| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 176/2019/0305/Э |
| Дугаар | 2020/ДШМ/10 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2020/ДШМ/10
Ч.Э-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Уранчимэг,
Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Э-ад холбогдох 1834000000313 дугаартай 2 хавтас, 491 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цэрэн овгийн Чойжингийн Э-, Ховд аймгийн Манхан суманд 1964 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Борнуур сум, Мон Газ ШТС-д түгээгч, эрхлэгчээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Төв аймаг, Борнуур сум, Мандал 2 дугаар багийн Пүүний дэнжийн 161 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: _________________,
Яллагдагч Ч.Э- нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 2-13 тоот хашааны гадна 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13:20 цагийн орчим иргэн Б.Чулуунбаатартай маргалдаж, улмаар түүний хоолойг нь боож алсан,
Мөн тус аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн П.Базархүүг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Цэрэн овгийн Чойжингийн Э-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Цэрэн овгийн Чойжингийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Цэрэн овгийн Чойжингийн Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Цэрэн овгийн Чойжингийн Э-ын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоног, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоног, нийт цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч Цэрэн овгийн Чойжингийн Э- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, оршуулгын зардал болон бусад зардалд 15.700.000 /арван таван сая долоон зуун мянга/ төгрөг төлснийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Отгон, хохирогч П.Базархүү нар нь шүүгдэгч Ч.Э-ад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалахыг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цэрэн овгийн Чойжингийн Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Уранчимэг, Б.Гүнтэвчимэг нар давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч АМөнхтулга, Б.Уранчимэг. Б Гүнтэвчимэг нараас 2019 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/353 дугаартай Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.
1. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн талаар:
А. Анхан шатны шүүх хуралд шүүгдэгч гэм буруугаа /хүний амь эрсэдсэн/ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүнд оногдуулсан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай оролцсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн. Үндэслэл нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр боолтын улмаас хохирогчийн амь нас хохирсон гэдэг.
Тухайн хэрэг явдал болсон өдөр шүүгдэгч хохирогчийг алах зорилготой тэднийд очоогүй. Харин гагнуурын аппаратыг нь буцааж өгөх зорилгоор очсон байдаг. Шүүгдэгч аппарат өгч байхдаа танай хүү дахиад мөнгө дутаасан гэж хэлснээс болж хохирогч эхлээд шүүгдэгчийг барьж авсан. Барьсан гарыг нь тавиулах зорилгоор харилцан барьж авсан, бие биенээ заамдсан. /Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан шинжтэй/ Энэ үед мөн хохирогчийн эхнэр шүүгдэгчийн хажуунаас барьсан байдалтай байсан хохирогч сөхрөөд унасан бөгөөд тухайн үед хохирогч амьд байсан ба үйлдэл төгссөн гэдэг нь буруу бөгөөд шүүгдэгч хохирогчийн амь нас эрсэдсэн гэж ойлгоогүй зөвхөн сөхрөөд унахаар нь түүнд яаралтай тусламж үзүүлэхээр шүүгдэгч хохирогчийн эхнэрийг "Намайг тавиадах" би эмнэлэг явж тусламж дуудъя" гээд эмнэлэг рүү явсан зэргээс үзэхэд шүүгдэгч хохирогчийн алтан аминд хүрэх санаа, зорилго байгаагүй гэдэг нь илэрхий харагддаг.
Эмчийг аваад ирэхэд хохирогч нас барсан байсан. Бодит болсон нөхцөл байдал нь ийм үйл явдал болсон. Хэн нэгэн дайрч давшлан бариад авахаар хэн ч байсан хариу үйлдэл хийх нь ойлгомжтой юм. Амь хохирогч 69 настай, зүрхний өвчтэй хүн байсан ба амьсгаа нь давчдаж амь хохирсон. Түүний өвчний түүх хавтаст хэрэгт авагдаагүй авахуулах хүсэлт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан боловч хангаагүй.
Тухайн гэнэтийн үйл явдалд шүүгдэгч нь хоолойг боох нь амь насанд аюул учруулах боломжтой гэдгийг ухамсарлаж, үр дагаварыг урьдчилан харж хууль бус шинжтэй гэдгийг мэдэх боломжгүй, түргэн хугацаанд, гэнэтийн амь хохирогчийн уур бухимдлаас үүдсэн үйлдэл болсон тул шүүгчдэгч нь тухайн үйлдлээ хүсэж үйлдэх ямар ч боломж, нөхцөл байгаагүй юм.
Гэрч хүүхдүүдээс мэдүүлэг авсан хэн нэг нь зааж өгсөн юм уу нэг талыг барьсан зөвхөн шүүгдэгч буруутай мэтээр мэдүүлэг өгсөн. Тухайлбал эхлээд араас нь боосон, эргүүлээд урдаас нь боосон, эмээг цохисон, хохирогчийг боосны дараа цохьсон гэх мэт. Мөн 8 настай Хишигтогтох эмээдээ хэлсэн гэдэг. Мөн Есүй эмээдээ хэлсэн гэдэг. Хишигтогтох хашааны завсраар бүгдийг харах боломжтой юу, хажууд нь байсан юм шиг нэг ижил мэдүүлэг өгсөн байдаг. Ийм ч учраас гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх бас л тус хүсэлтийг хангаагүй.
Тэгэхээр эхлээд хэн нь барьж авсан бэ гэдэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хариулт өгөх боломжгүй байна. Шүүгдэгч "Хүүхэд чинь мөнгө дутаасан гэдэг тэгэхээр амь хохирогч “Чи миний хүүхдийг дандаа ингэж хэлдэг” гээд уурлаад бариад авсан байх магадлал өндөр юм. Шүүгдэгчийг амь хохирогч барьж аваад уруул руу нь цохихоор өөрийгөө хамгаалж зөрүүлээд барьж авсан. Үнэхээр боолтын улмаас уу, эсхүл амь хохирогчийн зүрхний өвчнөөс үү гэдэг нь мөн эргэлзээтэй. Энэ болсон үйл явдал нь санаатай хүн алах гэмт хэргийн шинжийг агуулж байна уу гэдэг асуулт гарч ирнэ.
Б. Шүүгдэгчийг барьж авч цохисноос болж сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх дараах үндэслэлүуд байна. Үүнд:
1. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь цусны шинжилгээгээр / 1-р хх-ийн 117 хуудас/ спиртийн агууламж илрээгүй нь тогтоогдсон.
2. Хэрэг болсоны дараа авсан фото зургаас /1-р хх-ийн 21 хуудас/ нүүр царай нь илэрхий /айсан, сандарсан, сэтгэл санааны өөрчлөлт, уруул нь язарсан, гар нь халцарсан/ өөрчлөлттэй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойш хэлдэг зүйл нь "би хүн алаагүй" гэж дахин давтан хэлдэг болсон.
3. Цагдан хорих байрны эмчийн дүгнэлтээр /1-хх-ийн хуудас/ байнгын даралт ихэсдэг, дэмийрлийн байдалтай хажууд нь хоригдож байгаа улсуудад хүндрэлтэй өөрийн биеэ авч явах чадваргүй байнгын сэтгэл санааны өөрчлөлттэй байсан.
4. Шүүх сэтгэц эмгэг судлалын /1-р хх-ийн 125/ ...шинжээчийн дүгнэлтээр диссоциатив эмгэгтэй гэсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөнөөс хойш байнгын эмчийн хяналтанд хувийн болон шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчийн хяналтанд байсан. Онош тавьсан эмч болгон сэтгэцийн асуудал байна /хх-т өгсөн эмчлүүлэгчийн эмнэлгийн карт, шинжилгээний баримтуудаар/ гэсэн зэрэг нотлох баримтуудаар сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас боолт хийж байгаагаа ч ойлгохгүй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.
5. ЭХ-ийн ТА-ийн 10.2 дугаар зүйлийн 1-д "өөрт нь ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол..." гэсэн байдаг.
Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь гэнэтиин цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэмт хэрэг хоромхон зуур болоод өнгөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд гэрч болон шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэж байна. Ийм учраас хүний аминд хүрсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дээрх нөхцөл байдлын улмаас сэтгэл санаа нь цочрон давчидсан үед хүнийг алах буюу ЭХ-ийн ТА-ийн 10.2 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь ЭХ-ийн ЕА-ийн 1.3-р зүйлд заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимтай нийцнэ.
Түүнчлэн хавтаст хэргийн ....-т хохирогчийн эхнэр н.Отгон нь буруу мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч өөрөө гараар бичиж өгсөн нотлох баримт байдгийг харгалзан үзнэ үү.
2002 оны Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд "Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед хүнийг санаатай алах" гэсэн зүйлчлэл байсан. Үүнийг УДШ-ийн 2008.03.26-ны 16-р тогтоолоор тайлбарласан байдаг. Тогтоолын 1.7-д "Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг, эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус уйлдлийн улмаас үүссэн байж болно" гэсэн байдаг.
Тэгэхээр хохирогч шүүгдэгчийг барьж авсан уруул руу нь цохисон хэл амаар доромжилсон үйлдлүүдээс хоромхон зуур сэтгэл санааны цочролд орсон гэх үндэслэл мөн болно.
Учир нь 1 дүгээр хавтас хэргийн 125-127 дугаар хуудсанд авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр шүүгдэгч Ч.Э- нь сэтгэцийн эмгэг судлалтай гэдэг нь тогтоогддог. Өнөөдрийн байдлаар ч шүүгдэгч Ч.Э- нь сэтгэцийн эмгэгээс болж эмээ уухгүй, өөрөө өөртэйгээ ярьж, бие сэтгэл санааны хүнд цочролд автсан байдалтай өдөр хоногуудыг өнгөрүүлж байна.
Хэрэв шүүгдэгч нь хэрэг үйлдэх үедээ санаатай үйлдсэн бол өнөөдөр ч сэтгэл санааны хүнд байдалд орох шалтгаант холбоо гарахгүй, үүсэхгүй байсан юм.
Хүн бүрийн бие организм, сэтгэл санаа нь хэр хурдан цочирон давчдах, хэр хурдан сэтгэл санаагаар унах зэрэг өөр өөр бөгөөд заавал бусадтай харьцуулж, хэрэв санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан бол зарим үйлдлээ санаж, заримыг нь санахгүй байх ёстой мэтээр тулгаж, хэт нэг талыг баримталж хэргийн нөхцөл байдлыг дүгнэж, зөвхөн гэрчийн мэдүүлгээр хязгаарлаж болохгүй юм. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн үйлдэлд шүүгдэгч Ч Э- нь маш их гэмшиж байгаагаа удаа дараа илэрхийлдэг. Түүний хувийн байдлаас үзэхэд хохирогч болон түүний гэр бүл төрөл садантай найрсаг харилцаатай, түүний хүү П.Базархүүг өөрийн ажилладаг колонкод түгээгчээр ажилд авч, түүний төлөө л мөнгө дутаасан байна гэж сайн санааны үүднээс түүний аавд хэлсэн байдаг. Хэрэв ийнхүү хэлээгүй бол П.Базархүү нь Хөдөлмөрийн хуулиар хариуцлага хүлээж ажлаас халагдах ч нөхцөл байдал бий болох байсан. Ингэж хэлснийхээ төлөө өнөөдрийн харамсалтай байдал бий болсон билээ.
В. Шүүгдэгч бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:
1. 2002 оны Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн (Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх) 27.2 дахь хэсэгт Гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ" гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдах төрлийг тодорхоипон заажээ. ЭХ-ийн ТА-ийн 10.2 дугаар зүйлийн
1-д "өөрт нь ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол..." гэсэн байдаг.
2. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдсэн боловч үүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон нь хөнгөмсгөөр найдах гэм буруугийн үндсэн шинж нь байна Учир нь шүүгчдэгч Ч.Э- нь хохирогчийн амь насыг хохироох зорилгоор анх очоогүй бөгөөд зөвхөн гагнуурын аппарат өгөх зорилготой байсан ба хохирогчийн уур бухимдлын үүднээс түүний үйлдэлд хариу үйлдэл үзүүлдэг боловч үүнийхээ дараагийн хор уршгийг учирна гэж тооцоолоогүй.
3. Аливаа үйлдэл. эс үйлдэхүй нь хүний ухамсартай үйл ажиллагааны илрэл болохын хувьд өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилготой, сэдэлттэй байдаг бөгөөд энэ нь хөнгөмсгөөр найдахад ч хамаардаг ба хохирогчийн үйлдлийг болиулах зорилготойгоор түүнд хариу үйлдэл үзүүлсэн болно.
4. Үүнтэй холбоотойгоор хөнгөмсгөөр найдсан гэдэгт гэмт этгээд хор уршгийг гаргахгүй байж чадна хэмээн бүрнээ итгэснээс гадна зарим тохиолдолд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд ашигтай ч гэж тооцсон байхыг хамааруулан ойлгодог тул шүүгдэгч өөрийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс амь хохирогчийн үйлдлийг зогсоож байна гэж бүрэн итгэсэн боловч харамсалтай үйлдэл болсон.
Иймд мөн шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг. хохирогчийн эхнэрийн гараар бичиж өгсөн тайлбар зэргүүдээс тус тус дүгнэхэд шүүгдэгч Ч.Э- нь анхаасаа ч, эцсээ хүртэл би алаагүй гэдэг үгийг л хэлдэг, гэхдээ хохиргчийн амь нас эрсэдсэнд харамсаж байгаагаа ч мөн хэлдэг.
Эдгээрээс үзэхэд шүүгдэгч Ч.Э- хүнийг санаатай алах гэм буруугийн сэдэл огт байгаагүй бөгөөд өөрийн хийж байгаа үйлдлийн цаашид учрах эрсдэл, учир байдлыг ойлгоогүй, учирах эрсдлийг учирахгүй байх гэж хөнгөмсгөөр найдаж үйлдсэн тул анхан шатны шүүх буруу дүгнэсэн.
2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон П Базархүүгийн мэдүүлгээс харахад түүнийг хэдийгээр хальт цохисон боловч хөнгөн гэмтэл учруулах боломж, нөхцөл бүрдээгүй юм.
Учир нь тухайн үйл явдал 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болсон ба П.Базархүү тухайн үед цохиулж шүд нь унаж миний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх боловч 22 хоногийн дараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Аливаа хүн төрөлхтөн 21-р зуун гарсан даруйд өглөө, орой шүдээ угааж, толинд өдөр бүр хардаг. Гэтэл хөнгөн гэмтэл авсан гэх П.Базархүү нь шүүгдэгчийн цохилтын улмаас шүд нь унаж хөнгөн гэмтэл авсан бол тухайн үед эмнэлэг, цагдаад хандах ёстой байсан атал 22 хоногийн дараа хандаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан нөхцөл, байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Мөн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд "2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үүссэн шинэ гэмтэл байна" гэмтэл учирсан цаг хугацааг тогтоож бичсэн нь өөрөө шинжээчийн дүгнэлт хэт нэг талыг барьсан гэж дүгнэхээр байна.
Хавтаст хэргийн матриалд хохирогч П.Базархүү нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад ...бусдад зодуулж гэмтэл учирсан талаар... гэмт хэргийн талаарх гомдол гаргаж, улмаар эрүүүгийн хэрэг үүсгэж. яллагдагчаар татаж. прокуророос Ч.Э-ад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдлаар харагдаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд П.Базархүү нь "Өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гомдол гаргасан" талаар мэдүүлэг. Мөн тухайн өдөр буюу гэмт хэрэг гарсан гэх цаг, хугацаанд Ч.Э-ын цохилтын улмаас шүд унасан эсэх нь нотлогдоогүй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэхээр байна.
Учир нь П Базархүү нь өөрийнхөө шүд унасан талаар хүнээс буюу хамаатны ах Даваасамбуу гэгчээс мэдсэн гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байдаг. Анх мэдүүлэг өгөхдөө мөрдөгчөөс "Ч.Э- та хоёр зодолдсон уу гэдэг асуултанд Базархүү нь "Бид нэгийгээ цохиж зодсон зүйлгүй" гэж мэдүүлдэг хэрнээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Сарангэрэл эгчээс мэдсэн гэж зөрүүтэй мэдүүлдэг болно. Даваасамбуу гэрчээр мэдүүлэг өгөхдөө "Базархүүгийн шүд унасан эсэхийг би хараагүй, мэдээгүй. Базархүү андуурсан байх" гэдэг. Мөн шинжээч эмч Э.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлгийн явцад "Базархүү чи шүдээ харуулдаа. 1 дүгээр шүд, 21 дүгээр шүд гээд байгааг шүүгдэгчийн өмгөөлөгч нар ойлгохгүй байна. Заагаад тайлбарлаадхая" гэсэн Базархүү шүдээ гаргаад харуултал үүдэн 2 шүд байхгүй харагдсан. Тухайн үед Базархүү ч аль шүд гэдгээ тайлбарлаж мэдэхгүй байсан. Ийнхүү хохирогч гэх Базархүү нь өөрөө эх сурвалжаа зааж чадахгүй байгаа нь Ч.Э- үнэхээр шүдийг нь унатал цохисон уу гэдэг асуулт гарч ирнэ.
Бусад гэрчүүдийн мэдүүлгээр амнаас нь цус гарсан байдалтай харагдсан гэдэг. Шүд унасан гэж хэн ч хараагүй, мэдээгүй байгаа нь шүүгдэгч Базархүүд хөнгөн гэмтэл учруулаагүй гэдгийг бүрэн нотолж байна. Өөрөөр хэлбэл бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэргийн шинж бүрдэхгүй байхад шүүх Б.Пүрэвбатын ... Ч.Э- Базархүүг цохисон байх... гэсэн эргэлзээтэй мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай хэмээн тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож. шүүхийн шийдвэрт заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл. 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасныг ноцтой зөрсөн.
Түүнчлэн шүүхийн 2019/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг.
Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/353 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтэндээ: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Гэм буруу дээр маргадаггүй. Хэргийн зүйлчлэл дээр тохирохгүй байна гэж маргадаг. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй. Гэрч Үдэлмаагийн мэдүүлгийг үнэлээгүй. Энэ нь эргэлзээ төрүүлж байна. Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-ээр зүйлчлэх ёстой байсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уранчимэг гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээгүй. Хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа. Базархүүгийн өгсөн мэдүүлгүүд нь бүгд өөр байгаа. Шүүх хуралдаанд гэрч Үдэлмааг оролцуулахаар хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй. Мөн Э-ын биед үүссэн гэмтлийг хэн үүсгэснийг шалгаж тогтоогоогүй. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Э-ад холбогдох эрүүгийн 1834000000313 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ч.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 20 минутын орчим Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 2-13 тоот хашааны гадна иргэн Б.Чулуунбаатартай маргалдаж, улмаар түүний хоолойг нь боож алсан, мөн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт иргэн П.Базархүүг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгон /хх-ийн 88-89 дүгээр хуудас/, хохирогч П.Базархүү /хх-ийн 194-195, 196 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Есүй /хх-ийн 90 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Хишигтогтох /хх-ийн 91 дүгээр хуудас/, гэрч С.Оюунцэцэг /хх-ийн 92 дугаар хуудас, хх-ийн 202 дугаар хуудас/, гэрч Б.Пүрэвбат /хх-ийн 93-94, 200 дугаар хуудас/, гэрч С.Сарангэрэл /хх-ийн 95-96, 201 дүгээр хуудас/, гэрч П.Базархүү /хх-ийн 99-100, 197 дугаар хуудас/, гэрч О.Алтанцэцэг /хх-ийн 101-102, 204-205 дугаар хуудас/, гэрч Б.Даваасамбуу /хх-ийн 203 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Есүй, Ж.Хишигтогтох нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/, гэрч С.Сарангэрэлийн гэрч П.Базархүү нарыг нүүрэлдүүлсэн /хх-ийн 112 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 128-129 дүгээр хуудас/, гэрч Ж.Отгон /хх-ийн 199 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 645 дугаартай /хх-ийн 114 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10292 дугаартай /хх-ийн 116 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10291 дугаартай /хх-ийн 117-118 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 164 дугаар /хх-ийн 120-121 дүгээр хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 960 дугаартай /хх-ийн 125-127 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай /хх-ийн 214-216 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн /2-р хх-ийн 67-72 дугаар хуудас/ дүгнэлтүүд, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаар ...П.Базархүүгийн биед 21-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 208 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч П.Базархүүгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 191-192 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, зөрчил гаргасан иргэнийг согтууруул хэмжигч багажаар үлээлгэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-45 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгоны хохирлын баримт /хх-ийн 47-81 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Э-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 156-178, 240-242 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн 1834000000313 дугаартай хэрэгт Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хууль ёсны байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар “ хохирогчийн зүй бус үйлдлээс болж шүүгдэгч Ч.Э-ын сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хохирогч П.Базархүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохиролч учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ч.Э- үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна.
Шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нөхцөл байдал үүссэн эсэхийг шинжээчийн дүгнэлт, эсхүл шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр тогтоох боломжгүй. Харин шүүх хуралдаан дээр явагдсан талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх дээрх нөхцөл байдлыг тогтооно. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч Ц.Цэрэнмөнхийн мэдүүлэгт үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нөхцөл байдал үүсээгүй мэт ойлгогдохоор дүгнэлтийг анхан шатны шүүх хийжээ.
Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах гэж хохирогчийн хууль бус үйлдлээс болж сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал нь алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байхыг хэлдэг. Хохирогчийн хууль бус үйлдэлд хүчээр дарлах буюу хүндээр доромжлох, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс үүдсэн тодорхой нөхцөл байхыг шаарддаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Отгон, насанд хүрээгүй гэрч Ж.Есүй, Ж.Хишигтогтох нарын мэдүүлгээр амь хохирогч Б.Чулуунбаатарын зүгээс шүүгдэгч Ч.Эрдэнэбаатарыг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автуулж, сэтгэхүйн хэвийн байдлыг нь алдагдуулж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болгосон гэхээр хууль бус, ёс бус үйлдэл гаргасан байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Э- нь амь хохирогч Б.Чулуунбаатартай маргалдаж улмаар түүний хоолойг боох үйлдлийг санаатай хийсний улмаас Б.Чулуунбаатарын амь нас хохирсон бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Э-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2018 оны 09 сарын 30-ны өдөр Борнуур сумын эмнэлэгээс талийгаач Б.Чулуунбаатарын гэр хүртэлх замд машин дотор шүүгдэгч Ч.Э- нь хохирогч П.Базархүүгийн нүүрэн тус газар цохьсон талаар хохирогч П.Базархүү, гэрч Б.Пүрэвбат, О.Алтанцэцэг, С.Оюунцэцэг нар мэдүүлсэн. Гэрч нар хохирогчийн шүдийг унасан байхыг хараагүй боловч машинаас буухад П.Базархүүгийн амнаас нь цус гарсан байсан талаар бүгд гэрчилдэг. Мөн П.Базархүүгийн биед 21-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учирсан талаар шинжээчийн 208 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаартай дүгнэлт /1хх-н 208х/ гарчээ. Хохирогч гэрч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн, шүүгдэгч Ч.Э-ын үйлдэл болон хохирогч П.Базархүүгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Ч.Э-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өнгөрсөн байх тул анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны байна. Харин хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-г хэрэглээгүй нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “2. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э-ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ад 2019 оны 11 сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 сарын 05 өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 68 /жаран найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Р.МӨНХ-ЭРДЭНЭ