Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0567

 

БНХАУ-ын иргэн В

/W/-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Н,

Хариуцагч гаалийн улсын байцаагч Г.А,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 115/ШШ2026/0012 дугаар шийдвэр,

Гомдол гаргагч: БНХАУ-ын иргэн В /W/

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Г.А,

Гомдлын шаардлага: Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 0900818 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө,

Хэргийн индекс: 115/2026/0010/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч БНХАУ-ын иргэн В /W/-ээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Г.Ат холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 0900818 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 115/ШШ2026/0012 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч БНХАУ-ын иргэн W-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Ааас 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0900818 дугаартай Шийтгэлийн хуудсаар БНХАУ-ын иргэн W-гээс 190,000 юань хураасныг 161,094 юань гэж, 14,789,220 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 12,539,220 төгрөг гэж тус тус төлбөрийн хэмжээг багасгаж, илүү хураасан 28,906 юань, торгох шийтгэлийн зөрүү 2,250,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн W-д улсын төсвөөс гаргуулан буцаан олгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Зөрчлийн хэргийн материалд 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд орчуулагч С.М гарын үсэг зурсан байх боловч орчуулгыг асуулт хариултын дунд Монгол хэлнээс Хятад хэл рүү, Хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулсан мэдээлэл бүхий тэмдэглэл байхгүй. Өөрөөр хэлбэл, тус мэдүүлэг авах ажиллагаанд орчуулагч ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй.

3.2 Чиг үүргээ хэрэгжүүлж тухайн ажиллагаанд оролцож байгаа гаалийн хяналтын улсын байцаагчийг хөндлөнгийн гэрч гэж үзэх боломжгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасан хөндлөнгийн этгээдэд хамаарахгүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан СиДи дээрх бичлэгээс тодорхой харагддаг. Бичлэг дээр 7 хүн байгаа харагддаг ч тэд бүгд мөнгийг тоолж, хураах ажиллагааг хийж байх ба хэн ч хөндлөнгийн гэрчийн хувиар оролцоогүй болох нь тодорхой харагддаг.

3.3 Зөрчилд холбогдогч нь Монгол бичиг мэдэхгүй. Гэтэл түүний эрхийг хамгаалах боломжоор хангаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 зааснаас үзэхэд холбогдогчийг өмгөөлөгч авах хүслээс үл хамааран заавал өмгөөлөгч авах нөхцөлийг шаардаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол хэл мэдэхгүй хүнд өмгөөлөгч болон орчуулагчаар хангаагүй мэдүүлэг авч, эд зүйл хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн байдаг. Хууль бус үйлдэл хийсэн гэж хариуцлага тооцож байгаа бол тэр ажиллагаа өөрөө хууль ёсны дагуу үйлдэгдсэн байх ёстой. Эрхээр нь хангаагүй шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх боломжгүй. Хууль бус баримтад үндэслэсэн шийтгэлийн хуудас хууль ёсны байх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудсыг зэргийг хүчингүй болгуулах” гэжээ.

5. Хариуцагч улсын байцаагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 4.2 дугаар зүйлийн 4, 11.29 дүгээр зүйлийн 22.1-д, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 57 дугаар зүйлийн 57.2.2, 274 дүгээр зүйлийн 274.1, 274.1.7-д тус тус заасны дагуу зөрчлийн бүрэлдэхүүнтэй байсан тул тус хуулийн зүйл заалтын дагуу хуулиар хүлээсэн үүрэг, эрхийн дагуу шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн эсхүл валютын үнийн дүнгээс мэдүүлэх шаардлагагүй 15 сая төгрөгийг хасаж тооцно гэсэн заалт байхгүй байхад хасаж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийдвэрийн 15 сая төгрөгийг хасаж тооцсон хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,

Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын байцаагчаас 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсийн улсын хилээр гарах чиглэлд зорчин явсан БНХАУ-ын иргэн В /W/-ийн тээврийн хэрэгсэлд биет шалгалт хийж,

“биеийн бүсэлхий хэсэгт цамцан дотуураа 10 боодол, тээврийн хэрэгслийн лүүк хэсэгт 9 боодол” БНХАУ-ын юанийг /нийт 190,000 юань/ тус тус хийсэн байдалтай улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, улсын байцаагчийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 0900818 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар 14,789,220 төгрөгөөр торгож, 190,000 юанийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

4. Анхан шатны шүүх “...БНХАУ-ын иргэн В /W/ нь Монгол Улсын хилээр нэвтрэхдээ 190,000 юань буюу валютыг гаальд мэдүүлэхгүйгээр биедээ болон тээврийн хэрэгсэлдээ нууж нэвтрэхийг завдсан буюу гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон ... БНХАУ-ын иргэн W-д Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй ... Шийтгэлийн хуудсаар хураасан гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн гадаад валютын болон торгох шийтгэлийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй...” хэмээн дүгнэж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Тодруулбал,  Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 11.29 дүгээр зүйлийн 22-д “Гаалийн байгууллагад:, 22.1 дэх хэсэгт “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн;... зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  “бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ... валютыг...” ойлгохоор, 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-д “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч ... хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж;

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж;

Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно”, 2-д “Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг дор дурдсан журмаар тус улсын хилээр гаргаж болно:” 1/ гадаад төлбөр, тооцооны эрх бүхий арилжааны банкнаас худалдан авсан, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг тухайн банкны нотолгоог бичгээр, эсхүл цахим хэлбэрээр; 2/ гадаадаас оруулж ирсэн бол түүнийгээ нотлох гаалийн мэдүүлгээр, 4/ Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр тус улсын хилээр гадаадад гаргаж болно” гэж тус тус заасан.

6. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу тус улсын хилээр нэвтэрч буй этгээд нь 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх тохиолдолд энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байна.

Хууль тогтоогчийн хуульчлан тогтоосон “15 саяас дээш” гэх нөхцөлтэй холбогдуулан анхан шатны шүүх “... зөрчилтэй валют гэдгийг 15,000,000 төгрөгөөс дээш эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют байхаар тус тус ойлгож хэрэгжүүлэхээр байна” хэмээн дүгнэж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль болон хураан авсан 190,000 юанийг зөрчил үйлдсэн өдрийн Монголбанкны зарласан юанийн ханшаар тооцон 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юанийг буцаан гаргуулж, торгох шийтгэлийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.  Хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч гаалийн улсын байцаагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 115/ШШ2026/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч гаалийн улсын байцаагчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

                             ШҮҮГЧ                                              Ц.ОДМАА

 

 

        ШҮҮГЧ                                              Г.БИЛГҮҮН

 

 

        ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА