Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш

     Улсын яллагч: Н.Бадам

     Хохирогч К.Бүрэнбат,

     Хохирогчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун,

     Шүүгдэгч Ч.Бямбажав,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

     Иргэдийн төлөөлөгч С.Мөнхбат, Б.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Чулуунхүүгийн Бямбажавт холбогдох 201618010133 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр  сарын 10-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг, Ханжаргалант, 13 дугаар гудамж, 16 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 461 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасанаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан Сартуул овогтой Чулуунхүүгийн Бямбажав /ИК-/

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Бямбажав нь 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутагт “Магнайн өвөр” гэх газарт Орхон аймгийн харъяат иргэн К.Бүрэнбатыг ташуураар цохиж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч К.Бүрэнбатын мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
  2. Гэрч Г.Шинэнгийн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
  3. Гэрч П.Артагийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
  4. Гэрч Ж.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
  5. Гэрч Н.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
  6. Гэрч Г.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
  7. Гэрч Л.Болдын мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
  8. Шинжээч эмч Ж.Гэрэлмааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 49-р хуудас/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 742 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,

10. Ч.Сумъяагийн тайлбар /хх-ийн 8 хуудас/

11. Гэрч М.Идэрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/

12. Гэрч Ч.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/

13. Гэрч Л.Болдын мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/ зэргийг тус тус уншиж сонсгон шинжлэн судлав. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад

Шүүгдэгч Ч.Бямбажав нь 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутагт “Магнайн өвөр” гэх газарт Орхон аймгийн харъяат иргэн К.Бүрэнбатыг “ах Ч.Сумъяаг нь зодлоо” гэх шалтгаанаар ташуураар толгойн тус газар нь 2-3 удаа цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцлэгдсэн нотлох баримтууд болох:

            1. Хохирогч К.Бүрэнбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би тухайн үед найзтайгаа хамт явж байсан юм. Тэгээд замд тааралдсан хүнээс Шинэн гэдэг айл хаана байдаг вэ? гэж асуугаад заалгасан юм. Тэр хүн Сумъяа гэдэг хүн байсан юм билээ. Би найзтайгаа хамт хуцан хурганы наймаа хийж явсан юм. Тэгсэн чинь тэр Сумъяа хуцан хурга гэж юу байдаг юм бэ? гэхэд нь би бөөсөгтэй хурга гэсэн үг гэхэд бөөсөгтэй хурга гэж юу байдаг юм гэхээр нь чиний наад унжиж байгаатай чинь адилхан гэж хэлчихээд Шинэн гэдэг айлын гадаа очтол тэр айл хонь гаргачихсан бүгд гэрийнхээ гадаа байцгааж байсан. Гэтэл нөгөө хүн араас ирээд муу хотонгуудыг ална гээд учир зүггүй морьтойгоо элдэж хөөгөөд шилбүүрээр цохиод байсан. Тэр айлын хүмүүс рүү бас дайраад байсан. Тэгээд тэр хүмүүс боль гэж байж арай гэж салгаад байтал согтуу байсан болохоор дахиж ална гэж дайраад байсан. Би эрүүл байсан болохоор аль болохоор зугтаж байсан. Би зөвхөн биеэ л хамгаалсан. Тэр Сумъяатай биеэ хамгаалж зууралдаж байхад путволк нь урагдаад, өөрөө унаад босоод ирэхэд амнаас нь цус гарчихсан байсан. Хүмүүс хичнээн боль гэж хэлээд ч хүний үг авдаггүй хүн байна лээ. Тэгээд энэ Ч.Бямбажав гэдэг хүн ирээд л намайг 2-3 ч удаа толгойруу ташуураар морьтойгоо тойрч ирж цохисон. Тэгээд ахыгаа аваад яв гэхэд миний үгэнд ордоггүй юм гээд харж зогсож байгаад яваад өгсөн. Намайг санаатайгаар ирж цохисон гэж бодож байна...Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Толгой тархиа хагалуулж одоо ажил хийх чадваргүй болж группд орсон. Хүйтэнд гэр орон дулаалах хүн байхгүй дөрвөн хүүхэдтэй. Манай эхнэр хүн гуйж дулаалуулсан. Хоёр талаасаа гялгар ууттай болохоор цан цохиж манай гэр одоо шүүрэн шанага шиг болсон. Манай гэр шинэ гэр байсан. Би өөрөө эрүүл саруул байсан бол гэр орноо арай ч ийм болгохгүй байсан. Цаашид дахиад эмчилгээ хийлгэж хагалгаанд орж, нөхөөс хийлгэнэ. Саяхан хот орж судалгаа хийсэн. Ойролцоогоор тав зургаан сая төгрөг болно гэсэн. Гэхдээ энэ нь зөвхөн эмчилгээний материалын зардал гэсэн. Тэр юмнууд нь бас олдоц их муутай байдаг гэсэн. Би маш мартамхай, буруу зөрүү их ярьдаг болсон. Хэрвээ энэ хүн намайг ингэж эрүүл мэндээр минь хохироогоогүй байсан бол би мөрөөрөө амьдраад л явах байсан гэв. Цаашдын эмчилгээний зардал нэхэмжилж байгаа. Шүүгдэгч эмчилгээний зардалд 2.980.000 төгрөг өгсөн гэв.

2. Гэрч Г.Шинэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр байсан байх ямар ч байсан 4 дахь өдөр байсан санагдаж байна. Манай хөдөө байдаг гэрт Хөтөлөөс хүмүүс ирчихсэн мал гаргаад байж байсан чинь манай гэрийн гадаа хөх өнгийн Бонго маркийн машинтай К.Бүрэнбат гэх залуу Артаг гэх залуугийн хамт ирсэн. Тэгээд манай гадаа ирээд Бүрэнбат нь надтай уулзаад хуцан хурга авах уу гээд наймаа яриад байж байтал Ч.Сумъяа гэгч залуу морьтой согтуу архи уучихсан гартаа шилбүүр барьчихсан амандаа юм хэлээд хүрч ирсэн. Тэгээд шууд К. Бүрэнбат гэх залуу дайраад түүний толгой болон цээж нуруу хэсэг рүу нь шууд цохиж эхэлсэн. Тэгсэн чинь К.Бүрэнбат гэх залуу Ч. Сумъяагийн барьж явсан шилбүүрийг булааж аваад морьноос буулгаад хоорондоо зууралцаж зодоон хийсэн. Тэр үед нь би боль гээд салгаж болиулаад байж байсан чинь дахиад К.Бүрэнбат, Ч.Сумъяа хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад зогсож байсан чинь Ч.Сумъяагын дүү болох Ч.Бямбажав гэдэг залуу морьтой хүрч ирээд шууд К.Бүрэнбат гэх залуугийн толгой руу ташуураар 2-3 дуаа цохисон. Тэгэхээр нь би “чи Ч.Сумъяа ахыгаа аваад яв” гэж хэлсэн чинь Ч.Бямбажав миний үгэнд ордоггүй юм гэж хэлээд харж зогсож байгаад морьноосоо буулгүй шууд эргээд яваад өгсөн. Тэгээд Сумъяа, Бүрэнбат хоёр зодоон хийхгүй хоорондоо маргалдаад байсан. Бүрэнбат нь эрүул болохоор зугтаагаад байсан чинь Ч.Сумъяа нь болохоор араас ална чамайг гээд хөөгөөд байсан. Тэр үед Бүрэнбат нь утсан дээрээ бичлэг хийгээд байх шиг байсан. Тэгээд Бүрэнбат нь Сумъяагаас зугтааж байгаад машиндаа суугаад Артаг гэх залуугийн хамт яваад өгсөн. Сумъяа нь сүүлд нь манай гадаа сууж байгаад хувцасаа өмсөөд яваад өгсөн. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй.

 ....Сумъяа нь морин дээр байхдаа шилбүүрээр толгойн тус газар болон цээжин бие нуруун тус газарт нь цохиод байсан. Тэгээд шилбүүр нь хугараад үлдсэн хэсгийн Бүрэнбат булааж аваад хаясан. Бямбажав нь мориноосоо буулгүй шууд Бүрэнбатын толгойн тус газарт модон ташуураар 2-3 удаа цохисон. Сумъяа нь архи уучихсан нэлээн согтуу байсан. Харин Бямбажав, Бүрэнбат нь эрүүл байсан. Тухайн зодоонд оролцсон хүн байхгүй. Харин Артаг гэх залуу салгах гээд дундуур ороод байсан. Бүрэнбатын ааш занг бол сайн мэдэхгүй бага байхад нь уулзаж байсан. Харин Ч.Сумъяа бол надтай зүгээр жирийн энгийн сайхан харьцаатай байдаг юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

3. Гэрч П.Артаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Дархан-Уул аймагт машинд гагнуур хийлгээд К.Бүрэнбатыг дуудсан юм. Тэгээд машиндаа юм хийлгэчихээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр би Дархан-Уул аймагт хэдэн төмсөгтэй хурга айлд маллуулж байсан юм. Тэр хургаа Баруунбүрэн сум орж зарах санаатай К.Бүрэнбатын хамт өөрийн машин ачаад явсан юм. Тэгээд бид хоёр Баруунбүрэн сум оролгүйгээр Норбуу тойрог буюу Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутгаар айлуудаар орж явсан юм. Бүрэнбат бид хоёр Шинэн гэдэг айлыг сураад нэг айлаар орсон чинь танихгүй байсан. Тэгээд тэр айлаас хөдлөх гэсэн чинь хажууханд нэг үхэр туусан хүн явж байхаад нь дуудсан Сумъяа гэдэг хүрч ирсэн. Тэгээд бид хоёр Сумъяа гэдэг хүнтэй уулзаж тамхилж Шинэн гэдэг айлыг асууж хэсэг зогссон юм. Тухайн үед би Сумъяад төмсөгтэй эр хурга зарж байна гэж хэлсэн чинь Сумъяа нь хотонгуудаа төмсөгтэй хурга гэж юу байдаг юм бэ  гэж хэлсэн чинь К.Бүрэнбат зөрүүлээд төмсөгтэй хурга гэж мэддэггүй юм уу шодонгууд гэж тоглоомоор хэлчихээд шууд хөдлөөд Шинэнгийн гадаа очоод Шинэн гэдэг хүнтэй гадаа нь уулзаад зогсож байсан чинь Сумъяа морьтой араас ална гээд шилбүүр барьчихсан давхиад хүрээд ирсэн. Сумъяа мориноосоо буулгүй Бүрэнбат бид хоёрыг хэл амаар доромжилж байсан. Тэгээд Бүрэнбат руу дайраад барьж байсан шилбүүр модоор цээж, нуруу, толгой тус газар шилбүүр модоор цохиод байсан. Тэгээд Сумъяагийн шилбүүр мод нь салбараад хугараад унахаар нь би аваад зайлуулсан. Тэгээд бид тэр хоёрын дундуур орж салгах гэсэн чинь Сумъяа нь надруу дайраад байсан. Тэгээд дайрч байгаад эргээд Бүрэнбаттай морьноосоо бууж ирээд зодоон хийгээд байсан. Бүрэнбат Сумъяа хоёрыг барилцаж аваад зогсож байсан чинь нэг морьтой залуу болох Сумъяагийн төрсөн дүү болох Бямбажав морьтой хүрч ирээд Сумъяаг өмөөрсөн байдалтай Бүрэнбатын толгойн тус газар 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ? Боль гэж хэлсэн чинь Бямбажав манай ах гэж хэлсэн. Тэгээд Бямбажав нь хол очоод хараад морьтойгоо зогсож байсан. Тэр үед болохоор Сумъяа, Бүрэнбат хоёр зодолдоод зогсож байсан. Тэгэхээр нь би дүүгээс энэ ах чинь согтуу байна аваад яв гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй холоос харж зогсож байгаад яваад өгсөн. Тэгээд би Сумъяаг боль гэж хэлсэн чинь над руу дайраад байхаар нь би машинд ороод суучихсан. Тэгээд би машинаас гараагүй. Харин Бүрэнбат, Сумъяа хоёр гадуур муудалцаад бие биелүүгээ юм авч шидээд байсан. Тэгээд асуудал гайгүй болоод ирсэн чинь Бүрэнбат миний машинд орж ирж суухаар нь бид хоёр яваад өгсөн. Тэгээд бид хоёр хургаа зарах гэж нэлээн хэдэн айлаар ороод тэр өдрөө Батчулуун гэдэг айлд очиж хоносон. Мал зараад замд явж байхад Бүрэнбат бие өвдөөд байна гэж хэлж байсан. Тэр өдрөө бид хоёр Батчулуун гэдэг айлд хоночихоод маргааш нь дахиад гадуур хургаа зарж явж байгаад Баруунбүрэн сумын төв ороод Бүрэнбатын ахынд нь очиж хүүхдийн үсний найранд очсон. Тэгээд тэндээ удаагүй эргээд хургаа зарах гээд гарсан чинь Бүрэнбат бие өвдөөд байна эмнэлэгт үзүүлмээр байна гэхээр нь бид хоёр хөшөөтийн даваанаас буцаад Баруунбүрэн сумын эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь Бүрэнбатын бие муу байна Орхон аймаг явж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Бүрэнбат эхнэртэйгээ утсаар яриад эхнэр нь жижиг тэрэгтэй ирж аваад явсан. Би тухайн өдрөө Баруунбүрэн суманд хоночихоод маргааш нь хургаа зарчихаад Дархан-Уул аймагт гэртээ ирсэн чинь Бүрэнбат тархины хагалгаанд орох гэж байгаа гэж хэлсэн. Ер нь болсон зүйл энэ байгаа юм. Бас дээрээс нэмж хэлэхэд мал зарж байхдаа бид хоёр дахиж Дархан-Уул аймаг орж үлдсэн хургаа аваад эргээд явж байх замдаа Шинэн гэдэг айлд очоод Сумъяатай уулзах гэсэн юм гэж асуусан чинь та хоёр уулзаад хэрэггүй Сумъяа дахиад согтуу байна гэж хэлэхээр нь бид хоёр уулзаагүй явчихсан юм.  

Сумъяад төмсөгтэй эр хурга зарж байна гэж хэлсэн чинь Сумъяа хотонгуудад төмсөгтэй хурга гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн чинь К.Бүрэнбат зөрүүлээд төмсөгтэй хурга гэж мэддэгүй юм уу шодонгууд гэж тоглоомоор хэлчихээд явсан. Тэгээд Шинэн гэдэг айлын гадаа юм яриад зогсож байсан  чинь Сумъяа морьтой хүрч ирээд бид нарыг хэл амаар доромжлоод орилоод байсан. Ер нь бол тоглоомоор хэлсэн үгнээс болоод зодоон, маргаан үүссэн. ... Сумъяа нь шилбүүр модоор нуруу, цээжин бие, толгойд цохиод байсан. Бас гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисоныг бол мэдэхгүй. Бямбажав морьтой хүрч ирээд шууд Бүрэнбатын толгой тус газар луу 2-3 удаа ташуураар цохисон. Сумъяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин Бямбажавыг би мэдэхгүй, морьноос буугаагүй болохоор мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 36-37  -р хуудас/,

4. Гэрч Ж.Одгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан санагдаж байна. Манай нөхөр болох Хүрэлбаатар бид хоёр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутагт байдаг Шинэн гэдэг айлынд манай хэдэн тооны мал байдаг юм. Тэгээд хадан мал гаргах санаатай хоол хүнс бэлтгэх гэж очсон юм. Тэгээд тухайн айлын хүмүүсийг нь гуйж байгаад хоёр тооны хонь гаргаад байж байтал Портер маркийн ачаатай машин Шинэн ахын гадаа ирээд зогссон. Тэгээд тухайн үед нь би мал гаргачихсан байсан болохоор гэдэс цэвэрлэх гээд завгүй байсан болохоор ямар хүмүүс ирж байхыг хараагүй. Тэгээд удаагүй байж байтал нэг морьтой согтуу хүн муухай орилоод машин дээр очиж байгаа харагдсан. Тэгээд бөөн зодоон болоод эхэлсэн. Ер нь юу болоод байгааг би анзаарч бол хараагүй нэлээн бүрэнхий болчихсон цагаан гэгээ тасарч байсан болохоор хэн нь ямар хүнтэйгээ зодоон хийгээд байгааг. Шинэн ах боль наана чинь мал гаргачихсан байна гэж хэлж байсан. Тэгээд байж байсан нэг машинтай залуу ойртоод ирэхээр нь машинаа асаагаад зугтаагаад явчихаж болохгүй юм уу гэж би асууж үзсэн. Тэгээд удаагүй нэг подволкоо уруулчихлаа гэж ярьж байсан. Морьтой согтуу хүн нь намайг доромжилдог хэн бэ гээд морьтой гартаа шилбүүр мод барьчихсан морьтойгоо тэр хавиар эргэлдээд байсан. Машинаас хоёр эрэгтэй хүн бууж ирсэн. Тэр хүмүүсийн нэгийг нь тэр шилбүүр модоор цохиод байсан. Тэгээд тухайн шилбүүр мод нь хугараад унаж байгаа харагдсан. Морьтой хүн согтуу байсан. Машинаас буусан хоёр залуу согтуу эсэхийг мэдэхгүй. Машинаас бууж ирэхдээ зүгээр юм шиг бид нартай мэндлээд байсан. Би хаана цохисоныг нь хараагүй. Ямар ч байсан нэг харсан чинь шилбүүр мод хугараад унчихсан байсан. Машинтай хоёр хүн болон морьтой залуу гурав маргалдаж муудалцаад байсан. Сүүлд нь нэг морьтой залуу ирчихсэн байсан. Тэр залууг юу хийсэнийг бол мэдэхгүй. Би хараагүй гэсэн мэдүүлэг  /хх-ийн 38-39  хуудас/,

5. Гэрч Н.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай гадаа нэг портер маркийн машинтай Артаг, Бүрэнбат гэх хоёр залуу хурган хуцны наймаа хийж явсан. Тэгээд тэр хоёр залуу бид нартай мэнд ус мэдээд байж байсан чинь манай саахалт айлын залуу болох Сумъяа нь морьтой согтуу муухай орилоод ална гэж хашгираад ирж байхаар нь би чи юундаа хашгираад байгаа юм бэ боль гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй манай гадаа машиныхаа хажууд зогсож байсан. Бүрэнбат гэх залууг Сумъяа нь гартаа барьж явсан шилбүүр модоор морин дээрээсээ толгойн тус болон цээж, нуруун тус газрууд нь цохиод байсан. Тэгээд тухайн мод нь хугараад уначихсан. Тэгээд Бүрэнбат, Сумъяа хоёр хоорондоо маргалдаж, зодоон хийж байгаад салаад хоорондоо барилцаж аваад зогсож байсан чинь Сумъягийн дүү болох Бямбажав гэгч нь морьтой хүрч ирээд Бүрэнбат, Сумъяа хоёрыг барилцаж аваад зогсож байсан чинь ташуураар Бүрэнбатын толгойн тус газарт цохиод байсан. Тэгээд бид нар нөгөө хоёрыг салгаад Бямбажавыг ахыгаа аваад яв гэж хэлсэн чинь Бямбажав миний үгэнд ордоггүй юм гэж хэлээд морьтойгоо яваад өгсөн. ...Бямбажав морьтой давхиж ирээд ташуураар толгойн тус газар 2-3 удаа цохисон. Сумъяа бол архи уучихсан согтуу байсан. Харин Бямбажав мэдэхгүй. Морьтой хүрч ирээд морьноосоо буулгүй байж байгаад явчихсан болохоор мэдэхгүй байна /хх-ийн 40-41 -р хуудас/,                                                     

6. Гэрч Г.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....Манай нөхөр Бүрэнбат 2016.10.10-ны өдөр Дархан-Уул аймагт хүний машин барьж ажил хийхээр явсан юм. Гэтэл 2016.10.14 билүү 15-ны өдөр нөхөр маань залгаад "би хүнд зодуулчихлаа" гэж хэлсэн. Тухайн үед би нэг их тоохгүй "худлаа яриад бай" гээд орхичихсон юм. Гэтэл 2016.10.16-ны орой 19 цагийн үед нөхөр маань надруу залгаад "Намайг ирээд ав, миний бие өвдөөд байна, Баруунбүрэнгийн эмнэлэгт үзүүллээ, надад бичиг хийж өгсөн, намайг хүргэж өгөх эмнэлгийн машин байхгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө төрсөн дүү Ариунболд, хүргэн дүү Ням-Осор нарыг дуудаад энэ талаар хэлээд бид 3 хашаанд байсан манай нөхрийн машиныг асаагаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумруу явсан. Биднийг Баруунбүрэн суманд очих үед нөхөр маань Баруунбүрэн суманд амьдардаг хамаатныхаа гэрт очсон байсан. Тэгээд нөхрийгөө очиж аваад буцаад Орхон аймаг руу яваад 23 цагийн үед аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэж ирээд, шууд хэвтсэн....Бүрэнбатаас "юу болсон юм бэ" гэтэл нөхөр маань "Би Артагийн машиныг бариад нэг айлын гадаа очоод Шинэн гэх хүн амьдардаг айлыг асуутал нэг эмэгтэй хүн гарч ирээд мэдэхгүй гэж хэлсэн, тэгээд би цаашаа хөдлөөд явж байтал үхэр туусан хүнтэй тааралдаад нөгөө айлаа асуутал Шинэнгийн гэрийг тэнд байна гээд заасан. Шинэнгийн гэрийг зааж өгсөн хүн халамцуу байх шиг байсан ба бид нараас та нар хаанаас явж байгаа хүмүүс вэ гэж асуухаар нь би хуц зараад явж байна гэж хэлээд Шинэн гэх айлын гадаа очоод байж байтал нөгөө Шинэнгийн гэрийг зааж өгсөн халамцуу хүн морьтойгоо давхиж ирээд та нар муусан хотонгууд ямар овоо болоо вэ, та нарын хуц зарна гээд юу байдаг юм бэ гээд намайг шилбүүрээр ороолгож, уургаар цохисон, тэгэхээр нь би тэр хүнтэй зууралдаж байтал өөр нэг морьтой хүн орилж, давхиж ирээд ташуураар толгойруу маань 2 удаа ташуурдаад явсан" гэж хэлсэн. Энэ хэргийн талаар надад өөр мэдэх зүйл байхгүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,   

                                                                                                                

7. Гэрч Л.Болд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...... 2016 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр Котов овогтой Бүрэнбат гэх эрэгтэй манай Гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 00 цаг 23 минуутанд ирсэн тул өвчтний түүх 2016 оны 10 дугаар сарын 17-нд нээсэн харагдаж байна. Уг өвчтөн зовиур шаналгаа ихтэй, зүүн нүд хөхөрсөн, зүүн гуя хавдсан байдалтай байсан. Уг өвчтөн “2 ханагийн өмнө Баруунбүрэн суманд хүнд зодуулж гэмтсэн, ууц нуруу өвдөнө, дотор муухайрна” гэж байсан байна. Тэгээд уг өвчтөний биед үзлэг хийхэд баруун, зүүн талын зулайн яс хонхойсон, баруун тал  нь илүү хонхойсон байдалтай байсан. Ингээд эмчилгээ хийхэд компьютер томографид тархи, толгойг нь харахад баруун зулай орчим тархины эд гавалын ясаар шахагдаж дарагдсан хугаралтай, зүүн зулайн яс дотогш бага зэрэг хонхойж цөмөрсөн байсан тул хагалгааны заалтаар тархины даралтыг чөлөөлж, цөмөрсөн ясыг авахаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хагалгаа хийгдсэн. Тэгээд тасагт эмийн эмчилгээ болон боолт хийгдэж эмчлүүлсэн. Ингээд биеийн байдал сайжирч 15 хоног хэвтэж эмчлүүлээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 46-47-р хуудас/,  

    

8. Шинжээч эмч Ж.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...К.Бүрэнбатын бие гавал тархинд учирсан битүү гэмтэл нь 1 удаагийн мохоо зүлийн цохих, цохигдох хүчний үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Харин цөмөрсөн хугарал буюу гавал тархины битүү гэмтэл нь хягаарлагдмал талбайтай мохоо зүйлийн хүчний үйлчллээр үүсгэгддэг бөгөөд гавлын яс нь өөрөө 1 см-с илүү зузаантай байдаг учраас шилбүүр мод, нарийн саваа мэт зүйлээр цохих үед үүсэх боломжгүй, харин ташуур, алх, сүх, мэт өөрийн тодорхой жинтэй зүйл дээр нэмэлт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 742 тоот шинжээчийн дүгнэлт хэсэгт:

- К.Бүрэнбатын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун болон зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, нүүр, зүүн гуя, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас гавлын ясанд цоорхой гаргах хагалгаа хийсэн байна.

- Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 5 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

- Гавлын ясны цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1 2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

- Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно... гэх дүгнэлт / хх-ийн 52-р хуудас /,

10. Шүүгдэгч Ч.Бямбажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны орой хонь хариулж яваад дурандтал Шинэнгийн гадаа манай ах зодолдож байхаар нь яваад очтол К.Бүрэнбат манай ахыг доороо оруулчихсан байсан. Би очоод та нар болиоч гэхэд морины баруун талаас барьж авахаар нь би ташуураараа 2,3 удаа ороолгосон. Тэгээд би харж зогсож байгаад буцаад яваад өгсөн. Бүрэнбат манай ах Сумъяагийн дээр гараад суучихсан хувцсыг нь урчихсан зодож байсан. Би эрүүл байсан. Би юу болж байгаа юм бэ? гээд очтол К.Бүрэнбат бариад авахаар нь л цохьсон. Ташуураар толгой хавьцаа нь цохисон. Тухайн үед Шинэн гуайн гэрийнхэн, өөр бас танихгүй 3 хүн байсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.980.000 төгрөг өгсөн гэв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ташуураар цохисноос болоод хохирогчид хүнд гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг,

11. Хохирогч К.Бүрэнбатын өвчний түүх /хх-ийн 54-69-р хуудас/,

12. Яллагдагч Ч.Бямбажавыг дахин байцаасан тэмдэглэл /136-р хуудас/

13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-р хуудас/,

14. Хохирол төлсөн баримт /хх-ийн 138, 153-р хуудас/,

15. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 122-р хуудас/ зэрэг  бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Ч.Бямбажавт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж шүүгдэгч Ч.Бямбажавыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 201618010133 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэрэгт ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ч.Бямбажав нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Бямбажав нь ялаа эдэлж дууссанаас хойш 1 жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүний ялтай байдал арилсан буюу ялгүй болсон гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч К.Бүрэнбат нь эмчилгээний зардал 2.954.020 төгрөг, өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 750.000 төгрөг нийт 3.704.020 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  өмгөөлөгчид төлсөн 750.000 төгрөгийн зардал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Ч.Бямбажав нь хохирогч К.Бүрэнбатын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.954.020 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан буюу 2.980.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирлын мөнгө 1.700.000 төгрөг хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 138 хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 950.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын баримт /хх-ийн 153 хуудас/, хохирогч К.Бүрэнбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...шүүгдэгчээс нийт 2.980.000 төгрөг хүлээн авсан... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Бямбажавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...хохирогчид  баримттай болон баримтгүйгээр нийт 2.980.000 төгрөг өгсөн... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ч.Бямбажавыг гэм хорын хохиролоо төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч Ч.Бямбажавыг хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийнг 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Бямбажавт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Бямбажавыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож ял шийтгэл оногдуулав.

Харин шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай, суран үзүүртэй, суран сагалдрагатай ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Бямбажав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бямбажавт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь үндэслэлтэй байна.

 

  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 -д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1.Сартуул овгийн Чулуунхүүгийн Бямбажавыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Ч.Бямбажавыг 03 жил 05 сарын /гурван жил таван сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Бямбажавт оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Ч.Бямбажавт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч Ч.Бямбажав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгч нь хохирогч К.Бүрэнбатад эмчилгээний зардалд 2.980.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан үндэслэлгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Бүрэнбатын өмгөөлөгчийн зардалд  750.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч К.Бүрэнбат нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай, суран үзүүртэй, суран сагалдрагатай ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бямбажавт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Г.САРАНТУЯА

  ШҮҮГЧИД                                         А.НАРАНТУЯА

                                                                      Г.ДЭЛГЭРСАЙХАН