Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 3442

 

 

 

 

 

 

 

 

 

                   2020         10          06  

              101/ШШ2020/03442

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.П  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах НШШГГ т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.П , нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шинжээч  С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Төлбөр төлөгч О.П  миний бие нь нэхэмжлэгч анд Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож О.П  миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэгдсэн *******,*******,******* тоот хаягт байршилтай, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцааны гэрээгээр барьцуулсан. Миний барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн баталгаанд өгсөн орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай бөгөөд хотын дахин төлөвлөлтөөр үйлчилгээ, оффис, орон сууц бүхий орчин үеийн барилга, байгууламж барихаар идэвхтэй яригдаж байгаа өөрийн өртөг нь байнга өсөн нэмэгдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө юм. Шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн орон сууцны байршил, ирээдүйн үнэ, цэнийг тооцож нэг мкв талбайн үнийг 3000 ам доллараар тооцож саналаа өгсөн боловч НШШГГ рын шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ тогтоолгохоор 2020 оны 03 сарын 30-ны өдөр “Шинжээч томилох тухай” 3/166 тоот тогтоол гаргаж “Б ” XXK-ийг шинжээчээр томилсон байна. Tус компаниас хөрөнгийн өнөөгийн ашиглалтын төвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалж нарийвчлан тогтоосны үндсэн дээр орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар 48,306,100 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. Үнэлгээнд зөвхөн ашиглалт, цаашид ашиглах байдал гэсэн хоёрхон шалгуураар миний өмчлөлийн үнэ цэнийг үнэгүйдүүлж байна. Аливаа бизнес, орон сууц, үл хөдлөхийн үнэ, цэнийг тогтоох хамгийн гол шалгуур бол чанар, стандартаас гадна “байршил” байдаг гэдэгтээ хэн ч маргахгүй. Гэтэл шинжээч нараас байршилыг “хотын төвдөө бүх үйлчилгээндээ ойрхон, нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон” гэж орчны шинжилгээнд тусгасан атлаа эдгээр хүчин зүйлс орон сууцны ирээдүйн үнэ цэнийг өсгөх эсэхэд шууд эерэг нөлөөтэй болохыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, цаашид хэрэгжих төслийн талаар ямар нэгэн тооцоолол хийгээгүй зэрэг нь иргэн миний хувийн өмчтэй байх, түүнийгээ чөлөөтэй захиран зарцуулах эрхэнд ноцтой халдаж, төлбөр авагчийн эрх ашигт хэт үйлчилж ирээдүйд маш их үнэ цэнэтэй болох байршил бүхий үл хөдлөхийг хэт хямдхан үнээр авах гэж байгаад гомдолтой байна. Нөгөө талаар орлогын хандлагаарх үнэлгээний тооцоонд “үнийн өсөлтөөс олох орлогыг” хамааруулна гэж тооцсон атлаа үнийн өсөлт хэдэн төгрөг байх талаар тусгаагүй, орон сууцыг 7 жил ашиглаад цаашид бүрэн ашиглахгүй байхаар тооцсон байгаа нь миний өмчийг хэт үнэгүйдүүлсэн, мөн үнэлгээний тайлан дахь шинжээч нараас байршилыг “хотын төвдөө бүх үйлчилгээндээ ойрхон, нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон” гэж орчны шинжилгээнд тусгасан нөхцөл байдлыг хэрхэн харгалзсан зэрэг нь тодорхойгүй байна. Орон сууцыг ашиглах нийт 7 жилээр хязгаарлахдаа цаашид дахин төлөвлөлтөөр бий болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч цаашид үргэлжлүүлэн өмчлөхгүй, шинээр бий болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ ямар байх талаар дүгнэлт өгөхгүй орхигдуулсан, мөн орон сууц бүрэнмөсөн устах мэтээр үнэлгээний тайланд тусгасан нь илт нэг талыг баримталсан шинжтэй байна. Зах зээлийн хандлагаарх үнэлгээний тооцоонд харьцуулалтыг яг тухайн орон сууцны ижил хэмжээтэй орон сууцны зах зээлийн үнэлгээтэй харьцуулаагүй нь үнэлгээ бодиттой гарсан гэхэд өмчлөгчийн хувьд маш эргэлзэж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн ******* “Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжтай, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 842 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэнд шууд халдсан, барьцааны зүйлийг хэт үнэгүйдүүлж байх тул 2020 оны 03 сарын 30-ны өдөр “Шинжээч томилох тухай” 3/166 тоот тогтоолоор томилогдсон “*******” XXK-ийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн ******* тоот үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Yнэлгээний мэдэгдлийг 2020 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн аваад тус шүүхэд 2020 оны 04 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад ******* дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, мөн 2020 оны 05 сарын 04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч мөн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар дахин хүлээн авахаас татгалзсаныг 2020 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн аваад захирамжид дурдсан алдааг зөвтгөн нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн дахин гаргаж байна” гэв.

Хариуцагч НШШГГ рын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01440 дүгээр шийдвэрээр О.П гээс 53,718,033 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 496,740 төгрөгийг rаргуулж “” ХXК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч д шүүхийн шийдвэрийг  биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгч О.П гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн*******,, тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 19261807/07 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч тал болон төлбөр авагч нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/10342, 4/10343 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Талууд үнийн саналыг харилцан тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилох тухай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3/166 дугаар тогтоолыг талуудад танилцуулж, хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4/11637, 4/11636 албан бичгээр талуудад танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч О.П  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэх заалтыг зөрчиж гомдол гаргасан байна. Иймд НШШГГ рын явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.П  нь хариуцагч НШШГГ т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн*******,, тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Б ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.

Хариуцагч НШШГГ  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01440 дугаартай шийдвэрээр хариуцагч О.П гээс зээлийн гэрээний үүрэгт 53 718 033 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 496 740 төгрөгийг rаргуулж “” ХXК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд О.П гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй *******,*******,, тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахаар шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна.

НШШГГ  шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд 2020 оны 01 сарын 13-ны өдрийн дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч О.П гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй *******,*******,, тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, 2020 оны 01 сарын 27-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

Мөн 2020 оны 03 сарын 24-ний өдөр 19261807/07 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2020 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч О.П  нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 1 м.кв-ыг 3000 ам.доллараар үнэлэх саналыг хүргүүлсэн байна. Төлбөр авагч “” ХХК нь зээлийн барьцаа хөрөнгийг 57 342 858 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах саналыг хүргүүлжээ.

НШШГГ  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 3/166 дугаартай тогтоолоор “Б ” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч О.П гийн өмчлөлийн орон сууцны үнэлгээг тогтоохыг даалгажээ.

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул НШШГГ раас битүүмжлэн хураагдсан орон сууцны үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч О.П  нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч нь тогтоолын дагуу тухайн орон сууцыг үнэлэн, хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн*******,, тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаар 48 306 100 төгрөгөөр тогтоож үнэлсэн байна.

НШШГГ  нь төлбөр төлөгч О.П д 2020 оны 04 сарын 06-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэл, 2020 оны 05 сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл, 2020 оны 05 сарын 28-ны өдөр  үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

Төлбөр төлөгч О.П  үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч түүний өмчлөлийн орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх хөрөнгийн байршлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, дахин төлөвлөлтөнд орсон орон сууцны ирээдүйн үнэ цэнийг тооцсон эсэх нь тодорхойгүй, цаашид хэрэгжих төслийн талаар ямар нэгэн тооцоолол хийгээгүй зэргээс орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэж үзэн, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байхаар заасан.

   Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн*******,, тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн орон сууцны ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судлан хийсэн байна. Үнэлгээ хийгдсэн орон сууцнаас өөр байрлалд байгаа орон сууцтай харьцуулан зах зээлийн хандлагаарх үнэлгээний тооцоо хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь шинжээч үнэлгээ хийж буй орон сууц болон харьцуулалт хийсэн орон сууцнуудын онцлог, ашиглалт, насжилт, байршил зэрэг хүчин зүйлсийг тооцсон тохиргоог хийн нэгж талбайн тохируулагдсан дундаж жишиг үнийг тогтоон үнэлгээ хийлгэж буй орон суцны талбайн хэмжээгээр тооцон зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинжээч дүгнэлтдээ үнэлүүлж буй хөрөнгийн талаар “...нийслэлийн дахин төлөвлөлт хийх орон сууцны жагсаалтад хамрагдсан ч зориулалтын дагуу ашиглагдаж байгаа” гэж дурдсан боловч дахин төлөвлөлтөнд орсон орон сууцны ирээдүйн үнэ цэнийг тооцоогүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ. Дахин төлөвлөлтөнд хамрагдах орон сууцны жагсаалтад багтсан гэх үндэслэлээр үнэлгээ хийх цаг хугацаанд зориулалтын дагуу ашиглагдаж буй орон сууцыг ирээдүйд бий болох үл хөдлөх хөрөнгийн өртгөөр тооцон гаргах нь хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох зарчимд нийцэхгүй.

Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, дахин төлөвлөлтөнд хамрагдах нь тодорхой болсон тул орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3000 ам доллараар тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.

Хариуцагч НШШГГ рын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон “Б ” ХХК төлбөр төлөгч О.П гийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангасан байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн*******,, тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Б ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                          

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, хариуцагч НШШГГ т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн*******,, тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Б ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР