Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 69

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох, улсын яллагч М.Гантулга, шүүгдэгч Ц.Одбаяр, түүний өмгөөлөгч Ц.Агваандорж /ҮД:0441/, шүүгдэгч Ө.Батхуяг, түүний өмгөөлөгч Б.Мянган /ҮД:0012/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Тамирчны 280 дугаар байр 2 тоотод оршин суудаг, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 237 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн /РД:ЖЮ85082113/ Боржигон овогт Цоггэрэлийн Одбаяр,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 2 дугаар гудамжны 155 тоотод оршин суудаг,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 8 сарын 30-ны өдрийн 150 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 5 сарын 25-ны өдрийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 7 сарын 9-ний өдрийн 192 тоот шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 сарын 21-ний өдрийн 253 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, /РД:ЖЯ84020812/ Чухал овогт Өлзийхутагийн Батхуяг нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022911 дугаартай 185/2017/0076/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Боржигон овогт Цоггэрэлийн Одбаяр, Чухал овогт Өлзийхутагийн Батхуяг нар нь бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын урд талын автобусны буудал дээр хохирогч Н.Оюунбаярыг автобуснаас буух үед нь түүний “Самсунг галакси а3-6” маркийн гар утсыг хулгайлж 540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Одбаярын: Би 2016 оны 12 сарын 07-ны орой 21 цагийн үед Шархадны автобусанд суухдаа хохирогчийн гар утсыг авсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Автобуснаас буугаад сандраад явж байхад Ө.Батхуягтай тааралдсан. Тэгээд зөрөөд явахад Ө.Батхуяг миний араас явсан. Удалгүй энгийн хувцастай цагдаа араас ирээд бид хоёрыг барьсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Батхуягийн: 2016 оны 12 сарын 07-ны өдөр би баруун дөрвөн замын автобусны буудал дээр зогсож байсан чинь Ц.Одбаяр автобуснаас бууж ирээд гар бариад зөрөөд өнгөрсөн. Би араас нь явж байсан чинь энгийн хувцастай цагдаа ирээд Одбаяр бид хоёрыг бариад та хоёр утас хулгайлсан гээд байсан. Би энэ хүнтэй сая тааралдаад байж байна гэсэн чинь цагдаа чамайг шалгаж байцаана гээд аваад явсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:  

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Оюунбаярын: …Миний бие нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед 3, 4-р хорооллын эцсээс шархад чиглэлийн өнгийг нь мэдэхгүй байна нэг автобусанд суусан. Автобусанд суугаад явж байгаад өөрийнхөө гар утсаа гаргаж ирээд хүнтэй ярьж байгаад гар утсаа өвлийн куртикны гадна баруун талын халаасанд хийчихээд хойд хаалга руу дөхөөд очиход миний хажууд зүс үл таних 25-30 орчим настай гадна өмссөн хувцсыг нь сайн хэлж мэдэхгүй байна нэг нь өндөр биетэй шар царайтай цүнх үүрчихсэн, нөгөө нь кепкин малгай өмсчихсөн хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын автобусны буудал дээр …буугаад гар утсаа халааснаасаа гаргаж ирэх гэтэл миний гар утас байхгүй байхаар нь автобусны буудал дээр чангаар миний гар утсыг хулгайлчихсан байна шүү дээ гэж хэлээд эргээд харахад нөгөө автобусан дотор зогсож байсан хоёр эрэгтэй хүн цаашаа явж байсан. Тэгээд би яахаа мэдэхгүй гар утас алга болчихлоо гээд зогсож байтал нэг хүүхдээ тэвэрчихсэн эрэгтэй хүн та яасан бэ юу болов гэж надаас асуухаар нь би миний гар утас алга болчихлоо тийшээ явж байгаа хоёр хүн миний ард зогсож байсан юм гэж хэлэхэд тэр залуу надад хүүхдээ өгчихөөд тэр хоёр залуугийн араас очиж барьж аваад -Та хоёр хулгай хийсэн байна шүү дээ гар утас авсан уу хэрэв авсан бол энэ хүний гар утсыг өгөөч гэж хэлэхэд -Тэр хоёр хүний нэг нь болох кепкин малгай өмссөн залуу миний гар утсыг гаргаж өгсөн.  Тэгээд л би цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирж тэр хоёр хүнийг авч явсан юм. Миний гар утас бол самсунг галакси а3-6 маркийн хар өнгөтэй гар утас байсан. Би энэ гар утсаа 2016 оны 10 дугаар сард 690.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, гар утсаа буцаагаад авсан байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Билэгтийн: ...Миний бие нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн олон нийтийн цагдаагийн ажил эрхэлдэг. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Э.Зоригийн хамтаар 17 цаг 00 минутаас 22 цаг 00 минут хүртэл Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гол хэсгээр явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 21 цагийн үед байх тамир 10-аас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо баруун 4 замын автобусны буудал дээр яваад очоорой хулгайн гэмт хэрэг гарсан байна гэж хэлсэн. Энэ дуудлага мэдээллийн дагуу баруун 4 замын автобусны буудал дээр яваад очиход ТҮЦ-нд 4 хүн зогсож байсан ба зүс үл таних цагдаагийн албан хаагч 2 эрэгтэй хүнийг барьчихсан хажууд нь хохирогч эмэгтэй болох Н.Оюунбаяр зогсож байснаа -Тэр хоёр эрэгтэй хүн рүү заагаад энэ хоёр хүн миний гар утсыг автобуснаас бууж байхад хулгайлчихсан энэ цагдаа харин надад туслаад энэ хоёр хүнийг барьж өглөө гэж хэлсэн. Харин нөгөө цагдаагийн албан хаагч нь -Намайг автобусанд суухад ардаас энэ хоёр залуу орж ирсэн юм. Тэгээд автобуснаас буух үед энэ эмэгтэй хүн миний гар утас алга болчихсон байна гэж орилохоор нь би тэр хоёр хүнийг сэжиглээд араас нь очиж барьж авсан юм. Тэгтэл энэ хоёр хүний кепкин малгай өмссөн эрэгтэй хүнээс нь энэ эмэгтэй хүний гар утас гарч ирэхээр нь энэ эгчид өгсөн байгаа шүү гэж хэлээд би хүүхэдтэйгээ явж байгаа болохоор ямар ч зав алга байна одоо ингээд явлаа шүү гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд л Э.Зориг бид хоёр тамир 113 чиглэлийн эргүүлийг дуудаж сэжиг бүхий Одбаяр, Батхуяг нарыг хохирогч эмэгтэй Н.Оюунбаярын хамтаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлсэн юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/, Эд зүйлийн үнэлгээ /хх-7/,

Шүүгдэгч Ц.Одбаярын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 7 сарын 28-ны өдрийн 237 тоот шийтгэх тогтоол /хх-86/,

Шүүгдэгч Ө.Батхуягийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний хуулбар /хх-67/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68/, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 8 сарын 30-ны өдрийн 150 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хх-168-170/, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 5 сарын 25-ны өдрийн 163 тоот шийтгэх тогтоол /хх-71/, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 7 сарын 9-ний өдрийн 192 тоот шийтгэх тогтоол /хх-72-73/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 сарын 21-ний өдрийн 253 тоот шийтгэх тогтоол /хх-74-85/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Ц.Одбаяр, Ө.Батхуяг нарыг бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын урд талын автобусны буудал дээр хохирогч Н.Оюунбаярыг автобуснаас буух үед нь түүний “Самсунг галакси а3-6” маркийн гар утсыг хулгайлж 540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад хохирогч Н.Оюунбаярын мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдов. Шүүгдэгч нар хохирогч Н.Оюунбаярын эд зүйлийг хулгайлахдаа урьдчилан үгсэж тохиролцсон гэх үйлдэл эргэлзээтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Одбаяр шүүгдэгч Ө.Батхуяг нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Одбаяр, Ө.Батхуяг нар урьд ял шийтгэгдэж байсан боловч тэдний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байна. Шүүгдэгч нар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 сарын 21-ний 1/1273 тоот албан бичигт / хх-92/ дурьдсанаар хувьд оногдох өмчгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Шүүгдэгч Ц.Одбаяр, Ө.Батхуяг нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хор арилсан, хохирогч Н.Оюунбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

                                                                                                                   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Цоггэрэлийн Одбаяр, Өлзийхутагийн Батхуяг нарт холбогдох эрүүгийн хэргээс урьдчилан үгсэж тохиролцсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Цоггэрэлийн Одбаяр, Өлзийхутагийн Батбаяр нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Цоггэрэлийн Одбаяр, Өлзийхутагийн Батхуяг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Одбаяр, Ө.Батхуяг нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгүй.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Одбаяр, Ө.Батхуяг нарын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 34 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.                                                                 
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Одбаяр, Ө.Батхуяг нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.Одбаяр, Ө.Батхуяг нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.                                                                                           
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Одбаяр, Ө.Батхуяг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Одбаяр, Ө.Батхуяг нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                          

  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ү.ТҮМЭНЖАРГАЛ