| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 148/2018/0002/Э |
| Дугаар | 210 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210
С.Гэ-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч С.Гэ-, түүний өмгөөлөгч Н.Ариунболд, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар магадлалтай 1731000000111 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Гэ-ы гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдасан С.Гэ- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Гэ-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар С.Гэ-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршиг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 405.000 төгрөг гаргуулж Х.На-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гэ-ы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Гэ- гаргасан гомдолдоо “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг заажээ. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно.
Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад гаргасан мэтээр шүүхийн шийдвэрт тусгаж, хэргийг шийдвэрлэсний улмаас бусад гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт буюу мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт хэрэгжээгүй болно.
Түүнчлэн шүүх “гэрч Б.Ул-, Э.Бо-, Ч.Са-, Ж.Ба-, Б.Ою- нарын “зодох шиг болсон” гэсэн адил төстэй мэдүүлгүүдээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна” гэсэн нь эргэлзээ бүхий баримт мэдээллээр шүүгдэгчийг Х.На-д хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэнд гомдолтой байгаа бөгөөд хэргийн нотлох баримтын эргэлзээ бүхий байдал нь хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасан нотлох баримтыг бүрэн шалгах, хуульд заасан бүх арга хэмжээг авах шаардлагуудыг хангаагүй, мөн бодит байдлыг талуудын мэтгэлцээнд үндэслэн тогтоох үүднээс гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалт байдаг бөгөөд шүүх хэргийг шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу. Шүүгдэгч гэм буруугүй болох нотлох баримтыг шаардах боломжтой байсан. Гэтэл уг боломжийг хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байна. Шүүх хэт нэг талын нотлох баримтыг үндэслэн нэг гэрчийн мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, хэргийн газар хэдэн хүн байсныг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээгээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг зөрчсөн. Шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Хэрэг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн байхад гэрчээр байцаалт өгсөн 7 гэрчийн 5 нь хэрэг гарахаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдөр байцаагдсан байдаг. Шүүх уг гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч С.Гэ- нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ардчилсан намын байранд Х.На-г зодож биед нь хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан үйлдэлд прокуророос хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Гэ-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан байх шаардлагатай бөгөөд хэрэв тэдгээр нь хангагдаагүй, эсхүл тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан болно.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, түүнчлэн үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх шаардлагад нийцсэн байх учиртай.
Гэтэл шүүгдэгч С.Гэ- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэм буруугийн талаар маргаж байхад анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэрчүүдийг байцааж бүрдүүлсэн, шаардлага хангахгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, мөн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж чадаагүй байна гэж дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН