| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/01457/и |
| Дугаар | 3277 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 3277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ц /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ,
Хариуцагч: “Х ” ХХК нарт холбогдох,
2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-ыг хууль бус болохыг тогтоолгож, Н.Ц од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус тогтоолын улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан, хариуцагч “Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ж.О ын 12260824/01 дугаар тоотын дагуу иргэн Н.Ц миний эзэмшлийн дансыг битүүмжлүүлсэн талааp 2020 оны 01 сарын 20-ны өдөр банкны харилцагчийн үйлчилгээний төвөөс мэдсэн билээ. Шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчиж миний арилжааны банк дахь хувийн эзэмшлийн дансыг битүүмжилсэн талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргахад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Н ын 2012 оны 03 сарын 02-ны өдрийн 4/550 дугаартай гомдолд хариу өгөх тухай албан бичгээрээ данс битүүмжилсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул битүүмжилсэн дансыг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний арилжааны банк дахь хувийн дансыг төлбөр төлөгч-хуулийн этгээд “Э ” XXК-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/00434 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн хуулийг зөрчиж байна.
Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн талаар. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1-т “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ж.О ын 12260824/01 дугаарт тогтоолдоо дурдаад байгаа 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/00434 дугаартай шүүхийн шийдвэр нь иргэн Н.Ц надад холбогдуулж гараагүй. Харин төлбөр төлөгч-хуулийн этгээд болох “Э ” XXK-д холбогдуулан гарсан байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ж.О нь миний эсрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох баримт бичиггүйгээр, сайн дураараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, иргэн Н.Ц ын хувийн эзэмшлийн дансыг битүүмжлэн хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.3-т “Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасан байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 434 дүгээр шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч нь “Э ” ХХК байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй байгаа иргэн Н.Ц ыг төлбөр төлөгч гэж дур мэдэн тогтоож, түүний хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна.
Хоёрдугаарт Компанийн тухай хуулийг зөрчсөн талаар. “Э ” XXК-иас 130,818,800 төгрөг гаргуулж “Б ” XXК-д олгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 434 дүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө төлбөрт хүрэлцэхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т заасныг үндэслэн компанийн 33,3 хувийн хувьцаа эзэмшигч Н.Ц ын арилжааны банкан дахь харилцах дансыг төлбөрийн хувьд ногдох хэмжээгээр битүүмжилсэн тул хууль зөрчөөгүй гэж дурдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомж болох Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Компанийн тухай хуулийн 9.1-т Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл миний бие Н.Ц нь “Э ” ХХK-д оруулсан хөрөнгө буюу хувьцаанд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээхээр байна. Н.Ц миний бие “Э ” XXК-ийн 33,3 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр 3.Б, М.Б нараас шилжүүлсэн. Уг компанийн үйл ажиллагаанд үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш оролцож байгaагүй, “Э ” XXK-ийн санхүүгийн тайлантай танилцаж байсан удаа надад байхгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1, 32.3, 93.4, Компанийн тухай хуулийн 9.1, 9.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн Н.Ц миний арилжааны банкнууд дахь данс битүүмжилсэн 18260824/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хууль бус тогтоолын улмаас учирсан хохирол 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
“Х ” ХХК нь Н.Ц ын арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилсэн дээрх тогтоолын хууль зүйн үндэслэлийг шалгалгүй, Н.Ц ын эд хөрөнгийн нууцыг бусдад задруулж, мөнгө хөрөнгийг түүний зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн. Энэ талаар “Х ” XXК болон Монгол банканд гомдол гаргасан боловч энэ асуудлыг зөвхөн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаанд хамаарах асуудал гэх байдлаар хариу өгсөн. Х эрх бүхий этгээдийн шийдвэрээр Н.Ц ын харилцах дансыг битүүмжилсэн гэж байгаа боловч тайлбарт дурдаад байгаа 18260824/01 тоот тогтоол нь Н.Ц оос биш төлбөр төлөгч “Э ” XXК-аас төлбөр гаргуулах тухай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 434 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн үйлдсэн тогтоол байсан. Гэтэл Х наас дээрх нөхцөл байдлыг огт тодруулалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын тогтоолын үндэслэл, хууль зүйн асуудлыг шалгаж нягтлахгүйгээр миний өмчлөх эрхэд халдаж байгаад туйлын гомдолтой байна. Банк нь Банкны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авч, мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө байгууллага. Ийнхүү тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байгаагийн нөгөө талд иргэд, байгууллагын өмч, хөрөнгийг хадгалах, хамгаалах, нууцлалыг хадгалах, харилцагчийн өмчлөх эрхийг баталгаатай байлгах үүрэг хүлээдэг. Энэ ч агуулгаар бид банканд итгэж, өөрийн өмч хөрөнгийг хадгалуулдаг. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.2-т “хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх”, мөн хуулийн 7.3-т “Хадгалагч нь мөнгөн хадгаламжид авсан мөнгөн хөрөнгийг өөрийн гүйлгээнд хэрэглэн түүний бүрэн бүтэн байдлыг хангана”, Банкны тухай хуулийн 16.1.4-т “Банк харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх” гэж тус тус заасан байдаг. Гэтэл Х данс эзэмшигчид мэдэгдэлгүйгээр дансыг битүүмжлэн, зөвшөөрлийг нь авалгүй бусад этгээдийн данс уруу гүйлгээ хийсэн байгаа нь эдгээр хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Х ны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгчид 1 000 000 төгрөгийн хохирол учирсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.3-т зааснаар төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэж үзэхээр заасан ба тус хуулийн дагуу зөвхөн төлбөр төлөгчид хамаарах өмч, хөрөнгөөс шийдвэрийн биелэлтийг хангуулахаар байгаа юм. Х ны зүгээс Н.Ц ыг төлбөр төлөгч Э XXК-ийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлийг баримтлан дансыг битүүмжилж, төлбөр шилжүүлсэн байгаа нь дээр дурдсан банкны хууль тогтоомжуудаас гадна Компанийн тухай хуулийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэснийг мөн зөрчиж байна. Ийм байдлаар компани, түүний хувьцаа эзэмшигч хоорондын өмч, хөрөнгийн хамаарал, зарчмын асуудлыг мэдэхгүйгээр, шалгахгүйгээр, үүнийг үл хэрэгсэн асуудалд хандаж байгаа нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд байж боломгүй явдал. Цаашлаад Х энэ үйлдлээрээ Иргэний хуулийн 101.1. Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 103.1. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасныг мөн зөрчсөн. Иймээс Х ны дээрх хууль бус үйлдэл нь нэхэмжлэгч Н.Ц од гэм хор учруулах нэг үндэслэл болсон гэж үзэж энэ хэрэгт Х ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан болно.
Иймд 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Н.Ц од холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус тогтоолын улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Х ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 434 дүгээр захирамжаар “Э ” XХК-аас 130,818,800 төгрөг гаргуулж “Б ” XXК-д олгохоор захирамжилжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Э ” XXК-ийн захирал М.Б д шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр төлөгч “Э ” XХК-ийн эзэмшил болон өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банк дахь харилцах дансыг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх мэдэгдэл хүргүүлэхэд данс эзэмшдэггүй тухай хариу ирсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн лавлагааг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.3 дахь заалтыг удирдлага болгон төлбөр төлөгч “Э ” XXК-ийн үүсгэн байгуулагч, 33,4 хувийг эзэмшигч М.Б , үүсгэн байгуулагч, 33,3 хувийг эзэмшигч 3. Баттүшиг, үүсгэн байгуулагч, 33,3 хувийг эзэмшигч Н.Ц нарын хөрөнгийг тодруулж, арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг хувьд ногдох хувьцааны хэмжээгээр зогсоосон нь хууль зөрчөөгүй байх ба дансны хасалтаар орж ирсэн 1 000 000 төгрөг нь иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл хохиролд тооцох боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч “Х ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Н.Ц оос “Х ” ХХК-д холбогдуулан хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 cарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай” 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ж.О ын гарын үсэг бүхий тогтоол “Х ” XXК-д 2020 оны 01 сарын 16-ны өдөр ирсэн. Тус тогтоолын дагуу харилцагч Н.Ц ын ******* тоот дансны зарлагын гүйлгээг тогтоолд дурдсан хэмжээгээр хязгаарлаж, 2020 оны 01 cарын 21-ний өдөр 1 000 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд шилжүүлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 50 дугаар зүйлийн 50.1, 50.3, 93 дугаар зүйлийн 93.4, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасны дагуу банк шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Төлбөр төлөгч хувьцаа эзэмшигч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдсан гэж үзэж байгаа бол шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байдаг. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 caрын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан бөгөөд 3.12-т “...Харин хуульд заасны дагуу шүүх арбитр, зэрэг эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйлгээ хийгдсэн бол хадгалагчийг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл банк шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолын дагуу харилцагчийн данснаас гүйлгээ хийхдээ харилцагчаас зөвшөөрөл авахгүй бөгөөд энэхүү үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хууль зүйн үндэслэлийг шалгах, биелүүлэхээс татгалзах эрх банканд хуулиар олгогдоогүй. Хэрвээ банк тогтоолд дурдсан ажиллагааг хэрэгжүүлэхээс татгалзвал Зөрчлийн тухай хуулийн 15.27 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, төлбөр төлөгчийн хөрөнгийн талаар мэдээлэл ирүүлээгүй, битүүмжлээгүй, шилжүүлээгүй, тогтоолд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн үндэслэлээр торгуулах шийтгэл хүлээх хуулийн хариуцлагатай болно. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар Н.Ц нь төлбөр төлөгч биш “Э ” XXK-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч байхад банк нь компани, түүний хувьцаа эзэмшигч хоорондын өмч, хөрөнгийн хамаарал, зарчмын асуудлыг шалгахгүйгээр асуудалд хандаж байгаа нь хууль зөрчсөн, байж боломгүй явдал гэж буруутгажээ. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах асуудлыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан. Энэхүү зохицуулалтын дагуу хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн харилцааг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлээр зохицуулсан бөгөөд 9.3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүpгийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус зохицуулсан байна. Yүний дагуу компанийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигч барагдуулах хууль зүйн үндэслэл байхад нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш этгээдээс шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус тогтоолын дагуу харилцагчийнхаа дансыг битүүмжлэн төлбөр шилжүүлсэн нь байж боломгүй явдал мэтээр банкийг буруутгасан нь үндэслэлгүй юм. Хувьцаа эзэмшигч компанид оруулсан эд хөрөнгийг хувийнхаас зааглан, тусад тодорхойлж байх үүрэгтэй. Энэ нь “хувьцаа эзэмшигч гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээх үндэслэл болно. Компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс ялгагдаж, зааглагдсанаар компанийн эд хөрөнгө үүсэх бөгөөд компанийн тайлан тэнцэл, хөрөнгийн бүртгэлд тусгагдах ёстой. Компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ, хувийн эд хөрөнгөөс зааглаж тодорхойлоогүй, зохих ёсоор санхүүгийн тайлан тэнцэлд тусгаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээрээ компанийн өр төлбөрийг давхар хариуцан барагдуулах талаар хуульд зохицуулсан. Нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг компанийн хөрөнгөөс заагласан эсэх нь тодорхойгүй бөгөөд харин зааглагдсан эсэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийхээр хуульчилсан. Гэтэл банкийг компани, түүний хувьцаа эзэмшигч хоорондын өмч, хөрөнгийн хамаарал, зарчмын acyудлыг шалгах ёстой мэтээр нэхэмжлэлд дурдсаныг хуулийг буруу ойлгосон гэж үзэж байна. Гуравдугаарт, харилцагч Н.Ц ын ******* тоот данснаас шилжүүлсэн 1 000 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд орсон бөгөөд “Х ” XXK-д байхгүй болно. Хэрвээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж байгаа бол тус ажиллагааг хэрэгжүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирлын төлбөрөө шаардах ёстой бөгөөд банк хариуцагч болох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчээс “Х ” XХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-ыг хууль бус болохыг тогтоолгож, Н.Ц од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Х ” ХХК-ийг татаж, хууль бус тогтоолын улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, уг мөнгийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Х ” ХХК нараас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх,
хариуцагч “Х ” ХХК нь холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тогтоолын дагуу харилцагчийн данснаас 1 000 000 төгрөгийн гүйлгээ хийсэн тус банкны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/00434 дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч “Э ” ХХК-аас 130 818 800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 406 022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 13-ны өдрийн 101/ШЗ2018/04838 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2018/00456 дугаартай гүйцэтгэх хуудас олгогджээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 04 сарын 11-ний өдөр үүсгэж, хариуцагч “Э ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, арилжааны банкууд, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба, Авто тээврийн үндэсний төв, Ашигт малтмал, газрын тосны газар, гааль зэрэг байгууллагаас лавлагаа гаргуулах ажиллагааг хийж, 2019 оны 06 сарын 07-ны өдрийн 18260824/164 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч “Э ” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Б н арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны мэдээллийг ирүүлэх, зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн 131 224 822 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 180 000 төгрөг, нийт 131 404 822 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг даалгажээ. /хх-н 22-44 дэх хуудас/
Мөн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ж.О 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 50 дугаар зүйл, 86 дугаар зүйлийн 86.1, 93 дугаар зүйлийн 93.4, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн төлбөр төлөгч “Э ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Ц , З.Б , М.Б нарын эзэмшиж буй харилцах болон хадгаламжийн дансны мэдээллийг ирүүлэх, зарлагын гүйлгээг төлбөл зохих 131 404 822 төгрөгийн хувьд ноогдох хувьцааны хэмжээ болох 43 363 592 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, тогтоолын дагуу битүүмжлэгдсэн данснаас шилжүүлэг хийхийг арилжааны банкуудад даалгаж, мэдээлэл ирүүлээгүй, тогтоосон хугацаанд хөрөнгийг битүүмжлээгүй, мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.27-д заасан шийтгэл ногдуулахыг мэдэгджээ. /хх-н 56 дахь хуудас/
Нэхэмжлэгч Н.Ц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд дээрх тогтоолтой холбогдуулан гомдол гаргасан боловч төлбөр төлөгч “Э ” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банкуудад төлбөрт хүрэлцэхүйц мөнгөний үлдэгдэлгүй, 2 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрт заасан төлбөр барагдуулах үүргээ биелүүлээгүй байх тул үүсгэн байгуулагч нарын арилжааны банкин дахь харилцах дансыг төлбөрийн хувьд оногдох хэмжээгээр битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь уг заалтыг хэрэгжүүлэхдээ Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэгтэй.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан. Хуульд заасны дагуу хуулийн этгээд нь бодгаль буюу иргэний адил өөрийн гэсэн ялгагдах шинжтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, эзэмшиж байгаа хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг иргэний эрх зүйн харилцааны оролцогч юм.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж, мөн хуулийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч “Э ” ХХК-ийн хувьцааны 33.4 хувийг М.Б , 33,3 хувийг Н.Ц , З.Б нар нь тус тус эзэмшдэг болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч “Э ” ХХК нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, санхүүгийн тайлан гаргаагүй, компанийн дүрэмдээ хөрөнгө зааглагдсан талаар тусгаагүй тул хувьцаа эзэмшигч нарын хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу явуулсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд компанийн дүрэмд тусгавал зохих асуудлын талаар зохицуулсан бөгөөд компанийн дүрэмд компанийн өөрийн хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн талаар тусгах, компанийн хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг зааглах талаар хуульд заагаагүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн компани санхүүгийн тайлан гаргаагүй нь компанийн эд хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс зааглагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд компани санхүүгийн тайлангаа гаргаагүйн хариуцлагыг хувьцаа эзэмшигч хариуцахгүй.
Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулах үүрэгтэй бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар төлбөр төлөгч “Э ” ХХК-ийн эд хөрөнгө нь тус компанийн хувьцаа эзэмшигч нарын эд хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруулах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй компанийн 33,3 хувийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр хувьцаа эзэмшигч нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг хувь тэнцүүлэн битүүмжилсэн нь хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус тогтоолын улмаас түүний Х дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэлийн данс руу 1 000 000 төгрөгийг хууль бусаар шилжүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч нараас 1 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-ыг “Х ” ХХК 2020 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, харилцагч Н.Ц ын ******* дугаартай дансны зарлагын гүйлгээг тогтоолд дурдсан хэмжээгээр битүүмжлэн хязгаарлаж, 2020 оны 01 сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болох зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-н 71 дэх хуудас/
Хариуцагч “Х ” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай тогтоолын дагуу нэхэмжлэгч Н.Ц ын дансны зарлагын гүйлгээг тогтоолд дурдсан хэмжээгээр битүүмжлэн хязгаарлаж, 1 000 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлж эрх бүхий байгууллагын шийдвэрийг гүйцэтгэсэн байх тул тус банкийг хадгалагчийн үүргийг зөрчсөн гэж үзэхгүй. Банк нь эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрийг хянан шалгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь “Х ” ХХК-ийг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж тайлбарласан ч төлбөр төлөгч нь Н.Ц байсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу хийж гүйцэтгэсэн банкны үйл ажиллагааг буруутгахгүй гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13, 50 дугаар зүйл, 86 дугаар зүйлийн 86.1, 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалтыг үндэслэн гаргажээ. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, хязгаарлалт тогтоох, дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх, төлбөрийг мөнгөн хөрөнгөөс гаргуулах хуульд заасан эрхийн хүрээнд уг тогтоолыг гаргасан байх боловч шийдвэр гүйцэтгэгч нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу төлбөр төлөгч “Э ” ХХК-ийн эд хөрөнгө нь тус компанийн хувьцаа эзэмшигч Н.Ц ын эд хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалтыг баримтлан явуулсан ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 1 000 000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-ыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Ц од холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус тогтоолын улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан нэхэмжлэгч Н.Ц од олгож, хариуцагч “Х ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, 28 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 98 750 /70 200+28 550/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-ыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Ц од холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бус тогтоолын улмаас учирсан хохиролд 1 000 000 /нэг сая/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан нэхэмжлэгч Н.Ц од олгож, хариуцагч “Х ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, 28 550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 98 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
Н.САРАНГҮН