Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0383/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт *******, Б овогт Г-н Ц нарт холбогдох эрүүгийн 2318000000548 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Г-ы *******, *** оны **** дугаар сарын ****-ний өдөр Дархан-Уул аймгийн **** төрсөн, /РД:****/, **** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ***, ам бүл ***, **** Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Ц, *** оны **** дугаар сарын ****-ны өдөр Дархан-Уул аймгийн **** суманд төрсөн, /РД:****/, **** настай, ****, **** боловсролтой, **** мэргэжилтэй, *****, ам бүл ****, **** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дүгээр багийн **** дугаар гудамжны ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч*******-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 8 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн автомашинаар такси тээврийн үйлчилгээнд явж байгаад автомашин дотор нь иргэн А.О-н гээгдүүлсэн 600,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А23 маркийн гар утсыг олж аван 2023 оны 9 сарын 3-ны өдөр найз******* 80,000 төгрөгөөр худалдсан болох нь:

Шүүгдэгч Г.*******,******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-5/,

2023 оны 10 сарын 5-ны өдрийн: Шүүгдэгч******* Самсунг А23 маркийн 1 ширхэг гар утас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9/,

Хар саарал өнгийн Самсунг А23 маркийн 3 ширхэг камертай Самсунг загварын имай 1 ***, имай 2 **** дугаартай гар утсыг хохирогч А.О-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 11/,

2023 оны 9 сарын 29-ний өдрийн Мобиком корпораци ХХК-н 4/7575 дугаартай **** дугаарын эзэмшигч С.Г гэх албан тоот /хх-н 15/,

Хохирогч А.О-н: ...саарал өнгийн таксинд суугаад Билэг дэлгүүр дээр буухдаа гар утсаа мартаж буусан. Самсунг А23 маркийн гар утас байсан... гэх мэдүүлэг /хх-н 19/,

Гэрч Б.А-н: Г.******* миний нөхөр. Нэг гар утас олсон тэгсэн чинь асуудалд орлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-н 26/,

Гэрч Г.Б-н:******* нь миний найз.******* нь тусархаг, даруухан нийтэч сайн залуу гэх мэдүүлэг /хх-н 28/,

2023 оны 9 сарын 18-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн " Самсунг А23 маркийн гар утас хэрэглэж байсан 600,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 34-35/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн эзэмшилд авч бусдад худалдан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч*******-н үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авч ашигласнаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн,*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгч Г.*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч*******-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч Г.*******,******* нар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч*******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР