Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2016/0765/з |
Дугаар | 221/МА2016/0742 |
Огноо | 2016-11-24 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2016/0742
“******* хар**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч “******* хар**************” ХХК-ийн захирал М.Машбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санчигдорж, Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* хар**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* хар**************” ХХК-ийн Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар “Тендер шалгаруулалтын тухай”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг тус бүрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудын “Алтайэ хар**************” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо: “Захиалагч байгууллага болох Уул уурхайн яамнаас "1:50000-ны машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил" 10 төсөл, "Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны машстабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил"-ын төсөл, "Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил"-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер зарлан зохион байгуулсан байдаг. Уг тендерт оролцсон Теосан" ХХК, Теологийн судалгааны төв" ТӨҮГ, Теомин" ХХК, "Найманбат" ХХК, Тео-Эрин" ХХК, "Жинст-Уул" ХХК, "Литолог" ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуулийн 55.1 дэх хэсэгт заалтын дагуу гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан ба үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга*******гэх хүнд 2016.07.06-ны өдөр утсаар ярьж мэдэгдсэн байдаг. Энэ талаар хуульд заасан эрхийн хүрээнд шүүх байгууллага гэрчийн мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харгалзан үзэх хүсэлттэй байна.
Захиргааны маргаан бүхий акт болох 2016.07.22-ны өдрийн 5/4708 тоот албан бичиг захиалагч байгууллагад хүргүүлснээс хойш дээрх тендерт шалгаруулалтад шалгарсан оролцогч нартай гэрээ байгуулсан тухай Сангийн яаманд мэдэгдсэн байдгийг шүүх харгалзаж үзээгүй байдаг. Улмаар тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоо үүсэхгүй байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Учир нь дээрх баримт бичиг, материалд тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг Сангийн яам шууд утгаараа ямар этгээд болохыг мэдэх боломжгүй байсан. Дээрх тендер шалгаруулалтын баримт бичиг, материал ирүүлээгүй нь хууль зөрчсөн байж болзошгүй, эргэлзээтэй байдал үүсгэж байна.
Анхан шатны шүүхээс Сангийн яамыг хууль зөрчсөн, буруутай мэт шийдвэрлэсэн нь хэт нэг талын ашиг сонирхлыг баримталсан байдаг. Захиалагч байгууллага тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүй үйлдэл нь буруутай, үнэлгээний хорооны үйл ажиллагаа илтэд хариуцлагагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүйг Сангийн яам хариуцах үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна.
Иймд захиалагч байгууллага болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүн тэдгээрийн үйл ажиллагаа, тендер шалгаруулалтын үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, дээрх тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн эсэхийг тогтоолгож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарлагдсан 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “1:150000-ны масштабтай геологи зураглал, ерөнхий эрлийн ажлын 10 төсөл, Монгол орны “К” хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрэл зургуудыг нэгтгэх ажлын 1 төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлын 1 төсөл, “УУЯ-2016/2” хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн шалгаруулалтын багц-10, багц-12-д нэхэмжлэгч “******* хар*******” ХХК “хамгийн сайн” үнэлэгдэж, зөвлөхөөр шалгарсны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/1257, 3/1258 дугаар албан бичгээр гэрээ байгуулахыг “******* хар*******” ХХК-нд мэдэгджээ.
Улмаар Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2.Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар дагуу захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний 2016-2/10, 2016-2/12 дугаар гэрээг нэхэмжлэгч “******* хар*******” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар нотлогдож байна.
Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгээр “... өнөөдрийг хүртэл холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй байх бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэж дээрх нээлттэй тендерийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Мөн “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэсэн, иймд захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2016-2/10, 2016-2/12 дугаар гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд тендер бүхэлдээ хүчингүй болсон” гэсэн үндэслэлээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгээр захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тендер сонгон шалгаруулалт хүчингүй болсныг нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэн байна.
Сангийн яаманд тендерт оролцсон аж ахуйн нэгжээс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гомдол ирүүлсэн гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх заалтыг үндэслэн “гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг хянан үзэхэд шаардлагатай материалыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх” тухай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4665 дугаар албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн бөгөөд уг албан бичиг нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргэгдэн ирсэн болох нь хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бичиг хэргийн бүртгэлээр тогтоогджээ.
Харин 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр захиалагч болон “******* хар*******” ХХК хооронд “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ”-ний 2016-2/10, 2016-2/12 дугаар гэрээг байгуулснаас хойш Сангийн яамны дээрх албан бичиг нь Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргэгдэн ирсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана”, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.2-д “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заажээ.
Тиймээс захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулснаас хойш, мөн хуульд зааснаар захиалагчийн буруутай үйл ажиллагааг шалгаж тогтоогоогүй атлаа “... холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй...” гэх үндэслэлээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгийг гаргаж байгаа нь хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймээс Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн “******* хар**************” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон. Энэхүү хууль бус албан бичгийг үндэслэн гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийг мөн хуульд нийцээгүй байна.
Тиймээс хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиалагч байгууллага тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүй буруутай үйлдэл нь өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон...” гэж үзсэн тайлбар, давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР