Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 136/ШШ2020/00268

 

 

 

 

 

 

2020 07 09 136/ШШ2020/00268

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Далайшанд сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, 5-р 58 айл, 6 тоотод оршин суух, Тайж овогт Сэрээнэндоржийн Батнасан /РД:ЕС71110118/-д холбогдох

 

Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р бага, Алтанговийн 102-1 байрны 02 тоот подваль чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ч, хариуцагч С.Б, нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Далайшанд сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч М.Ч тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны доод хонгил нь орон сууцны өмчлөгчдийн дундын эд хөрөнгөнд хамаардаг ба сууц өмчлөгчдийн холбооноос иргэдийг дэмжих зорилгоор гэрээний үндсэн дээр иргэдэд түрээслүүлдэг юм. С.Б нь 2003 оноос тус сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн хөрөнгө болох Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалийг түрээслэн гутал засварын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэт төлөхгүй, гэрээ хийхгүй, удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байгаа тул Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багт Алтанговийн 102-1 дугаар байрны 02 тоот подвалийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дээрх нэхэмжлэл нь 2016 онд Далайшанд СӨХ-ийн дарга С.Одвал гаргаж байсан нэхэмжлэлийг одоо тус СӨХ-ийн УЗ-ын дарга Чулуун нэхэмжилсэн нэг асуудлыг 2 өөр хүн гаргасан байна. Оршин суугчдын 50 хувиас илүү нь хуралдаж байгаагүй. Чулууны хэзээ дарга болсныг мэддэггүй. Тус СӨХ нь 2018 онд АШУҮИС-ийн соёлын танхимд бүх гишүүдийн хурал болж татан буулгаж УЗ дарга, гишүүд, СӨХ-ийн даргыг шинээр сонгож тамга тэмдгээ авчирж өгөхийг шаардсан боловч өдий өгөөгүйгээс гадна хууль зөрчин байж бичиг баримттай болсныг гайхаж байна. Надад 3-р 58 айлын 2016 оны 9-р сард СӨХ-ийн бүх гишүүдийн дунд явуулсан судалгааг хавсаргав. Энэ хүсэлтийг Далайшанд СӨХ-ийн дарга, УЗ дарга нарс СӨХ-ийн 9.1, 9.2, 9.3, 9.4-д заасан хуулийн заалтыг зөрчсөн нь тодорхой байна. Тус подвалийг анх 2000 онд хаалга үүдгүй баас, шээс, хогоор дүүрэн байхад нь авч ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж ажлын байртай болсон. Хэдэн жил түрээсийн төлбөр төлж байсан боловч бохир дулааны шугам хагарч байхад нь мөн дээрээс ус алдаж байхад СӨХ-ийн дарга Одвал, УЗ дарга Чулуун нарт хэлэхэд арга хэмжээ авч өгөхгүй байсаар дубен шал маань пэмбийж овойгоод бас ханын затирка, будаг ховхорсноор засвар хийхээс аргагүй болгосон. Үүнээс хойш дахин засварлахдаа шалаа өндөрлөж хулдаас дэвсэж ханаа шохойдож будсан боловч бохир хальж орж ирдэг, дээрээс ус алддаг нь хэвээрэээ арга хэмжээ нь авдаггүй нь хэвээрээ. СӨХ-д гомдол гаргаж гомдлоо барагдуулъя гэж бодлог боловч хууль бусаар байгуулагдсан СӨХ-тэй учраас ямар ч амжилт олохгүйг мэдэж ойлгосноос түрээсийн төлбөр төлөхөө байж өөрийн хөрөнгө мэт ус бохир мэт дулааны асуудал гарвал Чандмань Илчэд засуулдаг болсон. Тухайн байрны орчин, нөхцөл бололцоо бүрдвэл мөнгө төгрөгийг нь өгч болно.

Бас нэг шалтгаан нь өөр гутал засвар оруулахгүй гэж байсан боловч ам ажил нь зөрдөг. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Далайшанд сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч М.Ч хариуцагч С.Бд холбогдуулан Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р бага, Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч Далайшанд сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн дагуу байгуулагдаагүй, эрх бүхий этгээд биш тул хүлээн зөвшөөрөхгүй, мөн маргаан бүхий Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвальд өөрийн хөрөнгөөр зайлшгүй засвар хийж зохих зардал гаргаж байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

 

Шүүхээс нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Далайшанд сууц өмчлөгчдийн холбоо нь Дорноговь аймгийн Сайншанд сум, Алтанговийн 1-р гудамжны 102-р байрны сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлдэг болох, мөн хуулийн дагуу байгуулагдаж, бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 17 гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгоно. гэж заасны дагуу Далайшанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хурлын 01 дугаартай тогтоолоор Далайшанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар Маам овогтой Чулууныг сонгон баталгаажуулжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ... орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах гэж, 10 дугаар зүйлийн 10.8.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх гэж, 10 дугаар зүйлийн 10.10.7 дахь хэсэгт энэ хуулийн 12.6-д заасан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасан бөгөөд Далайшанд сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах, бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй юм. Мөн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга М.Ч нь тус холбоог төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараахь эд хөрөнгө хамаарна: 15.1.1. орон сууцны байшингийн ... доод хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө; гэж заасан. Талуудын маргааны зүйл болж байгаа орон сууцны подваль нь орон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө мөн болох нь зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэж заасан.

 

С.Б нь Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р бага, Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалийг тохиролцон 2003 оноос хойш түрээсэлсэн, ингэхдээ бичгээр түрээсийн гэрээ байгуулаагүй, мөн түрээсийн төлбөрөө 2009 оноос хойш төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Гүйцэтгэх захирал дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 12.4.5.дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар албан бичгээр орон сууцны подваль хөлслөх гэрээ байгуулахыг мэдэгдсэн боловч хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзан нь тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээрх мэдэгдлийг ирүүлсэн гүйцэтгэх захирал С.Одвалыг хууль бусаар томилогдсон тул мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий этгээд биш гэж, мөн М.Ч, С.Одвал нарыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.1-9.4 дэх заалтыг зөрчсөн гэж маргадаг боловч баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан Одвал даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрч байна уу гэх санал асуулга бүхий баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Талуудын хооронд гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчтай гэрээ байгуулах тухай мэдэгдэж байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд С.Б нь Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалийг эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон буюу хууль бус эзэмшигч болсон байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасны дагуу Далайшанд сууц өмчлөгчдийн холбоо нь С.Бгийн хууль бус эзэмшлээс Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалийг чөлөөлөхийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Бгийн хууль бус эзэмшлээс дурдсан орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хариуцагч нь орон сууцны подвальд засвар хийх, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байсан талаар хариу тайлбартаа дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Далайшанд сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Далайшанд сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сум, 2-р бага, Алтанговийн 102-1 байрны 02 тоот подвалийг С.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Далайшанд сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА