Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01536

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “НК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01100 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “НК” ХХК,

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох,

57 904 933 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НК ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Н ХХК-д автомашин худалдан авахад нь зориулж 136 000 000 төгрөгийг 1.49 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бэлэн бусаар зээлийн гэрээ байгуулан зээлсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сараас хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж эргэн төлөлт хийгээгүй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 72 999 452.95 төгрөг, хүүгийн төлбөрт 10 732 177.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 568 291.48 төгрөг, нийт 84 305 921.56 төгрөгийн тооцоотой байна.

Үүнээс 2789 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнийг хасч, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55 478 301.32 төгрөг, хуримтлагдсан хүү 1 570 590.71 төгрөг нэмэгдүүлсэн хүү 324.061.14 төгрөг, нийт 57 372 953.17 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 980 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 4 000 төгрөг, нийт 57 904 933.17 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа эд хөрөнгө болох 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 58 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 0 хувийн зээлийн нөхцөлд хамрагдан 24 сарын хугацаанд “Номин Юнион” ББСБ-аар дамжуулан төлөхөөр харилцан тохиролцсон.  НК ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр 136 500 000 төгрөгийг Н ХХК-ийн дансанд хийгээгүй, шилжүүлээгүй бөгөөд “Н” ХХК нь 3 ширхэг автомашины төлбөрт нийт 136 223 717 төгрөгийг төлсөн. Иймд “Н” ХХК нь НК ХХК-д төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 16 220 173 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 41 685 760 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулах, хариуцагчаас 239 051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НК ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Н ХХК-д автомашин худалдан авахад нь зориулж 136 000 000 төгрөгийг 1.49 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бэлэн бусаар зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий байгууллагаас олгох зээл мөн гэж тодорхойлсон атлаа 3 автомашиныг эзэмшиж түүгээр орлого олж байсан зээлдэгчийн мөнгө хөрөнгө аваагүй гэх хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзээд хариуцагчийн татгалзал бодит үнэнд нийцэхгүй гэж дүгнэсэн өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн ойлгомжгүй эргэлзээтэй болгосон.

Хариуцагч шүүх хуралдаанд зээлдүүлэгчид зээлийн төлбөрт зориулж 136 223 717 төгрөг төлсөн гэж маргасан. Шүүх зээлийн төлбөрт 136 223 717 төгрөг төлөөд дээр нь 3 автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах нь шударга ёсонд нийцэхгүй гэж дүгнэсэн. Бодит байдал дээр зээлдэгч нь зээлийн төлбөрт 136 233 717 төгрөг төлөөгүй. Ийм баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч Н ХХК нь Номин трейдинг ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийхдээ урьдчилгаанд шилжүүлсэн 30 хувийн төлбөрийг зээлдүүлэгчийг авсан мэтээр үзэж байгаа нь буруу. Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас бодитоор үнэлж дүгнээгүй.

Хариуцагч зээл хүүгийн тооцоолол дээр маргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагаас гадуур хэрэгт байхгүй үйл баримтыг дурдаж нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй үнийн дүн буюу өмнөх хураагдсан барьцааний хөрөнгийг оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 41 156 780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Хариуцагч нь барьцааны хөрөнгийн хувьд зөвхөн 30 хувийг худалдагч Номин трейдинг ХХК-ийн дансанд шилжүүлж үлдэгдэл төлбөр дээрээ НК-аас хамгийн бага хүүтэй зээл авч бараагаа хүлээн авсан буюу зээлээр худалдан авсан байхад шүүх зээлдэгч зээлийн хөрөнгөөр үнийг нь бүрэн төлсөн гэж тодорхойлсон нь буруу.

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй бөгөөд барьцаа эд хөрөнгийг хэнд, хэзээ, хэдэн төгрөгөөр худалдаж гуравдагч этгээдийн өмчлөлд очсон болох талаар ямарч баримт байхгүй байхад хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгосон нэгдмэл сонирхол бүхий этгээдүүд бие биедээ хямд борлуулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Хэрэгт Номин трейдинг ХХК хэзээ ямар машин, хэдэн төгрөгөөр яаж авсан талаар баримт авагдаагүй байхад барьцаа хөрөнгийг 54 600 000 төгрөг гэж тодорхойлон ийм үнээр зарах ёстой байсан мэтээр үзэж шийдвэрт дурдсан нь үндэслэлгүй байна.

Барьцаа эд хөрөнгө болох 2879 УНВ улсын дугаартай Шевролет Каптива маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нь хууль болон гэрээний холбогдох зүйл заалтаар зохицуулагдах болохыг тайлбарлаж шүүх хуралдаанд энэ шаардлагыг хангасан боловч шүүхийн шийдвэр бичгээр гарахад өөрчлөгдсөн байгаа нь санамсаргүй алдаа гэж үзэхэд эргэлзээтэй байх тул барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх буруу тайлбарлаж зээлдэгчид хэт ашигтай хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “НК” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан, үндсэн зээлийн төлбөрт 72 999 452,95 төгрөг, хүүд 10 177,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 568 291,48 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 980 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 84 837 901,56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох 8478 УНИ, 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, мөнгийг бэлнээр хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй маргасан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан дүнг зээлийн гэрээний үүргээс суутган тооцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 55 478 301,32 төгрөг, хүү 1 570 590,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324 061,14 төгрөг болгосон, бусад шаардлагаа дэмжиж нийт 57 904 933 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болгон өөрчилжээ.

            Хариуцагч “Н” ХХК нь зээлийн гэрээний дагуу 136 500 000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн аваагүй гэх тайлбар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Алмандин капитал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хурлаас автомашины үнэ 136 500 000 төгрөгийг НК ХХК-иас 24 сарын хугацаатай зээлээр санхүүжүүлэхийг зөвшөөрсөн, үүнийг үндэслэн Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашин 2, Шевроле Тахое автомашин 1, нийт 3 автомашиныг “Ноббложистикс” ХХК өөрийн эзэмшилд ашиглалтад шилжүүлэн авсан, түрээсэлж ашиг олж байсан баримтуудыг шүүх үнэлж зээлийн хөрөнгийг бодитоор ашигласан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, зээлийн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсгийг зөрчөөгүй ба шүүхийн шийдвэрээр хариуцагчид зээлийн төлбөр төлөх үүрэг үүссэн гэж дүгнэн төлбөр гаргуулсныг хариуцагч эсэргүүцэж давж заалдах гомдол гаргаагүй.

            Шүүх талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээний агуулгыг фидуцийн гэрээ гэж үзсэн нь зөв байна. Уг гэрээ нь “барьцааны” гэж нэрлэгдсэн боловч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх хөрөнгө буюу 3 ширхэг автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар талуудад фидуцийн гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ.

Хариуцагч “Н” ХХК нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй болохоо үгүйсгээгүй, иймд үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч нь эд хөрөнгийг буцаан өгөх үүрэггүй, мөн үүрэг хүлээгч буюу зээлдэгч фидуцийн гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхгүй.

Харин талууд гэрээний 2.2, 2.5 дахь заалтад фидуцийн зүйл болох 3 автомашины үнийг харилцан тохиролцож тогтоосон байх тул уг үнээр автомашиныг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг тооцох үндэслэлтэй. Иймд 4781УБП улсын дугаартай Шевроле Тахое, 8478 УНИ улсын дугаартай Шеврале Каптива автомашинуудыг хураан авч “түргэн борлогдох” гэх үнээр бусдад худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргээс нийт 54 393 220 төгрөгийг хасч тооцсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй.

Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй гэрээний 2.6 дахь “түргэн борлогдох үнэ”-ээр борлуулж төлбөрийг барагдуулах заалт нь мөн гэрээний 2.2, 2.5-д заасантай агуулгын хувьд зөрчилтэй, ойлгомжгүй нөхцөлийг талуудад үүсгэсэн байх бөгөөд харилцан тохиролцож тогтоосон гэрээний үнийг баримтлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт нийцнэ. Дээрх байдлаар автомашины үнийг гэрээнд зааснаар тооцвол нэхэмжлэгчийг 41 156 780 (/54 600 000+ 40 950 000/ -54 393 220) төгрөгөөр илүү тооцон нэхэмжилсэн гэж үзэх тул зээлийн төлбөрийн үлдэгдлийг 16 216 173 /57 372 953 - 41 156 780/ гэж тооцсон шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, гэрээний 2.2, 2.5-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 980 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлээ дэмжээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан байна. Үүнтэй холбоотойгоор шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу улсын орлогод үлдээсэн шийдвэр байх бөгөөд шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй. Иймд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Харин зээлийн гэрээний 2.12-т талууд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн холбогдох байгууллагаас эрх зүйн туслалцаа авах зардлыг зээлдэгч хүлээхээр заасны дотор нотариатын зардал гэж тусгасан тул нотариатын зардал 4 000 төгрөг нэхэмжилснийг хангасан нь зөв.

2879 УНВ Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашин нь нэхэмжлэгч “НК” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийг шилжүүлэн авсан байх тул уг автомашиныг барьцаа хөрөнгө гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй, шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ