Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/400

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0387/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Хохирогч О,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт Т-н И-т холбогдох эрүүгийн 2318000000432 дугаартай хэргийг 2023 оны 9 сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш овогт Т-н И /РД:***/,  *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, ***, ам бүл *** хамт *** хотын *** дүүргийн *** дугаар хорооны *** тоотод оршин суух хаягтай, урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.И-г “миний унаж яваа машиныг авч үлдээд мөнгө зээлээч, маргааш буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, *** оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О-с 12,500,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-н: О-с 12,500,000 төгрөг дансаар авсан. Нөхрөөр нь дамжуулж авсан юм. Түрээсийн машин барьцаалсан. Тухайн үед би онлайн покер тоглосон. Өсгөөд авна гэж бодсон боловч алдсан. Одоо тоглохоо больсон. Би ээжээсээ мөнгө авч хохирлоо төлсөн гэх мэдүүлэг

Хохирогч О-н: *** оны 12 сарын 5-ны өдөр миний нөхөр М гэртээ халамцуу орж ирсэн. Тэгээд таньдаг дүү байгаа юм мөнгө зохицуулаад өгөөч гэсэн. Би хуурай эгчийгээ фэйсбүүкт онлайн байхаар нь мөнгө асуусан. Тэгээд надад 12,000,000 төгрөг өгсөн. Өөрөөсөө мөнгө нэмээд И-н данс руу шилжүүлсэн. И унаж явсан машинаа барьцаалсан. Мөнгөө өгөхгүй удаад, утсаа авахгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. *** оны 10 сард өөрийн биеэр ирж уулзаад, уучлалт гуйгаад мөнгөө өгсөн. Тухайн үед “Аав хагалгаанд орох гэж байгаа. Төлбөрөө байршуулахгүй бол хагалгаа цуцлагдах гээд байна” гэж хэлж байсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Гэрч О.М-н: *** оны 12 сарын 19-ний орой А над руу утсаар яриад “манай нэг танил дүү Дархан-Уул аймагт явж байгаа юм байна, тэгээд хэдэн төгрөг хэрэгтэй байна гэнэ, чамд мөнгө байвал унаж яваа машиныг нь барьцаанд авч үлдээд 12.500.000 төгрөг зээлчхээч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “үнэхээр тэр дүүд чинь мөнгө хэрэг болоод байгаа юм бол би өөрөө дүүтэй чинь уулзъя” гэж хэлээд тэр залуугийн дугаарыг авч холбогдож байгаад тэр залуугийн унаж явсан машинд нь уулзсан. Тэгтэл тэр залуу өөрийгөө ******* гэж танилцуулаад “ахаа надад өнөөдөр 12.500.000 төгрөг хэрэгтэй байна, маргааш би өөрийнхөө барьж байгаа гар утасны 9911-тэй дугаарыг зарах гэж байгаа болохоор үүнийг зараад маргааш гэхэд танд буцаагаад мөнгийг чинь өгье” гэхээр нь би тэр залууд итгээд хамт гэрийнхээ гадаа очиж тэр залууг машинд нь үлдээгээд би өөрөө гэртээ орж энэ талаар эхнэртээ хэлсэн. Тэгтэл эхнэр ******* гэх залуутай өөрөө утсаар ярьж байгаад мөнгө зээлэхээр болж танил эгчээсээ 12.000.000 төгрөг авч ******* гэх залуугийн өгсөн данс руу шилжүүлсэн. Тэр үед би гэрээс гарч ******* гэх залуугийн унаж явсан *** *** гэж санагдаад байна Harrier маркийн тээврийн хэрэгслийг нь хүлээж аваад хаалга үүдийг нь цоожлоод байрныхаа гадаа тавьсан. Ингээд маргааш нь 9911-тэй дугаар луу нь залгасан чинь тэр дугаар нь зарагдсан байсан, тэгэхээр нь найз А-тай холбоо барьж байгаад *******-н *** дугаарыг олж аваад *******-тай удаа дараа ярьж мөнгөө нэхсэн боловч “удахгүй мөнгийг чинь өгнө” гэж худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрээд байна. Мөн дээрх Harrier маркийн тээврийн хэрэгсэл нь барьцаанд тавьсан өдрөөс хойш 7 орчим хоногийн дараа гэрийн гаднаас алга болсон. ******* бид нартай уулзаад машиныхаа талаар мэдэн будилаад байхаар нь “чи өөрөө машинаа авч явсан байна” гэж хэлсэн чинь “би уг нь энэ машины мөнгийг төлөөд явж байгаа” гэсэн утгатай зүйл яриад ам алдахаар нь би тэр машиныг түрээсийн машин байсан байна гэж ойлгосон гэх мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Ч.Т-н: *** оны 12 сарын 17-ны өдөр санагдаж байна манай дээр ******* гэх залуу ирж уулзаад **** улсын дугаартай Harrier маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 150.000 төгрөгөөр түрээсэлж авч явсан. **** оны 12 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн мөнгөө шилжүүлсэн байна. Тэрнээс хойш машин тэрэг авч ирж өгөхгүй болохоор нь удаа дараа утсаар холбогдсон боловч удахгүй үлдсэн түрээсийн мөнгөө өгнө гэж худлаа хэлж явсаар байсан. Би сүүлдээ машиныхаа GPS багажаар хайхад миний машин Дархан-Уул аймгийн төвд байршил нь зааж байсан. Тэгэхээр нь өөрийн биеэр Дархан-Уул аймагт ирж 16 давхрын байрны ойролцоо миний машин байсан тул би өөрийнхөө машиныг аваад буцсан. Үүнээс хойш тэр залуутай дахин холбогдож уулзаагүй гэх мэдүүлэг /хх-н 16/,

*** оны 12 сарын 19-нд 02 цаг 56 минутад **** данс руу “***” гэх гүйлгээний утгатай 12,500,000 төгрөг шилжүүлсэн гэх хохирогчийн гаргаж өгсөн дансны хуулга /хх-04/,

**** оны 9 сарын 5-ны өдрийн Хаан банкны **** тоот данс нь О-н данс байна гэх албан тоот /хх-41/,

**** оны 12 сарын 19-нд 02 цаг 56 минутад О-н **** дансанд “****” гэх гүйлгээний утгатай 12,500,000 төгрөгийн орлого орсон гэх Хаан банкны дансны хуулга /хх-н 42-45/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь “Миний унаж яваа машиныг авч үлдээд мөнгө зээлээч, маргааш буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, *** оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О-с 12,500,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэдгээ илэрхийлж байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.

Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь *** оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум ***-р багийн иргэн О-д “Аав хагалгаанд орох гэж байгаа, хагалгааны төлбөр байршуулахгүй бол хагалгаа цуцлагдах гээд байна. Миний унаж яваа машиныг авч үлдээд мөнгө зээлээч, маргааш буцаагаад өгнө” гэж хэлэн түрээслэн унаж явсан *** улсын дугаартай Харейр маркийн авто машинаа барьцаалж О-с 12,500,000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэг тооцохоор заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******-н дээрх үйлдэл нь хохирогчид “Аав хагалгаанд орох гэж байгаа, хагалгааны төлбөр байршуулахгүй бол хагалгаа цуцлагдах гээд байна” гэж худал хэлэн, түрээслэн унаж яваа машинаа өөрийн машин гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 12,500,000 төгрөг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас О-д 12,500,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ******* нь 12,500,000 төгрөгийг төлсөн болох хохирогчийн мэдүүлэг нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, өмнө залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ******* 1 жилийн хугацаагаар **** хотын **** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш-д овогт Т-н И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР