Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0565

 

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0565

Улаанбаатар хот

 

 

 

Э.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Э.Д,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0499 дүгээр шийдвэр,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Д,

Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалын Э.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Э.Д,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

хариуцагчийн өмгөөлөгч С.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х,

Хэргийн индекс: 128/2026/0057/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Д анх шүүхэд хандан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг цахим бүртгэлд нөхөн бичилт хийхийг даалгах”-аар маргасан.

Улмаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалын Э.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлсон.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0499 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Дгаас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төрийн албанаас чөлөөлөх тухай Б/112 дугаар тушаалын Э.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх, цахим баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

3.1. ... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчаас үл хамаарах шалтгаанаар төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 62.1.4 дэх заалт хэрэгжихээр байхад төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангахтай холбоотой арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлээгүй, шууд сүүлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг эсрэгээр нь тайлбарлаж, ажилтны эрхийг үүрэг болгож, ажил олгогчийн үүргийг эрх болгож тайлбарласан нь үндэслэлгүй.

3.2. Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 34 байсныг 56 болгон нэмэгдүүлсэн ба уг 56 орон тооны албан тушаалын нэршил ангилал, зэрэглэлийг баталсны дараа тус газраас шинэчилсэн бүтцийг танилцуулаагүй, үргэлжлүүлэн ажиллуулах талаар мэдэгдээгүй, санал аваагүй.

3.3. Гэрчүүдийн мэдүүлгээр нийт албан хаагчдад үргэлжлүүлэн ажиллуулах албан тушаалын талаар танилцуулаагүй тодорхой бус нөхцөл байдлыг үүсгэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд тэтгэмж авахаар төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахаар хүсэлт хүргүүлснийг шүүх “тэтгэмж авах хүсэл зоригоо илэрхийлсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй.

3.4 Мөн “нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нэмэгдээгүй, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан ажлын байр нэмэгдэж батлагдаагүй нь тогтоогдож байгаа тохиолдолд даалгах шаардлага хангагдах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг, орон тоо Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны А/136 дугаар тушаалаар баталсан жагсаалтад “хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний арга зүй, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал хэвээр хадгалагдан батлагдсан байхад маргаан бүхий тушаалаар “чиг үүргийн давхардал үүссэн” гэж чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг зөрчсөн. Мөн уг орон тоог хасагдсан үндэслэлээр намайг чөлөөлсөн атлаа нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан Д.Мг шилжүүлэн хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний арга зүй, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.5 Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх талаар ялгамжтай хуульчилсан. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 498 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 3.1, 3.3-т заасан ажиллагаа хийгээгүй нь төрийн албаны нөөцөд үлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн, дээрх хуулийн заалтыг үндэслэн чөлөөлсөн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан.

3.6 Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,

3.1. Нэхэмжлэгч Э.Д нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/61 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байсан.

3.2. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг ... зохион байгуулахыг даалгаж” шийдвэрлэсний дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэж, Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаарыг баталсны дотор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаар 56 байхаар тусгагдсан.

3.3. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 1844 байхаар шинэчлэн тогтоож, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан.

Улмаар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/112 дугаар тушаалаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн 15 албан хаагчдыг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсний дунд нэхэмжлэгч Э.Д багтсан болох нь тус тус тогтоогдсон.

4 Нэхэмжлэгчээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/112 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй. Энэ эрхийг хангаж ажлын байр санал болгож, хэрэв албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох ёстой байтал урьдчилан мэдэгдэхгүйгээр, сонсох ажиллагаа хийж саналыг авахгүйгээр шууд чөлөөлсөн нь хуулиар олгосон эрхийг зөрчсөн...” хэмээн тайлбарлаж байна.

   5. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэдэгт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр албан тушаалын нэр өөрчлөгдсөн байж болох ч гүйцэтгэж байсан ажил үүрэг нь үндсэндээ хэвээрээ, ангилал, зэрэглэл нь ижил байхыг,

“албан тушаалын орон тоо нь хасагдсан” гэдэгт тухайн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр өмнөх албан тушаалын орон тоо хасагдсан байхыг тус тус ойлгох бөгөөд тухайн төрийн албан хаагч нь цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг авах эрхээ өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хэрэгжүүлэх эрхтэй.

6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, ажил санал болгоогүй гэх үндэслэлээр маргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн албан хаагчдын хурлын тэмдэглэл, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын албан хаагчидтай утсаар ярьж мэдээлэл хүргэсэн тэмдэглэл болон  2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоолол зэрэг баримтаар нэхэмжлэгч нь “...Гэр хол тул тэтгэмжээ аваад гарах хүсэлтэй байгаа” гэх зэргээр ажлаас чөлөөлөгдөж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдож байх тул “...нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин тэтгэмж авах байр суурь баримталсан байх тул хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            7. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс “Д.Мг шилжүүлэн хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний арга зүй, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргах боловч тухайн асуудалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул тус үндэслэлтэй холбогдуулан шүүхээс  дүгнэлт хийх боломжгүй.

            8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     

                             ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

 

                             ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

 

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА