Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 127/ШШ2018/0005

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х-д холбогдох “...Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/183 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/183 тоот захирамжийн дагуу иргэн У.Одхүүд 2311031650 дугаар бүхий 10759 м2 газрыг Хэнтий аймгийн Газрын албаны дарга Б.Баярхүү олгосноор тус газар дээр байрлаж буй манай компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдлөө.

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Х-д хандаж асуудлыг үнэн зөвөөр шийдэхийг хүссэн өргөдөл өгсөн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана уу гэсэн албан бичиг хүлээж авсан.

“Д" ХХК-ийн барилгыг тухайн үеийн захирал Ч.М тус газрыг эзэмшигч Ч.Цэрэнжавтай газар ашиглах, эзэмших гэрээ байгуулж, худалдаа үйлчилгээний зориулалтаар барилга барих зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрөл авч техникийн нөхцлийн дагуу барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан.

2015, 2016 онуудад тухайн үеийн Засаг дарга Ж.Оюунбаатарт өөрийн ашиглаж буй газраа эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан.

Х- нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А/183 дугаар захирамж гаргасан. Энэ захирамж нь тухайн газрыг ашиглаж, эзэмшиж буй “Д” ХХК-ийн хууль ёсны эрхийг зөрчсөн тул тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Б.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д” ХХК-ийн захирал С.С нь Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Дээрх нэхэмжлэлийн хүрээнд талууд харилцан тохиролцох бүрэн боломжтой байна гэжээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал С.С болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Б.Д нар шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулснаа бичгээр ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд:

“... Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/183 тоот захирамжийг хүчингүй болгож, тухайн газрын маргаантай асуудлыг холбогдох байгууллагад нь хуулийн дагуу хандаж шийдвэрлүүлэхээр баримтуудыг хүргүүлэх гэсэн үндэслэлээр харилцан тохирч эвлэрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь Х-д холбогдуулан “...Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/183 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх тухайн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  явуулж байх явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ойлголцож маргаж буй асуудлаараа эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар  эвлэрлийн гэрээндээ:

1. Нэхэмжлэгч нь тухайн газрын /объектын/ бичиг баримтыг бүрдүүлэн холбогдох байгууллагад нь хүргүүлэх,

2. Хариуцагч Х- нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/183 тоот захирамжаа хүчингүй болгохоор харилцан тохиролцож эвлэрчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “... нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан.

Тухайн захиргааны хэргийн “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т заасныг баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х-д холбогдох “...Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/183 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Д” ХХК-нд олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН