| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/04213/и |
| Дугаар | 3495 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 3495
| 2020 10 08 | 101/ШШ2020/03495 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ц” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Ц /-д холбогдох,
6 270 605 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч М.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ц ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Иргэн М.Ц нь 2018 оны 06 сарын 25-ны өдөр 162/4-1 тоот зээлийн гэрээг байгуулж, 5 197 725 төгрөгийг 6 сарын хугацаанд, сарын 1,5 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдэгч нь уг зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 5 197 725 төгрөг болон түүний 6 сарын хүүгийн төлбөр болох 272 880 төгрөгийн хамт нийт 5 470 608 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй болно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлсэн мөнгөө төлөхийг шаардаж утсаар хэд хэдэн удаа мэдэгдэж байсан, хүлээцтэй хандсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч М.Ц ээс 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 162/4-1 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 197 725 төгрөг, хүү 272 880 төгрөг, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, нийт 6 270 605 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“М.Ц би 2015 оны 02 сарын 16-ны өдөр “Ц ” ХХК-тай 162/4 тоот гэрээг байгуулж орон сууцанд орсон бөгөөд 2018 оны 05 сард тус компанийн захирал Д.О уулзаж, гэрээнд заасан хүү алданги, торгууль бүгдийг нийтэд нь 60 000 000 төгрөгт тохиролцон 2018 оны 06 сард төлөх талаар тохиролцож, 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 02/170 тоот орон сууц чөлөөлөх тухай “Ц ” ХХК-ийн албан бичгэн дээр тус компанийн захирал Д.О гарын үсэг зурж, цохолт хийсэн. Тэгээд 2018 оны 06 сарын 27-ны өдөр Чингис хаан банкны орон сууцны 8 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж 49 900 000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн. Мөн 2018 оны 06 сарын 18-ны өдөр би цалингийн зээл аван тус компанийн дансанд бэлнээр 9 000 000 сая төгрөг шилжүүлсэн. Гэвч 2018 оны 05 сард тохиролцсон байсан мөнгөн дүнгийн 58 900 000 төгрөгийг төлж барагдуулсан байхад 2018 оны 06 сарын 25-ны өдөр буюу тус компаниас ямар нэгэн тодорхой шалтгаан хэлэлгүй тохиролцож гарын үсэг зурсан байсан дүнгээсээ 5 000 000 төгрөг илүү төлөхийг шаардаж 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 162/4-1 тоот зээлийн гэрээг надад тулгасан. Тухайн өдөр буюу 2018 оны 06 сарын 25, 26-ны өдрүүдэд орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээгээ хурдан авч, банкинд өгөхгүй бол ипотекийн зээл бүтэхгүй болох байсан тул би яах аргагүй гарын үсэг зурсан. Түүнээс би “Ц ” ХХК-аас 5 197 725 төгрөг зээлж аваагүй болно. Тус компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлд дурдсан 162/4-1 тоот зээлийн гэрээтэй би тухайн үед санал нийлээгүй бөгөөд цалингийн зээл авсан дээр нь ипотекийн зээлтэй 5 000 000 төгрөг нэмж төлөх ямар ч бололцоо байхгүй байсан. Өнөөдөр би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай 3 хүүхэд 3, 4, 5 настай, манай эхнэр ажил хийлгүй 4 жил болж байна. Би одоо Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газарт нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалд ажилладаг бөгөөд миний цалин төрийн албаны цалингийн системийн дагуу 1,200,000 төгрөг бөгөөд бусад эрх үүсвэрээс орлого байхгүй байна. Иймд дээрх гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд анх тохиролцож байсан дүнгээрээ төлөх боломжтой, эсвэл би ажил үүргийн дагуу албан томилолт аваад өндөр цалинтай гадаадад ажиллах болсон үедээ төлөх хүрэл хугацааг хойшлуулах хүсэлтэй байна. Тухайн үед иргэн Д.О тай гэрээ байгуулсан, намайг энэ гэрээг юу ч гэсэн авч очоод, дараа нь ярилцъя гэж хэлсэн. “Цагаан Хуаран когсалтинг” ХХК болон иргэн Д.О гаас би мөнгө зээлээгүй. Цагаан хуаран гэж зураагүй, иргэн Д.О гэж гарын үсэг зурсан. Би зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй, энэ мөнгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ц ” ХХК нь хариуцагч М.Ц эд холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 197 725 төгрөг, хүү 272 880 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг, нийт 6 270 605 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт “Ц ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.О М.Ц нарын хооронд 2018 оны 06 сарын 25-ны өдөр байгуулагдсан 162/4-1 дугаартай, 5 197 725 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй зээлэх нөхцөлтэй зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийг хариуцагчаас шаарджээ.
Хариуцагч нь уг гэрээн дээр гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж банкны ипотекийн зээлэнд хамрагдахын тулд гэрээг байгуулсан, зээлийн гэрээний дагуу 5 197 728 төгрөгийг зээлж аваагүй, тухайн өдөр мөнгө өгч авалцаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн. Мөн зээлийн гэрээг иргэн Д.О тай байгуулсан, гэрээ байгуулах үед “Ц ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.О гэсэн бичиглэл байгаагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч худалдан авсан орон сууцны төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс гэрээний дагуу алданги төлөх ёстой байсныг өөрөө хүлээн зөвшөөрч төлбөл зохих төлбөрийн хэмжээнд 2018 оны 06 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч “Ц ” ХХК болон хариуцагч М.Ц нар нь 2015 оны 02 сарын 16-ны өдөр 162/4 дугаартай Орон сууцны захиалгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 2 дугаар ээлжийн 432 айлын орон сууцны В1 блокийн 1 дүгээр орцны 12 давхарт 50,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 71 426 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2018 оны 05 сард “Ц ” ХХК-ийн захирал Д.О тай гэрээний үүргийг дүгнэн гэрээнд заасан хүү, алданги торгуульд нийт 60 000 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр бүрэн төлөхөөр тохиролцож, 49 900 000 төгрөг, 9 000 000 төгрөг, нийт 58 900 000 төгрөгийг компанийн дансанд төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 06 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, тэдний хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас нэхэмжлэгч нь 5 197 728 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчид зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэн зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 197 725 төгрөг, хүү 272 880 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2018 оны 06 сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.4-т зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөөгүйгээс шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлэх тохиолдолд хууль зүйн туслалцаа авахтай холбоотой зээлдүүлэгчээс гарах өмгөөлөгчийн хөлсийг 800 000 төгрөгөөр тооцон зээлдэгчээс гаргуулахаар заасны дагуу нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Ц эд холбогдох зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 197 725 төгрөг, хүү 272 880 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг, нийт 6 270 605 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ц эд холбогдох зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 197 725 төгрөг, хүү 272 880 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг, нийт 6 270 605 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР