Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам, О.Оюунчимэг,

Шүүгдэгч Л.Ц-,

Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/354  дүгээр шийтгэх тогтоолтой Л.Ц-д холбогдох 1934003760323 дугаартай 1 хавтас, 164 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Лувсанчойнболын Ц-, 1959 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Өлзийт-Уулын 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, регистрийн дугаар:УБ:__________,

Шүүгдэгч Л.Ц- нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Өртөө толгой гэх газарт нутаглах Б.Нэргүйн гэрт нөхрийн хамт уригдаж очсон байх үедээ байшингийн 2 давхрын авдар дээр байсан мөнгөн хэт хутга, хормойн боолт, сувдан даруулга, сувдан сам, гартаам хөөрөг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 10 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Лувсанчойнболын Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-г 1 /нэг/ 6 /зургаан/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаан/ сарын хорих ял дээр Баганхангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Л.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Ц-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ц- давж заалдах гомдолдоо: “2019 оны 11 сарын 29-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Одоо Төв аймаг дахь цагдан хорих байранд хоригдож байна. Миний нас өндөр дотор болон үе мөчний суурь архаг өвчтэй, даралт байнга өндөр байдаг. Хөл гарын хатингаршилттай. Энэ хийсэн хэрэгтээ маш их харамсаж дахин ямарваа нэгэн хэрэг үйлдэхгүй байж чадна. Мөн хохирогчид учруулсан хохирлын хэмжээг эртний хуучин цагийн үнэт эдлэлд тооцож үнэлгээг хэт өндөр үнэлсэн бөгөөд хохирогчийн надад анх хэлсэн үнэ өртөг үнэлгээнээс зөрүүтэй байна. Ийм учир үнэлгээг дахин хийлгэж хэргийг бодит байдал дээр тулгуурлан дахин шалгаж өгөхийг хүсч байна. ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ц-гийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь 10 сая төгрөгөөр тогтоогдсон. Үнэлгээ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээч нар нь үнэлгээ гаргах эрхтэй хүмүүс байгаа. Ялын хувьд үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон. Шүүгдэгч Л.Ц- нь өмнө нь тэнсэгдэж байсан. Тэнсэгдсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл тэнссэн хорих ялыг тэр хэмжээгээр нь нэмэх л хуулийн зохицуулалт бий. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам гаргасан саналдаа: Өмгөөлөгчийн хувьд ялтны гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Үнэлгээ гаргах тогтоол, үнэлгээ нь хууль ёсны гэж үзэхэд учир дутагдалтай байна. Процесс ажиллагаа нь хуулийн дагуу, зөрчилгүй хийгдэх ёстой. Иймд уг зөрчлийг арилгуулсны дараа хэргийг шийдвэрлүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг гаргасан саналдаа: Ц-гийн үйлдсэн хэрэг ерөнхийдөө тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж болох байжээ. Үнэлгээн дээр зүйлчлэл өөрчлөгдөхгүй ч гэсэн үнэлгээнээс хамаарч ялын хэмжээ өөрчлөгдөх боломжтой юм гэж үзэж байна. Хэрэв хэргийг прокурорт буцаавал шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Буцаах боломжгүй гэвэл оногдуулсан ялыг хөнгөлж өгөөчээ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Ц- гаргасан тайлбартаа: Дахиж бүгдийг анхнаас нь шалгуулмаар байна. Тэр айлтай хийх тооцоо байна. Авсан ял минь өндөр санагдаж байна. Тэнсэнтэй байхдаа ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Ц-д холбогдох эрүүгийн 1934003760323 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Л.Ц- нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Өртөө толгой гэх газарт нутаглах Б.Нэргүйгийн гэрт нөхрийн хамт уригдаж очсон байх үедээ байшингийн 2 давхарын авдар дээр байсан мөнгөн хэт хутга, хормойн боолт, сувдан даруулга, сувдан сам, гартааман хөөрөг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 10 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн хохирогч Ч.Баярмандахын: “...Би 2018 оны намар 10 дугаар сарын эхээр байх гэрээсээ мөнгөн эдлэлээ алдсан юм. Би мөнгөн эдлэлээ хамгийн сүүлд манайд ирсэн Ц- гэх хүнд үзүүлсэн. Тэрнээс хойш сар гарангийн дараа мөнгөн эдлэлээ хэрэглэх гээд авдараа ухахад миний мөнгөн хэт хутга, нөхрийн хөөрөг, хормойн боолт, миний сувдан сам, даруулгатай алга болсон. Тэгээд бид хамгийн сүүлд үзүүлсэн Ц-д хэлэхэд би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа нөхрийн мөнгөн хутга, хөөрөг, хормойн боолт гуравыг авч ирж өгсөн. Миний сувдан сам, сувдан даруулга хоёрыг авч ирж өгөхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Ц- нь 500 мянган төгрөг бэлнээр 2018 оны өвөл авч ирж өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 10-нд ирэхдээ 300 мянган төгрөг, шинэ  мөнгөн даруулга, энгэрийн зүүлт хоёрыг хосыг өгсөн. Надад 500 мянган төгрөг өгнө гэж бид 2 тохирсон” гэх мэдүүлэг /хх-06-07 тал/,  

гэрч Д.Норжмаагийн: “...Манай хөрш Нэргүй нь өнгөрсөн намар 10 сарын эхээр байх гэрээсээ хөөрөг болон мөнгөн хэт хутга, мөнгөн эмэгтэй хүний даруулга алдсан гэсэн. Сүүлд сонсохнээ хотоос ирсэн хүн авсан гэсэн. Би уг хүнийг нь таньж мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-10 тал/,

Гэрч З.Маш-Эрдэнийн: “...Нэргүй, Баярмандах хоёр Төв аймгийн Өндөрширээт сумын салдаг гэх газарт мал, маллаж амьдардаг хүмүүс байсан. Нэргүй намайг 10 сарын дундуур унага тамгалан чи ирээрэй гэсэн. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын эхээр байх би яг өдрийг нь санахгүй байна. Эхнэр Лувсанчойнболын Ц-гийн хамт очсон тэгээд дайлуулж цайлуулаад хоносон. 2018 оны 11 дүгээр сарын эхээр намайг гэртээ байж байхад манай гэрт ирээд би унага тамганы үеэр гэрээсээ хөөрөг, мөнгөн хэт хутга, эмэгтэй хүний хэрэглэдэг сувдан сам, даруулга алдчихлаа гэж хэлж ирсэн. Тэгээд би мэдэхгүй тухайн үед танайд олон хүн байсан гэж хэлсэн. Нэргүй надад үзүүлээгүй харин 2018 оны 6 дугаар сарын үеэр дааганы наймаа хийж байхад эхнэр Баярмандах нь надад хөөрөг болон сувдан сам зарна гэж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

Гэрч Б.Нэргүйн: “...2018 оны 10 дугаар сарын эхээр байх манайх унаганы найр хийсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа би авдарнаас мөнгөн хэт хутга эдлэлтэйгээ, мөн мөнгөн хормойн боолт, хөөрөг, сам, даруулга, сувдан сам алга болсон байсан. Эхнэр бид хоёр нэг нэгнээсээ асуухад манай эхнэр Баярмандах нь хамгийн сүүлд надтай морины наймаа хийсэн Маш-Эрдэнийн эхнэр Ц-д үзүүлсэн гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр Ц-тай очиж уулзахад би аваагүй гэж хэлээд хоёр гурав нь хоногийн дараа миний хэт хутга, хөөрөг, хормойн боолт авч ирж өгсөн. Би нарийн ширийн зүйл мэдэхгүй манай эхнэртэй уулзаад байсан” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Гэрч Н.Анхбаярын: “... Лувсанчойнбол овогтой Ц-/РД:УБ59112400/ нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай “Бан Бан” нэртэй Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт хөөрөг 1 ширхэгийг 600 000 төгрөгөнд 2018 оны 11 сарын 12-нд хэт хутга 1000000 төгрөгөнд тавиад хөөрөгөө  буцаагаад 2018 оны 10 дугаар сарын 25-нд авсан. Харин хэт хутгаа 2018 оны 11 дүгээр сарын 14-нд нь буюу 2 хоногийн дараа авсан байна. Ц- нь хөөргийг 600000 төгрөгөнд тавиад 616000 төгрөг төлж авсан. Харин хэт хутгыг 1000000 төгрөгөнд тавиад буцааж авахдаа 1023350 төгрөг өгсөн талаар манай ломбарданд бүртгэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-46 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-24 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Л.Ц-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Л.Ц-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж Эрүүгийн хуульд тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуульчлан заагаагүй байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Л.Ц-г “үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-г 1/нэг/ 6 /зургаан/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан хорих ялын хугацаа тодорхой бус, ойлгомжгүй, найруулгын алдаатай бичсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангахгүй байх тул шүүгдэгч Л.Ц-д анхан шатны шүүхээс оногдуулсан ял болох 1 жил 6 сарын хорих ялыг зөвтгөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Өртөө толгой гэх газарт нутаглах Б.Нэргүйгийн гэрээс 2018 оны 10 дугаар сарын эхээр алдагдсан мөнгөн хэт хутга, хормойн боолт, сувдан даруулга, сувдан сам, гартааман хөөрөг зэрэг эд зүйлийн үнэлгээ хийхийг Төв аймгийн Өндөрширээт сумын ЗДТГ-ын эд зүйлийн үнэлгээний газарт даалгасан 2019 оны 8 сарын 08-ны өдрийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол /хх-н 022 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 024 хуудас/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжилгээ хийлгэх журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Л.Ц-гийн гаргасан “...Үнэлгээг дахин хийлгэж, дахин шалгаж өгнө үү” гэсэн утгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Ц-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дүгээр заалтын “үлэмж хэмжээний хохирол учруулсан“  гэснийг хасч “1. Шүүгдэгч Боржигин овогт Лувсанчоймболын Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дугаар заалтын “1/нэг/ 6/зургаан/ сарын жилийн” гэснийг “1 /нэг/ жил 6/зургаа/ сарын гэж,

- 3 дугаар заалтын “1/нэг/ 6/зургаан/ сарын” гэснийг “1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Л.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-д 2019 оны 11 сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 сарын 05-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 68 /жаран найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

             6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                     Т.ЭНХМАА

 

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ