| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0155/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/401 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0155/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овгийн Б-н О-д холбогдох эрүүгийн 2303001640144 дугаартай хэргийг 2023 оны 4 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М овогт Б-н О /РД: ****/ *** оны *** сарын ***-ны өдөр *** төрсөн, *** настай **, **** боловсролтой, ****, **** ***, ам бүл ***, *** аймаг, *** сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, **** тоотод оршин суух бүртгэлтэй, **** дүүрэг, *** дүгээр хороо, **** хотхоны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г *** оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 00 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дархан өртөөний зорчигчийн вагон тавцан дээр галт тэрэгнээс буугаад явж байсан иргэн Б.А-н гар цүнхийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж дээрэмдсэний улмаас бага хэмжээнээс дээш буюу 341.400 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлт/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-н: *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн 00:30 цагийн үед иргэн Б.А-н гар цүнхийг дээрэмдэж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
2023 оны 3 сарын 31-ний өдрийн: Вокзал 2 гэх бичлэгийг тоглуулж үзэхэд дэлгэцийн баруун дээд буланд 2023 оны 02 сарын 07, 02:05:40 гэх бичиглэлтэй Улаанбаатар төмөр зам Дархан-1 өртөөний зорчигчийн тавцан тал харагдаж байна. Дархан-1 өртөөний тавцан талын 1 дүгээр зам дээрээс Дохиолол холбооны 1 дүгээр анги руу явах чиглэлд хохирогч Б.А, оролцогч Б.О нар явж байгаа дүрс харагдаж байна. Дэлгэцийн баруун дээд буланд байрлах 2023 оны 02 сарын 7, 02:07:03 гэх бичиглэлд хэргийн оролцогч Б.О нь хэргийн хохирогч Б.А-н баруун гартаа барьж яваа шар өнгийн тортой зүйлийг авч яваа дүрс харагдаж бичлэг 02:07:22 гэх бичиглэлд дуусав. Вокзал 3 гэх бичлэгийг тоглуулж үзэхэд Хохирогч Б.А, хэргийн оролцогч Б.О нар нь дохиолол холбооны 1 дүгээр анги чиглэлтэй хоёулаа явж байгаа дүрс харагдах бөгөөд хохирогч Б.А нь буцаж Дархан-1 өртөө чиглэлд алхаж явахад хэргийн оролцогч Б.О нь хажууд нь зогсож байгаад ертөнцийн зүгээр хойд зүг рүү гүйгээд явж байгаа дүрс бичлэг харагдаж дэлгэцийн баруун дээд буланд байрлах 2023 оны 02 сарын 07, 02.10.16 гэх бичиглэлд дуусав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хэргийн оролцогч Б.О нь саарал өнгийн гадуур хүрэмтэй баруун гартаа цагаан өнгийн тортой эд зүйл барьсан, араас нь хэргийн хохирогч Б.А нь хүрэн, ягаан өнгийн Монгол дээл, цагаан өнгийн малгай, баруун гартаа цүнхтэй эд зүйл барьсан байдалтай сэлгээний галт тэрэг өнгөрч яваад, зогсож хоорондоо ярилцаж буй мэт дүрс харагдаж, хэргийн хохирогч Б.А нь буцаж Дархан-1 өртөө чиглэлд явахад араас нь Б.О дагаж очоод баруун гартаа барьсан цүнхийг авч яваа дүрс бичлэг харагдаж, хохирогч Б.А-н зүүн гарт хар өнгийн гар цүнх барьж яваад тухайн бичлэг дэлгэцийн баруун дээд буланд байрлах 2023 оны 02 сарын 07, 02:08:46 гэх бичиглэлд дуусав гэх Дархан-1 өртөөний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-12/,
2023 оны 3 сарын 31-ний өдрийн: Дархан-1 өртөөний камерын 3 бичлэг, ТЭМ12-60 сэлгээний илчит тэрэгний хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 14/,
Хохирогч Ц.А-н: Би 2023 оны 02 сарын 07-ны шөнө Эрдэнэт хотоос Дархан хот руу галт тэргээр ганцаараа зорчиж явсан юм. Шөнийн 01 цагийн үе шиг санагдаж байна. Би Дархан өртөөнд буугаад Сэлэнгийн галт тэргэнд суух гээд нэг гартаа саарал өнгөтэй үүрдэг цүнхтэй идэж уух зүйл, нөгөө гартаа хүүхдийн цаасан хайрцагтай нэлээн том хэмжээтэй тоглоом, хар өнгийн гар цүнхээ барьж явж байтал нэг залуу ирээд танд туслая гэсэн. Хоёр гартаа байсан эд зүйлээ өгөөд гар цүнхээ өөрөө аваад байж байтал нөгөө залуу миний эд зүйлийг аваад вокзалаас өөр тийшээ алхаад байсан. Би араас нь вокзал нөгөө тийшээ байна шүү дээ гэж хэлэхэд нөгөө залуу энэ байшингын хойд талд вокзал байгаа гэж хэлээд чигээрээ яваад байсан. Би айгаад буруу хараад Дархан вокзал руу алхаж байтал нөгөө залуу миний эд зүйлийг газар хаяж, араас гүйж ирээд миний цүнхийг булааж намайг дээрэмдээд зугтсан. Би өөрт учирсан хохирлын мөнгө 351,400 төгрөг авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 23-24, 29/,
2023 оны 3 сарын 21-ний өдрийн Дамно ХХК-н “цүнх 30,000 төгрөг, энергийн зүүлт 60,000 төгрөг, 2 ширхэг карт 10,000 төгрөг, үнэмлэх 30,000 төгрөг, гар утас 221,400 төгрөг нийт 351,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 33-35/,
Гэрч Б.С-н: Б.О миний төрсөн дүү И-н хүүхэд байгаа юм. Айлын ганц хүүхэд. Б.О нь ээж, аавыгаа сайн мэдэхгүй. Аав Б, ээж И нар нь бага байхад нь салаад явсан. Б.О нагац талын өвөө, ах, эгч нар дээрээ өссөн. Өвөө Б гэх хүнтэй хамт амьдарч байхдаа 3 настайдаа хашаанаасаа алга болж цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухайн үедээ олоогүй. 2003 онд “Бадамлянхуа” нэртэй асрамж очиж 2006 он хүртэл байсан. Би тухайн үед Орхон аймагт байхад зурагтаар манай дүү Б О-г асрамжийн газарт байгааг мэдсэн. Асрамжийн газар байгааг нь мэдээд би асрамжийн газраас авч Орхон аймагт хамт амьдарсан. Орхон аймгийн 14 дүгээр сургуульд оруулсан. Б.О нь 9 дүгээр анги төгссөн. Сургуульд сурч байхдаа туслах малчин хийж байсан. 18 нас хүрээд цэргийн албанд татагдаж явсан. Цэргээс ирэхэд манайх Улаанбаатар хот Багахангай дүүрэгт шилжин ирсэн. Би цэрэгт байхад нь чи одоо насанд хүрсэн, өөрөө амьдарлаа залгуулж яваарай гэж хэлсэн. Тэр цагаас хойш Б.О нь Орхон аймагт дугуй засварт ажил хийж, одоо Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа гэсэн гэх мэдүүлэг /хх-н 47/,
2023 оны 4 сарын 3-ны өдрийн Улаанбаатар Төмөр замын статистик бүртгэлийн төвийн албан тоот, Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэргэнд зорчин явсан зорчигчдын лавлагаа /хх-н 73-90/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэв.
Шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2023 оны 02 сарын 07-нд 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Дархан өртөөний зорчигчийн вагон тавцан дээр галт тэрэгнээс буугаад явж байсан иргэн Б.А-н энергийн зүүлт, 2 ширхэг банкны карт, иргэний үнэмлэх, гар утас зэрэг эд зүйл бүхий гар цүнхийг булааж аван зугтсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.О-н үйлдэл нь хохирогч Б.А-н гар цүнхийг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, илээр, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Тээврийн аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А-т 351,400 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 351,000 төгрөг төлсөн болох нь хохирогч Б.А-н хохирлоо бүрэн бүтэн хүлээж авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлэдэлж байгаагүй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О-н 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг хорих шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “СD”-г хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР