| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0400/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/414 |
| Огноо | 2023-11-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0400/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч Б.Доржханд,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж,
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Л-н А-т холбогдох эрүүгийн 2318000000495 дугаартай хэргийг 2023 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт Л-н А /РД: ***/ *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн ** суманд төрсөн, *** настай, ****, **** боловсролтой, **** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ***, **** хамт ****аймгийн **** сумын **** дүгээр байрны **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А-г 2023 оны 9 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** сургуулийн урд талын зам дээр *** улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 буюу явган хүний гарц нэвтрэх, 16.1-д зааснаар явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 12.3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийг тус тус зөрчсөний улмаас 10 настай Г.Д-г мөргөж, зүүн шаант, тахилзуур ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.А-н: Би 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймагт ажилд орохоор ирсэн. Дархан-Уул аймагт ажил хөөцөлдөөд *** цогцолбор руу явах замд **** цогцолбор сургуулийн ойролцоо зам гарч байгаа хүүхэд мөргөсөн. Улмаар мөргөсөн хүүхдийг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Хохиролд 1,930,630 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 1,486,000 төгрөг төлсөн. Давтлага авахад шаардлагтай зардлыг төлнө гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-н: Хүүхэд минь **** цогцолбор сургуулийн 8-р ангид сурдаг. Тухайн өдөр эхнэр залгаад хүүхэд машинд дайруулчихлаа гэж дуудагдаад эмнэлэг дээр очсон. Би буцаж хэргийн газар дээр цагдаатай цуг очсон. Хүүхэд минь осолд орсны улмаас хичээлдээ явахгүй байгаа. Хичээлийн хоцрогдолд орсон. Хөлний гэмтэл нь сайн эдгээгүй. Шагай нь хадаастай байгаа болохоор таягтай явж байгаа. Эмч нь хадаас авсны дараа 1-2 сар сайн алхаж чадахгүй гэж хэлсэн. Осолд орсон өдрөөс өнөөдрийг хүртэл хичээлдээ яваагүй. Энэ жил *** цогцолбор сургуульд элсэн орсон. Сургуулийн захирал нь сургуульдаа танхимаар хичээллэхгүй байгаа учир сургуулиас гаргана гэж хэлсэн. Онлайнаар 8 төрлийн хичээлийн давтлагад хамрагдаж байгаа. Давтлагын төлбөр нэхэмжилж байгаа. Нэг хичээлийг цахимаар судлахад 200,000 төгрөгийн үнэтэй байдаг. Давтлагын төлбөр болох 4,650,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Мөн хадаасаа авахуулах шаардлагатай байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
2023 оны 9 сарын 19-ний өдрийн "...*** сургуулийн урд талын засмал зам буюу ** байрны зүүн хойд талын төв замын явган хүний гарц байв. Уг зам нь хоёр урсгалтай 4 эгнээ зам байх ба баруунаас зүүн тийш явах засмал замын 2-р эгнээнд буюу явган хүний гарц дээр *** улсын дугаартай приус-20 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байв..." гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-5/,
2023 оны 9 сарын 19-ний өдрийн: зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-н 7/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Д-н: ...сургууль руугаа явж байхдаа сургуулийнхаа урдхан талд байдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байхад нэгдүгээр эгнээнд явж байсан машин надад зам тавьж өгөөд зогссон. Тэгэхээр нь би тэр машины урдуур гарч гүйтэл 2 дугаар эгнээнд явж байсан саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл намайг анзааралгүй миний урдуур гэнэт ороод ирсэн. Тэр үед би гарцаар гүйж явсан учраас тэр машины баруун урд талын дугуйны дээд хэсгийг хүчтэй мөргөөд саваад унасан гэх мэдүүлэг /хх-н 10-11/,
Иргэний нэхэмжлэгч А.О: ...Г.Д нь Нэгдсэн эмнэлэг гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,486,000 төгрөгийн зардал гарсан тул төлбөрийг Төрийн санд төвлөрүүлэх шаардлагатай байна гэх мэдүүлэг /хх-н 17/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 9 сарын 22-ны өдрийн 954 дугаартай:
- Г.Д-н биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24-25/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 118 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн ЗК7296331 гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 30-32/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 99 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн ЗК7296331 гэсэн хаягтай цусны бүлэг нь OI Rh+ байна гэх дүгнэлт /хх-н 30-32/,
Шинжээч С.Саруулболдын 2023 оны 9 сарын 21-ний өдрийн:
- Л.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийг зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-н 40/,
Шинжээч Ш.Бямбажавын 2023 оны 9 сарын 21-ний өдрийн:
- Тоёота Приус-20 маркийн **** улсын дугаартай тээдрийн хэрэгсэл нь MNS-4598:2011 стандартыг хангасан байна. Зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-н 46-48/,
Шүүгдэгч Л.А-с гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд, мөнгө шилжүүлсэн баримтууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.А-т 2023 оны 9 сарын 19-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах **** цогцолбор сургуулийн урд талын зам дээр *** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 10 настай Г.Д-г мөргөж, зүүн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогчид эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үзүүлэхэд гарсан зардал 1,930,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчийн цахимаар хичээлд хамрагдахад гарах зардал 4,650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Л.А нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А нь 2023 оны 9 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг **** сургуулийн урд талын зам дээр **** улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 10 настай Г.Д-г мөргөж зүүн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Л.А-н үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Д-н эрүүл мэндэд зүүн шаант, тахилзуур ясны хугарал бүхий бүхий хүндэвтэр хохирол учирчээ.
Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 1.486,000 төгрөгийг төлсөн болох нь Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс “уг ослын улмаас хичээлдээ явж чадахгүй болсон тул хичээл нөхөх давтлага авч байгаа” гэх үндэслэлээр давтлаганы төлбөр 4,650,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч уг төлбөрийг төлөхөө илэрхийлж маргахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа хичээл нөхөх давтлагын төлбөр 4,650,000 төгрөг нь гэмт хэргийн хор уршигт хамаарч байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны дараа шүүгдэгч нь завсарлага авч хохирол 4,650,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Л.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, 2001 онд төрсөн 22 настай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А-т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР