.Ц  нь 3 сартай жирэмсний  хяналтад 2023 оны 12 сарын 07-ны өдөр хяналтад оруулсан гэсэн цагдан хорих байрны эмчийн  тодорхойлолт /хх-ийн 181/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч Б.Ц  нь 2023 оны 06 сард найзындаа амрах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байх Шарга морьтын зусланд очсон байхдаа “Шарга морьтод ой дотор цэвэр агаартай, тохилог 2 давхар хаус түрээслүүлнэ” гэсэн зарыг Төрбат Амарсанаа гэсэн фэйсбүүк хаягнаас олон нийтийн сүлжээнд байршуулан, бусдын эзэмшлийн сууцыг хохирогч Д.Н-д түрээслүүлж, 2023 оны 06 сарын 03-ны өдөр өөрийн ХААН банкны   тоот дансаар 1,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Шалганы   тоотод оршин суух Ц.Ш  гэрт үйлчлэгчийн ажил хийж байх хугацаандаа 2023 оны 07 сард Самсунг 21 загварын гарын утсыг гэрийн эзэнд хэлэхгүйгээр авч Улаанбаатар хот руу ах Ц  руу явуулсан үйл баримт болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт “ өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцсон, түүнчлэн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй байдлаараа нийгэмд аюултай шинж агуулагдаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэрэг нь бусдыг хуурамч мэдээллээр төөрөгдүүлж, өөрийн хууль бус үйлдлийг хууль ёсных гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэхээр идэвхтэй үйлдэл хийсэн гол шинжийг,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд  юмсыг  хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах идэвхтэй үйлдэл,  хууль бус үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод  итгэл бүхий  сэтгэхүйн үйлдэл хийсэн гол шинжийг агуулна.

 

Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ц-н дээрх 2 үйлдлийг тус бүрд нь Эрүүгийн хуульд заасан зүйл, хэсгээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.Харин шүүгдэгч Б.Ц-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Ц.Ш-н Ай поне 8 /iphone 8/ утсыг  хулгайлсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын нотлох чадвар, хоорондын харилцан хамаарал зэргийг харгалзан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоож, үйл явдал нь хэрхэн нотлогдож байгаад дүгнэлт өгөхөд шүүгдэгч Б.Цэрэндуламыг Ай поне 8 /phone 8/ загварын гар утсыг хулгайлсан болохыг хуульд заасан арга хэрэгслээр шалгаж нотлоогүй, хэрэгт бэхжүүлээгүй байна.

 

Тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө “Ай поне 8 /iphone 8/ загварын гар утсыг хулгайлаагүй” гэж мэдүүлдэг бөгөөд түүний ийнхүү мэдүүлж байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  “ өөрийн эсрэг мэдүүлэг  өгөх, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугүйгээ,  хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхэд хамааралтай юм.

 

            Прокуророос шүүхийн хэлэлцүүлэг болон яллах дүгнэлтэд шүүгдэгчийн “Ай поне 8 /iphone 8/ загварын гар утсыг хулгайлсан үйлдлийг хохирогч Ц.Шинэчимэгийн мэдүүлгээр нотлогдоно гэж дүгнэх боловч  хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд  “...iphone-8 маркийн гар утсыг нь манай том өрөөний буйдангийн завсар хийчихсэн байсныг нь би авсан...” гэж мэдүүлснээс өөрөөр Б.Ц-г тухайн гар утсыг авч буйдангийн завсар хийсэн, эсхүл гэрт байсан хүүхдүүд авч хийсэн гэдгийг нотолж мэдүүлээгүй байхаас гадна мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг  зааж чадаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн мэдүүлэг нь дангаараа  нотлох баримт болохгүй юм.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Ц-н  Ай поне 8 /iphone 8/ загварын утсыг хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан  гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээсээ татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйн шинж байгаа эсэхийг шалгахад тэрээр тухайн гар утсыг дараа нь авах зорилгоор нуусан, эсхүл гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ц-г хохирогч Ц.Ш-н гэрт үйлчлэгчийн ажил хийж байх хугацаандаа 350,000 төгрөгийн үнэ бүхий Ай поне 8 /iphone 8/ загварын утсыг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3.Шүүгдэгч Б.Ц  нь Т  А  гэх фэйсбүүк хаяг ашиглан, хохирогч Д.Н-д бусдын эзэмшлийн сууцыг түрээслэн 1,700,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг, хохирогч Ц.Ш-н гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа Самсунг 21 загварын гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох хохирогч Ц.Ш, Д.Н , гэрч Б.Ц , В.М  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Ц.н Хаан банкны ............ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 93/, хохирогч Д.Н-р шүүгдэгч Д.Ц-г таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 100-103/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц  нь “ залилах “ гэмт хэргийг үйлдэхдээ цахим хэрэгсэл буюу “фэйсбүүк“ олон нийтийн сүлжээг ашиглаж үйлдсэн нь шүүгдэгч болон хохирогч Д.Н  нарын мэдүүлгээр хэрэгт тогтоогддог бөгөөд прокурор нь залилах гэмт хэргийн энэ шинжийг орхигдуулсан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос  шүүхэд шилжүүлсэн  эрүүгийн хэргийн хүрээнд явагдана “ гэж заасны дагуу шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж яллах дүгнэлт зөвтгүүлэхгүйгээр шүүхээс дүгнэлт хийх хуульзүйн боломж байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгчийг “цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг  нуух замаар  бусдыг төөрөгдөлд  оруулж залилах”  гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй ба ийнхүү дүгнэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрхзүйн байдлыг дордуулахгүй байна.

Шүүгдэгч Б.Ц  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэмт хэргийг хүсч үйлдсэн, бусдыг хохирооход чиглэсэн үйлдэл зориуд хийснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг  нуух замаар  бусдыг төөрөгдөлд  оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

4. Шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргүүдийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан нэгтгэсэн нь хуульд нийцсэн байна.

 

5.Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч Б.Ц-н хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.Ш г, Д.Н нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлох баримтаар нотлогдсон, энэ утгаараа тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээх юм.

 

Шүүгдэгч Б.Ц  нь гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ш , Д.Н  нарт учруулсан хохирлыг төлөөгүй байна.

 

Хохирогч Ц.Ш- гэрээс алдагдсан Самсунг 21 загварын  гар утсыг хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ниас 800,000 төгрөгөөр үнэлэн дүгнэлт /хх-ийн 22/ гаргасан байх ба шүүгдэгч болон хохирогч нар нь тухайн дүгнэлттэй танилцсан, үнэлгээний талаар ямар нэг маргаан гаргаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн ХААН банкны   тоот дансаар 1,700,000 төгрөгийг хохирогч Д.Н-с шилжүүлэн авсан нь түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 93/ хэрэгт тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-с 800,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ш ,  түрээсийн төлбөрт шилжүүлэн авсан  1,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д тус, тус олгох нь зүйтэй байна.

6.Эрүүгийн хариуцлагын хувьд:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт буруутай байх тул тухайн гэмт хэргүүдэд ял оногдуулан нийт 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн     ...суманд эдлүүлэх, цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах ” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг,

-өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгчид ял халдаахдаа түүний эрүүл мэндийн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн гэмт хэргүүдийг зүйлчилсэн зүйл ангиудад заасан  зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээг тус, тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг танилцуулж, мэтгэлцсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Ц  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “  Эрүүгийн хариуцлагын зорилго нь  гэмт хэрэг үйлдсэн  хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас  зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг  нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хуульд заасан энэхүү зорилгыг хэрэгжүүлэх, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг баримталж, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 2023 оны 06 сард залилах гэмт хэргийг үйлдсэний дараа 2023 оны 07 сард бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Ц  нь Говь-Алтай аймгийн Х  сумын   дугаар багт албан ёсоор оршин суух хаягтай байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Х сумаас явахыг хориглохоор шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2023 оны 12 сарын 04-ний өдрөөс эхлэн 29 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар түүний эдлэх ялаас хасч тооцохоор шийдвэрлэв.

7.Шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц  овогт Б.Ц-д холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс “ 2023 оны 07 сард хохирогч Ц.Ш  гэрээс 350,000 төгрөгийн үнэ бүхий Ай поне /iphone 8/ маркийн утсыг “ хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Ц  овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах”  гэмт хэргийг,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.

3. Шүүгдэгч Ц  овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Х  сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дах хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр 8 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-н цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялаас хассугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-с 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Шинэчимэгт, 1,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д олгосугай.

7.Шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц  нь 1 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих  эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ц-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЦЭРЭНХАНД