Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 127/ШШ2018/0002

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2018/0002/3

 

           

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би Ц-ын дүгнэлттэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О-т холбогдох “...аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О-ээс иргэн А-д оногдуулсан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-02-030/114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий дүгнэлтийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Ц- шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч О- нь Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль зөрчсөн гэж 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шийтгэлийн хуудсаар А-г 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн материалыг хянахад холбогдогч А-гаас мэдүүлэг авах журмыг зөрчсөн, мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөр бусад байдлаар Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль зөрчсөнийг нотлох баримтаар нотлоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-02-030/114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал үржлийн хяналтын улсын байцаагч О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Малын эмч А-гийн гаргасан зөрчлийг “Ө” ХХК-нд хамааруулж Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 2.2 заалтыг зөрчсөн гэж үзээд 2017 оны 12 дугаар 02-ны өдрийн 22-02-030/116 дугаартай шийтгэлийн хуудсаар 500.000 /таван зуун мянга/  төгрөгийн торгууль тавьсан нь үнэн болно.

Цэнхэрмандал сумын Хужхан багийн малчин Г.Батдоржийнд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс малын гоц халдварт шүлхий өвчин гарч 69 үхрийг нь зохих журмын дагуу устгалд оруулсан юм. Энэ айлын малд вакцин хийх гэж А- өмнө нь 2 удаа очиход нь малаа бэлтгэж тариулаагүй нь малчны 100 хувийн буруутай үйлдэл байсан.

Гэхдээ малын гоц халдварт өвчин гараад байхад малын эмч А- 11 сарын 30-ны өдөр очиж вакцин хийсэн. Тарилгаа хийгээд явахдаа өвчилсөн үхрээс дээж аваад голомтноос дур мэдэн гарч Багануур, Улаанбаатар хот руу өөрөө авч явсан нь Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн ноцтой зөрчил байсан.

Нөгөөтэйгүүр Малын эмч А- нь өөрөө Багануур дүүрэгт “Дүүрэн чандмань” ХХК-ийн малын эмч хийдэг атлаа Цэнхэрмандал сумын “Ө” ХХК-ийн мал эмнэлэгт томилогдсон тушаал, ажиллах гэрээгүйгээр вакцин тарилга хийсэн байна.

Миний хувьд мэдүүлэг авах журмыг зөрчиж хагас дутуу тайлбар авсан дутагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Дээрхи тайлбаруудыг хийж байгаа хэдий боловч өөрөө алдаатай зүйлүүд хийсэн дутагдлаа бүрэн ойлгож шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ц- нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О-т холбогдуулан “...аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О-ээс иргэн А-д оногдуулсан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-02-030/114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх тухайн дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх явцад хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал үржлийн хяналтын улсын байцаагч О- нь прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч “....өөрийн алдаатай зүйл хийсэн дутагдлаа бүрэн ойлгож шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг шаардлагыг биелүүлэхээ илэрхийлсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тухайн захиргааны хэргийн оролцогч нарт дээрх асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл /дүгнэлт/ гаргах, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Ц-ын дүгнэлттэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О-т холбогдох “...аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О-ээс иргэн А-д оногдуулсан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-02-030/114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Ц- нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Г.БАЯСГАЛАН